Өнөөдөр бол 4-р сарын нэгэн инээдмийн баяр, харин технологийн хорхойтон бидний хувьд Apple-ийн төрсөн тохиодог өдөр билээ. Тус компанийн хагас зуун жилийн ойг угтан бичиж буй хоёр дахь нийтлэл маань сүртэй том инновац гэхээсээ илүүтэй нүднээс далд жижиг элементүүдийн тухай юм. Apple жилдээ 200 сая ширхэг iPhone борлуулж, үйлчилгээний салбараасаа 100 тэрбум долларын орлого олдог болсон дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэнд билээ. Энэ бол хэрэглэгчдээ үргэлж бодож, жижиг деталь бүрдээ анхаарч ирсний үр шим юм. Гагцхүү Apple-ийн сүнс гэж эдгээр нүднээс далд жижиг элементүүдийг хэлэх биз ээ.

Slide to Unlock (2007)

Энэ бол зүгээр л утасны түгжээ тайлах үйлдэл бус, харин тоглоомын дүрмийг өөрчилсөн элемент юм. Гар утасны дэлгэцийн мэдрэгч төдийлөн сайн хөгжөөгүй байсан тэр үед Apple уг элементээрээ хэрэглэгчдэдээ iPhone таны хурууны хөдөлгөөнийг маш нарийн мэдэрнэ гэдгийг ойлгуулж чадсан хэрэг. Үүнээс гадна iPhone-ийн мэдрэгчтэй дэлгэц хуруу хүрэх төдийд л ажиллахаар зохион бүтээгдсэн байсан учир халаасанд байхдаа дарагдах эрсдэлтэй тулгарч байж л дээ. Иймд инженерүүд зөвхөн хүн л хийж чадах шулуун шугаман хөдөлгөөнийг бодож олсон нь энэ. Энэ функцийг Apple өөрийн нэр дээрээ патентжуулсан байдаг.

Анхны iPhone-ийн түгжээтэй горим

MagSafe (2006)

Apple цэнэглэгч утаснаас болж компьютероо унагаах асуудлыг шийдээд 20 жил өнгөрчээ. Стив Жобс болон Жони Айв нар "Сайн дизайн гэдэг бол асуудлыг анзаарагдахгүйгээр шийдэх явдал" гэж үздэг байв. MagSafe бол үүний бодит илрэл. Тусгай соронзын тусламжтайгаар цэнэглэгчийн оролтыг маш хялбархан салж, нийлүүлдэг болгосон нь MacBook-ийн бусад брэндүүдээс ялгарах гол чимгүүдийн нэг болсон юм. Сонирхуулахад Apple 2016 онд MagSafe-ийг халж UBB-C оролтыг ашиглаж эхэлсэн ч 2021 буцаан авчирсан авчирсан билээ.

Click Wheel (2001)

iPod-ийн дизайнд Regency TR-1 гэх радиогоос санаа авсан зүйл хэд хэд бий. Тухайн үед 1,000 дуунаас хайлт хийж хүссэн дуугаа олно гэдэг хүндхэн сорилт байв. Харин Жони Айви нэгхэн товчлуурт олон үйлдлийг багтааж чадсан нь онцгой шийдэл байлаа. Click Wheel-ийг хэрэглэгчид эрхий хуруугаа хэдий чинээ хурдан эргүүлнэ, дууны жагсаалт төдий чинээгээр хурдан гүйх боломжийг бүрдүүлсэн юм. Мөн бусад үйлдлүүдийг ч Click Wheel-д багтааснаар олон товчлуураас ангижирч чаджээ. Уг дизайн хожим iPhone-д өвлөгдөж, одоог хэр нь үндсэн философио алдаагүй байгаа билээ.

Multi-Touch (2007)

Ухаалаг гар утасны дэлгэц дээрх зүйлийг хуруугаараа чимхэж томруулах хөдөлгөөн Apple-аас үүдэлтэй. Тухайн үеийн мэдрэгчтэй дэлгэцүүд зөвхөн нэг цэгт ирэх даралтыг л мэдэрч чаддаг байв. Харин анхны iPhone “multi touch” буюу олон цэгийг нэгэн зэрэг, маш нарийн мэдрэх чадвартай дэлгэцтэй байснаараа ялгарч байлаа. Энэ нь цаашлаад iPad-ийг удирдах гол үйлдэл болоод зогсохгүй MacBook-ийн Trackpad-д ч ашиглагдах болжээ. Орчин цагийн гар утас бүрд байдаг энгийн мэт санагдах уг функц угтаа дижитал контенттой харьцах харилцааг шат ахиулж чадсан юм.

