Өнөөдөр Улаанбаатар хотод нар мандахтай зэрэгцэн Бүдэг цэнхэр цэгийн 8 тэрбум хүнийг төлөөлж, 4 сансрын нисэгч хагас зуун жилийн дараа Сарыг зорилоо. Тодруулбал, хэдхэн цагийн өмнө Флорида мужид байрлах Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн 39B хөөргөх тавцангаас 54 жилийн дараа SLS пуужингийн хүчээр тоноглогдсон Orion хөлөг манай гаргийн цорын ганц дагуулыг чиглэн хөдөлсөн юм.

Бүс нутгийн цагаар 2026 оны 4-р сарын 1-ний 18:35 минутад SLS пуужин хөөргөх тавцангаас салж, сансарт гарснаар хүн төрөлхтний Сарыг эзлэх төсөл албан ёсоор эхэлж буй нь энэ. Энэ бол 1972 оны Apollo 17-оос хойших анхны даалгавар. Гэхдээ энэ удаа бид зөвхөн Саран дээр хөл тавих бус, тэнд бүрмөсөн суурьших алсын харааг бодит болгох хоёр дахь шатны зорилтыг биелүүлэх юм. Artemis II Сарыг тойрохын сацуу хэд хэдэн туршилтыг давхар гүйцэтгэнэ. Энэ нь удаах нислэгүүдийг амжилттай болгоход чухал үүрэгтэй.


Саран дээр газардах хоёр дахь удаагийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй НАСА-гийн хувьд хэдхэн хоногийн өмнө шинэ төлөвлөгөөгөө ил болгосон нь:

Artemis I - 2022 онд нисгэгчгүй туршилт хийгдсэн.
Artemis II - 2026 оны 4-сарын 1-10 хооронд сарыг тойрно. Саран дээр газардахгүй.
Artemis III - 2027 онд дараагийн туршилтыг хийнэ.
Artemis IV - 2028 онд саран дээр газардана.

Artemis хөтөлбөр анх 2017 онд танилцуулагдсан бөгөөд Саран дээр суурьшиж, бааз барих хэтийн зорилготой. Энэ бол хүйтэн дайны үед хэрэгжиж байсан Apollo-гоос ялгарах гол онцлог. Artemis I-ийн хүрээнд 2022 онд нисэгчгүй Orion хөлөг Сарны тойрог замд хүрч, даалгавраа амжилттай биелүүлсэн билээ.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Багийн ахмад Рид Уайзман

Түүний гол үүрэг бол даалгаврыг цуцлах коммандыг өгөх юм. Түүнд ямар ч үед Artemis II даалгаврыг цуцлах эрх мэдэл бий бөгөөд тэр хэрээр хариуцлага хүлээх учиртай. Рид тэнгисийн цэргийн нисгэгч бөгөөд F-14 Tomcat болон F/A-18F Super Hornet зэрэг сөнөөгч онгоцыг жолоодож байсан туршлагатай юм. Мөн 2009 онд НАСА-гийн сансрын нисэгчээр сонгогдож, 2014 онд Олон улсын сансрын станцад 165 хоногийг өнгөрүүлж байв.

Багийн нисэгч Виктор Гловер

Тэрээр Сар өөд нисэж буй анхны өнгөт арьст сансрын нисэгч болж байна. Гол үүрэг нь Orion хөлгийн жолоодлого болон хөдөлгүүрийг хянах бөгөөд сансарт 60-90 минутын турш жолоодлогыг гартаа авах чухал туршилтыг гүйцэтгэнэ. Түүний хувьд мөн л тэнгисийн цэргийн нисгэгч байсан бөгөөд ахмад цолтой. Нийт 40 орчим онгоцоор 3,000 гаруй цаг ниссэн туршлагатай аж. Мөн инженерчлэлийн гурван ч магистрын зэрэгтэй гэдгийг дурдах нь зүй. Өмнө нь 2020 онд SpaceX-ийн Crew Dragon хөлгийн эхний нислэгээр Олон улсын сансрын станцад очиж байжээ. Түүнчлэн 4 удаа задгай сансарт гарч байсан арвин туршлагатай сансрын нисэгч юм.

