Арван жил, нэгэн арван.

Unread-ийн төрсөн өдрөөр энэхүү захидлыг тэрлэн суухад асар их дурсамж, үлэмж их бахархал, хэмжээлшгүй талархлын мэдрэмж төрж байгаагаа юуны түрүүнд хуваалцахыг хүслээ.

Энэ бол зөвхөн манай редакцын баяр биш. Энэ бол багийнхан, түншүүд, уншигчдын минь ч баяр. Бяцхан санааг оч болгон үсэргэж, түүнийг гал болтол нь дүрэлзүүлсэн та бүхний баяр.

2015 оны энэ өдөр Unread-ийг бид гурвуулаа эхэлсэн. Гэхдээ бидэнд асар том мөрөөдөл, түүнээс ч том итгэл үнэмшил байсан юм. Медиа өөр байж чадна гэдгийг, утга учиртай харилцан яриа, түүхээр дамжуулж бүтэн үеийг урам зоригоор тэтгэж чадна гэдгийг бид харуулахыг хүссэн. Медиа зүгээр нэг үг дамжуулагч бус харилцан яриаг хөтлөгч, үзэл санааны түүчээ байж чадна гэдэгт бид итгэсэн. Монголд дэвшилтэт санаа, мэдлэг боловсрол, бүтээлч сэтгэлгээнд чиглүүлэх талбар хэрэгтэй гэдэгт бид үнэмшсэн. Манай үеийнхэнд өөрсдөд нь хандаж ярьдаг бус, хамт алхдаг дуу хоолой хэрэгтэй байгааг бид мэдэрсэн.

Ийм л зорилго биднийг нэгтгэж, өдөр бүр улам хичээж, хамгийн сайнаараа тултал нь зүтгэх сэдэл болсоор ирсэн билээ. Unread зүгээр нэг вэбсайтаас нэгэнтээ хальж, уншигчдын хамгийн дотнын анд, итгэлт нөхөр, хүндэт ментор, хамтран зүтгэгч нь болж чадсан гэдэгт би итгэдэг. Арга хэмжээнүүдээс маань үүсгэн байгуулагчаа олж, дараагийн гайхалтай санааг бүтээсэн багуудын сэтгэл хөдөлгөм олон түүхийг би мэднэ. Нийтлэлүүдээр маань цэнэглэгдэж, бүр хүмүүжсэн гэх залуусын гал эрмэлзэл дүүрэн яриаг ч олон сонсож байлаа.

Гэвч бүх зүйл дардан байгаагүй. Дуусгаж чадаагүй төслүүд, гүйцээж амжаагүй нийтлэлүүд, ханатал нь зүтгээгүй ажлууд их. Шантарч бэргэх, гутарч шаналах үе бишгүй. Гэхдээ тэр бүрд дахиад нэг удаа оролдох итгэлийг би та бүхнээс, эрхэм уншигчид та бүхнээс л олж авдаг юм шүү. Та бүхний уншилтын хандалт бүр, бичсэн сэтгэгдэл бүр, зорьж ирсэн мөч бүр бидэнд эрч хүч бэлэглэж, гүрийж тэсэж үлдээд, улам бүтээлч, илүү шинэлгээр босож ирэх хөшүүрэг болдог байлаа. Бидэнд итгэж үргэлж хамт байсаар байгаад баярлалаа.

Арван жилийн түүх маань тэр чигтээ харилцан итгэлцэл, түншлэл, талархлын түүх байжээ. Энэ гайхалтай аяллыг хамтдаа эхлүүлсэн Ганзо, Закдаа мэхийн ёсолъё. Санааг цэцэглүүлж, бодитоор амилуулж, дөрөөнд нь хүргэх замд гаргасан бүх чармайлт, зоригийг шагшин магтъя. Дараа нь ачааны хүндийг үргэлжид үүрч ирсэн Unread-ийн үе, үеийн багийнхандаа талархаж байна. Та бүхний товшсон үг бүр, зурсан дүрслэл бүр, бичсэн төлөвлөгөө бүр Unread-ийн DNA-г бүтээж, улам төгөлдөржүүлэн шинэ түүхийг бичсээр иржээ. Манай багийнхан, сайн дурынхан, залуучууд маань үргэлжид хамгийн бүтээлч, хамгийн идэвхтэй, хамгийн хариуцлагатай гэж үнэлэгдэн ирснээр би маш их бахархдаг юм шүү. Энэ хугацаанд бидэнд итгэж, хамтран ажилласан түншүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Unread-ийн багт боломж олгож, чухал ажлаа найдан даалгасан итгэл бүрээс бид улам ургаж, хамтдаа хөгжиж, байнга суралцсаар иржээ. Урам хугалалгүй, улам хичээн ажиллах болно оо.

