2025 он монгол зохиолч, орчуулагч, бичээч, яруу найрагч нарын хувьд уран бүтээлийн хуртай жил болж буй билээ. Жилийн эхний номын баярын босгон дээр л гэхэд олон уран бүтээлч нар хэдийн өөр өөрсдийн бүтээлүүдээ уншигчдын гарт хүргэж, номын тавиурууд дүүрээд байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард, 2024 онд өөрийн гэсэн уншигчдыг хэдийн бүрдүүлээд амжсан “Хол биш” номын удаах дэвтэр, Нью Йорк Таймсын бестселлер “Санаа авахаас бүү ай”, “Ажил бүтээлээ дэлгэ” номуудын зохиогч Остин Клеоны “бүтээлч байхуйн тухай” өгүүлэх дараачийн бүтээл, мөн шинжлэх ухааны хэд хэдэн жинтэй номууд гээд олон сонирхолтой бүтээлүүд хэвлэгдэн гарлаа.
Эдгээр бүтээлүүдийн ээлжит сар тутмын онцлох номын цуврал нийтлэлээрээ хүргэж байна.
“Миний хойноос, эрхэм уншигч минь!”
М.Булгаков “Мастер, Маргарита хоёр” романы хэсгээс
1. Зүтгэсээр бай
Зохиогч: Остин Клеон
Орчуулагч: Д.Ганзориг
Хэвлэлийн газар: Арвис
Үнэ: 25,000₮
Нүүрний тоо: 224
“Бүтээлч байдал бол авьяас биш, амьдралын хэв маяг юм.”
“Санаа авахаас бүү ай”, “Ажил бүтээлээ дэлгэ” нэрт Нью Йорк Таймсын бестселлер бүтээлүүдээрээ дэлхий дахинд сая сая уншигчдыг байлдан дагуулсан зохиолч Остин Клеон энэ удаа хэрхэн өдөр бүр, хүмүүний амьдралын бүхий л нөхцөлд бүтээлч байдлаа алдахгүй байх тухай уншигчидтайгаа хөөрөлдөхөөр шийджээ.
Зохиолч дээр дурдсан хоёр бүтээлээрээ уншигчдад хэрхэн бусдаас суралцаж, өөрийн бүтээлч байдлаа өрдөх тухай ярьсан бол энэ удаа хэрхэн өөрөө өөртөө үнэнч байж, мөнхүү бүтээлч байдлаа хадгалан авч үлдэх тухай өгүүлэх 10 дүрмийг хуваалцсан байна.
Уг бүтээлийг өмнөх хоёр бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлсэн Арвис хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, Unread-ийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганзориг орчуулжээ.
2. Яавал үр дүнтэй вэ?
Зохиогч: Ирис Боннет
Орчуулагч: Н.Өнөржаргал
Үнэ: 50,000₮
Нүүрний тоо: 428
Харвардын Кеннедийн сургуулийн профессор Ирис Бонетийн бичсэн, Financial Times ба McKinsey-ийн хамтран олгодог “Оны шилдэг бизнес ном” шагналын эцсийн шатны нэр дэвшигч, Financial Times-ийн, сонгосон оны шилдэг бизнес ном, Times Higher Education-ий “Долоо хоногийн ном”, 800-CEO-READ-ий оны шилдэг бизнес ном болох “Яавал үр дүнтэй вэ? Шийдлийг загварчлах нь” бүтээл өнгөрөгч дөрөвдүгээр сард монгол уншигчдын гарт хүрчээ.
Энэ ном гагц хувь хүний түвшинд бус, харин байгууллагын түвшинд ажиллах замаар хэрхэн өргөн хүрээнд ухаалаг өөрчлөлтүүдийг бий болгох тухай өгүүлнэ. Ирис Бонет сургуулийн анги танхимаас эхлээд удирдах зөвлөл, ажилд авах болон албан тушаал ахиулах үйл явц хүртэлх нийгмийн бүхий л шатанд өөрчлөлт бий болгох, өргөн хүрээтэй судалгаанд суурилсан, мөнхүү олон сая хүний амьдралд бодит нөлөө үзүүлэх шийдлүүдийг тус бүтээлдээ тусгаснаараа онцгой.
