“Монгол хүн мэдрэмжээ илэрхийлдэггүй” гэдэгтэй санал нийлэх хүн цөөнгүй болов уу. Хамгийн дотно ханьдаа, хэнээс ч илүү хайртай ээждээ хүртэл юу мэдэрч байгаагаа хуваалцалгүй, дотроо түгжсээр ирсэн хүмүүсийг манай хотоос олох хамгийн амархан. Гэсэн хэдий ч нийгэм тэр аяараа юу мэдэрч байгаагаа анзаарах ч сөхөөгүй цаг наргүй ажилладаг хүндхэн цаг үеийг бодвол өдгөө бидний үгсийн санд сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэмжээ илэрхийлэх зэрэг үгс бага багаар нэмэгдэж буй. Гагцхүү энэ цаг үед таны заавал унших бүтээл бол “Atlas of the heart” юм.
Энэхүү бүтээлийн зохиогч Брене Брауны үзэж буйгаар хүнд 87 сэтгэл хөдлөл, мэдрэмж бий бөгөөд хүн хүнтэйгээ болон өөрөө өөртэйгөө бүтээх утга учиртай, эрүүл харилцааны гол түлхүүр нь тэр бүгдийг бүрэн таньж, нэрлэж, ялгаж сурах явдал аж. Гэтэл хамаг бүхнээ дотроо хадгалдаг, илэрхийлсэн нэгнээ “шалчигнасан” гэж үздэг монголчууд бидний хувьд нэрлэж чадах сэтгэл хөдлөл тун цөөнөөс гадна тэдгээрийг нэрлэсэн үгс монгол хэлний үгийн санд ч байдаггүй аж.
Зохиогчийн тухай
Брене Браун нь Хьюстоны Их сургуулийн судлаач профессор, Техасын Их сургуулийн Бизнесийн Сургуулийн зочин профессор бөгөөд амьдралынхаа сүүлийн хорь гаруй жилийг зориг, эмзэг байдал, ичгүүр, өрөвдөх сэтгэл зэрэг хүний хамгийн нарийн мэдрэмжүүд, харилцааны гүн гүнзгий сэдвүүдийг судлахад зориулж буй. “Эмзэг байдал бол сул дорой байдал биш, харин жинхэнэ зориг юм” гэх шинэлэг өнцгөөрөө танигдсан тэрээр New York Times-ийн зургаан удаагийн бестселлер номын зохиолч билээ. Уншигч та түүнийг 2021 онд “Зоригтой манлайлал” нэрээр монгол хэлнээ хэвлэгдэн гарсан “Dare to Lead” номоор нь таних болов уу.
Номын тухай
2021 онд уншигчдад хүртээл болсон энэхүү бүтээлдээ Брене Браун өөрийн туршлага, олон жилийн судалгаа, салбарын мэргэжилтнүүдийн өнцөгт үндэслэн хүнийг “хүн” болгодог хамгийн чухал зүйл болох мэдрэмж, сэтгэл хөдлөлүүдийг 12 бүлэгт хуваан нэг бүрчлэн тайлбарладаг. Зохиогч 75 мянга орчим хүнээс мэдэрч байхдаа нэрлэж чадах сэтгэл хөдлөлүүдээ жагсаахыг хүсэхэд дунджаар баяртай, гунигтай, ууртай гэсэн гурван сэтгэл хөдлөлийг л жагсаажээ. Харин бид сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ ашигладаг цомхон үгийн баялгаа тэлж, мэдрэмжийн боловсролоо (emotional literacy) хөгжүүлснээр өөртэйгөө болон бусадтай илүү утга учиртай харилцааг үүсгэж чадна.
Яагаад унших вэ?
Сэтгэл судлалын салбарт хүнд яг хэдэн мэдрэмж төрдөг нь маргаантай сэдэв хэвээр. Харин Брене Браун энэхүү номоо бичихдээ өөрийн заадаг сэтгэл хөдлөлийн тухай цахим хичээлд суусан 66,625 хүний 550,000 гаруй сэтгэгдэл, туршлага дээр үндэслэн дараах 87 мэдрэмж, мэдрэмж рүү хөтөлдөг бодлуудыг жагсаан, нэг бүрчлэн тайлбарлажээ.
Жагсаалтын дарааллыг гаргахдаа нэрсийн дарааллаар аль эсвэл эерэг, сөрөг зэргээр ангилахын оронд эсрэг болон төстэй мэдрэмжүүдийг хамтад нь тайлбарлах байдлаар хоорондын хамаарал дээр нь үндэслэн бүлэглэсэн нь энэхүү бүтээлийг онцгой болгож байгаа юм.
Онцлох санаанууд
1. Уур хилэнгийн цаана…
Бидэнд хамгийн их төрдөг, хамгийн түгээмэл илэрхийлэгддэг мэдрэмж бол уур. Гэхдээ үнэн хэрэгтээ уур хилэн бол хоёрдогч буюу “дохио өгөгч” сэтгэл хөдлөл аж. Ихэнх тохиолдолд уураар бид илэрхийлэхэд эсвэл нэрлэхэд хэцүү мэдрэмжүүдээ халхалдаг. Бидэнд “Миний уур хүрч байна” гэж хэлэх нь “Надад хууртагдсан, шархалсан мэдрэмж төрж байна” гэж хэлэхээс хамаагүй амархан. “Би өөртөө уур хүрч байна” гэж хэлэх нь “Би тийм зүйл хийсэн өөртөө урам хугарч байна” гэж хүлээн зөвшөөрөхөөс хамаагүй хялбар байдаг шүү дээ.
