Та энэ оны унших номын жагсаалтаа гаргаж амжсан уу? Хэрэв хараахан амжаагүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. Сонголтод тань туслах үүднээс бид Goodreads сайтаас шалгаруулсан, өнгөрөгч жил уншигчдын хамгийн их таашаал хүртсэн 10 жанрын шилдэг бүтээлийг онцлон танилцуулж байна.
яагаад goodreads choice awards гэж?
Goodreads-ээс жил бүр шалгаруулдаг Goodreads Choice Awards нь 2009 оноос эхлэлтэй бөгөөд тус платформын уншигчдын саналаар тодорхойлогддог, утга зохиолын нэр хүндтэй шагнал юм. Жил бүр сая сая уншигч Goodreads платформ дээр саналаа өгч, тухайн жил уншигчдын хамгийн их таашаасан бүтээлүүдийг шалгаруулдаг. Өнгөрөгч жилээс “Уншигчдын дуртай аудио ном" гэх шинэ төрөл нэмэгдсэн нь аудио номын эрэлт, хэрэглээ сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж буйг харуулсан билээ.
Түүнчлэн тус шалгаруулалт нь уншигчдын шууд оролцоотойгоор тодордог гэдгээрээ The New York Times, The Washington Post зэрэг медиагийн тусгайлан гаргадаг жагсаалтаас ялгаатай. Өнгөрөгч онд л гэхэд нийтдээ 6.2 сая уншигч өөрийн хайртай зохиолдоо саналаа өгсөн юм.
Ингээд энэ жилийн онцлох номын жагсаалттай танилцацгаая.
1. уран зохиол-the wedding people
Зохиолчийн тухай
Алисон Эспач бол хүний харилцаа, сэтгэл зүйн нарийн асуудлыг чадварлагаар хүүрнэдэгээрээ орчин үеийн уншигчдын дунд алдаршиж буй нэн шинэ үеийн төлөөлөл болох залуухан зохиолч. Түүний анхны роман болох "The Adults" нь Нью-Йорк Таймсын Barnes & Noble Discover шагналыг хүртэж байсан бол дараагийн бүтээл "Notes on Your Sudden Disappearance" нь Indie Next сонголт болон Amazon Editors’ Pick шагналын эзэн болж, уншигчдаас тун эерэг үнэлгээ авч байжээ.Тэрээр одоогоор Род-Айленд мужийн Провиденс коллежид багшилж байгаа аж.
Үйл явдал:
Тус роман нь гэнэтийн хуримын зочин болон түүний амьдралыг шинээр эхлүүлэхэд тусалсан гайхалтай хүмүүсийн учралын талаар өгүүлдэг. Үйл явдал нь Ньюпорт, Род-Айленд хотын тансаг зэрэглэлийн Cornwall Inn зочид буудалд ирсэн 40 орчим настай Фиби Стоуны амьдралаар эхэлнэ. Фибиг зочид буудалд зохион байгуулагдаж буй хуримын зочин гэж андуурдаг ч үнэн хэрэгтээ тэрээр тус арга хэмжээнд уригдаагүй цорын ганц зочин байв.
Фиби олон жилийн турш энэ зочид буудалд нөхөртэйгөө хамт ирж, мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг байжээ. Харамсалтай нь, амьдралынхаа хамгийн хүнд хэцүү мөчид мөрөөдлийнхөө буудалд ганцаараа ирж, өөртөө эцсийн удаа тансаг зүйл хэрэглэх зөвшөөрөл олгосон нь энэ юм. Гэсэн хэдий ч санамсаргүй тохиолдлоор Фиби хуримын гол дүр болох сүйт бүсгүйтэй танилцаж, улмаар хоёр эмэгтэйнэгэндээ сэтгэлийн гүндээ нууцалж явсан зүйлсээ дэлгэж эхэлдэг.
Энэхүү роман нь уншигчдын дунд “Амьдралыг өөрчлөх санамсаргүй учралуудын гайхамшгийг уран яруу дүрслэн өгүүлсэн бүтээл” хэмээн үнэлэгдсэн юм.
2. түүхэн зохиол-the woman
Зохиолчийн тухай
"The Nightingale" болон "The Four Winds" зэрэг алдартай бүтээлүүдийн зохиолч Кристин Ханнагийн зохиолууд тэсвэр хатуужил, гэр бүлийн үнэ цэнэ, хүний дотоод хүч чадлыг онцлон харуулдгаараа онцлогтой. Хуульчийн мэргэжил эзэмшсэн хэдий ч хожим мэргэжлийн зохиолчоор замналыг сонгосон түүний хамгийн сүүлийн бүтээл болох "The Women"-ийг Билл Гейтс өнгөрөгч онд уншсан хамгийн шилдэг номуудынхаа нэгээр сонгосон билээ.
