Намрын тэргүүн сар айлчлан иржээ. Урин дулаан цагийг үдэх энэ үеэр уншигч таны дотор гүн бодол төрүүлэхүйц “Сувдан Наутилус” хэмээх уран зөгнөлт, постмодерн дистопи романыг энэ удаагийн номын тухай номын тухай буландаа онцолж байна. 

Энэхүү роман нь хүний мөн чанар, нийгмийн анги давхаргын талаарх асуудлыг хөндсөн бөгөөд бүлэг болгонд өөр өөр дүрийн хүүрнэлээр сонирхолтой үйл явдалд хөтөлнө. Eden Snowdrop гэх нэрийг хараад шууд л гадаад зохиолч гэж бодож магадгүй. Харин тус бүтээл нь монгол зохиогчтой болохыг олж мэдсэн хэн бүхний сонирхлыг улам хүчтэйгээр татах болов уу. Ингээд хэвлэгдээд хэдхэн сарыг үдээд буй нууцлаг зохиолчийн шинэхэн бүтээлийг хүлээн авна уу.

Зохиолчийн тухай 

Тус номын зохиолч нь өдгөө 33 настай генетикч мэргэжилтэй нэгэн юм. Тэрээр анх ковидын үеэр “Сувдан Наутилус” зохиолоо бичиж эхэлсэн бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа уншигчдын хүртээл болж буй нь энэ юм. Түүний хувьд эл бүтээл анхных нь зохиол бөгөөд тэрээр уг бүтээлээрээ дамжуулан “Бүх зүйл үр дагавартай” байдаг гэх санааг илэрхийлэхийг зорьжээ.

Оршил хэсэгтээ түүнийг нууцлаг зохиолч хэмээн тодорхойлсныг уншигч та анзаарсан болов уу. Түүний хувьд зохиолчийн нэр, хэн болохоос илүүтэй бичсэн бүтээл нь өөрөө уншигчдад хүрэх нь чухал байжээ. Тиймээс өөрийн нэрийг ил гаргалгүйгээр бүтээлээ хэвлүүлсэн байна. Энэ тухайгаа “Хүнийг нь биш, агуулгыг нь хараасай гэсэн үүднээс нэрээ нууцалж хэвлүүлсэн” хэмээн тайлбарласан юм.


Номын тухай

Романы үйл явдал өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цаг дээр өрнөнө.

Нийгмийн анги давхарга бүрийн төлөөлөл болсон зургаан өөр дүр хувь хувьдаа зовлон бэрхшээлийн өмнөөс яаж сөрөн тэмцэж байгаа тухайгаа хүүрнэнэ. Технологийн хэт хөгжил эргээд хүн төрөлхтний өмнө дайсан болон хувирч, шударга бус байдал, эрх мэдэл хэмжээ хязгааргүй үргэлжилсээр байвал хүний мөс чанар үгүй болж, хүчтэй нь хүч дорой нэгнээ дарангуйлж, хүн хүндээ харгис туршилт хийж эхэлнэ. Зарим нь төгс нийгмийг бүтээх гэдэг нэрийн дор хувь хүний эрх чөлөөнд халдана. Эцэст нь энэ бүхний цаана хийсэн үйлдлийн үр дагавар байсаар байдаг хэмээх агуулгаар зохиол үргэлжилнэ.


Зохиолч уг бүтээлдээ гурван цагийг зэрэгцэн өрнүүлэх шийдлийг ашигласан нь түүнд таатай санагдсан тухайгаа дурдсан юм. Түүний хувьд физик ертөнцийн хувь хүний зовлонгоос, метафизик түвшний сүнсний зовлонг төсөөлөхөд амаргүй байсан. Мөн энэхүү зохиол зарим хүний хувьд хачирхалтай санагдаж болох ч зохиолд гарч байгаа он цагийн дараалал, нар мандаж жаргахаас эхлээд зохиолд дүрслэгдэж байгаа ертөнц бүхэлдээ төсөөллийн гэхдээ үнэн байх ёстой хэмээн асар их бодож тооцоолон бичжээ.


