“Тойруулалгүйгээр шууд л хэлье. Та бүх асуултын хариултыг мэдэж байгаа, мөрөөдлийн ажлаа хийж байгаа, мөн төсөөлж чадахаасаа ч илүү утга учиртай, зорилго дүүрэн амьдарч байгаа бол энэ номыг уншихгүй. Амьдралынхаа аль нэг хэсэгт та гацсан л байгаа.”

Магадгүй л юм. Хүн бүр л сэтгэл хангалуун хийгээд утга учиртай амьдралыг эрэн хайдаг боловч эл асуултын хариуг олох тийм ч амар биш. Бидний амьдралын алхам тутамд аливаа нэг чухал шийдвэр гаргах, оновчтой сонголт хийх шаардлага тулгарч байдаг. Гагцхүү тэр бүгдийн нийлбэрт бидний хүсэн хүлээдэг “мөрөөдлийн” амьдрал хүлээж буйд үл эргэлзэнэ.  

Хэрэв та амьдралынхаа аль нэг хэсэгт гацсан бол, асуудалд шийдэл хайж байгаа бол эл бүтээл туслах нь гарцаагүй. Учир нь уг ном танд хэн, хаана, юу хийж байгаа, эсвэл амьдралынхаа төлөө юу хийсэн гэдгээс үл хамааран амьдралыг утга учиртай, сэтгэл хангалуун байлгахад загварчлах сэтгэлгээ хэрхэн туслахыг олон зуун оюутны баялаг туршлагад үндэслэн боловсруулсан арга барилаараа ойлгуулах болно.

ЗОХИОГЧДЫН ТУХАЙ 

Билл Бернэтт, Дэйв Эванс нар бол Стэнфордын их сургуулийн профессорууд. Өдгөө 67 настай Биллийн хувьд тус сургуулийн Дизайн хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал, Механик инженерийн туслах профессороор ажилладаг бөгөөд багадаа эмээгийнхээ оёдлын машины дор онгоц, машин зурсаар дизайнер болох замналд хөтлөгджээ. Харин 70 настай Дэйвийн тухайд Стэнфордод Бүтээгдэхүүний дизайны хөтөлбөрийн багшаар ажиллаж байгаа ба Биллийг бодвол анхны мэргэжил сонголтоо буруу хийсэн ч “амьдралаа загварчлан” механик инженерийн чиглэлээр суралцаж эхэлсэн гэдэг. Тэд ижил зорилгоор тус тусын замналаар явж байгаад 2007 онд уулзаж танилцан хамтдаа ажиллаж эхэлжээ.


“Олон жилийн турш бид Стэнфордын 16 мянган оюутны нэг болж чадаагүй бүх хүнд энэ асуултын хариултыг “үгүй” гэж хэлэхээс өөр аргагүй байсан. Гэвч одоо бол тийм биш. Амьдралаа загварчлах семинар хичээлийг бид хүссэн хүн бүрд санал болгож байгаа бөгөөд таныг заавал Стэнфордод суралцах шаардлагагүйгээр сайтар загварчилсан амьдралаар амьдраасай гэсэндээ бид энэ номыг бичсэн юм.”

– Билл Бернэтт, Дэйв Эванс

ГУРВАН ХҮН 

Эл бүтээлийг уншиж эхэлсэн даруйд та бусдын түүх, жишээнүүдэд шимтэж, тэдний хэлэх гэсэн санааг илүү тодорхой ойлгох болно. Нийгэмд нэгэнт тогтсон үзэл, хандлагыг дагаж нэг л мэдэхэд бусдын юу гэхэд анхаарч шийдвэр гаргах болсон бидний хувьд бусдын түүхтэй танилцах нь өөрийгөө зөв замнаж байгаа эсэхийг эргэн бодоход хүргэх нь лавтай.