Түүнчлэн энэхүү номд багтсан 87 төрлийн сэтгэл хөдлөлөөс 20 гаруй нь уур болж илэрдэг эсвэл ууртай хослон гарч ирдэг. Тиймээс уурласан үедээ “Би яг үнэндээ юу мэдэрч байна вэ?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Уурын цаана гомдол, ганцаардал, гутрал, ичгүүр, шившиг зэрэг хэцүү мэдрэмж нуугдаж байдаг.
2. Ойрын дайснууд буюу "near enemies"
Үнэ цэнтэй харилцаа үүсгэхэд хамгийн их саад болдог зүйлс нь сөрөг мэдрэмжүүд буюу "far enemies" гэхээсээ илүү эерэг мэт харагддаг сөрөг мэдрэмжүүд (near enemies) байдаг. Жишээ нь, энэрэнгүй байдлын эсрэг тал буюу түүний холын дайсан нь хэрцгий байдал боловч ойрын дайсан нь өрөвдөл юм. Дээрх хоёр мэдрэмж өнгөц харахад ижилхэн мэт санагдах ч угтаа энэрэл нь тухайн хүний асуудлыг түүнтэй ижлээр мэдэрч, аль болох туслахыг хичээдэг бол өрөвдөл нь тэрхүү асуудлыг зайнаас ажиглаж, үйлдэл хийхээс зайлсхийдэг. Ийм учраас л энэрэл, өрөвдөл хоёр бие биенийхээ “ойрын дайснууд” болдог аж.
3. Төстэй боловч ялгаатай
Алдаа гаргах үед бидэнд хамгийн түгээмэл төрдөг мэдрэмжүүд бол ичгүүр (shame), гэмшил (guilt), доромжлол (humiliation) бас ичмээр байдал (embarrassment). Харин эдгээр мэдрэмжүүд хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг бид төдийлөн сайн мэддэггүй.
Ичгүүр (Shame) → Би муу, хангалтгүй.
Өөрийн хувь хүн дээрээ төвлөрсөн мэдрэмж. "Би хайрлагдахуйц үнэ цэнтэй хүн биш" гэж мэдэрдэг. Тиймээс ичгүүр бол эерэг өөрчлөлтийн хөдөлгүүр биш.
Жишээ: Шалгалт өгөөд F дүн авчээ.
Өөртөө хэлж буй үг: “Би үнэхээр тэнэг юм аа.”
Гэмшил (Guilt) → Би буруу зүйл хийчхэж.
Хийсэн үйлдэл дээр төвлөрсөн мэдрэмж. Бид өөрсдийн хийсэн (эсвэл хийгээгүй) зүйлсээ өөрийн үнэт зүйлстэйгээ холбон дүгнэж гэмшил мэдэрдэг бөгөөд үйлдэл дээр төвлөрсөн мэдрэмж учраас эерэг өөрчлөлт рүү хөтөлдөг.
Жишээ: Шалгалт өгөөд F дүн авчээ.
Өөртөө хэлж буй үг: “Шалгалтын өмнөх өдөр үдэшлэгт явсан маань үнэхээр тэнэг шийдвэр байж.”
Доромжлол (Humiliation) → Тэр надад шударга бус хандчихлаа.
Хэн нэгэн таныг доош хийж, гутаасан үед мэдэрдэг мэдрэмж. Таныг үнэ цэнгүй, хангалтгүй хүн мэт мэдрүүлсэн ч “энэ мэдрэмжийг би хүртэх ёсгүй” гэж итгэх итгэл.
Жишээ: Хажууд чинь суугаа оюутан F дүнг хараад ангийнхны өмнө “Ээ, шалгалтаа муу өгчхөж, тэнэг юм бэ?” гэж хэлж, бүгд инээв. Та тэнэг биш, зүгээр л шалгалтдаа бэлдээгүй гэдгээ мэдэж байгаа учраас доромжлол мэдрэх болно.
Ичмээр байдал (Embarrassment) → Эвгүй байдалд орчихлоо шүү, гэхдээ би ганцаараа биш.
Бусад хүмүүс ч мөн ийм байдалд ордог гэдгийг мэддэг учраас энэ бол түр зуурын, хэдхэн минут ирээд л буцдаг мэдрэмж.
Жишээ: Олон хүнтэй гудамжинд алхаж яваад мөсөн дээр халтираад уначхав.
Онцлох эшлэлүүд
Уншигчийн сэтгэгдэл
Амьдралд олон жижиг асуудлууд давхцан, өрөөлийг байтугай өөрийгөө ч яаж мэдэрч байгааг, гаргасан шийдвэрүүдээ ойлгож чадахгүй байх үедээ энэхүү бүтээлийг барьж авч уншсан минь юу юунаас ч илүү тус болсон юм. Хүнтэй ярилцахаас ч илүү ойлгогдсон мэдрэмжийг эл номыг уншиж суухдаа авсан үеүд ч бий.
Мөн мэдэрсэн нь олон ч монгол хэл дээр хэрхэн нэрлэдгийг нь мэддэггүйгээсээ эсвэл нэрлэдэг үг байдаггүйгээс нь болоод “Аан, надад ингэж санагдаад байгаа юм байна” гэж хүлээн зөвшөөрөлгүйгээр дотроо дарсан олон мэдрэмжийнхээ учрыг олох шиг болов. Энэ бол нэг л удаа уншаад, үндсэн санааг нь ойлгож аваад орхих ном бус үргэлж ойр хадгалж, мэдрэмжүүд дундаа будилсан үедээ сөхөж харсаар байх чухал бүтээл байлаа.