Байгууллагын нэр: Грийн Гэйт Интернэйшнл ХХК
Байгуулагдсан он: 2018
Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн бүтээгдэхүүний импорт, дистрибьюшн
Ажилтны тоо: 135
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Урт цагааны Pearl Tower-ийн 13 давхарт
Цахим хаяг: ggi.mn
Сошиал хуудас: Facebook, Instagram

Unread-ийн брэнд контентын нэг “Улаанбаатарын хамгийн таатай оффисууд” жагсаалт ийнхүү найм дахь жилдээ үргэлжилж, гал морин жилийн шинэ дугаараар уншигч тантай дахин уулзаж байна. Энэ удаа бид Грийн Гэйт Интернэйшнл-ийн оффисыг онцолж байна.

2018 оны шороон нохой жилд Францын арьс арчилгааны брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлж байсан Грийн Гэйт Интернэйшнл ХХК өдгөө эх, хүүхдийн асаргаа, эрүүл хүнс, гоо сайхны чиглэлээр дэлхийн 25 брэндийн 1,000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын 700 гаруй худалдааны цэгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Бидний хувьд тус байгууллагын уян хатан ажлын соёл, гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжсэн орон зайн шийдлүүд нь энэ оффисыг онцлох шалтгаан боллоо. Ингээд тэдний ажлын орчин, интерьерийн шийдэл, болон ажилтнуудын сэтгэгдэлтэй илүү дэлгэрэнгүй танилцъя.

төв оффис

Ажилтнуудын нэгэн цагт төсөөлөн ярьж байсан мөрөөдлийн оффис бол хотын А зэрэглэлд сүндэрлэх энэ оффис. Pearl Tower барилгын 13 давхарт байрлах, 500 гаруй метр квадрат талбай бүхий тус оффист орж ирэхэд хамгийн түрүүнд анзаарагддаг нэг зүйл нь орон зайн нээлттэй шийдэл, өндөр тааз, дугуй хэлбэрийн архитектурын элементүүд. Эдгээр нь албаны хүйтэн уур амьсгалаас илүү бүтээлч, чөлөөтэй уур амьсгалыг төрүүлэх аж.

Үндсэн зааланд маркетингийн албаны 30 гаруй ажилтан ажилладаг бөгөөд нээлттэй зохион байгуулалттай энэ хэсэг ажилчдын харилцаа холбоог хөнгөвчилж, багийн уялдаа холбоог дэмждэг. Нээлттэй оффисын нэг сул тал нь дуу чимээ байдгийг тооцож, дуу чимээ багасгах чихний бөглөө, тусгаарлах жижиг уулзалтын буланг төлөвлөжээ.

Тохижилт

Интерьер нь цагаан болон хар өнгө давамгайлсан минимал шийдэлтэй ба энэ хослол нь орчныг илүү эмх цэгцтэй бөгөөд цэлгэр харагдуулдаг онцлогтой. Гэрлийн хувьд хурц, цагаан гэрлээс татгалзаж байгалийн шаргал туяатай гэрэлтүүлгийг сонгосон нь ажилчдын нүдний ачааллыг бууруулах зорилготой ажээ.

Ажилчдын ширээ, сандлыг анзаарвал эргономик шийдэлд онцгой анхаарсан нь харагдана. Сандлууд нь хөл амраагчтай, 180 градус хүртэл хойш налж дэлгэгддэг тул ажилтнууд цайны цагаараа заавал амралтын өрөө рүү очилгүйгээр богино хугацаанд амсхийх боломжтой. Орчин үеийн судалгаанууд богино хугацаанд ажил дээрээ амрах нь бүтээмжийг нэмэгдүүлж, стресс бууруулдаг болохыг онцлоод буй. Тиймээс энэ мэт жижиг мэт боловч хэрэгцээтэй шийдлүүдийг өрөөний өнгөнөөс авхуулаад тавилгадаа хүртэл шингээжээ.

Нийтлэлийг бүрэн эхээр нь энд дарж уншаарай.