Өнгөрөгч сард Л.Өлзийтөгс найрагчийн шинэхэн яруу найргийн түүвэр, дэлхий даяар алдартай “Бриджертон” цувралын эхний дэвтэр зэрэг уншигчдын дунд хүлээлт үүсгэсэн номуудаас гадна шинжлэх ухаан, түүх, хувь хүний хөгжлийн олон сонирхолтой бүтээлүүд хэвлэгдэн гарлаа. 

Унших номын жагсаалтаа баяжуулахад, олон бүтээл дундаас сонголтоо хийхэд тань бидний сар бүр бэлтгэн хүргэдэг энэхүү нийтлэл тус болдог гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд хоёрдугаар сард монгол уншигчдын гарт хүрсэн шинэхэн номуудын жагсаалттай хамтдаа танилцацгаая. 

1. сарны толь бичиг 


Зохиолч: Л. Өлзийтөгс
Нүүрний тоо:102

Гурван жилийн өмнө “Салхины нэр Ө” яруу найргийн бүтээлээ уншигчдын хүртээл болгосноос хойш нам жим байсан түүний хувьд энэ оны эхлэлд хоёр ч шинэ номоо гаргасны эхнийх нь “Сарны толь бичиг” яруу найргийн түүвэр.
Өнгөрөгч сард номын дэлгүүрүүдийн тавиурт залагдсан даруйдаа гурван долоо хоног дараалан бестселлерийн нэгдүгээрт бичигдсэн энэхүү яруу найргийн түүвэрт гол гогодом мөрт, зүрх булгилуулам хэсгүүд олон байсныг хувийн зүгээс дурдах нь зүй хэрэг болов уу.

Л.Өлзийтөгс зохиолч төдийгөөс өдийг хүртэл шүлгийн нэн шинэ хийц загварыг болон эсээ шүлэг тэрлэхийн онцгой хэв маягийг огтхон ч алдаагүй, харин ч илүү төгөлдөржсөөр байгаа гэдгийг “Сарны толь бичиг” түүврээс мэдэрч болмоор.

Худалдан авах:

2. бриджертон 


Хэвлэлийн газар: Эрдэмт
Зохиолч: Жулиа Куинн
Орчуулагч: О.Агиймаа
Нүүрний тоо: 420

Өнгөрөгч сарын 25-нд "Эрдэмт Паблишинг" Жулиа Куинны Bridgerton: The Duke and I романыг "Бриджертон: Ван бид хоёр" нэрээр орчуулан гаргалаа. Энэхүү роман нь 2000 онд хэвлэгдсэн бөгөөд Брижертон ах дүүсийн амьдрал, ялангуяа Дафни Брижертон, Хастингсын Ван Саймон хоёрын харилцааны талаар өгүүлдэг.

"Бриджертон: Ван бид хоёр" нь Куинны алдарт цувралын эхний боть бөгөөд 29 хэл дээр орчуулагдан, Netflix-ийн Bridgerton цувралын эхний бүлгийн эх зохиол билээ. Роман дахь Дафни, Саймон хоёрын зан байдал, гарал үүсэл хоорондоо эрс ялгаатай нь үйл явдлыг улам сонирхолтой, хурц өрнөлтэй болгодог.

Үйл явдлын тухайд Дафни оюун ухаан, сайхан сэтгэлээрээ хүн бүрийг татдаг ч сэтгэлд нийцсэн залуугаа олоогүй нэгэн. Харин Хастингсын Ван Саймон гэрлэлтээс аль болох зайлсхийхийг хүсдэг ч түүнтэй охиноо танилцуулах гэсэн ээжүүдийн хөл тасардаггүй. Эцэст нь тэр Дафнитай хуурамчаар сүй тавьснаар энэ хүндхэн байдлаас гарах гэж оролдоно. Гэвч асуудлаас мултрахын тулд хуурамч гэрлэлт зохиосон нь дахиад шинэ сорилт авчрах нь ойлгомжтой. Урин хавар айлчлан ирж буй энэ цаг үед сэтгэл гижигдэм, романтик түүхээр аялахыг хүссэн хүн бүрд төгс тохирох роман.

