“Өглөөний мэнд. Apple паркад тавтай морил.”

Apple-ийн CEO Тим Күүк

15 жилийн турш Apple-ийн эвентийг энэхүү сэтгэлд хоногшсон мэндчилгээгээр эхлүүлсээр ирсэн Тим Күүк халаагаа өгч байна. Улаанбаатарын цагаар урьд шөнө Apple-ийн Worldwide Developers Conference буюу хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ боллоо. Энэ бол Тим Күүкийн гүйцэтгэх захирлын хувиар оролцсон хамгийн сүүлийн Apple-ийн эвент юм. Тэрээр 9 дүгээр сарын 1-ээс эхлэн Жон Тернуст ажлаа хүлээлгэн өгч байгаа билээ. Түүний ахалсан хамгийн сүүлчийн инновацуудын гол дүр нь хиймэл оюун байлаа. Тэд шинэ үйлдлийн системээ хиймэл оюунаар бүрэн тоногложээ.

ШИНЭ SIRI

Apple-ийн хоёр жилийн өмнөх амлалт биеллээ олж эцэст нь Siri илүү ухаалаг боллоо. Харилцан яриаг ойлгох чадвар нь илүү сайжирсан бөгөөд хувийн мэдээлэлд тулгуурлан асуултад хариулах чадвартай болжээ. Мөн Siri-ийн ярианы өнгө, хурд болон хэв маягийг нь өөрт тохируулан өөрчлөх боломжтой болсон байна.

Apple энэхүү шинэ хувилбараа Siri AI гэж нэрлэжээ. Шинэ Siri өмнөхөөсөө ялгаатай нь бие даасан аппликейн байх юм. Таны дэлгэц дээрх мэдээллийг ойлгож, бусад аппликейнуудтай холбогдон мэдээлэл солилцох чадвартай болсон. Apple компани Siri AI-ийг хэрэглэгчийн хувийн туслах байлгахыг зорьж байгаа. Яг л бүх зүйлээ асууж, зөвлөгөө авч, ярилцдаг дотны найз шиг гэсэн үг. Гэхдээ хиймэл оюунд хамаг нууцаа ярих нь мэдээллийн аюулгүй байдлын үүднээс тийм ч сайн зүйл биш. Гэсэн хэдий ч Apple хэрэглэгчийн мэдээллийг чанд хадгалах системийг хөгжүүлсэн гэдгээ амлав.

Зургийг: Apple

Siri AI зурган дээрх объектыг таньж түүний талаарх мэдээллийг нэгтгэж өгч чадна. Мөн текстийг засварлах, календар хөтлөх, нарийвчилсан хайлт хийх, ажлын жагсаалт гаргах зэрэг үйлдлүүдийг гүйцэтгэх чадвартай.
Мөн төхөөрөмж хооронд шууд шилжих чадвартай болсон гэдэг нь Apple-ийн л хийж чадах онцгой зүйлүүдийн нэг байв. Өөрөөр хэлбэл iPhone-ийн Siri AI-тай хийж буй яриагаа дуусгалгүйгээр шууд iPad эсвэл MacBook дээрээс үргэлжлүүлэх боломжтой болжээ. Apple-ийн төхөөрөмж хооронд уялдан ажиллах чадвартай болсон гэсэн үг. Энэ бол нэг экосистем дотор ажиллаж буйн давуу тал.

Зургийг: Apple

Удтал хүлээгдсэн шинэ Siri-ийг илүү ухаалаг болгосон шидтэн бол Google-ийн Gemini. Хэдхэн сарын өмнө Apple компани Google-ийн Gemini хиймэл оюуны загварыг ашиглах болсноо зарласан билээ. Үүний тусламжтайгаар шинээр нэвтрүүлж буй хиймэл оюунд суурилсан бүх функцүүдийн суурь болох “Apple Foundation Model”-ийг хөгжүүлж чадсан байна.

Siri AI одоогийн байдлаар АНУ-д зөвхөн англи хэл дээр ажиллах бөгөөд ЕХ болон бусад бүс нутагт зохицуулагч байгууллагуудын зөвшөөрлийг авсны дараачаар нэвтрэх юм. iOS 27, MacOS 27, iPad 27, Vision OS 27 зэрэг шинэ үйлдлийн систем дээр ажиллах бөгөөд энэ намар бета хувилбар нь гарна.

iOS 27 

iOS 27 хамгийн олон хэрэглэгчид хүрсэн iPhone-ийн үйлдлийн систем байх болно гэдгийг онцоллоо. iPhone 11-ээс хойших бүх загварт суулгах боломжтой. iOS 27-ийг “хурд” гэх ганцхан үгээр илэрхийлж болохоор санагдав. Учир нь шинэчлэлт хийгдсний дараачаар зураг дарах хурд 70%, AirDrop-ийн файл дамжуулах хурд 80% хүртэл нэмэгдэх гэнэ.

Мөн өнгөрсөн жил шинээр танилцуулж байсан “Тунгалаг шил” дизайнд бага зэргийн өөрчлөлт орж тохируулах функцтэй болов. Түүнчлэн iPhone дээр Siri AI зөвхөн iOS27 үйлдлийн систем ажилладаг байх бөгөөд намар бета хувилбар нь гарна.

