Одоогоос таван жилийн өмнө, цар тахал дэлхий нийтийг ид түгшээж байх цагт Netflix-ээс Реженси эринд өрнөх Бриджертон хэмээх цувралыг гаргасан нь тэр даруйдаа Z үеийн үзэгчдийн дунд асар их амжилт олсон юм. 

Мэдээж бид өмнө нь 19-р зууны тансаг чамин, гял цал Их Британийн эзэнт гүрний амьдралтай Sense and Sensibility, Pride and Prejudice, Emma, The Duchess, Vanity Fair, Becoming Jane зэрэг олон дэлгэцийн бүтээлээр дамжуулан танилцаж байсан. 

Харин Бриджертон нь Жейн Остины зохиолуудад нийтлэг харагддаг хайр дурлал, язгууртны ёс суртахуун, гэрлэлтийн уламжлал, нийгмийн байр суурь зэрэг сэдвүүдийг хадгалсан хэр нь орчин цагийн залуусын сэтгэлгээ, мэдрэмжид нийцсэн хөнгөн, романтик уур амьсгалыг шингээж, уламжлалт хэв маягийг шинэлэг өнгө төрхтэй хослуулснаар онцгой амжилтад хүрсэн билээ. 

Тэгвэл тус цувралын дөрөвдүгээр бүлгийн зураг авалт өндөрлөх дөхөж буй энэ үед эх зохиолынх нь хамгийн эхний боть болох "Ван бид хоёр" бүтээлийг өнгөрсөн сард “Эрдэмт” хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг уншигч та анзаарч харсан нь лавтай. Ингээд энэ удаагийн нийтлэлээрээ эрт цагийн хайр дурлалыг орчин үеийн үнэт зүйлс, гоо зүйтэй хослуулснаар Z үеийнхний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан цувралын эхний ботийг уншиж дуусгасан сэтгэгдлээ хүргэж байна. 


үйл явдлын тухай

Зохиолч Жулия Куиннийн “Ван бид хоёр” роман нь хүүхэд ахуй цагийнхаа сэтгэлийн гүнзгий шархаа эмчилж чадалгүй эрийн цээнд хүрсэн Хастингсын гүн Саймон Бассет болон нинжин сэтгэл, хурц ухаанаараа Лондоны дээдсийн хүрээнийхэн дунд танигдсан Дафни Бриджертон хоёрын хайр сэтгэлийн түүхийг өгүүлнэ.

Найман хүүхэдтэй Бриджертон гэр бүлийн дөрөв дэх хүүхэд нь болон мэндэлсэн Дафнигийн хувьд Лондоны хамаг л хүсэмжит гоонь эрстэй нөхөрлөж чадсан нэгэн. Гэрлэх насанд хэдийн хүрсэн түүнийг хүн бүр л магтах боловч харамсалтай нь зүрх сэтгэлээ түүнд нээж, гэргий минь болооч хэмээн гуйх нэгэн гарч ирэхгүй л байлаа. Ухаан орсон цагаасаа гэр бүлийнхээ хайран дунд хөлбөрч өссөн түүний мөрөөдөл бол яг л өсөж торнисон гэртэйгээ адил өөрийн гэсэн халуун дулаан гэр бүлийг бүтээх. Гэвч дэндүү шударга шулуун зантай Дафни залуу эрсийн сэтгэлийг булаах хайрын тоглоомыг тоглож чадахгүй байсан юм.

Харин Хастингсын ван Саймоны хувьд Дафнигаас тэс өөр. Хар багаасаа эцэг, эхийн хайр энэрлийг мэдэрч үзээгүй түүний хувьд энэ яваа насандаа хүнтэй гэрлэхгүй хэмээн тангараг өргөсөн нэгэн. Гэвч олон жилийн дараа Английн ихэс дээдсийн дунд хөл тавьсан Саймоныг гэрлэх насанд хүрсэн охидоо түүнд танилцуулах хүсэлтэй язгууртан бүсгүйчүүд залхааж орхих нь тэр.

Яг энэ үед л Дафнитай танилцсанаар түүнд зорилгоо биелүүлэх боломж гарч ирсэн юм. Хэрэв Дафни түүнтэй хуурамчаар үерхэж буй дүр эсгэвэл охиноо танилцуулах гэсэн ээжүүд Саймоныг тайван орхиж, харин нөгөө талд вантай үерхэж буй Дафнигийн нэр хүнд нь өсөж, сайн ханьтай болох магадлал нь нэмэгдэнэ. Зохиол улам сонирхолтойгоор үргэлжилж, уншигчдын зүрхийг булгилуулах, гэдсэн дотор нь эрвээхий нисгэх олон үйл явдал цааш өрнөх болно.


зохиолчийн тухай

Жулия Куинн Харвардын Их сургуульд урлагийн түүхээр суралцан төгссөн бөгөөд улмаар Йелийн Их сургуулийн Анагаахын сургуульд элссэн ч эмчийн замнал бус уран зохиолын ертөнц түүнийг илүү татсан тул бичих хүсэлдээ үнэнч үлдэж, зохиолч болохоор шийджээ.