Худалдан авах:



3. эх оронч зурагт ном


Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Зохиолч: Кимико Такахаши, Б.Чанагнянгар, Б.Батцэцэг
Зураач: Э.Базаррагчаа
Нүүрний тоо: 76

“Жангар хүүхдийн редакц”-аас эрхлэн гаргасан “Эх орон” хүүхдийн зурагт ном нь хүн үүсэж хөгжихөөс өмнөх манай гаргийн түүх, хүн төрөлхтний үүсэл, цаашлаад бид эх орноо оршин тогтнуулахын тулд ямар гавьяа, үйл хэргийг бүтээж ирсэн тухай өгүүлэх болно. Энэ ном зөвхөн хүүхдүүд төдийгүй томчууд бидэнд ч сонирхолтой санагдах түүхүүдийг багтааснаараа онцгой.

Хувийн зүгээс биднийг бага байхад хүүхэд бүр “Монте Кристо гүн”-ийг уншдаг байсан шиг одоо үеийн хүүхдүүд “Эх орон” номыг унших ёстой мэт санагдлаа. “Эх орон гэж юу вэ?” гэсэн хариулт олоход бэрх асуултад энэ ном тодорхой, ойлгомжтой хариулт өгнө. Хүүхэд бүрийн ширээний ном байвал зохих “Эх орон” таныг болон таны бяцхан үрийг эх оронч үзэл, түүхийн үнэ цэнийг хүүхдэдээ ойлгуулах аялалд хөтлөх нь дамжиггүй.

Худалдан авах:

4. ичгүүр 


Хэвлэлийн газар: Монсудар
Зохиолч: Анни Эрно
Орчуулагч: Д.Болортуяа
Нүүрний тоо: 136

Хоромхон зуур өнгөрсөн ч хорин жил шиг удаан санагдсан айдас, түгшүүр, урьдчилан тааварлахын аргагүй үр дагавар… Амьдрал санамсаргүй тохиолдлуудаар хэрхэн эргэлт буцалтгүй өөрчлөгддөгийг харуулсан "Ичгүүр" роман нь Нобелийн шагналт Анни Эрног дэлхий дахинд алдаршуулсан бүтээл.

Арван хоёр настай охины насан туршид нь гүн ул мөр үлдээсэн ганц дурсамж: "Аав маань зургаадугаар сарын нэгэн ням гаргийн орой ээжийг минь алахыг завдсан." Энэ өгүүлбэрээр эхэлсэн зохиол аймшигт бодит үйл явдал, түүний далд нөлөө, шаналал, ичгүүрийг уран зохиолын хэлээр хэрхэн дүрсэлж болохыг харуулна.

Хусуур далайсан аавын нэг л үйлдэл нь зохиолын бүтцийг онцгой болгохын зэрэгцээ, тэрхүү дүр зураг хэдэнтээ давтагдан өгүүлэгдэх нь зохиолчийн сэтгэлд ямар гүн гүнзгий шаналал үлдээснийг мэдрүүлнэ. Өнгөрсөнтэй нүүр тулж, түүнээс ангижрах гэж бичсэн зохиолчийн өөрийн түүх уншигчдад хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.

Сонирхуулахад, 2022 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн анхны франц эмэгтэй зохиолч болох Анни Эрногийн “Эмэгтэй” романыг Монсудар хэвлэлийн газраас хоёр жилийн мөн адил Болортуяа орчуулагчийн орчуулгаар уншигчдад хүргэж байсан юм.