Artemis II-ийн багийн гишүүд

Кристина Кук

Түүний хувьд гүн сансрын орчин хүний биед хэрхэн нөлөөлөхийг судална. Мөн Сар луу нисэж буй анхны эмэгтэй гэдгээр түүхэнд үлдэх учиртай. Кристинагийн сонгогдсон шалтгаан нь мэдээж санамсаргүй хэрэг биш. Учир нь тэрээр сансарт тасралтгүй 328 хоногийг үдсэн рекордын эзэн юм. Энэ нь Дэлхийг 5,200 гаруй удаа тойрсонтой тэнцэх хугацаа бөгөөд түүний хувьд цахилгааны инженерчлэл болон физикч мэргэжилтэй ажээ.

Сансрын нисэгч болохоосоо өмнө Кристина Антарктид дахь Өмнөд туйлын станц болон Гренланд арал дээрх эрдэм шинжилгээний ажлын багийн гишүүн байв. Өөрөөр хэлбэл, хүнд нөхцөлд олон жил ажилласан туршлагатай эрдэмтэн гэсэн үг юм.

Жереми Хансен

Канад Улсын иргэн бөгөөд Сарыг зорьж буй анхны АНУ-ын иргэн бус сансрын нисэгч болж байна. Өөрөөр хэлбэл, Сар луу очих хоёр дахь улс болон түүхэнд бичигдэж байгаа юм. Тэрээр Канадын агаарын хүчний хурандаа цолтой ба CF-18 сөнөөгч онгоцны нисгэгчээр ажилладаг байжээ. Мөн 2009 онд CSA-ийн сансрын нисэгчээр сонгогдсоны дараа анх удаа сансарт нисэх гэж буй нь энэ юм.

Зүүн гар талаас: Жереми Хансен, Виктор Гловер, Рид Уайзман, Кристина Кук

Хөлгийн гишүүд дэлхийгээс 400 мянган километр хол аялна. Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хол аялал билээ. Өмнөх амжилтыг Apollo 13 эзэмшдэг байсан ба мйнхүү нисгэгч, инженер, эрдэмтдээс бүрдсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг энэ зуунд анх удаа Сар луу очихоос гадна цэнхэр гаргаа алс холоос тольдох нь ээ.

ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ПУУЖИН SLS

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн хүчирхэг пуужин SpaceX-ийн Starship боловч туршилтын шатан дээр яваа. Тиймээс өнөөдөр хөөрсөн SLS (Space Launch System) практик дээрх хамгийн хүчирхэг нь болж байна. Энэ пуужингийн сансарт хөөрөх ажиллагаа хоёр үе шаттай бөгөөд шингэн, хатуу түлшийг ашигладаг аж.

65 метрийн өндөр, 8.4 метрийн диаметртэй асар том түлшний савтай бөгөөд энд хөргөсөн шингэн устөрөгч (LH2) болон шингэн хүчилтөрөгч хадгалагддаг. Доод хэсэгт Space Shuttle хөтөлбөрт ашиглаж байсан 4 ширхэг RS-25 хөдөлгүүр бий. Харин хөөргөлтийн эхний хоёр минутад нийт хүчний 75 хувийг гаргах хоёр пуужинг хажуу талд нь байрлуулжээ. Энэ хэсэгт хатуу түлш ашиглах бөгөөд SRB хурдасгуур гэж нэрлэдэг байна.

SLS пуужингийн бүтэц

SLS пуужин Кеннедигийн сансрын төвөөс 39.1 меганьютон хүчийг гаргаж хөөргөнө. Үүнээс хоёр минутын дараа хоёр талын SRB хурдасгуур салах бол 8 минутын дараа пуужингийн үндсэн их бие салж, Orion хөлөг болон Сар луу чиглэх хүч өгөх ICPS (Interim Cryogenic Propulsion Stage) хэсэг нь үлдэх юм.