Зохиолчийн онцлогийн хувьд уран зохиолын чигийг барихаас илүүтэй постмодернизм шинжтэй, “дистопи” төрлөөр бичих нь өөрт илүү ойр байдаг бөгөөд багагүй судалгааны үр дүнд зохиолоо хэвлүүлсэн аж.
Ингээд Сувдан, Юлиан, Энэржин, Бүгүнүдэй, Карл, Цасчихэр нарын амьдрал хэрхэн өрнөж, тулгарсан саад бэрхшээлээ яаж даван туулж буй талаар уншигч та номоос дэлгэрүүлэн уншаарай.


Яагаад унших вэ?

Зохиолын үйл явдал олон дүрийн өнцгөөс ээлжилж байгаа нь сонирхолтой. Бүлэг тус бүрд нийгмийн өөр өөр давхаргын дүрүүд өөрсдийн өнцгөөс, цаг хугацааны дараалалгүй ээлжлэн хүүрнэснээр бүх дүрийн үзэл бодол, сэтгэл зүйг мэдрэх, үйл явдлыг олон талаас нь харах боломжтой юм. Түүнчлэн үйлийн үр гэдэг ямар нэгэн байдлаар заавал эргэж ирдэг, үхэгсдийн оронд ч дагасаар байдаг гэх санааг дурдана.

Хүн чанарыг орлох зүйл энэ хорвоод байхгүй бөгөөд ямар ч аймшигтай араатнаас илүү цэвдэг сэтгэл хамгийн аюултайг эл зохиол шүүмжлэн харуулна.

Зарим нь бие биеэ ямар нэгэн ашиг хонжоо эсвэл эд материал мэт үзнэ. Харин нөгөө талд өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж бусдад туслахыг илүүд үзнэ. Эгэл жирийн залуус эрх чөлөөнийхөө төлөө бослого гаргаж, чадах чинээгээрээ тэмцэх боловч эрх мэдэлтнүүд өөрийн эрх ашгийн төлөө харгислал үйлдэж байгаа үйл явдлуудыг уншигчдад бодит мэдрэмж төрүүлэхүйц өгүүлнэ.


Хэнд санал болгох вэ?

Уран зөгнөлт сонирхогчид

Хэрэв Жорж Оруэлл-ийн "1984" зохиол таны сонирхлыг татаж байсан бол эсвэл та уран зөгнөлт кино, мэдээллийг шимтэн үзэж судалдаг бол монгол зохиолчийн санаанаас урган гарсан “Сувдан Наутилус” зохиол таныг төсөөллийн ертөнцөөр аялуулна.


Уншигчийн сэтгэгдэл

Уг романыг ойлгож уншихад багагүй анхаарал хандуулах хэрэгтэй. Зарим тохиолдолд нэг өгүүлбэрийг хоёр, гурван удаа уншина. Өмнөх үйл явдлыг санахын тулд хуудсаа хэд хэдэн удаа эргүүлж харах ч үе бий. Энэ нь надад тун сонирхолтой хийгээд тархинаас нарийн анзаарга шаардах шиг санагдсан. Унших явцдаа зохиолчийн бичиглэлийн арга барил, үг хэллэгийн сонирхолтой талыг ч мөн ажиглан харж байлаа. Миний хувьд “Сувдан Наутилус” номыг нэг удаа уншаад өнгөрөх биш дахин унших тутамд өөр олон зүйлсийг анзаарч, ойлгож болох баялаг үйл явдалтай зохиол шиг санагдлаа. Номын эхлэл хэсгээс төгсгөл хүртэл уншигчийг сониучирхал, гайхширал, түгшүүр, харуусал зэрэг олон мэдрэмжүүдэд хөтлөх эл роман намрын улиралтай төгс зохицож таныг бодолд автуулах нь дамжиггүй.