Худалдан авах:

5. гэрлэлтийг бэхжүүлэх 7 зарчим 


Зохиолч: Жонн Готтман, Нан Силвер
Орчуулагч: О.Онон
Хэвлэлийн газар: Монсудар
Нүүрний тоо: 396

Хосын харилцааг судалдаг Америкийн нэрт судлаач Жон Готтман олон арван жилийн эмпирик судалгаан дээр үндэслэн "Гэрлэлтийг бэхжүүлэх долоон зарчим" номоо бүтээжээ. Тус бүтээл зөвхөн онолоос гадна хосуудын харилцааг сайжруулах, зөрчилдөөнийг зөвөөр шийдвэрлэх, хамтрагчтайгаа сэтгэл хөдлөлөө гүнзгийрүүлэх арга замыг ойлгомжтой, практик байдлаар тайлбарласан бүтээл гэдгээрээ хэвлэгдэн гарсан цагаасаа хойш хорь гаруй жилийн турш олон мянган хосын харилцаанд эерэг нөлөөг авчирснаараа алдартай.

Готтман судалгааныхаа хүрээнд хосуудын нийтлэг харилцааны хэв маяг, тэдгээрийн эерэг болон сөрөг нөлөөллийг нарийвчлан судалсан бөгөөд хосууд бие биетэйгээ хэрхэн зөв, эелдэг харилцах ёстой талаар тодорхой зөвлөмжүүдийг энэ номоороо дамжуулан хүргэсэн аж.

Эдгээр хэв маягийг таньж мэдсэнээр хосууд асуудлаа эрт оношлон, сөрөг мөчлөгийг таслан зогсоох, илүү эрүүл, тогтвортой харилцаа бий болгох боломжтой. Харилцаагаа илүү бат бөх болгохыг хүссэн хүн бүрд тус бүтээлийг санал болгоё.

Худалдан авах:



6. тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд 


Зохиолч: Елена Фавилли, Франческа Кавалло
Орчуулагч: Б.Батчимэг
Хэвлэлийн газар: Жангар хүүхдийн редакц
Нүүрний тоо: 240

“Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд” цувралын гурав дахь боть “Урам зориг, өөрчлөлт авчирсан 100 охин” номд бидний мэдэх алдарт жүжигчин Зендаяа, дуучин Билли Айлиш, Тэйлор Свифт, байгаль орчны эрхийн төлөө тэмцэгч Амелиа Телфорд, сагсчин Эй’жа Уилсон зэрэг олон охидын сонирхолтой түүх багтжээ. Амжилтанд өөрийн хөлс хөдөлмөрөөр хүрч чадсан 100 эмэгтэйчүүдийн талаар уншсанаар өөрт байгаа авъяас чадвараа олж нээж, түүнээс үлгэр жишээ авах боломжтой.

Өөрсдийн амьдарч буй нийгэмдээ тулгарсан асуудлыг шийдэхээр сэтгэл шулуудсан зоримог охид, өөрт тулгарсан бэрхшээлээ даван туулж өөрсдөдөө болон бусдад урам зориг өгсөн бахархам охидын түүх уншигч танд ч бас урам зориг өгч, хийж бүтээх сэдлийг өрдөх болно.

Худалдан авах:

7. давшигч титан 7


Зохиолч: Исаяама Хажимэ
Орчуулагч: Б.Амарбаясгалан
Хэвлэлийн газар: Цэнхэр Гүзээлзгэнэ
Нүүрний тоо:192

Хажимэ Исаяамагийн "Давшигч Титан” долоодугаар боть болох "Титануудын мөргөлдөөн" (Clash of the Titans) Арк-ыг эхлүүлсэн боть билээ.

Үйл явдлын хувьд Ирэний төрсөн гэрт бий гэх Титаны нууцыг олох даалгавартай туршуулын алба хэрмийн гаднах ажиллагааны үеэр оюун ухаантай эмэгтэй Титантай таарав. Үүрэг гүйцэтгэж явсан салаа тэр чигтээ сүйдэх аюул тулгарсан ч командлагч Эрвиний төлөвлөгөөгөөр эмэгтэй Титаныг барьж авч чаджээ. Харин тэрхүү Титаны дотор хэн байсан бол?

Энэхүү дэвтэр нь титануудын үүсэл гарал, чухам хэн тэднийг ямар зорилгоор бүтээсэн зэрэг жинхэнэ үнэнийг илчлэхээс өмнөх томоохон өрнөлийг агуулснаараа ач холбогдолтой. Дараагийн ботид нэг том урвагч илчлэгдэж, түүхэн тулаан эхлэх болно.

