Хошин мэдрэмжтэй байж, яриан дундуур цагийг нь онож хошигнож чадахыг хүн бүр хүсдэг. Гэхдээ яагаад?  

Хошин мэдрэмж биднийг өрөөн дэх хамгийн “яриа хөөрөөтэй” нэгэн болгон харуулахаас гадна хэн нэгэнтэй үүсгэсэн ширүүн маргааныг тасалж, харилцааны хүйтэн уур амьсгалыг эерүүлж, тэр ч байтугай сонгуульд ялуулах боломжтой юу?  

НТӨ II-I зуунд амьдарч асан Ромын Бүгд Найрамдах улсын улс төрч, философич Цицероны үзсэнээр дээрх бүгд “боломжтой” гэнэ. Философи, гүн ухааны нэлээдгүй бүтээл турвисан Цицерон нь 43 насандаа буюу НТӨ 106 онд Ромын Консул (Ромын төрийн ба засгийн тэргүүн, бүх цэргийн командлагч билээ)-ын албан тушаалд томилогдсон нэгэн юм. Түүний шогч, хошин мэдрэмжээс нь үүдэн дургүйлхэгч нар нь бүр “Комедиан Консул (consularis scurra)” хэмээн дууддаг байсан ч гэж Латин хэлний зүйч Макробий бичсэн байдаг.  

Инээдмийн баярт зориулан энэ удаагийн нийтлэлээрээ тэрхүү “Комедиан Консул”-ын хошигнолын талаар хөөрөлдөхөд хэлж үлдээсэн үгийг эмхэтгэн ном болгон гаргасан АНУ-ын Корнеллын Их сургуулийн профессор Майкл Фонтейны “Хэрхэн хошигнох вэ: Хошигнолын ухаанд хөтлөх эртний хөтөч” (How to Tell a Joke: An Ancient Guide to the Art of Humor) номын талаар уншигч танд хүргэхээр бэлтгэлээ. 

Хошин мэдрэмж төрөлхийн авьяас уу? Эсвэл сурч болдог ярианы чадвар уу? Ромын хамгийн агуу уран илтгэгч нарын нэг Цицерон үүнд ямар байр суурь, бодолтой явсныг та энэхүү нийтлэлээс олж авна (эсвэл авахгүй ч байж магадгүй) 

Уншигч танд Инээдмийн баярын мэнд хүргье (өө, биш ээ) хүргэе!  


Номын тухай 

Марк Туллий Цицерон (Marcus Tullius Cicero) нь өөрөө хошигнолоор дагнасан нэг ч ном туурвиагүй боловч “De Oratore” (Уран илтгэгч) бүтээлдээ хошигнолын талаар нэлээдгүй олон санаа бичиж үлдээсэн юм. Түүний эл бүтээлээс эшлэн АНУ-ын Корнеллын Их сургуулийн профессор Майкл Фонтейн тус номоо бичжээ.

Номын бүтцийн хувьд дээр дурдсанчлан Цицероны “Уран илтгэгч” бүтээлээс хошигнох урын тухай дэвшүүлсэн санаануудыг нь түүвэрлэн оруулсан бөгөөд тэгэхдээ эхний нүүр бүрд түүний эшлэл латин эх хувиараа байх бол удаах нүүрт нь англи орчуулга нь орсон гэдгээрээ тун өвөрмөц.



Ном ерөнхийдөө Юлий Цезарь, Лициний Красс, Марк Антони гэсэн эртний Ромын нэр алдарт хүмүүсийн хооронд өрнөх харилцан ярианаас бүрдэнэ. Гэхдээ энд өгүүлж буй Ю.Цезарь нь агуу жанжин Цезарь бус Ромын хамгийн цуут шогчдын нэг Гаио Юлий Цезарь Страбо гэгч нэгэн. Мөн болоогүй энэ ярианд орох Л.Красс нь эртний Ромын хамгийн хөрөнгө бэлтэй Красс бус өөрийн үеийнхээ хамгийн алдартай уран илтгэгчдийн нэг Лициний Красс юм. Сүүлийн Марк Антони нь ч Клеопатрагийн дурлалт залуу бус харин тэр нөхрийн өвөө нь. Энэ гурван бодит түүхэн хүмүүс хоорондоо эл номд өгүүлсэнчлэн ярьж байсан уу, үгүй юу гэдгийг мэдэхийн аргагүй. Гэвч тэд ингэж ярьсан ч бай, үгүй ч бай эндээс Цицероны хэр хэмжээний хошин мэдрэмжтэй нэгэн байсныг харах бүрэн боломжтой.