ICPS-ийн үүрэг бол хөлгийг тойрог замд тогтвортой байрлуулсны дараа дэлхийн татах хүчнээс гаргах. Artemis II-ийг Apollo-ийн даалгавруудаас ялгаж буй онцлог нь энэ билээ.

Тэгвэл өнөө өглөө хөөрсөн үйл явцыг товч дурдвал, хөдөлгүүр хөөрөхөөс 7 секундын өмнө асаж бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найман минутын дараа агаар мандлаас 2,200 км-ийн өндөрт гарсан байна. Энэ нь Олон улсын сансрын станцаас тав дахин өндөр гэсэн үг. Харин 50 минутын дараа ICPS хэсэг асч 70,000 км-ын өндөрт гарчээ.

Энэхүү хүчирхэг пуужинг бүтээх төсөл 2011 онд эхэлсэн бөгөөд анх төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч, төсөв нь хэд дахин нэмэгдсэн байдаг. 2022 онд хийгдсэн Artemis I даалгавар хүртэлх зардал нь гэхэд л 23.8 тэрбум доллар байжээ. НАСА-гийн мэдээлснээр нэг удаагийн хөөргөлтийн зардал 4.1 тэрбум доллар ба үүнийх нь тал хувийг SLS-ийн төсөв эзэлдэг гэнэ.

АРТЕМИС II-ИЙН ДААЛГАВАР

Даалгаврын үргэлжлэх хугацаа 10 хоног. Сарыг тойрох ба гүн сансрын орчин хүний биед хэрхэн нөлөөлөхийг судлах үндсэн даалгавартай. Orion хөлөг Сарны гадаргуугаас 6,513 км-ийн зайд тойрч гарна. Түүнийг тойрох хугацаа нийт 4 хоног үргэлжилнэ. Судалгаа дууссаны дараа сарны татах хүчийг ашиглан Дэлхий рүү ирэх эрчээ авах юм.

Artemis II-ийн маршрут

Дэлхийн агаар мандалд орж ирэхдээ дээд тал нь 40,000 км/цагийн хурдад хүрэх төдийгүй энэ нь дууны хурдаас даруй 32 дахин их буюу хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр хурд болж тооцогдох юм. Хөлгийг 4-р сарын 10-нд Номхон далайд Сан Диегогийн эрэг орчимд буулгахаар төлөвлөж буй.

АРТЕМИСИЙН АЛСЫН ХАРАА

НАСА энэ зуунд Саран дээр суурьших хөтөлбөрөө Артемис гэж нэрлэсэн нь санаандгүй хэрэг биш. Эртний Грекийн домог ёсоор Артемис бол Аполлогийн ихэр дүү охин бөгөөд Сарны дагина гэгддэг. Иймд охин дүү нь ахынхаа дутууг гүйцэхээр Сарыг зорьж байгаа гэж хэлж болох юм.

Apollo хөтөлбөр Хүйтэн дайны үед Саран дээр хүний мөрийг анх удаа тамгалсан бол Артемисийн эринд бид тэнд суурьших зорилготой. Бүр тодруулбал, 2030 он гэхэд байнгын бааз байгуулж, улмаар сансрын гүниийг судлахад туслах гол гүүр болох юм. Тэнд гүн сансрын орчин хүний биед хэрхэн нөлөөлж буйг судлах, цаашлаад Ангараг гаргийг зорих болон Нарны аймгийн бусад хэсгийг ч судлах чухал ач холбогдолтой.

Ийнхүү хагас зуун жилийн дараа хүн төрөлхтөн дахин Сарыг чиглэн хөөрлөө. Хөлгөөс ирэх мэдээллийг дэлхий нийт амьсгаа даран хүлээж байна. 1969 онд Apollo 11-гийн багийн гишүүд анх удаа хөл тавьж, нэгэн эриний залуусын зүрх сэтгэлийг булгилуулж байсан бол үүнээс 57 жилийн дараа Artemis II сансрын уудмыг сониучирхах сая сая залуусын сэтгэлд итгэл найдварын шинэ очийг асаалаа.