3. Цахим шүүх ба Шүүх эрх мэдлийн ирээдүй
Зохиогч: Ричард Сасскинд
Орчуулагч: С.Цэрэндолгор
Хэвлэлийн газар: Legal Data
Үнэ: 70,000₮
Нүүрний тоо: 820
Англи, Уэльсийн Ерөнхий шүүгч Малдонын Лорд Бернетт нэгэнтээ эл номын тухай “Ричард Сасскинд мэтгэлцээн өрнүүлж, чиг хандлагыг өөрчлөх, хөгжил дэвшлийг хурдлуулахуйц бүтээл дахиад гаргажээ. Цахим шүүх ба шүүх эрх мэдлийн ирээдүй бол шүүхийн захиргаанд санаа тавьдаг хэн бүхний заавал унших ном мөн.” хэмээжээ. Түүнчлэн олон улсын томоохон шүүгч, шүүх байгууллагын эрхмүүд ч уг бүтээлийг магтан сайшаасан байдаг.
Зохиолч хууль, эрх зүйн онолын салбарт 40 орчим жил ажилласан өөрийн туршлагадаа үндэслэн тус бүтээлдээ уншигчдад хууль ёсны эрхээ ойлгох, түүнийгээ хэрэгжүүлэхэд нь интернэтийн хүртээмжийг хэрхэн ашиглаж болохыг үзүүлсэн нь тун онцлууштай. Өдгөө хүн төрөлхтний тэн хагасаас илүүтэй нь цахимд хөл тавиад буй.
Тэгвэл цахимаар шүүх хурал явагдах боломжтой юу? Ирээдүй хааш чиглэж байна вэ? Шүүх эрх мэдлийн ирээдүй, гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шинэ технологийн эрхээр хэрхэн өөрчлөгдөх бол? Энэ бүх чухал бөгөөд сонирхолтой асуултуудын хариултыг уншигч та эл номоос олж авах боломжтой.
4. Хол биш 2
Зохиолч: Ч.Ганжавхлан
Үнэ: 25,000₮
Нүүрний тоо: 205
Нэг жилийн өмнө зохиолч уншигчдын гар дээр Хол биш бүтээлээ дэлгэж байсан бол өнгөрсөн гуравдугаар сард тус номынхоо удаах дэвтрийг хэвлүүлжээ. Зохиолчийн эл бүтээл нь түүний монгол угсаатнаа хайж БНХАУ-аар аялсан номын тэмдэглэл бөгөөд Юннан, Чинхай, Алшаа, Хөлөнбуйр, Шилийн гол зэрэг олон газрын адал явдал болон зохиолчийн сэтгэлийн гүнээс гарсан хэд хэдэн нийтлэлийг багтаажээ.
Зохиолч тус бүтээлээрээ дэлхий даяар тархан суурьшсан монгол угсаатан, туургатныхаа талаар мэдээлэл, судалгаа өгөхийг урьтал болгоогүй бөгөөд харин түүний оронд хүмүүний, тэр дундаа “монгол” хүмүүний сэтгэл рүү өнгийх “хол биш” аялалд хөтлөхийг зорьсноороо онцлогтой. Мөн уг дэвтэр нь өмнөхөөсөө 100 орчим нүүр зузаан болсон нь уншигчтайгаа харилцан хүүрнэх орон зай, цаг хугацааг олгосон шийдэл болж чадсан гэдэгт итгэлтэй байна.
5. Цаг хугацаа оршдоггүй
Зохиогч: Карло Ровелли
Орчуулагч: ТОМё БОДё
Хэвлэлийн газар: Монсудар
Үнэ: 24,900₮
Нүүрний тоо: 260
Цаг хугацаа үргэлж хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн билээ. Урлаг, уран зохиол, шинжлэх ухаан, философи гээд хүмүүний оюун ухааны бүхий л талбарт цаг хугацаа үлэмж байрыг эзлэн суудаг.