Худалдан авах:

8. тархиа хурцалъя


Зохиолч: Жэймс Гүүдвин
Орчуулагч: О.Мөнхбаатар
Нүүрний тоо: 511

Тархи бол хүний хамгийн чухал, нарийн төвөгтэй эрхтэн билээ. Бидний сэтгэхүй, байгаль орчинтой харилцах харилцаа, танин мэдэх үйл явцыг хянаж, зохицуулдаг энэ эрхтэн нь өөрийгөө мэдрэх, ойлгох чадварын үндэс суурь болдог. Мөн хүн төрөлхтний бүхий л туршлагыг бий болгоход оролцдог.

Гэсэн хэдий ч тархи хэрхэн ажилладгийг, түүний үйл ажиллагааг сайжруулахын тулд юу хийх боломжтойг, цаашлаад тархиа хэрхэн арчлах тухай бидний мэдлэг төдийлөн хангалттай биш.

Харин энэхүү номд профессор Жеймс Гүүдвин тархины эрүүл мэндийг хадгалах, сайжруулахад дасгал хөдөлгөөн, хооллолт хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлаж, зөв арчилгаагаар насан туршдаа хурц ой ухаантай байх боломжтойг онцолжээ. Шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн судалгаанд тулгуурласан ухаалаг баримтууд, практик зөвлөгөөг агуулсан “Тархиа хурцалъя” ном танд тархи хэрхэн ажилладаг талаар мэдвэл зохих бүхий л мэдээллийг хүргэх болно.

Худалдан авах:

9. шинжлэх ухааны түүхэн товчоо


Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 320

Бидний эргэн тойрон дахь бүхий л зүйлсийн үндэс суурь, аливаа үзэгдэл, эхлэл, төгсгөлийн учир шалтгааныг тайлбарлаж, олон тооны ээдрээтэй асуултад хариулт өгдөг цорын ганц хүч бол шинжлэх ухаан билээ. Шинжлэх ухаан ба сүсэг бишрэлийн алиныг нь үнэн зөв гэж үзэх тухай олон ном, кинонд өгүүлдэг.

Кино урлаг ч мөн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан хөгжсөн. Хэрэв Томас Эдисон зургийн аппаратыг зохион бүтээгээгүйсэн бол кино урлаг хэрхэн үүсэх байсан бол? Энэ мэтээр шинжлэх ухаан агуу нээлтүүдийн суурь болж ирсэн хэдий ч бид зарим сэдвийг хангалттай гүнзгийрүүлэн судалж амжаагүй мэт санагдана.

Шинжлэх ухааны ертөнцтэй танилцаж буй залуу уншигчдад хүртээмжтэй, туршлагатай уншигчдад ч шинэ өнцөг нээх энэхүү номыг онцлох 10 номынхоо нэгээр нэрлэлээ.

Худалдан авах:

10. Л.түдэв "сонгомол бүтээлүүд" 12 боть 


Хэвлэлийн газар: Саян

“Зэрэг нэмэхийн өмнөхөн” киноны зохиолыг Л.Түдэв бичиж байсан бөгөөд “Зохиогч нь ард түмэн, бичигч нь би билээ” гэсэн өгүүлбэрээр кино эхэлдэг. Энэ кинонд тайж Мижид Нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн цол нэмүүлэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэхээр ноёноо чадаж буйг харуулдаг билээ.

Нийгмийн бурангуй үзлийг ёгтлон харуулсан эл киноны зохиолч Л.Түдэвийн 15 ном Орос, Англи, Болгар, Чех, Унгар, Герман, Япон хэлээр хэвлэгдсэн байдаг. Зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм”, “Хорвоотой танилцсан түүх”, “Уулын үер” тэргүүтэй “Сонгомол бүтээлүүд” 12 ботийг нийтлэлийн төгсгөлд онцолж байна.

Худалдан авах: