Жил бүр уншигч, бичээч нарын уулзах цэг болдог “Номын баяр” энэ сарын 16-18-ны өдрүүдэд тохиох гэж буй. Уг баярыг тохиолдуулан "Unread"-ийн зүгээс уламжлал ёсоор уншигчдадаа энэ удаагийн “Номын баяр”-аас онцлох 37 бүтээлийг хүргэж байна.
Энэхүү нийтлэлдээ бид аль болох анх удаа уншигчдын гарт очих гэж буй бүтээлүүдийг онцолсон бөгөөд зарим тохиолдолд хуучин номын шинэ хэвлэлийг ч онцоллоо. Хэрэв уншигч танд бусадтайгаа хувалцах, зайлшгүй онцлох ном байгаа бол сэтгэгдэл хэсэг үлдээгээрэй. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.
Уран зохиол
Тагтаа хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч Б.Баясгалан эх орон, үндэс угсаа, монгол хүмүүний мөн чанар, танигдахуйн тухай өгүүлэх шидэт реалист “Догшин тэнгис” романаа хэдхэн хоногийн дараа эхлэх хаврын Номын баяраар нээх гэж буй. Энэхүү бүтээл нь зохиолчийн анхны хэвлэгдэн гарч буй бүрэн хэмжээний роман бөгөөд мөнхүү үргэлжилсэн үгийн хамгийн сүүлд 2023 онд хэвлүүлсэн “Этгээд хүслийн цуглуулга” бүтээлээс нь хойших анхны үргэлжилсэн үгийн бүтээл болоод байна.
Өнөө цагийн үеийн хамгийн олон уншигчтай зохиолчдын нэгд зүй ёсоор тооцогдох Мүраками Харүкигийн тархийг хамгийн удаан гашилгаж, уншигчдынхаа дунд өндөр хүлээлт үүсгэн, олон жил дуншуулсан "Хот ба түүний Хийсгэлэн хана" хэмээх бүтээл 37 дахь удаагийн Номын баяраар монгол уншигчдтай золгохоор болжээ. Зохиолч 1980 онд Бүнгакүкай сэтгүүлд нийтлүүлсэн ижил нэрт туужаа олон арван жил дотроо хадгалсаар сая бүрэн хэмжээний роман болгон гаргаад буй билээ.
Зохиолч номын дагуулал үгтээ “Би энэ санаагаа роман бус тууж болгон нийтлүүлсэндээ үргэлж харамсаж явдаг байсан юм” хэмээн дурдсан байв. Тус бүтээл нь анх 150 орчим хуудас урттай байсан бол роман болон шинээр амилахдаа 500 хуудас хүрсэн байна. Мүраками Харүкигийн онцгой, басхүү нууцлаг, шидэт ертөнцийн үүд уншигч таны өмнө нээгдлээ.
“Энэ ном бол төвөгтэй цаг үед төөрөлдсөн, замаа олох гэсэн, гэхдээ олж чадаагүй хүний, түүнтэй нэгэн цаг үеийг туулсан хүмүүсийн, бид бүгдийн ч дуу хоолой юм...”
Зохиолч, яруу найрагч Б.Батзаяа 2023 онд хэвлүүлж байсан “Тарган муур” бүтээлээсээ хойших хоёр дахь үргэлжилсэн үгийн бүтээлээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Boobooks хэвлэлийн газраас эрхлэн гаргасан, зохиолчийн шинэхэн бүтээл болох “Санахгүй байна, гэхдээ сайхан байна” өгүүллэгийн түүврийг сонирхоод үзээрэй.
"Үхмээр байна, гэхдээ бас Догбуги идмээр байна" ном 2018 онд худалдаанд гарсан цагаасаа хойш Солонгост төдийгүй дэлхийн хэмжээнд уншигчдын талархлыг хүлээж, олон мянган хувь борлогдон, дэлхийн 25 орны хэлээр орчуулагдан гараад буй. Тус бүтээлийн зохиолч Пэк Сэхи эдүгээ олон улсад танигдсан зохиолч болсон бөгөөд түүний энэхүү бүтээлийг Тагтаа хэвлэлийн газраас 37 дахь удаагийн Номын баяраар уншигчдадаа өргөн барих ажээ.
Америкийн зохиолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Марк Твэйний хамгийн алдартай бүтээл болох “Хаклтбэри Финнийн адал явдал” монгол хэлээр шинэчлэгдсэн орчуулгаар дахин гарлаа. Тус бүтээл анх 1965 онд Г.Төмөрбатын орчуулгаар “Гекельберри Финнад тохиолдсон адал явдал” нэртэйгээр монгол хэлнээ орчуулагдан гарч байсан бол түүнээс хойш нэгэн жарны дараа Баабарын орчуулгаар дахин хүрч байгаа нь энэ.
Хаклибэри гэдэг нь Хойд Америкт элбэг ургадаг нэгэн зүйл нэрс жимсний нэр ба энэ нь мөн “гойд юмгүй үл ажиглагдах хүн” гэсэн давхар утгатай аж. Орчин цагийн Америкийн уран зохиолын тод төлөөлөгчдийн нэгийн суут бүтээл уншигч тантай энэ хавар учран золгох нь ээ.
"Ножо" хэвлэлийн газар дөрвөн жилийнхээ ойд зориулан зохиолч Чинагийн Галсангийн "Роль" өгүүллэгийн түүврийг өргөн бариад буй. Уг түүвэрт зохиолчийн өмнө нь хэвлэгдэж байгаагүй өгүүллэгүүд багтсан гэдгээр онцлогтой. Хэрэв уншигч танд зохиолчийн “Хөх тэнгэр сонсож бай”, “Аянгат цагийн тууж” зэрэг бүтээлүүд таалагдаж байсан бол энэ удаа зохиолчийн тус бүтээлийг сонирхоод үзээрэй.
Өмнө нь зохиолч Элена Феррантегийн “Ганцаардлын өдрүүд” бүтээлийг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байсан бол энэ удаа “Алдагдсан охин” романыг уншигчдын хүртээл болгоод байна. Өнөө цагийн Италийн алдарт зохиолчийн өөр нэгэн бүтээл монгол хэлнээ орчуулагдсан гарсан нь тун онцлууштай явдлын зэрэгцээ мөнхүү уншигчийн хувьд алдаж боломгүй үйл явдал болов уу. Хэрэв та хүмүүний дотоод руу хөтлөх өөр нэгэн аянд гарахыг хүсвэл тус номыг уншаад үзээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Орчин үеийн утга зохиолын чиг хандлагыг тодорхойлоход судлаачид Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” туужийг зайлшгүй дурдах нь бий. Гол дүрийнх нь үхлийн өмнөх эргэцүүлэл, нэргүй дуу хоолой, тодорхой бус ирээдүй, хүслийн утгагүй байдал зэрэг нь сюрреалист, метафизик өнгө аястайгаар дүрслэгддэгээрээ тун онцлог бүтээл. Зохиолын чухам эл өнгө аяс, өгүүлэмжийн цаана юу нуугдаж буйг олж харах, түүнийг ахин сэтгэлдээ бичихэд уншигчийн нууцлаг “зохиолч” шинж илрэн гарч ирэх биз ээ.
2025 онд олон монгол зохиолч, орчуулагч нар өөрсдийн ном бүтээлүүдээ ар араасаа хэвлүүлэн уншигч нартаа бэлэг барьсаар буй. Тэдний нэг нь сэтгүүлч М.Баасандэлгэр. Түүний “Миний өмссөн гутал” нэрт дурсамж, дуртгалын бүтээл нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд тэрээр тус бүтээлээрээ эл салбарын сан хөмрөгт нэгэн шинэ өнгө төрхийг оруулж ирээд байна. Баримтат утга зохиолын нэгэн чухал салбар нь дурсамж, дуртгал байдаг. Залуу зохиолчийн дурсамж руу хөтлөх эл бүтээл уншигч танд хаврын өдрүүд дэх тайвшрал, мөн бясалгал болж магадгүй.
Зохиолч, яруу найрагч Д.Урианхай гуайн шинэ номыг AUM паблишинг болон Д.Урианхай судлалын академиас эмхэтгэн гаргажээ. Тус түүвэрт Д.Урианхайн шинэ шүлгүүд багтсаны дээр найрагчийн гар бичмэл хэлбэрээр шууд цаасанд буулган хэвлэсэн гэдгээрээ онцлогтой болсон байна.
Хэрэв уншигч та яруу найрагч Д.Урианхай гуайн шүлэг, уран бүтээлийг шимтэн сонирхдог бол тус бүтээлийг энэ Номын баяраар заавал олж аваарай.
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Хараацай зогсолт I, II” экспериментал романаасаа хойш анх удаа хэвлүүлсэн бүрэн хэмжээний роман болох “Хайрын сүмээс дүрвэгсэд” бүтээлийг 37 дахь удаагийн “Номын Баяр”-аас онцлох 37 номынхоо нэгээр нэрлэлээ. Хэрэв уншигч та зохиолчийн хүмүүний сэтгэлийг хөндөх энэхүү түүхийг хараахан уншиж амжаагүй байгаа бол энэ удаагийн Номын баяраас олж аваарай.
Яруу найрагч, зохиолч Ц.Гончиг анхны “Тойром” нэрт романаа уншигчдын хүртээл болгоод байна. Тэрээр өмнө нь үргэлжилсэн үгийн “Цул мөнгөн гүүр”, яруу найргийн “Дээврээс дуслах хавар”, “Цэцгийн нэртэй сууринд” нэрт номуудаа хэвлүүлж байсан билээ.
Түүний анхны романы гол дүр нь шагайн харваач байх гэнэ. Зохиолч чухам ямархан үйл явдлын зангилаа зангидсаныг уншигч бээр олж мэдэх биз ээ.
Танин мэдэхүй
Дэлхийн настай харьцуулахад хүн төрөлхтөн бидний нас тун ахар. Гэсэн хэдий ч сүүлийн 100,000 жилд бид асар их хүчийг эзэмшин, дэлхий дахиныг өөрсдийн болгож чадсан билээ. Харин энэ түүхэн хугацаанд юу болж өнгөрсөн талаар дэлгэрэнгүй өгүүлэх түүхч Юваль Ной Хараригийн алдарт бүтээл “Nexus” монгол хэлнээ орчуулагдан гарч, энэ сарын 16-ны өдрөөс буюу Номын Баярын эхний өдрөөс худалдаанд гарахаар болжээ.
Тус бүтээл хүн төрөлхтний түүхийг мэдээллийн өнцгөөс томруулан харж, Чулуун зэвсгийн үеэс эхлэн Ромын эзэнт гүрэн, ЗХУ, Католик сүм, популизм, мэдээллийн эрин зэрэг түүхэн жишээгээр дамжуулан өнөөдөр бид дэлхий даяараа чухам яагаад “оршихуйн хямрал”-д орсныг тайлбарлах болно.
Асуудалгүй бизнес гэж үгүй. Харин зөв, оновчтой шийдвэр л ялалт авч ирдэг…
Энэхүү ном нь манлайлал, компанийн засаглал, хүний нөөцийн менежмент зэрэг өнөөгийн бизнесийн орчны 99 нийтлэг асуудлыг хэрхэн шийдэх тухайд “оновчтой” 99 шийдлийг санал болгоно. Гэхдээ тус ном нь дан ганц онол бус, харин хэрэгжүүлэхэд бэлэн, бодит туршлага дээр тулгуурласан шийдлүүдийн цуглуулга тул удирдлага, менежер, бизнес эрхлэгч бүрийн заавал унших ном билээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер, Google-ийн Гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт, MIT-ийн профессор Даниэл Хаттэнлохэр нар өөрсдийн эл хамтын бүтээлдээ хиймэл оюуныг зөвхөн технологийн дэвшил бус, харин хүн төрөлхтний ирээдүйг тодорхойлох шинэ эрин хэмээн тодорхойлсон аж.
Мөн зохиогчид хиймэл оюун нь нийгэм, улс төр, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг салбарт хэрхэн гүн гүнзгий нөлөө үзүүлж буйг тайлбарлахын зэрэгцээ бидний үнэн, бодит байдлыг ойлгох ойлголтод хэрхэн өөрчлөлт авчирч буйг тус бүтээлдээ тусган харуулжээ.
Тус ном танд шууд манлайлагч болгох жорыг санал болгохгүй. Үүний оронд таны дотор нуугдаж буй манлайллын нөөцийг нээх түлхүүрийг өгөх болно. Номын хавтас дээрх нээлттэй түлхүүрийн оосор ч үүнийг бэлгэдэж буй талаар эрхлэн гаргагч газраас нь онцолжээ.
Зохиогчийн үзэж байгаагаар манлайлал нь төрөлхийн бус, хүн бүрд байдаг арван чадамж болох өөрийн мөн чанар, илэрхийлэх чадвар, анхаарал төвлөрөл, сэтгэл хөдлөл, зөн совин, бүтээлч байдал, сүүдэр тал, айдас, тэвчээр, аз зэргийг ухамсартайгаар хөгжүүлж бий болгосноор үүсдэг урт хугацааны аялал гэнэ.
Харвардын Кеннедийн сургуулийн профессор Ирис Бонетийн бичсэн, Financial Times ба McKinsey-ийн хамтран олгодог “Оны шилдэг бизнес ном” шагналын эцсийн шатны нэр дэвшигч, Financial Times-ийн, сонгосон оны шилдэг бизнес ном, Times Higher Education-ий “Долоо хоногийн ном”, 800-CEO-READ-ий оны шилдэг бизнес ном болох “Яавал үр дүнтэй вэ? Шийдлийг загварчлах нь” бүтээл өнгөрөгч дөрөвдүгээр сард монгол уншигчдын гарт хүрээд байна.
Цаг хугацаа үргэлж хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн билээ. Урлаг, уран зохиол, шинжлэх ухаан, философи гээд хүмүүний оюун ухааны бүхий л талбарт цаг хугацаа үлэмж байрыг эзлэн суудаг. Тэгвэл Италийн физикч Карло Ровелли эл бүтээлээрээ хүн төрөлхтний хэдэн зуун, магад хэдэн мянганы туршид гайхширан ирсэн асуултуудад хариулт эржээ. “Бид яагаад ирээдүйг бус өнгөрснийг санадаг вэ? Цаг хугацаа "урсана" гэж юуг ойлгох вэ? Бид цаг хугацаа дотор оршдог уу, эсвэл цаг хугацаа бидний дотор оршдог уу?”
Эл ном нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, шинжлэх ухаан хэрхэн харилцан хамааралтай үүссэн бэ гэдгийг хамгийн өргөн хүрээнд тайлбарлахыг зорьжээ. Гараг судлах зорилгоор илгээгдсэн сансрын хөлгүүд, эртний Александриагийн номын санд хийгдэж байсан судалгаанууд, амьдралын үүсэл, нарны мөхөл, галактикийн хувьсал, материйн гарал, одод ба дэлхийн тухай өгүүлэх уг ном найман настнаас наян настан хүртэл хэн бүхний сонирхлыг татах, хүн бүр уншихад тохиромжтой шинжлэх ухааны чухал бүтээл билээ.
Dorling Kindersley хэвлэлийн газрын зурагт өгүүлэмж бүхий энэхүү ном нь шинжлэх ухааны түүхийг цаг хугацааны дарааллаар энгийн, ойлгомжтой хэлээр өгүүлсэн бөгөөд нэрт эрдэмтэд болох И.Ньютон, А.Эйнштейн, М.Кюри зэрэг суутнуудын намтрыг давхар тусгасан гэдгээрээ онцлогтой. Гоёмсог зураг, диаграмм бүхий тус товчоон нь шинжлэх ухаанд анхлан сонирхож буй хүнд төдийгүй мэдлэгээ тэлэх хүсэлтэй хэн бүхэнд тохиромжтой бөгөөд шинжлэх ухааны талаар ерөнхий ойлголтыг хялбархан олгох, чанартай лавлах бүтээл.
Эртний Бүгд найрамдах Ром улсад гаднын халдан түрэмгийлэгчид довтлон дайрсан мэдээ сенатын чуулганд хүрчээ. Яах учраа олж барсан Ромын сенатаас нэгэн ядуу, малчин эрд улсынхаа бүх эрх мэдлийг түр хугацаагаар захируулан гаднын түрэмгийллээс хамгаалах даалгаврыг өгсөн санж. Тэрхүү эр цэрэг, ард түмнээ гарамгай удирдан жолоодож эх орноо хамгаалж чадсан бөгөөд өөрт нь даалгасан хугацаа дуусахад хэмжээгүй эрхт сэнтийгээс бууж энгийн малчны амьдралдаа буцсан домогтой.
Энэ түүхээс “dictator” хэмээх үг үүссэн гэдэг. Түүний нэрийг Синсинатус гэдэг байжээ. Харин түүхэнд эрх мэдэлтэй зууралдсан түүх хэчнээн их байдаг билээ? Нийгмийн ялзрал эрх мэдлээс үүдэлтэй байдаг болов уу? Хэрэв танд эдгээр асуулт сонирхолтой санагдаж байвал энэ Номын баяраар дээрх номыг уншихыг санал болгож байна.
Хүүхдийн ном
Бид хэзээнээс мэдрэмжүүдээ таньж мэдэн, түүнийгээ үгээр илэрхийлж сурдаг бол? “Хүүхэд эхлээд өөрийн хийж буй үйлдлээрээ дамжуулан мэдрэмжээ таньдаг. Харин дараа нь мэдрэмж илэрхийлэх үгтэй холбон хэрэглэж сурдаг” гэж та сонсож байсан уу? Бид бүгд бага байхдаа мэдрэмжээ илэрхийлэн янз бүрийн авир, араншин, үйлдэл гаргадаг. Түүнийгээ өсөж томрохын хэрээр мартаж улмаар өөрсдийн үр хүүхдээ яг адил үйлдэл гаргахад нь зэмлэдэг шүү дээ. Тэгвэл бидний мэдрэмжүүд чухам юу хийдэг вэ?
“Ургийн модны тухай өмнө нь дуулж байсан биз ээ. Харин "Миний хувьд чухал мод" гэж сонсож байсан уу? Энэ мод дээр амьдралд чинь чухал үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийг харуулдаг. Саньяагийн жишээгээр өөрийн модыг хэрхэн яаж хийхийг энэ номоос олж мэдээрэй…”
Нэпко Кидс бяцхан уншигч нартаа зориулан хэд хэдэн ном бүтээл гаргахаар зэхэж буйн нэг нь “Миний хувьд чухал мод” ном билээ. Номын баяраар Нэпко Кидсийн асраар зочлон тус бүтээлтэй танилцаарай.
Жангар редакц уншигчдадаа хүүхдийн номын зохиолч, зураач Б.Төрмөнхийн шинэ бүтээл болох “Бяцхан салхи” номоо хүргээд удаагүй байна. “...Хаврын нэгэн өдөр бяцхан салхи мэндэлжээ. Тэр аав ээж, эгч шигээ хүчирхэг салхи болж суурингийн хүмүүсийн малгайг хийсгэж сурахыг хүснэ. Гэвч тэр газарт хэвтэх ганц навчийг ч хөдөлгөх хүчгүй байлаа…” хэмээн уг бүтээл эхэлдэг. Хүүхэд бүрийн бушуухан том болох хүслийн тухай өгүүлэх уг бүтээл хүүхэд багачуудад олон зүйлийг ойлгуулж оюуны маш үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй.
Нэпко Кидс-ийн "Дээрэлхэлтийг зогсооё" нь үлгэрт гарч буй үйл явдал, дүрүүдээр дамжуулан хүүхэд багачуудад дээрэлхэлтийн олон төрлийг мэдэх, дээрэлхэгчдийг танихад нь туслах тун сонирхолтой цуврал юм. Тодруулбал, тус цуврал нь “Мауглийн ах дүүс”, “Хуруун чинээ хүү”, “Пиноккио”, “Цасан гуа”, “Рапунзэл” зэрэг хүүхэд багачуудын сайн танил үлгэрийн баатруудын түүхээр дамжуулан дээрэлхэлтийн тухай өгүүлдгээрээ онцлууштай билээ.
“Парнита хичээлийн жилийн төгсгөлд болох жүжгийг догдлон хүлээж байлаа. Өөр сургууль руу шилжихээс өмнө сайн найзтайгаа хамтдаа тоглох сүүлийн жүжиг нь болох юм. Гэвч түүнд гол дүрийг бус өгүүлэгчийн дүр өгсөнд Парнита гялалзах боломжоо алдсан мэт санагджээ. Үүгээр ч зогсохгүй сайн найзаа ч алдаж байгаа мэт санагдана…”
Гэрэн зурагт номын редакц орчуулгын шинэ бүтээл болох “Уулын оргил өөд” номоо уншигч хүүхэд багачууддаа хүргээд удаагүй байгаа билээ. Номын гол баатар хатагтай Дорго ням гараг бүр ууланд гардаг бөгөөд нэг өдөр бяцхан муур Лүлүтэй танилцан нөхөрлөнө. Тэд хамтдаа олон ням гаргийг өнгөрөөж, мэдлэг, туршлагаа хуваалцдаг болох бөгөөд эцэст нь Лүлү өөрөө уулын эзэн болно. Марианна Дюбүкийн нөхөрлөл, өв залгамжлалын тухай өгүүлэх уг бүтээл бяцхан уншигчдадаа барих хамгийн тохиромжтой бэлгийн нэг байна гэдэгт итгэлтэй байна.
“Профессор Браунстоны хадгалан хамгаалж буй эд өлгийн дурсгалууд дунд үнэт эрдэнэс нь болсон номын цуглуулга бий. Тэдгээр ном профессорын аймшиггүй дайчин, бас огтхон ч баатарлаг бус эгэл жирийн өвөг дээдэс, элэнц хуланцад тохиолдсон түүх домгоор дүүрэн.
Браунстоны удмын тэдгээр ер бусын адал явдал дундаас Викингийн нутгийг зорьсон сэтгэл хөдлөм нэгэн аялалд Артур хүүгийн хамт гарцгаая...”
Аймшигт араатантай тулгарсан тэрээр тосгоныхноо аварч чадах болов уу? Домог, адал явдал, зоригийн тухай өгүүлэх тус зурагт номыг хүүхэд ч гэлтгүй томчууд ч мөн уншаад уйдамгүй билээ.
Намтар, баримтат бүтээл
“Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цэрэнпилийн Гомбосүрэн өөрийн гараар Хүмүүний заяаны наран дор туулсан амьдралаа туурвисныг Нэпко хэвлэлийн газар эрхлэн хэвлүүлж уншигч танд барьж байна…”
Зохиогч хоёр дэвтэр бүхий тус дурсамж бүтээлийнхээ эхнийхэд Москвагийн Хэвлэлийн дээд сургууль төгсөх хүртэлх үеэ багтаасан бол удаах дэвтэр нь 1. Ардын төрийн наран дор; 2. Нам, засгийн наран дор; 3. Шинэ цагийн наран дор, 4. Хүмүүн хорвоогийн наран дор хэмээх дөрвөн үндсэн бүлэгтэй аж.
Мөнхүү тус бүтээлд хэд хэдэн уулзалтын протокол багтаасан нь гадаад харилцаа судлагч, сонирхогч хэнд ч чухал сурвалж болох бөгөөд. “Хавсралт”-ын 100 орчим нүүрт зохиогч цаг үеийнхээ чухалд тооцсон үйл явдал, онцлох зүтгэлтэн, дипломат хүрээний явдалд хувийн дүгнэлт хийсэн нь тун тэмдэглүүштэй болсон байна.
“Эрх чөлөөний үнэ цэнийг эрхэмлэгч хэн бүхэнд зориулав.”
2023 оны аравдугаар сард Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсон либертари үзэлт Хавиэр Милэй улс орноо өрийн гүн хямрал, инфляц, авлига, өр зээлээс ангижруулахын тулд цоо шинэ замыг сонгосон нэгэн юм. Энэхүү номоороо дамжуулан нэрт эдийн засагч Филипп Багус Хавиэр Милэйн үзэл санаа, улс төрийн тэмцэл, мөнгөний бодлогын хувьсгал, төрийн оролцоог бууруулах зоримог алхмуудыг түүхэн болон онолын үүднээс тун гүн гүнзгий хөнджээ.
Нэг жилийн өмнө зохиолч уншигчдын гар дээр Хол биш бүтээлээ дэлгэж байсан бол өнгөрсөн гуравдугаар сард тус номынхоо удаах дэвтрийг хэвлүүлсэн байна. Зохиолчийн эл бүтээл нь түүний монгол угсаатнаа хайж БНХАУ-аар аялсан номын тэмдэглэл бөгөөд Юннан, Чинхай, Алшаа, Хөлөнбуйр, Шилийн гол зэрэг олон газрын адал явдал болон зохиолчийн сэтгэлийн гүнээс гарсан хэд хэдэн нийтлэлийг багтаажээ.
МУСГЗ, баримтат киноны найруулагч, кино зохиолч Ч.Гомбо агсны мэндэлсний 90 насны ойд зориулан түүний кино зохиолын эмхэтгэл бүхий “Ч.Гомбо Кино зохиолууд” ном уншигчдад хүрсэн билээ. Тус бүтээл нь түүний кино зохиолын гар бичмэлүүдийг эмхэтгэн нэгтгэсэн бөгөөд залуу уран бүтээлчид болон киноны мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутан залууст чухал гарын авлага болохуйц ном болсон гэдгээрээ тун онцлууштай.
Уг бүтээл нь “Анхны алхам”, “Баянбулгийнхан”, “Моторын дуу”, “Хань”, “Давааны цаана даваа” гэх зэрэг олон түмэнд алдаршсан найман кино зохиол, дөрвөн өгүүллэг, Зохиолч Ч.Гомбын уран бүтээлүүдийн судлал шүүмж зэрэг үндсэн гурван агуулгаас бүрдсэн байна.
“Подвалаас эхэлсэн цахим спорт” номын зохиогч Ю.Ариунзаяат нь Esportsnewsmn фэйсбүүк хуудас болон esportsnews.mn сайтыг хөгжүүлэн цахим спортын мэдээ мэдээллийг эх хэлээрээ цаг алдалгүй хүргэж байгаа ажээ. Тэрээр өөрийнх анхны бүтээлдээ видео тоглоом, цахим спортын тухай хамгийн анхан шатны ойлголтуудыг багтааж, тоглоом сонирхогч болон эцэг, эхчүүдийн хооронд гүүр болох зорилгыг өвөртөлсөн байна.