Үйл явдал
“Эмэгтэйчүүд ч баатар байж чадна.” Хорин настай сувилахуйн оюутан Франсис энэ үгийг сонсоод, амьдралдаа хамгийн чухал нээлт хийж буйгаа мэдэрчээ. АНУ-Вьетнамын дайн дөнгөж эхэлсэн 1965 онд, ах нь цэргийн албанд татагдсаны дараа Франсис түүний замаар явж, Цэргийн Сувилахуйн Хороонд элссэнээр түүх эхэлдэг.
Вьетнам руу илгээгдсэн туршлагагүй, залуу цэргүүдийн адил Франки дайны аймшигт үнэнтэй анх удаа нүүр тулгарах нь тэр. Тэрээр дайны сүйрэл, эмх замбараагүй байдалд цочирдон, өдөр бүр амьдрал, үхэл, итгэл найдвар, урвалтын дунд хувь заяагаа шийдэх сонголт хийхэд хүрэх аж. Гэвч Франки болон түүнтэй адил дайнд зүтгэсэн нөхдийн хувьд дайны хүнд сорилт нь эхлэл төдий байв. Жинхэнэ тэмцэл нь өөрчлөгдөж, хуваагдсан Америкт эргэн ирэх үед эхэлдэг. Ууртай эсэргүүцэгчидтэй нүүр тулж, Вьетнамын дайныг мартахыг хүссэн эх орондоо хөл тавих нь хамгийн том сорилт болно.
"The Women" хэмээх энэ бүтээл нь өнгөн дээрээ дайнд зүтгэсэн нэгэн эмэгтэйн түүх мэт боловч үнэн хэрэгтээ өөрсдийгөө аюулд оруулж, эх орныхоо төлөө амь биеэ зориулсан ч түүхийн хуудаснаа гээгдэж үлдсэн олон эмэгтэйчүүдийг ил болгосон зохиол юм.
3. гэмт хэрэг, тайлагдашгүй нууц- the god of the woods
Зохиолчийн тухай
Тэрээр Barnard коллежид уран зохиолын чиглэлээр суралцаж, дараа нь Hunter коллежид уран зохиолын магистрын зэрэг хамгаалжээ. Түүний алдартай бүтээлүүдэд "Heft" (2012), "The Unseen World" (2016), "Long Bright River" (2020) зэрэг багтдаг бөгөөд сүүлийнх нь The New York Times-ийн шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ. Лиз Мурын зохиолууд ихэвчлэн гэр бүл, хувь хүний мөн чанар, донтолт, нийгмийн тэгш бус байдлын тухай өгүүлдэг. Зохиолч болохоос өмнө тэрээр хөгжимчин, багшийн ажил эрхэлж байсан бөгөөд одоогоор Филадельфи хотод амьдарч, Temple их сургуульд уран зохиолын чиглэлээр багшилж байна.
Үйл явдал
1975 оны наймдугаар сарын нэгэн өглөө: Зуслангийн багш нэгэн орны дээр хүүхэд байхгүй байгааг анзаарав. Тэр орны эзэн, 13 настай Барбара Ван Лаар сураггүй алга болжээ. Гэхдээ Барбара жирийн нэгэн охин биш. Тэр бол энэхүү зусланг эзэмшдэг, орон нутгийн олон оршин суугчдыг ажиллуулдаг чинээлэг гэр бүлийн гишүүн. Хамгийн аймшигтай нь, энэ үйл явдал нь Ван Лаар гэр бүлийн хүүхэд алга болсон анхны тохиолдол биш байв. Барбарагийн ах 14 жилийн өмнө мөн л сураггүй алга болж, хэзээ ч олдоогүй аж.
Сандарч мэгдсэн эрэл хайгуул эхэлмэгц сэтгэл сэрдхийлгэм үйл явдлууд ар араасаа өрнөнө. Зохиолч Лиз Мурын олон давхар, нарийн төвөгтэй уг түүх нь Ван Лаар гэр бүлийн гүнзгий нуусан нууцуудыг, тэдний сүүдэрт амьдардаг ажилчдын амьдралтай хослуулан өгүүлнэ. Ван Лаар гэр бүлийн эртний төөрөгдөл, нууцлаг сүүдрийг хөндсөн гайхалтай үйл явдлууд, хачирхалтай нууцууд суудал дээр тань өндөлзүүлэх болно хэмээн шүүмжлэгчид уг бүтээлийг үнэлжээ.