Тэгвэл Италийн физикч Карло Ровелли эл бүтээлээрээ хүн төрөлхтний хэдэн зуун, магад хэдэн мянганы туршид гайхширан ирсэн асуултуудад хариулт эржээ. “Бид яагаад ирээдүйг бус өнгөрснийг санадаг вэ? Цаг хугацаа "урсана" гэж юуг ойлгох вэ? Бид цаг хугацаа дотор оршдог уу, эсвэл цаг хугацаа бидний дотор оршдог уу?”
Эдгээр ярвигтай агаад хүндхэн асуултуудад зохиогч өөрийн товч, тодорхой, ойлгоход хялбар өгүүлэмжээрээ хариулт өгөхийг зорьсон нь эл бүтээлийн хамгийн онцлог тал нь. Орчин үеийн завгүй амьдралаас хэдхэн хором амс хийгээд, аяга цай уунгаа цаг хугацааны тухай бодвол ямар вэ?
6. Миний өмссөн гутал
Зохиолч: М.Баасандэлгэр
Үнэ: 22,000₮
Нүүрний тоо: 126
2025 онд олон монгол зохиолч, орчуулагч нар өөрсдийн ном бүтээлүүдээ ар араасаа хэвлүүлэн уншигч нартаа бэлэг барьсаар буй. Тэдний нэг нь сэтгүүлч М.Баасандэлгэр. Түүний “Миний өмссөн гутал” нэрт дурсамж, дуртгалын бүтээл нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд тэрээр тус бүтээлээрээ эл салбарын сан хөмрөгт нэгэн шинэ өнгө төрхийг оруулж ирээд байна.
Баримтат утга зохиолын нэгэн чухал салбар нь дурсамж, дуртгал байдаг. Залуу зохиолчийн дурсамж руу хөтлөх эл бүтээл уншигч танд хаврын өдрүүд дэх тайвшрал, мөн бясалгал болж магадгүй.
7. Мэдрэмжүүд юу хийдэг вэ?
Зохиолч: Тина Озиевицз
Орчуулагч: Ц.Оюумаа
Хэвлэлийн газар: Жангар
Үнэ: 24,900₮
Нүүрний тоо: 68
Бид хэзээнээс мэдрэмжүүдээ таньж мэдэн, түүнийгээ үгээр илэрхийлж сурдаг бол? “Хүүхэд эхлээд өөрийн хийж буй үйлдлээрээ дамжуулан мэдрэмжээ таньдаг. Харин дараа нь мэдрэмж илэрхийлэх үгтэй холбон хэрэглэж сурдаг” гэж та сонсож байсан уу? Бид бүгд бага байхдаа мэдрэмжээ илэрхийлэн янз бүрийн авир, араншин, үйлдэл гаргадаг. Түүнийгээ өсөж томрохын хэрээр мартаж улмаар өөрсдийн үр хүүхдээ яг адил үйлдэл гаргахад нь зэмлэдэг шүү дээ. Тэгвэл бидний мэдрэмжүүд чухам юу хийдэг вэ?
Уг бүтээл таны хүүхдэд мэдрэмжээ үгээр илэрхийлэх, улмаар бусадтай ойлголцох, сэтгэл хөдлөлөө зохицуулах, бусдын сэтгэл хөдлөлийг баримжаалах, мөн ойлгож сурахад нь туслах болно. Үүнд мэдээж харилцаа, хүүхэдтэйгээ ярилцах хамгийн чухал. Чухам тэрхүү харилцааг бүтээхэд л тус номын үүрэг оршино.
