Энэ удаагийн номын тухай нийтлэлээрээ өөрийн анхны орчуулгын номоо бичиж байгаадаа их баяртай байна. Багаасаа Ж.Р.Р.Толкины алдарт “Бөгжний эзэн” гурамсан романаас эхлээд “Нарниа” хүртэл уран зөгнөлт, туульсын зохиолд шимтэж өссөний хувьд Ж.Р.Р.Мартины “Долоон ханлигийн морьтон баатар” бүтээлийг орчуулах боломж олдсон даруйд л тун чиг олзуурхсан юм.
“The Knight of the Seven Kingdoms” хэмээх эл бүтээлийг би бээр “Хаант улс” бус “Ханлиг”, “Хүлэг баатар” биш “Морьтон баатар” гэж буулгасан нь цаанаа өчүүхэн төдий учигтайг энд цухас дурдсуу. Тодруулбал, Б.Ринчен гуай “Марк Твений минь махы нь идэж дээ” бүтээлдээ англи хэлний “king” гэх үг нь монгол хэлний “ван”-тай дүйнэ хэмээсэн байдаг тул “Kingdom” гэдгийг “Хаант улс” гэвэл “Empire” хэмээх утгатай давхцах учир “Ангит нийгмийн харилцааг тусгасан төр улсын шинж төрх бүхий аймгуудын нэгдэл холбоо” гэсэн утгаар зохиолд өгүүлэгдэж буй Вестерос ертөнцийн төрийн зохион байгуулалтыг харгалзан “Ханлиг” гэж орчуулсан билээ. Харин “Хүлэг баатар”-ын хувьд “Хааны хамгийн итгэлтэй шадар” хэмээх утга, мөн Чингис хаанд дөрвөн хүлэг баатар байсныг тус тус бодолцон “Морьтон баатар” гэх нь оновчтой болов уу гэж мунхагласан болно. Ингээд орчуулгын тухай нуршуудуу оршил үгээ орхиод нийтлэлдээ оръё.
Мөн ташрамд энэхүү бүтээлийн орчуулагчаар ажиллах боломжийг олгосон Монсудар хэвлэлийн газрын хамт олон болоод редактор Б.Амарбаясгаланд чинхүү талархаж буйгаа илэрхийлье.
Номын тухай
“Долоон ханлигийн морьтон баатар” бүтээл нь зохиолчийн 1998, 2003, 2010 онуудад хэвлүүлсэн “Хэрмэл морьтон”, “Тангарагт илд”, “Нууцат морьтон” гэсэн гурван бие даасан туужаас бүрдэх бөгөөд Өндөр Сэр Данкан ба түүний хиа Өндөг гэгч хүүгийн адал явдлыг өгүүлнэ. Энд монгол хэлнээ “хиа” хэмээн буулгасан “squire” гэх үг нь “бамбай агсагч” гэсэн утгатай бөгөөд Дундад зууны үеийн европ морьтон баатруудын адуу мал, зэр зэвсгийг тордож, харж хандах үүрэгтэй, алс холдоо мөн баатар болохоор бэлтгэгдэж буй дагуул хүүхдүүдийг нэрийддэг байжээ. Харин монгол хэлний “хиа” гэх үг нь “Засаг ноёд том хэргэм зэрэгтнийг даган үйлчилж явах доод тушаалтан, бараа бологч” гэсэн утгатай тул ийн дөхүүлэн хөрвүүлснээ дурдах нь зүйтэй болов уу.

Тус бүтээлд алдарт Хаан ширээний тоглоом буюу Гал мөсний дуун цувралын үйл явдлаас даруй нэгэн зууны өмнөх түүхийг өгүүлэх агаад тухайн үед сүүлчийн луу амьсгал хураагаад жар орчим жилийн хугацаа өнгөрсөн байна. Номын гол дүр болох Данк нэрт өнчин, өсвөр насны хүү өөрийн багш гэж болохуйц Сэр Арланыг өөд болсны дараа Эшфордын жадалдаан (“jousting” буюу жадтай морьтод өөд өөдөөсөө тулах нэгэн төрлийн тулаант наадам)-д оролцохоор шийдсэнээр эхний тууж эхэлнэ. Ийн явах замдаа тэрээр Өндөг гэх үл таних жүчээчин хүүтэй танилцах бөгөөд өөрийнх нь хүслийн дагуу хиагаа болгон авна. Гэвч хүүгийн жинхэнэ төрх эхний туужийн төгсгөлд ил болоход бүх зүйл орвонгоороо эргэнэ.

Зохиолчийн өөрийн дурсан ярьснаар түүнийг дөнгөж Гал мөсний дуун цувралынхаа эхний хоёр ботийг хэвлүүлсний дараахан нэгэн санал ирснээр Данк, Өндөг хоёрын түүх төрсөн санж. Тэрхүү санал нь Стивен Кинг тэргүүтэй уран зөгнөлт зохиолын шилдэг зохиолчдын бүтээлүүдийг нэгтгэсэн антологи номд тууж бичих урилга байсан гэнэ. Ингээд зохиолч маань бодож бодож үндсэн цувралынхаа өмнөх түүхийг өгүүлэхээр шийдэж, тэгэхдээ өөрийн дуртай Дундад зууны үеийн наадам, морьтон баатруудыг оролцуулан бичихээр болжээ. Даанч тун чиг удаан бичсэнээсээ болоод тухайн номд зохиолоо багтааж чадаагүй аж. Ингэж л “Хэрмэл морьтон” төрсөн байна.