Өнгөрсөн хугацаанд бид мянга гаруй зочдоос ярилцлага авч, түүнээс ч их стартап, төслүүдтэй танилцаж, тэдний гайхалтай аяллыг яг дэргэдээс нь гэрчлэх нэр төрийн хэрэг байлаа. Дуу алдам сорилтууд, бодолд автуулам түүхүүд биднийг ч, уншигч та бүхнийг ч сэргээж, хөгжүүлсээр ирсэн. Эрхэм зочдодоо, салбар салбарын аваргууд, үлгэр жишээ мэргэжилтнүүд, мөс зүсэгч энтрепренерүүд та бүхэнд талархаж байна.

Бидний арван жил тэр чигээрээ амьд үлдэх тэмцэл байжээ. Бид нэг талаас үргэлжид шинэлэг, бүтээлч байдлаараа шинэ жишиг тогтоохын төлөө, нөгөө талаас хуурамч мэдээ, сошиал алгоритмын давлагаанд тогтож хоцрохын төлөө тэмцсээр иржээ. Бичсэн агуулга бүрээ чанартай, тасралтгүй байгаасай гэж, зохиосон арга хэмжээ бүрээ утга учиртай, шинэлэг байгаасай гэж хичээж байсны хүчинд бид энд зогсож байна. Дараагийн үеийн контент бүтээгчид үнэт зүйл, үнэ цэнээ тууштай хадгалж чадвал контентын шуургад тэсэж үлдэж, улам өсөж дэвжих боломжтой гэдгийг харах бодит жишээ байгаасай гэж бид хүснэ.

Бид дагадаг биш дагуулдаг, талцуулж хуваадаг биш урагшлуулж ухааруулдаг медиаг хөгжүүлнэ. Ёс зүйтэй, хариуцлагатай, бүтээлч редакцыг төлөвшүүлнэ.

Арван жилийг би аяллын нэгэн зогсоол хэмээн сэтгэж, дараагийн их аяллын эхлэл хэмээн төсөөлж сууна. Сониуч занг улам өдөөж, эерэг нөлөөллийг улам түгээж, утга учиртай харилцан яриаг өрдөж өрнүүлэхэд хязгаар гэж үгүй ажээ. Шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ формат бид бүгдийг хүлээж байна. Одоо бид гурвуулхнаа биш. Улам олуулаа, итгэл төгс урагш тэмүүлэх шинэ аяллыг тэсэн ядан хүлээнэ.

Дэлхийн бүх медиа дижитал шилжилт хийх аргаа эрэлхийлж байхад бид яг эсрэг шилжилт хийсэн. Нийгмийн итгэлцлийг сэргээх эрхэм зорилготой TenGer TV-г эхлүүлж, оройн зайгаар үл хязгаарлагдан утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх Unplug-аа зохиож, унших соёлыг эргээд моодонд оруулах том амбицтай Unread Today сонинг хэвлэж, шинэ үеийн оригинал түүхт баатруудыг төрүүлэх Unread Books-ийг үүсгэлээ. Дараагийн аялал хаашаа хөтлөхийг хэн ч тааж, төсөөлж үл чадах биз ээ.

Арван жил, нэгэн арван.

Арван жил гэдэг нэг талаас урт атлаа нөгөө талаас богино хугацаа ажээ. Анхны нийтлэлээ гаргачхаад хүмүүс уншаад юу гэх бол, яаж хүлээж авах бол гэсэн догдлол яг л өчигдөр байсан мэт амьд санагдана. Яг л эхний өдөр мэт дараагийн арванаа эхлүүлэхдээ сэтгэл хөдөлж байна.

Чин сэтгэлийнхээ угаас та бүхэндээ дахин, дахин талархаж байна. Ирээдүйд учрах учралууд, шинээр бичигдэх түүхүүд, амилж сэргэх үгс бүрийн төлөө энэ захидлаа өргөе.

Unread-ийн Хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Ундрал

Unread Today сонины 56-р дугаар 11-р нүүр

UNREAD-ийн хоёр жилийн ойд: Уншигчдадаа хүргэх захидал