8. Мөнгөний ухаан
Зохиогч: Морган Хаузел
Орчуулагч: Э.Золбаяр
Үнэ: 34,900₮
Нүүрний тоо: 266
Хөрөнгө оруулалт, хувийн санхүү, хувьцаа, бонд, үнэт цаас зэрэг үгс өнөө үед цаг ямагт дуулдах болсон билээ. Үүнийгээ дагаад цахим сүлжээ болон номын дэлгүүрүүд эдгээр сэдвээр төрөл бүрийн ярилцлага, подкаст, ном товхимлоор дүүрэх болсныг уншигч та мэдэж буй биз ээ. Аливаа зүйл өргөн хүрээнд гарч ирэн, олон нийтэд улам хүртээмжтэй болохын нэгэн дагавар сул тал нь тухайн сэдвийг хаанаас нь эхлэн уншиж судлах нь өмнөхөөсөө илүү бүдэг бадаг болдог.
Уншигч танд дэлхийн 60 орчим орны хэлээр орчуулагдан гарч, найман сая орчим хувь борлуулагдсан тус бүтээл дээрх ухагдахууны талаар нягт нарийн ойлголтууд өгч, “мөнгөний ухаан”-д замчлах хөтөч тань болж мэднэ.
9. Think and Grow Rich
Зохиогч: Наполеон Хилл
Орчуулагч: Б.Халиунаа
Хэвлэлийн газар: Монсудар
Үнэ: 29,900₮
Нүүрний тоо: 340
Өнөө цагт хүн бүр амжилт, амжилтад хүрэхийн тухай ярих болжээ. Гэхдээ бид “амжилт” хэмээх үгээр бодит, нэг ухагдахууныг ярьж, ойлгож байна уу, эсвэл илүү хийсвэр, тус бүрдээ өөр өөр ойлголт тээж байна уу?
Тэртээх 1937 онд зохиолч цаг үеийнхээ нөлөө бүхий 500 эрхмийг амьдралынхаа 20 гаруй жилийг зориулан байж судалсны үр дүнд уг бүтээл төрсөн түүхтэй. Одоогоос 88 жилийн тэртээ ч бид амжилтын тухай ярьж байсан нь өнөөдөр ч хэвээр. Бидний өдгөө ч асуусаар буй “амжилтад хүрсэн хүмүүс ямар нийтлэг зан чанартай байдаг вэ? Тэдний гол философи нь юу юм бол?” зэрэг олон асуултад тус ном хариулт өгчээ. Магадгүй энэ бүтээл бидний амжилтын тухай ойлголтыг цэгцлэх болов уу.
10. Аргентины шинэ зам: Милэйн эрин
Зохиогч: Филипп Багус
Орчуулагч: Г.Ганбаяр
Үнэ: 27,500₮
Нүүрний тоо: 400
“Эрх чөлөөний үнэ цэнийг эрхэмлэгч хэн бүхэнд зориулав.”
2023 оны аравдугаар сард Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсон либертари үзэлт Хавиэр Милэй улс орноо өрийн гүн хямрал, инфляц, авлига, өр зээлээс ангижруулахын тулд цоо шинэ замыг сонгосон нэгэн юм. Энэхүү номоороо дамжуулан нэрт эдийн засагч Филипп Багус Хавиэр Милэйн үзэл санаа, улс төрийн тэмцэл, мөнгөний бодлогын хувьсгал, төрийн оролцоог бууруулах зоримог алхмуудыг түүхэн болон онолын үүднээс тун гүн гүнзгий хөнджээ.
Аргентины эдийн засгийн задрал, ардчилалд итгэх итгэл буурч байсан тухайн үед “этгээд” нэгэнд тооцогдож асан Милэй хэрхэн нийт ард түмний итгэл найдвар болон хувирч, Өмнөд Америкийн улс төрийг донсолгосон бэ? Түүний долларжуулалт, төв банкны татан буулгалт, төрийн тансаг зардлыг танах зоримог өөрчлөн байгуулалтууд нь өдгөө зөвхөн Аргентин улсын ирээдүйд бус, дэлхийн либертари хөдөлгөөний ирээдүйд ч хамаатай болоод буй.