Зургийг: Apple


Safari-д хиймэл оюун нэвтэрлээ. Ингэснээр нээгдсэн олон tab-уудыг цэгцлэх, хоорондоо хамааралтай ижил веб хуудсыг нэгтгэх чадвартай болжээ. Түүнчлэн "Notify Me" үйлдлийн тусламжтайгаар веб хуудсыг хянах боломжтой болсон байна. Мөн утсаар ярьж байх үед танд хэрэг болох мэдээллийг гаргаж өгөх нэмэлттэй болов. Харин Photos аппликейшны зураг засварлах нэмэлтэд томоохон шинэчлэлт хийгдлээ. Хиймэл оюуны тусламжтайгаар зургийнхаа хүрээ болон арилгахыг хүссэн зүйлээ алга болгох функц нь өмнөхөөсөө эрс сайжирчээ.

macOS 27

Mac-ийн шинэ үйлдлийн системийн нэр “Golden Gate” буюу алтан хаалга. Apple жил бүр Калифорни мужийн дурсгалт, түүхт газруудын нэрээр шинэ MacOS-ийг нэрлэдэг уламжлалтай билээ. Mac-ийг мөн хиймэл оюун илүү хүчирхэг болгожээ.

Mac дээр файл хадгалагдах үед шууд индексжүүлдэг шинэ системтэй болжээ. Үүний ачаар Photos болон Mail дотроос хайлт хийх чадвар нь эрс сайжирсан байна. Мөн Spotlight дээр олон PDF файл сонгоод Siri AI-аас асуулт асуух боломжтой болжээ. Ингэснээр файл дотроос хайлт хийх, мэдээллийг цэгцлэх, харьцуулалт хийх чадвартай болов.

Зургийг: Apple


Мөн macOS 27 зөвхөн Apple silicon чиптэй Mac-д зориулагдсан бөгөөд Intel чиптэй хуучин загваруудыг дэмжихээ больсон гэдгийг зарлалаа. Үүнээс гадна Siri AI-ийг бүрэн хүчин чадлаар нь ажлуулахын тулд 12GB санах ой, М3 чиптэй Mac шаардлагатай аж.

SCREEN TIME-ИЙГ ХЯНАХ ШИНЭ АРГА

Apple-ийн экосистем дэх шинэ үйлдлийн системүүд дээр эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдүүд нь хэнтэй мессеж бичиж болох, ямар контент эсвэл апп-д хандахыг илүү сайн хянах боломжийг олгодог боллоо. Мөн Screen Time цэсэд шаардлагатай аппликейшнуудын зөвлөмж болон хугацааны хязгаарлалтыг багтаасан байна. Энэ бол Apple экосистемийн давуу талаа ашиглан өнөөгийн нийгэмд тулгарч буй хамгийн том асуудлуудын нэгийг шийдэж буй гаргалгаануудыг нэг байв.

Apple уг шинэчлэлтээ Америкийн Педиатрын Академийн тусламжтайгаар нэвтрүүлжээ. Мөн танилцуулгынхаа үеэр 13-аас доош насны хүүхдүүд сошиал медиа аппликейшн ашиглах ёсгүй гэдгийг онцлов.

баяртай тим, сайн уу тернус!


Ийнхүү Тим Күүк-ийн эрин үе өндөрлөж байна. Тэрээр Apple Watch, Air Pods, Apple Wallet, Vision Pro зэрэг олон инновацлаг бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн билээ. Дэлхийд нэрээ дархалсан Стив Жобсын халааг авсан тэрээр Apple-ийг 4.4 их наяд долларын үнэлгээнд хүргэжээ.

Харин түүнийг залгамжилж буй Жон Тернусын шийдэх ёстой эхний асуудал нь хиймэл оюун болж байна. Дэлхий нийтийг чичрүүлж буй уг технологийн өрсөлдөөнд нэгдэж хоцрохгүй байх хүндхэн даалгавартайгаар түүний ажлын гараа эхлэх нь ээ. Мөн ирээдүйд хүлээгдэж буй эвхэгддэг дэлгэцтэй iPhone, ухаалаг шил, робот төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнийг Жон Тернус чиглүүлэх болно. 25 жил Apple-д ажилласан түүнийг технологийн салбарынхан Стив Жобсын дараачаар бүтээгдэхүүн суурьтай гүйцэтгэх захирал эргэн ирлээ гэх өндөр хүлээлтийн дор угтан авч байна. Ийнхүү Жон Тернусын эрин үе эхэллээ. Энэ хүртэл Apple-ийг ахалсан Тим Күүк-д баярлалаа. Баяртай.

Тим Күүк-ийн удирдлага дор танилцуулсан WWDC-ийн гол дүрүүд:

• 2012 - Apple Maps
• 2013 - iTunes Radio
• 2014 - iOS 8 / OS x Yosemite
• 2015 - Apple Music
• 2016 - macOS rebrand
• 2017 - HomePod
• 2018 - iOS 12
• 2019 - Pro Display XDR
• 2020 - Apple silicon
• 2021 - macOS Monterey
• 2022 - M2 chip
• 2023 - Apple Vision Pro
• 2024 - Apple Intelligence
• 2025 - Liquid Glass
• 2026 - Siri AI