Unread редакц "БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ вэ?" ЦУВРАЛ ЯРИЛЦЛАГЫН номоо ТАНИЛЦУУЛАА
Unread-ийн хамт олон редакцынхаа арван жилийн ойг угтаж, арван жилийн турш үл тасарсан "Би хэрхэн ажилладаг вэ" цувралын ярилцлагуудаа ном болгон хэвлүүлж эхэллээ. Уг цувралын эхний гурван ном нь 37 дахь удаагийн Номын баяраар гарч байгаа бөгөөд жил бүрийн номын баяр болон тэмдэглэлт баяруудаар дараагийн шинэ дугаарууд нь хэвлэгдэн гарах юм.
Улаанбаатар хот. 2025 оны тавдугаар сарын 15.
“Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлага арван жилийн турш үл тасарч, 500 гаруй мэргэжилтний ажлын арга, амьдралын зарчмыг уншигч та бүхэнтэй хуваалцжээ. Бид зочдоо сонгохоос эхлээд зураг авах, ярилцлагаа нийтлэх хүртэл бүх үе шатандаа уншигчдад урам зориг төрүүлж, үйлдэлд уриалах агуулга бүтээхийг хичээсээр хагас мянган ярилцлагын ард гарсан байна.
Үр дүнд нь “Би хэрхэн ажилладаг вэ?” ярилцлагын булан тодорхой асуулт, тогтсон зураг авалтаараа салбартаа болон уншигч нарын дунд амжилттай хоногшиж, манай редакцын урдаа барих агуулга болж чадсан юм. Үе үеийн залуу мэргэжилтэн, оюутан сурагчид эдгээр ярилцлагуудаас санаа сэдэл, урам зориг авч, өөр өөрсдийн салбартаа шинийг санаачилж, хөгжлийг хурдасгаж буй.
Нөгөө талаас, энэхүү цуврал ярилцлага бол амжилтаараа ялгарч, мөс зүсэж, шинийг бүтээж, уламжлалыг эвдэж байсан бөгөөд эвдсээр байгаа шилдэг мэргэжилтнүүдийн ажил, амьдралын архив билээ. Салбарынхаа ноён оргилд хүрсэн бизнес эрхлэгчийн анхны ажлын түүхээс эхлээд үйл хэргээрээ нэрээ мөнхөлсөн олон мэргэжилтний анхны алхмыг эдгээр ярилцлагууд хадгалан үлджээ.
Сайн дарс хугацаа өнгөрөх тусам үнэтэй болдог шиг сайн ярилцлага ч мөн он цаг улирах тусам улам үнэ цэнтэй болсоор байдаг. Иймд Unread редакц 10 жилийн ойгоо угтан “Би хэрхэн ажилладаг вэ?” цуврал ярилцлагаасаа онцлох дугааруудыг түүвэрлэн уншигч таны гарт хүргэж байна. Ингэхдээ бид ярилцлагуудыг ямар нэгэн засваргүй нийтэлсэн бөгөөд тухайн цаг үеэс хойш зочны карьерт гарсан өөрчлөлт болон онцлох үйл явдлуудыг товчлон “Редакцын зурвас”-аа ч мөн шинэчлэн бичлээ.
Хамгийн онцлууштай нь зочин бүр “20 настай өөртөө өгөх зөвлөгөө”-гөө өөрийн гараар бичиж илгээснийг мөн багтаасан явдал. Эдгээр агуулгууд хэрэгтэй үед тань урам зориг, санаа сэдлээр цэнэглэж чадна гэдэгт итгэлтэй байна. Уншигч танд эрдэм мэдлэг, эрүүл энхийг хүсье.
Уншигч та 37 дахь удаагийн номын баярын үеэр Unread-ийн асраар зочилж энэхүү бүтээлийг хямдралтай үнээр худалдан аваарай