Баримтат гэрэл зурагчин Б.Инжинааш анхны номоо Япон улсад хэвлүүлээд буй бөгөөд түүний бүтээл мөн энэ Номын баяраар худалдаалагдах ажээ. Тус ном нь түүний 2008-2023 оны хооронд дарсан нийт 141 гэрэл зургуудаас бүрдсэн 160 нүүр бүхий гэрэл зургийн чанартай ном болсон байна.
Хэрэв уншигч та тус бүтээлийг авахыг хүсвэл NomAz асрыг зориорой.
Багц бүтээл
Зохиолч Л.Түдэвийн “Оройгүй сүм”, “Хорвоотой танилцсан түүх”, “Уулын үер” тэргүүтэй “Сонгомол бүтээлүүд” 12 ботийг онцолж байна. Өмнөх зууны соён гэгээрүүлэгч, бичгийн их хүмүүн Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”-ийг уншиж өсөөгүй, мэдэхгүй хүн ховор биз ээ. Түүний эсээнүүд нь энэ цаг үеийн бидэнд бичихүйн их хичээл болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.
Арван жилийн турш тасраагүй Unread Media-гийн ярилцлагын булан болох “Би хэрхэн ажилладаг вэ” анх удаа ном болон уншигч таны гар дээр очих гэж байна. Монголын болон олон улсын шилдэг бизнесмэнүүд болон уран бүтээлчдээс эхлээд эгэл жирийн албан хаагч хүртэл энэхүү буланд маань уригдан орж байсан билээ. Уншигч та Unread Media-гийн нэрийн хуудас болсон “Би хэрхэн ажилладаг вэ” ярилцлагын түүврийн эхний гурвыг 37 дахь удаагийн Номын баяраар манай асраас хүрэлцэн ирж аваарай.
Орчин үеийн философийн үлэмж төлөөллүүд болох Хайдэггер, Сартр, Фромм нарын үзэл санааг нэгтгэсэн “Байх ба хугацаа”, “Байх ба биш”, “Бий эсвэл байх” цуврал оны эхэнд монгол уншигчдын хүртээл болсон билээ. XX зууны өрнийн гурван том эрхмийн бүтээлд философич С.Молор-Эрдэнэ өөрийнхөө тайлбарыг багтаан, уншигчдад тавих асуултуудыг нэмж тусган шинэчлэн гаргажээ.
Эх хэлнээ дэлхийн философийн нэн чухал бүтээлүүд хэвлэгдэн гарсан нь яахын аргагүй энэ оны эхний сарын онцлох номууд болж, ном, философи сонирхогч нарын номын сан, унших жагсаалтыг арвижуулсан бөгөөд тус бүтээлүүдийг мөн энэхүү нийтлэлээрээ онцолж байна.
Нэмж дурдууштай ном
Дэлхийн салбар бүрдээ нэр хүндэт эрхмүүдийн жинтэй бүтээлүүдийг монгол уншигчдaдаа хүргэдэг Непко хэвлэлийн газраас энэ удаа эдийн засгийн салбарт Нобель хүртсэн хоёр боть бүхий бүтээлийг эрхлэн гаргасан байна. Уг номын талаар 2001 оны Нобелийн шагналт эдийн засагч Майкл Спэнс нэгэнтээ “Энэ бол зүгээр ч нэг сонирхолтой, бас гайхалтай ном биш. Энэ бол маш чухал ном. Энэ номыг нэг барьж аваад уншиж эхэлсэн л бол салах аргагүй” хэмээсэн байдаг.
З Зочин Өчигдөр 102.89.84.248
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
D DR. ADITY Өчигдөр 102.89.84.248
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
З Зочин 2025.05.17 103.57.93.18
Энэ нийтлэлийг bookmark хийж байгаад номын баяр орохоор шийдлээ баярлалаа .