Зохиолчийн тухай
Жорж Р.Р. Мартиныг мэдэхгүй, дуулаагүй хүн ховор биз ээ. Тэрээр дэлхий дахиныг бүтэн гурван арваны турш байлдан дагуулж буй, дуусаагүй бүтээл болох Гал мөсний дуун цуврал: Хаан ширээний тоглоом, Хаадын хагарал, Илдний шуурга, Хэрээний найр, Луут бүжиг зэрэг Нью-Йорк Таймс-ын шилдэг борлуулалттай олон романуудын зохиолч билээ.
Түүнчлэн, Ж.Р.Р.Мартиныг Ж.Р.Р.Толкины бүтээсэн уран зөгнөлт зохиолын нэгэн хэв маягийг шинэчилсэн зохиолч гэж үздэг. “Бөгжний эзэн” романаас хойш уран зөгнөлт туульсын зохиолууд сайн, муу, хүн ба хүн бусын (элф, одой, центаур гм.) гэсэн ерөнхий бүлэгт ертөнц, дүрүүдээ хуваах болсон байсан бол Гал мөсний дуун түүхэн зохиолын реалист хэв шинжийг уран зөгнөлтэй хослуулснаараа цоо шинэ үеийг эхлүүлсэн гэдэг. Ингэснээрээ Ж.Р.Р.Мартин өөрийн бүтээсэн ертөнцөө улам бодит, үнэмшилтэй болгож чадсан байна.

Тэрээр мөн “The Twilight Zone”, “Үзэсгэлэнт бүсгүй, Жонон хоёр” болон үзэгчдийн хүртээл болж чадалгүй өнгөрсөн өөр олон бүрэн хэмжээний кинонд зохиолч, продьюсероор ажиллаж байжээ.
Яагаад унших вэ?
“Хэрмэл морьтон” туужид морьтон баатрын жудаг ёс, үнэ цэн, бахархал, мөнхүү шударга ёс, хайр сэтгэл, итгэл, нөхөрлөл, эрх мэдлийн тухай өгүүлэх бол удаах зохиолд Вестеросын түүхэнд онцгой ач холбогдолтой Блэкфайерын бослого болон Хаврын их тахлын тухай олон талт өнцгөөс хүүрнэх тул Гал мөсний дуун цувралын үнэнч фэнүүдэд сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна. Харин номын сүүлийн туужид хуйвалдаан, эрх мэдлийн төлөөх далд санаархлыг харуулж, нууцлаг, учир битүүлэг үйл явдал руу хөтлөн оруулна.

Түүнээс гадна дээр өгүүлсэнчлэн тус гурван туужид ямар ч луу, ид шид гарахгүйн дээр олныг хамарсан дайн дажин ч дэгдэхгүй. Харин энгийн нэгэн хүү хожим Вестерос даяар бичигдэн мандсан эгэл боловч ээдрээтэй түүхийг л өгүүлнэ. Тэгэхдээ тун үнэмшилтэй дүрүүд, үйл явдлын нугачаа дундуур бэдрэх нь төр улсын домог тууль, дайн тулаанаас илүүтэй хувь хүний, сэтгэлд ойрхон түүх санагдана.


HBO-өөс дээрх гурван туужийн эхнийхээр нь буюу “Хэрмэл морьтон” зохиолоор 6 ангит цуврал бүтээсний эхний анги нь үзэгчдийн хүртээл болоод хэдийн зургаан хоног өнгөрөөд буй бөгөөд олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар кино багийнхан хэдийн хоёрдугаар улирлын ажилдаа орсон аж. Иймд цувралын дараагийн улирлыг хүлээх зуураа эх зохиолыг нь унших нь зохиолын үйл явдал цааш хэрхэн хөврөхийг мэдэхэд сайхан “далим” болохыг хэлэх юун.
Уншигчийн сэтгэгдэл
Уншигчийн зүгээс Данк, Өндөг хоёрын түүх хэд хэдэн талаараа М.Сервантесын алдарт “Кихот ноён” романыг санагдуулж байлаа. Учир нь Данкийг хэн ч албан ёсоор морьтон баатраар өргөмжилдөггүйгээс гадна түүний ухаан орсон цагаасаа хойш дагаж явсан, өөрийнх нь хувьд бүхэл бүтэн ертөнц асан Сэр Арланыг хэн ч таньдаггүй нь егөөтэй.
Гэхдээ хамгийн гол нь Данкийн түүх өнөөгийн залуусын амьдралыг өгүүлэх шиг санагдсан билээ. Ямар ч угсаа гаралгүй, хэн ч танихгүй тэрээр өөрийгөө батлан харуулах гэж зүтгэх нь, басхүү өөр нэгэн нэртэй баатрын бутач хүүгийн туулах “үл хүлээн зөвшөөрөгдсөн” амьдрал зэрэг зохиолд өгүүлэгдэх олон чимхлүүр үйл явдал өнөөдрийн бидний байр сууриа олох гэж, мэргэжлийн замнал, ирээдүйгээ тодорхойлохоор хичээж буй залуусын “түүх”-ийг хүүрнэх мэт сэтгэгдэл орчуулж суухад төрж байснаа энд хуваалцъя.

Түүнчлэн Бэтмэн, Индиана Жонс, The Shadow, Тамын хүү, Monstermen зэрэг олон комик номыг бүтээлцэхээс гадна, Жюль Верн, Р.И.Ховардаас эхлээд Рэй Брэдбери, Майкл Шейбон зэрэг олон зохиолчийн номд чимэг зураачаар ажиллаж байсан Гэри Жианнийн зургууд номд сонирхолтой өнгө төрх, “амь, амьдрал” нэмсэн мэт санагдсаныг дурдууштай.

Сэтгэгдэл бичих