Эллен

...Эллен бол чулуунд хайртай нэгэн. Тийм ч учраас нэр хүндтэй нэгэн сургуульд хоёр жил суралцсаны дараа мэргэшин суралцах мэргэжлээр геологичийг сонгосон аж. Гэвч их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ үл ажиллан ойр зуурын хэрэглээний мөнгөө олохын тулд олон төрлийн цагийн ажил хийж эхэлжээ. Учир нь тэр геологичоор ажиллах ямар ч хүсэлгүй байсан юм. Цаг хугацаа, хөрөнгө санхүүгээ зарцуулан байж төгсчихөөд ийн мэргэжлээрээ ажиллахгүй байгааг гэр бүлээс нь эхлээд эргэн тойрны хүмүүс нь гайхаж байлаа. Гол асуудал нь Эллен өөрийгөө мэргэжлээрээ ажиллахыг хүсдэггүй цор ганц хүн биш гэдгийг ойлгоогүй байсан явдал юм...

АНУ-д коллеж төгсөгчдийн дөнгөж 27 хувь нь мэргэжлээрээ тууштай ажилладаг. Ямар нэг чиглэлээр мэргэшнэ гэдэг нь цаашдын амьдралынхаа туршид хийх зүйл бөгөөд коллежийн он жилүүд таны амьдралын хамгийн сайхан цаг хугацаа юм гэх нийгэмд нэгэнтээ тогтсон буруу үзэл нь олон хүнийг өөрийн хүссэн амьдралаа загварчлан цогцлооход саад болж байна.

Нэгэнт тогтсон буруу үзэл: Таны мэргэжлийн зэрэг ажил мэргэжлийн тань замналыг тодорхойлно.

Дахин томъёолол: Коллеж төгсөгчдийн дөрөвний гурав нь эзэмшсэн мэргэжлийнхээ чиглэлээр ажилладаггүй.



Жанин 

...Жанин шилдэг коллеж, шилдэг хуулийн сургуулийг төгсөж, нөлөө бүхий ажлуудыг гардан гүйцэтгэж байсан фирмд ажилд орон үнэхээр л “амжилттай амьдрах” замдаа шуударсан байлаа. Гэвч тэр үнэн хэрэгтээ Цахиурын хөндий дэх хамгийн алдартай хуулийн фирмээс гэртээ харьсан хойноо шөнө хөндийн гэрэл асах үеэр дээвэр дээрээ гарч суугаад уйлдаг байв. Түүнд байх ёстой гэж бодсон бүх зүйл нь байсан ч гэлээ тэр үнэхээр аз жаргалгүй байсан юм...

Америкт ажил хийдэг хүмүүсийн гуравны хоёр нь хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй байдаг бол 15 хувь нь ажлаа үзэн яддаг байна.

Нэгэнт тогтсон буруу үзэл: Хэрэв та амжилттай яваа бол аз жаргалтай нэгэн байх болно.

Дахин томъёолол: зөвхөн өөртөө тохирсон амьдралыг загварчилж чадсанаар жинхэнэ аз жаргал ирнэ.



Доналд  

...Олон жилийн туршид Доналд ганцхан асуултыг өөрөөсөө асуусаар иржээ. “Би ер нь яагаад ингэж амьдардаг юм бол?” гэсэн асуулт шөнийн хоёр цагт сэрж, угаалгын өрөөнд толины өмнө түр бодолхийлэн зогсох шалтгаан нь болж байв. Уг нь тэр нэг ажлаа 30 гаруй жил хийж, хүүхдүүдээ бүгдийг нь коллеж төгсгөн байшингийнхаа өрийг бараг л төлж дуусгасан шүү дээ...

АНУ-д 44-70 насны 31 сая гаруй хүн өөрийнх нь хувьд утга учиртай, байнгын орлоготой, мөн нийгэмд үзүүлэх нөлөө бүхий байдлыг хослуулсан “хамгийн чухал” ажил гэж нэрлэгддэг тийм л ажил хийхийг хүсдэг. Энэ 31 саяын зарим нь карьераа олсон, зарим нь яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, амьдралдаа томоохон өөрчлөлт хийхэд цаг хугацааны хувьд хэтэрхий оройтсон байх гэж эмээдэг аж.

Нэгэнт тогтсон буруу үзэл: Хэтэрхий оройтсон.

Дахин томъёолол: Амьдралаа хүссэнээрээ загварчлахад оройтно гэж хэзээ ч байхгүй.