Proximity Sensor (2007)

iPhone-д суурилуулсан жижиг мэдрэгчүүд хэрэглэгчээ харж, сонсож буй мэт мэдрэмжийг төрүүлж чаддаг. Үүний тод илрэл бол утсаа чихэндээ ойртуулах үед дэлгэц нь автоматаар унтарч, мэдрэгч нь ажиллагаагүй болдог систем. Ингэснээр хэрэглэгч ямар нэгэн товчлуур дарахаас айх шаардлагагүй болж ярьж буй зүйлдээ бүрэн анхаарлаа хандуулах болжээ. Мөн орчныг гэрлийг мэдэрч, дэлгэцийн тод байдлыг автоматаар тохируулах системийг ч дурдах хэрэгтэй. Энэ нь хэрэглэгчийн нүдний ядаргааг бууруулаад зогсохгүй цэнэг хэмнэх ухаалаг шийдэл юм.

Digital Crown (2015)

Apple Watch-ийн хажуу талын товчлуурыг Digital Crown гэж нэрлэдгийг та мэдэх үү? Энэ бол Жони Айвигийн жижиг дэлгэцийг хуруугаараа хаахгүйгээр удирдахыг боломжийг олгосон шилдэг шийдэл. Уламжлалт бугуйн цаганд байдаг товчийг дижитал ертөнцийг удирдах удирдлага болгосон нь энэ. Мөн уг товч үндсэн цэс рүүгээ буцах, Siri-ийг идэвхжүүлэх, хамгийн сүүлд ашигласан апп руу шилжихэд тусалдаг. Үүнээс өмнөх 50 жилийн ойд зориулсан нийтлэлд дурдсан Apple-ийн бага зүйлээр ихийг бүтээх үндсэн философи харагдаж буй.

Retina Display (2010)

iPhone 4-ийн гол өөрчлөлт дизайн гэхээсээ илүүтэй дэлгэцийн технологи байсан юм. Дэлгэц дээрх текст болон зураг сэтгүүл дээр хэвлэсэн мэт толигор, цэвэрхэн харагдаж байлаа. Нууц нь нэг инчид багтах пикселийн хэмжээг нэмэгдүүлж 326 ppi болгож чадсанд байв. Үүнийг Стив Жобс Retina Display хэмээн танилцуулж байв. Уг технологийн тусламжтайгаар үсгийн хэлбэр, зураасууд тод болсноор гар утсан дээрээс и-мэйл бичих, бичвэр уншихад илүү хялбар болсон хэрэг.

Touch ID (2013)

iPhone 5s-ийн хамтаар Touch ID анхлан танилцуулагдаж тухайн үедээ шуугиан дэгдээж байлаа. Хэрэглээ нь нэмэгдэхийн хэрээр гар утас хэрэглэгчийн хувийн мэдээллийн чухал талбар болж улмаар тэр үеийг хүртэл ашиглаж байсан нууц үг тааруухан сонголтуудын нэг болжээ. Ийнхүү Apple хурууны хээг мэдэрдэг системийг нэвтрүүлснээр нууцлалын шинэ стандарыг тогтоосон юм. Хожим энэ нь төлбөр тооцооны хувьсгал Apple Pay-ийн үндсэн суурь болсон билээ.

Taptic Engine (2015)

Энэ бол хавтгай “амьгүй” дэлгэцийг амь оруулсан технологи юм. Taptic Engine гэдэг нь асар богино хугацаанд, маш нарийн чичирхийлэх мэдрэмжийг өгч, улмаар таны хурууг тов хийтэл цохиж яг л зүрхний цохилт шиг амьд мэдрэмжүүдийг төрүүлнэ. Та энэхүү технологийг iPhone-ийн Home товчлуур болон MacBook-ийн Trackpad дээрээс мэдэрч болно.

True Tone (2016)

Харин энэ бол iPad-ийн дэлгэцийг цаас болгосон технологи. Бодит амьдрал дээр цагаан цаас нарны шар гэрэлд шаргалдуу, харин цэнхэр туяатай гэрэлд цэнхэртэж харагддаг. Бидний нүд үүнд дасал болсон байдаг ихэнх дэлгэц ямар орчин байхаас үл хамааран цэнхэр туяа ялгаруулдаг. Харин True Tone технологийн тусламжтайгаар Apple-ийн төхөөрөмжүүдийн дэлгэц орчны гэрлийг мэдэрч чаддаг болсон юм. Ингэснээр нүдний ачаалал буурч удаан хугацаанд тав тухтайгаар ашиглах боломжтой болсон билээ.