Манай багийнханд дэлхийн хамгийн том автомашины үзэсгэлэнг сурвалжлах боломж олдож өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод ажиллаад ирлээ. Дэлхийд цар хүрээгээрээ нэгдүгээрт эрэмбэлэгддэг автомашины шоу “Auto China” нэртэйгээр тус хотод болдог билээ. Жил бүр нэг сая гаруй хүнийг татдаг уг нүсэр арга хэмжээ Хятадын хоёр том хотод ээлжлэн зохион байгуулагддаг. Сондгой жил Шанхайд, тэгш жил нь Бээжинд болдог уламжлалтай.

Энэ жил бид бүхэн GWM Mongolia-тай хамт Beijing Auto Show 2026-д оролцохын сацуу тус компанийн үйлдвэртэй танилцан, бартаат замын тест жолоодлогуудад оролцсон юм. Уг туршлагаа уншигч танд хуваалцахын зэрэгцээ зөвхөн Хятадын гэлтгүй дэлхийн автомашины салбарт юу болж байгааг энэхүү нийтлэлээрээ дамжуулан хүргэж байна.

Хятад бол дэлхийн хамгийн том автомашины зах зээл. Тус улс сүүлийн 17 жил дараалан энэ байр сууриа хадгалж байгаа ба өнгөрөгч онд 34.5 сая автомашин үйлдвэрлэж, 34.4 саяыг нь борлуулжээ. Энэ аварга зах зээлийн топ тоглогчид үнийн өрсөлдөөнөөс шинэ технологийг нэвтрүүлэх уралдаан руу шилжиж байна. Хэдхэн жилийн өмнө тэд Европ, АНУ, Япон, Солонгосын топ брэндүүдийн гаргасан жимээр алхдаг байсан бол өдгөө өөрсдөө мөс хагалж автомашины салбарын өнгийг тодорхойлогчид болжээ.

BEIJING AUTO SHOW 2026-ААС ТРЕНДИЙГ ОЙЛГОХУЙ

Beijing Auto Show олон улсын үзэсгэлэн 70 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх талбайд болдог ба энэ жил 1,451 автомашин дэлгэгдсэнээс 181 загвар нь шинэ буюу дэлхийн нээлтээ хийж дээд амжилт тогтоов.

30 орчим танхимд автомашины компаниуд өөрсдийн онцлог тохирсон тайзуудыг зассан байв. Тухайлбал GWM-ээс бартаат замын эрч хүч мэдрэгдэж байсан бол Xiaomi-гоос ирээдүйн гэмээр технологи, Honda-гаас уралдааны уур амьсгал ханхалах аж. Мөн тус арга хэмжээг сурвалжлахаар 20 мянган сэтгүүлч, зураглаач, контент бүтээгчид ирсэн байсан нь Хятадын компаниуд олон улсын зах зээлд чухал ач холбогдол өгч байгаа нь харагдаж байлаа. Түүнчлэн Барууны брэндүүд өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад илүү өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон нь онцгой байлаа. Тэд өрсөлдөөн ихтэй тус зах зээлд байр сууриа хадгалахыг эрмэлзэж буй.

Энэ жилийн хувьд тоон үзүүлэлтүүдээс илүүтэй автомашины салбар эргэлтийн цэг дээр ирснийг харууллаа. Хятадын брэндүүд хэдийн автомашины салбарын өнгийг тодорхойлогч, стандартыг тогтоогчид болжээ.

Дугуйтай AI: Хятадын автомашины брэндүүд хиймэл оюун дээр бооцоо тавьж байна. Тухайлбал Bytedance-ийн Doubao нэртэй хэлний том загварыг SAIC, Mercedes Benz, Audi, Volkswagen тэргүүтэй 50 гаруй брэнд жолоочийн туслах байдлаар нэвтрүүлжээ. Уг хиймэл оюун нь замын хөдөлгөөн урьдчилсан таамаглах чадвартай. Интернэтийн чанар муу байсан ч сааталгүй ажиллах чадвартай гэдгээрээ онцгой. Мөн Huawei-гийн Qiankun ADS 5.0 систем нь мөргөлдөх эрсдэлийг 50%-иар бууруулдаг гэж мэдэгдэв. Эндээс автомашины салбар батарейны өрсөлдөөнөөс хиймэл оюуных руу шилжиж буйг анзаарч болно.


Автомат жолоодлого: Гуравхан жилийн өмнө судалгааны хэлэлцүүлэг байсан 3-р түвшний автомат жолоодлогын систем шинэ загваруудын алтан стандарт болжээ. Уг системийн тусламжтайгаар автомашин хурдны зам эсвэл түгжрэлд автоматаар жолоодлогыг гартаа авах чадвартай. Зөвхөн шаардлагатай үед л жолооч жолооны хүрдийг гартаа авдаг байх юм.

Түргэн цэнэглэгч: Цахилгаан автомашины цэнэг дуусах гэх айдас бүрэн арилахад тун ойрхон байна. Дэлхийн хамгийн том батарей үйлдвэрлэгч CATL компани ердөө наймхан минутын дотор 500 км зам туулах цэнэг авах чадалтай технологио танилцуулав. Мөн хэдхэн сарын өмнө BYD компани KFC-тэй хамтран түргэн хоолны захиалга өгөх зуураа 9 минутад автомашины цэнэглэх үйлчилгээ танилцуулсан билээ. Сонирхуулахад, Хятадад хурдны зам дагуу 3,000 гаруй түргэн цэнэглэгч бий.