ТАВАН ХАНДЛАГА 

Уншигч танд амьдралаа зөв загварчлах нууцыг шууд хэлчхэж болохгүй ч амьдралаа загварчлахын тулд суулгах учиртай дараах сэтгэлгээний таван хандлагыг хэлж өгье. Зохиогдын хэлж буйгаар энэхүү загварчлах арга хэрэгслүүдийн тусламжтайгаар хүссэн амьдралаа гэлтгүй юуг ч цогцлоон бүтээж чадах аж.



Сониуч байдал нь аливаа бүхнийг лавшруулан судлах нөхцөл болдгийн зэрэгцээ энэ хандлагын тусламжтайгаар та “азтай байх”-д суралцана. Зарим хүн юунаас л бол юунаас боломж олж харж байдгийн шалтгаан нь энэ юм.



Дизайнерууд буюу загвар зохион бүтээгчид аливаа зүйлийг байнга туршиж үздэг. Тэд гаргасан санаанаас нь юу бүтэлтэй болж, юу асуудлыг шийдэж байгааг олох хүртлээ олон удаа бүтэлгүйтсэн ч нэг эх загварын араас дараагийн эх загварыг бүтээдэг. Дизайнерууд асуудлыг таатай хүлээн авдгийн сацуу тодорхой үр дүнд баригддаггүй учир тэд эцсийн үр дүн ямар байх тухайд бус харин дараа нь юу болох дээр л үргэлж анхаарч байдаг.



Дахин томьёолол нь биднийг зөв асуудал дээр ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулдаг. Амьдралыг загварчлах үйлдэл нь танд нэг алхам ухрах, дутуу бодсон эсэхээ шалгах, шийдлийн шинэ орон зайг нээх боломжийг олгох гол томьёоллуудаас бүрддэг. Зөв асуудал, зөв шийдлийг олоход дахин томьёолол нь тун чухал.



Амьдрал эх захгүй гэдгийг бид мэднэ. Урагшлах алхам бүрдээ заримдаа хойшоо хоёр алхаад ч байгаа юм шиг санагддаг. Алдаа гарна, анхны загварыг хаяхаас өөр аргагүй болно. Үйл явцын нэг чухал хэсэг бол зүгээр л анхны санаагаа, сайн боловч буруу шийдлийг тэр хэвээр нь орхих явдал юм. Гэтэл заримдаа эх захгүй байдалаас гайхалтай загвар гарч ирдэг. Хэрэв дизайнер нь хаа нэгтээ алдаа гаргаагүй сэн бол пүршин тоглоом, супер цавуу, баримлын шавар зэрэг бүтээгдэхүүн бий болохгүй байсан. Тэгэхээр дизайнер шиг сэтгэж сурсан цагтаа бид үйл явцыг ухамсарлаж сурах ба эцсийн зорилгоо түр орхиж, үйл явцад төвлөрч, дараа нь юу болохыг ажигла.



Зураач хүн салхи шуургатай далайн эрэг дээр урлагийн бүтээлийг ганцаараа туурвиж чадна. Харин дизайнер бол ганцаараа iPhone-ийг бүтээж чадахгүй. Тэгээд ч таны амьдрал урлагийн бүтээл гэхээсээ илүүтэй агуу загвартай адил тул үүнийг ганцаараа бүтээх боломжгүй. Загвар бол хамтын үйл явц бөгөөд хамтран ажиллаж буй бусад хүнээс олон сайхан санаа гарч л таарна. Та зүгээр л асуух хэрэгтэй. Мөн зөв асуулт хэрхэн асуухаа мэддэг байх ёстой.

НЭГ ШАЛТГААН 

Дээрх таван хандлага тэргүүтэй сонирхолтой жишээ, асуулт, туршилт таныг цааш хүлээж буй. Нийтлэлийн эхэнд хэлсэнчлэн хэрэв та амьдралынхаа аль нэг хэсэгт гацсан бол энэ бүтээлийг унших хэрэгтэй. Олон жилийн турш бий болгосон нөү-хауд тулгуурлан, дизайнеруудын сэтгэлгээгээр амьдралаа загварчлах боломж өөр хаана бий гэж? Та эдгээр санаа, арга хэрэгслийг өдөр тутамдаа хэрэгжүүлж, шинэ дасгал, сэтгэлгээний шинэ арга барилыг өөрийн амьдрахуйд заавал тусгаарай.