Зохиолчийн тухай 


Тус ном нь гурван зохиолчтой гэж үзэж болно. Эхнийх нь мэдээж Цицерон бол удаах нь М.Ф.Кунталиан, гурав дахь нь Майкл Фонтейн. Цицерон нь шогч хошин хүн байснаас гадна Ромын Бүгд Найрамдах улсыг нураасан (энэ явдлын дараа Ромын Эзэнт гүрэн үүссэн) иргэний дайны үеэр Бүгд Найрамдах засаглалын тогтолцоог хамгаалан үлдэхээр тууштай тэмцсэн нэгэн юм. Тэрээр түүхэн дэх хамгийн агуу илтгэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний туурвилуудаас Цицероны реторик (уран илтгэх ухаан) хэмээх илтгэлийн урсгал ч төрөн гарсан байдаг.

Номын удаах зохиолч болох М.Ф.Кунталиан мөн л реторикын ухаанд өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн бөгөөд түүний “Уран илтгэгчийн боловсрол” бүтээл нь утга зохиолын шүүмжид үнэтэй хувь нэмэр оруулсан онолын бүтээл болсон билээ.



Дээрх хоёр эртний зохиолчийн бүтээлийг нэгтгэн нэг ном болгон гаргаж, орчуулан эмхэтгэсэн хүн бол дээр дурдсан АНУ-ын Корнеллын Их сургуулийн профессор Майкл Фонтейн. Тэрээр эртний Грек, Ромын судалгааны чиглэлээр олон арван ном бичсэн бөгөөд бидний тэр бүр мэдэхгүй бүтээлүүдийг өнөөгийн уншигчдын хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн туурвидаг онцлогтой.


Яагаад унших вэ? 


Цицероны үзсэнээр хошигнох нь уран илтгэгч ба комедиан хоёрын заагийг сарниулах хүчтэй бөгөөд улс төрийн хурал, цуглаан ба станд-ап комеди хоёрын ч ялгааг үгүй хийх чадалтай ажээ. Түүнчлэн зөв хошигнож чадвал нийгмийн болон улс төрийн байр суурийг ч бүтээх боломжтой бөгөөд сонгуульд ч ялалт авч ирж магадгүй гэнэ. Бид өрөөн дэх уур амьсгал, ярианы чигийг залагч болох хүсэлтэй байлаа гэж бодъё, тэгвэл бид шүүх хуралд ялахыг эрмэлзэж буй өмгөөлөгч, хуульч, сонгуульд нэр дэвшиж буй улс төрчтэй яг адил түвшинд очих юм. Цицероны дараахан төрсөн яруу найрагч Гораций энэ талаар ингэж бичжээ:



Ёсорхуу, нухацтай, чухал байдал нь ганцхан онигоо ярих, хошигнох төдийд нуран унах боломжтой бөгөөд “зөв” хошигнож чадваас өөрийн санаа, байр сууриа бүр ч илүү нухацтай, чухал болгон хүргэх боломжтой хэмээн Цицерон үзжээ. Гэвч хошигнол нь тун их эрсдэлтэй стратеги гэдгийг мартаж болохгүйг онцлууштай. Учир нь, хэрвээ хошигнох нь “зэвсэг” буюу гал нээж буй үйлдэл юм бол хариу заавал ирэх учиртай. Хэн ч бусдын өмнө эвгүй байдалд орохыг хүсдэггүй, хэрэв тийм зүйл тохиовоос түүнийгээ мартдаггүй хэмээн Цицеро үзсэн бөгөөд хошигнолыг зэвсэг болгон ашиглах хэн ч бай хариу довтолгоонд бэлэн байхыг сануулсан байна.



Тэгвэл хэрхэн хошигнох вэ? 