GWM: ДАКАР РАЛЛИД ЭРГЭН ИРНЭ

Great Wall Motor компани бол гол төлөв бартаат замын SUV төрлийн автомашин үйлдвэрлэгч бөгөөд олон улсын зах зээл дээр Toyota-гийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нарын нэгт тооцогдож буй. Тэд энэ жил 6 брэндийн (Haval, Tank, Wey, Ora, Poer, Souo) 60 гаруй загвараа дэлгэж танилцуулав.

Тус компанийн мэдэгдлүүд дундаас хамгийн их анхаарал татсан нь ирэх жилээс эхлэн Дакар Ралли-д эргэн ирэхээ зарласан явдал байлаа. GWM компани 2010-2014 оны хооронд уг тэмцээнд оролцож байсан бөгөөд энэ жилээс уралдааны багаа сэргээхээр зэхэж буй нь энэ юм. Ийнхүү ирэх жилээс хурд хүч, тэсвэр тэвчээрийн туйлыг шалгадаг элсэн цөлийн уралдаан Tank брэндийн автомашинуудын шандас соригдох нь ээ.

Мөн Great Wall Motor компанийн үүсгэн байгуулагч Жейк Вей итгэлдээ “Зах зээл дэх ширүүн өрсөлдөөн, итгэлийн хямралыг бодит үр дүн, урт хугацааны философиор даван туулна” гэсэн анхаарал татав. Энэ нь тус компани үнийн өрсөлдөөнөөс татгалзаж хэрэглэгчдийн гарт хүчирхэг автомашиныг санал болгохоо үргэлжлүүлнэ гэсэн санааг илэрхийлж буй.

Тус компанийн энэ жилийн онцлох загваруудыг танилцуулъя.

Wey V9X

Энэ бол Great Wall Motor-ийн тансаг зэрэглэлийн Wey брэндийн тэргүүлэх загваруудын нэг. Гэр бүлийн болон бизнесийн хэрэгцээнд зориулан хөгжүүлэгдсэн уг загвар тэдний саяхан танилцуулсан таван төрлийн хөдөлгүүрийг дэмждэг GWM One платформ дээр суурилсан анхны автомашин гэдгээрээ онцлог. Мөн жолоочийн жолоодлогын хэв маягийг хуулбарлах чадвартай хиймэл оюунд суурилсан ухаалаг системийг нэвтрүүлсэн байна. Өөр нэг сонирхолтой функц байгаа нь караокены төхөөрөмж.

480 морины хүчтэй бөгөөд 100 км/цаг хурдыг 5.7 секундэд авах чадалтай. Зах зээл дээр Toyota Alphard-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид тооцогдож буй.

Tank 700

Бартаат замын жолоодлого болон тансаг байдлыг хослуулсан хүчирхэг загвар бөгөөд Mercedes G Class-ийн гол өрсөлдөгч нарын нэг. Цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүр нь нийтдээ 523 морины хүчийг гаргах чадалтай. Мөн 800-850 Нм мушгих хүчтэй. Энэ загварт хүчирхэг үзүүлэлтээс гадна онцгой ухаалаг тохиргоо бий. Тэр нь ямар төрлийн замд явж буй шалтгаалж бартаат замын горимоо идэвхжүүлдэг систем юм. Өөрөөр хэлбэл “Урд талд гүн шавар байна, бартаат замын горимыг идэвхжүүллээ" гэх мэтээр өөрөө шийдвэр гаргах чадвартай. Хосолсон хөдөлгүүртэй учир хот дотор бага бензин зарцуулдаг гэдгээрээ давуу талтай.

Tank 400

Энэ бол Tank брэндийн гаргасан гурав дахь загвар бөгөөд дунд оврын SUV загварын автомашин юм. Дизайны хувьд илүү хурц шийдлүүдийг харж болох бөгөөд футурист болон роботын гэмээр мэдрэмжийг төрүүлнэ. Уг загвар Hi4-T болон Hi4-Z гэсэн хоёр хувилбар бий. Hi4-T нь цахилгаан хөдөлгүүр нь нэг цэнэглэлтээр 108 хүртэлх замыг туулах чадалтай бөгөөд 408 морины хүчтэй. Харин Hi4-Z нь нэг цэнэглэлтээр 200 км замыг туулж 851 морины хүчийг гаргах чадалтай.


Манай багийнхан тус загваруудын тест жолоологод оролцсон бөгөөд хурд хүчний хувьд уулын бартаат замыг ажрахгүй давхиж байсныг онцлууштай. Ийнхүү бид бүхэн дэлхийн хамгийн том автомашины тайзан дээрээс салбарын чиг хандлагыг биеэрээ мэдрээд ирлээ. Бидний урд хөрш нэг цэгээс нөгөө цэг хооронд зорчих хөдөлгөөнийг тодорхойлогч болж шинэ технологиороо бусдыг байлдан дагуулагчид болжээ.