Хорин хэдэн насандаа анхны хоёр романаа Avon Books хэвлэлийн газарт худалдаж, авьяастай залуу зохиолчийн хувиар уншигчдын анхаарал татаж эхэлсэн бөгөөд 30 насандаа бичсэн Бриджертон цувралын анхны дэвтэр “Ван бид хоёр” түүнийг жинхэнэ утгаар нь алдаршуулсан аж.

Ташрамд дурдахад, Grey’s Anotomy, Scandal цувралуудын продьюсер Крис Ван Дусен нь Бриджертон цуврал ботиудын үнэнч уншигч байсан бөгөөд 2017 онд зохиолчид тус зохиолоос сэдэвлэсэн телевизийн цуврал бүтээх хүсэлтэй байгаагаа дуулгаснаар цувралын амжилт дэлхий даяар шуугиан тариад зогсохгүй романтик зохиолын төрлийг шинэ түвшинд гаргасан юм.



дүрүүдийн тухай

Pride and Prejudice, Sense and Sensibility зэрэг Остины зохиолуудад гардаг шиг тус роман нь гэрлэлтийн дарамт, эмэгтэйчүүдийн өмнө тулгардаг нийгмийн хүлээлтийг гол сэдвээ болгосон. Дафни Бриджертон нь Элизабет Беннет эсвэл Элинор Дашвүүдийн адилаар хайр сэтгэл, хувь хүний жаргалыг чухалчлахын зэрэгцээ гэр бүлдээ зохистой хань олохыг эрэлхийлж буй залуу эмэгтэйн дүр.

Телевизийн цуврал дээр төдийлөн харагддаггүй хэдий ч номыг унших явцад Ж.Остины нөлөө тус зохиолд тодорхой хэмжээнд шингэснийг түүний үнэнч уншигчид шууд л анзаарах нь лавтай.

Ж.Остины романы онцлогуудын нэг нь гол дүрүүдийн хооронд өрнөх хурц, ёжтой, хөгжилтэй харилцан ярианууд байдаг шүү дээ. Саймон, Дафнигийн яриа зарим үед Элизабет Беннет, ноён Дарси хоёрын харилцааг эрхгүй санагдуулах болно.

Гэхдээ Бриджертоны хувьд Остины романуудтай харьцуулахад тухайн үеийн ёс зүйн, нийгмийн хэм хэмжээний асуудлыг илүү хөнгөн, инээдтэй, хөгжилтэй уур амьсгалаар зөөлрүүлэхийн сацуу дүрүүдийн хоорондын бие махбодын харилцааг тод томруун дүрсэлсэн бөгөөд дүрүүдийн яриа, зан төлөв нь Остины дүрүүдээс илүү орчин үеийн, ойлгоход хялбар байдлаараа ялгарч байсныг дурдах нь зүйтэй байх.


Тэрчлэн бичлэгийн хэв маягийн тухайд зохиолын өгүүлэмж тун хурдан хэмнэлтэй, нэг үйл явдлаас нөгөө рүү огтхон ч удаашрахгүйгээр шилжих нь уншигчдыг хором ч уйдах зав олгохгүйн зэрэгцээ хэт их уянгын гоёмсог үг хэллэгийг ашиглаагүй нь амархан унших боломжийг олгожээ. Мөн гуравдагч этгээдийн ажиглагч (omniscient) байр сууринаас бичигдсэн тул бүх гол дүрийн сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийг ойлгох боломжтой.

Эх сурвалж: Эрдэмт Паблишинг


яагаад унших вэ? 

Хэдхэн хормын дотор таалагдсан хүнтэйгээ холбогдож болдог технологийн энэ эрин үед эрт цагт үйл явдал нь өрнөх хайрын романс унших нь сэтгэлийн жинхэнэ холбоо, гүн гүнзгий харилцаа ямар үнэ цэнтэйг сануулж өгдөг. Тиймдээ ч олон уншигч ийм төрлийн романд татагддаг байж мэдэх юм.

Нөгөөтээгүүр, стресс бухимдлаар дүүрэн өнөөгийн хурдтай нийгэмд бодит байдлаас хэсэгхэн хугацаанд ч болов зугатааж, төсөөлөл дотроо ургуулан бүтээсэн ертөнцдөө хэсэгхэн амсхийх таатай завшааныг хайрын романс бидэнд олгодог шүү дээ. Дуртай цайгаа хажуудаа бэлдэж тавиад, буйдандаа тухлангаа гэдсэн дотроо эрвээхий нисгэж, хайртай дүрийнхээ өмнөөс догдлох нь яахын аргагүй өдөр тутмын амьдралаас мэдэрч болох хамгийн амттай мэдрэмжүүдийн нэг.


"Цувралыг нь үзчихсэн юм чинь, номыг нь унших хэрэг байна уу?” гэж бодож байвал хувийн зүгээс номыг нь заавал уншаарай гэж зөвлөе. Учир нь номон дээр Дафни, Саймон хоёрын харилцаа, дотносол илүү гүнзгий дүрслэгддэг. Телевизийн эхний бүлгийг үзсэн үзэгчийн хувьд романыг унших явцад цуврал дээрх тансаг цэнгүүн, чамин хувцаслалт, мөн Саймоны дүрийг Реже-Жин Пэйжээр дотроо төсөөлөх нь үйл явдлыг улам амттай, уран зураг шиг тод болгож байсныг дурдахгүй өнгөрч болохгүй байх.