Цицероны үзсэнээр амжилттай хошигнохын тулд дараах долоон дүрмийг баримтлахыг сануулсан байдаг. Тэдгээр нь:

Сонсогчдоо мэдэх: Түүний өгсөн хамгийн эхний, басхүү чухал дүрэм бол сонсогчдоо мэдэх юм. Таны хошигнолыг сонсох гэж буй хүмүүс (найз нөхөд, хамт олон гм.)-ийн үзэл бодол, итгэл үнэмшил, үнэт зүйлсийг зайлшгүй мэдсэний үндсэнд л хошигнол сая амжилт олно.

Цицероны хувьд хошигнол нь үндсэн хоёр төрөлтэй байна. Эхнийх нь “facetiae” буюу энгийн, ярианы гол сэдэвт тохируулан үгийн холбоо ба дан утгыг цэцэн байдлаар эвсүүлэн хошигнох төрөл бол удаах нь “dicacitas” буюу хурц, ёжтой хошигнолын төрөл. Түүний үзсэнээр хоёр дахь төрлийн хошигнолд тун болгоомжтой хандах хэрэгтэй ч энэ төрлийн хошигнол нь нөгөөхөөсөө илүү хүчтэй бөгөөд үр дүнтэй байдгийг онцолсон байна.

Гэнэтийн эргэлт: Хамгийн сайн хошигнол бол гэнэтийн, санаанд оромгүй эргэлт хэмээн тэрээр үзсэн байдаг. Тэгэхдээ мэдээж урьдагч нөхцөлийг нь босгох (setting up) шаардлагатайг ч орхиж болохгүй ажээ. Гэхдээ түүнийг зөвхөн өөрөө гүйцэлдүүлэх ч шаардлагагүй бөгөөд харилцан ярианд орж буй бүхий л хүмүүсийн яриаг өөрийн талд ашиглах боломжтой юм.

Ярианы аль үед хошигнох вэ гэдэг амжилттай хошигнолын хамгийн гол амин тулгуур. Мөн биеийн хэлэмж, хөдөлгөөн, нүүр, хоолойн хувирал, бүр чимээгүй зогсолт хүртэл хошигнолыг бүрэлдүүлдэг чухал хэсэг аж.

Хэт их хошигнохоос зайлсхийх: Хошигнол нь ярианы хүчтэй зэвсэг, ур чадвар ч гэлээ хэт их хошигнохоос зайлсхийхийг анхаарууштай. Учир нь хэт их хошигнодог нэгний яриаг хүмүүс төдийлөн чухалд тооцдоггүй бөгөөд эсрэгээрээ яриа, үг нь хүчгүйдэж, хэрэгтэй үед бусдад хүрэх далайц нь сулардаг болохыг Цицерон сануулжээ.

Хэт “мэдрэмжгүй” хошигнолоос зайлсхийх: Бусдын үнэт зүйлс, итгэл үнэмшилд хурц нөлөө үзүүлэх хошигнолоос аль болох зайлсхийх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь шууд эсрэг талд өдөөн хатгаж буй үйлдэл болж хувирна хэмээн Цицерон үзсэн бөгөөд түүнийхээр энэ нь хошигнолын зорилго огт биш юм.

Эцэст нь амжилттай хошигнол нь өрсөлдөгч талынхаа дайралтыг дуугаа өндөрсгөлгүй, олон таван үггүй нам дарахад оршино.


Эл номыг нэг үгээр тодорхойлох бол Английн зохиолч Оскар Уайльдын “Хэрэв та хүмүүст үнэнийг хэлэх гэж буй бол инээлгэ. Эс бөгөөс тэд таныг хөнөөх болно” хэмээсэн үг хамгийн их тохирох болов уу. Нэг нийтлэлд бүтэн номын утга санааг багтаах боломжгүй тул уншигч танд өөрөө уншиж үзэхийг зөвлөе. Нийтлэлийнхээ оршилдоо ч дурдсан хошин мэдрэмж гэдэг төрөхөөс заяадаг авьяас уу? Эсвэл хөгжүүлж болдог чадвар уу? Хэрхэн түүнийгээ хөгжүүлэх вэ? Хэрэв ямар ч авьяасгүй (над шиг хөлдүү) бол яах вэ? зэрэг нэн чухал, “санаа зовниулам” асуултуудын хариуг та энэ номоос олж мэднэ.