4. романс-funny story
Зохиолчийн тухай
Түүний Beach Read, People We Meet on Vacation, Book Lovers зэрэг бүтээлүүд нь уншигчдын талархлыг хүлээсэн шилдэг зохиолууд юм. Түүний бүтээлүүд ихэвчлэн романтик хайр дурлалын сэдэвтэй байдаг.
Үйл явдал
Дафне Винсент сүйт залуу Питерийнхээ хүсэлтээр Мичиган мужийн Ванинг Бэй хот руу нүүж, орон нутгийн номын санд хүүхдийн номын санчаар ажиллаж эхэлнэ. Гэвч Питер хуримынхаа өмнөх шөнө хуучин найз бүсгүй Петрадаа ахин дурласнаа түүнд хэлж, хуримаа цуцлах нь тэр.
Ийнхүү Дафнегийн амьдрал орвонгоороо эргэж, аргагүйн эрхэнд Петрагийн хуучин найз залуу Майлстай хамт амьдрах болно. Майлс бол тун эмх замбараагүй, хэнэггүй нэгэн. Харин Дафни бол төлөвлөгөөтэй, аливааг эмхэлж цэгцэлдэг, ажил нэгтнүүд нь түүнийг Холбооны Мөрдөх Товчнооны агент хэмээн таамаглах хүртэл нууцлаг эмэгтэй. Эхэндээ эсрэг тэсрэгийн туйл болсон тэдний харилцаа хүйтэн байсан ч хамтдаа цагийг өнгөрөөх тусам бие биедээ татагдаж эхлэв. Тэд хуучин хайртуудаа атаархуулж, өөрсдийн сэтгэл зүрхээ эдгээхийн тулд хуурамч харилцаа эхлүүлдэг ч яваандаа энэ нь жинхэнэ хайр болон хувирна.
Сонирхуулахад, 2024 оны долоодугаар сард Эмили Хенри Funny Story зохиолоо кино болгон хувиргах ажлыг эхлүүлж, Lyrical Media болон Ryder Picture Company-тай хамтран ажиллахаар болсон аж.
5. уран зөгнөлт- somewhere beyond the sea
Зохиолчийн тухай
Т.Ж. Клуни бол сэтгэл татам, дулаан уур амьсгалтай уран зөгнөлт болон романтик зохиолоороо нэрд гарсан зохиолч бөгөөд The House in the Cerulean Sea and Under the Whispering Door, Klune's stories зэрэг бүтээлүүдээрээ алдартай тэрээр гэр бүл, өөрийгөө танин мэдэх, нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх зэрэг гүн гүнзгий сэдвүүдийг хошин өнгө аястай хослуулан өгүүлдэгээрээ алдартай.
Уг номын өмнөх дэвтэр болох The House in the Cerulean Sea нь уншигчдын талархлыг ихээхэн хүртэж, гэр бүлийн сэдэвтэй уран зөгнөлт зохиолын төрөлд уншигчдын хайртай зохиолуудын эгнээнд зүй ёсоор багтаж орсон юм.
Үйл явдал
Ид шидийн хүүхдүүдийн асуудал хариуцсан хэлтэст хянан шалгах ажилтан Линус нэгэн өдөр Марсиас арал дахь асрамжийн газарт шалгалт хийх хачирхалтай даалгавар хүлээн авна.Тэрхүү асрамжийн газарт нэг гном, нэг шидэт хүн, нэг виверн, үл таних ногоон хэлбэртэй биет, хувирдаг Помераниан нохой, мөн Антихрист гээд хачирхалтай зургаан хүүхэд амьдрахын сацуу хүүхдүүдээс гадна энэ арал өөр олон нууцыг агуулдаг. Тэдний асран хамгаалагч нь сэтгэл татам, нууцлаг Артур Парнасус бөгөөд тэрээр хүүхдүүдээ хамгаалахын тулд юу ч хийхэд бэлэн нэгэн юм.
Цувралын шинэ дэвтэр Артурын өнгөрсөн хар бараан дурсамж болон асрамжийн газар шинээр ирсэн, өөрийгөө “мангас” хэмээн нэрлэх хүүгийн түүх дээр илүү төвлөрсөн ажээ.
6. шинжлэх ухааны уран зөгнөлт-the ministry of time
Зохиолчийн тухай
Калиан Брэдли нь Лондонд амьдардаг, Британи-Камбож гаралтай зохиолч, редактор юм. Түүний богино өгүүллэгүүд Somesuch Stories, The Willowherb Review, Electric Literature, Catapult, Extra Teeth зэрэг нэр хүндтэй хэвлэлд нийтлэгдсэн байдаг. Тэрээр 2022 онд Harper’s Bazaar болон V.S. Pritchett-ийн Богино өгүүллэгийн шагналыг (Short Story Prize) хүртсэн юм.
Үйл явдал
Ойрын ирээдүйд нэгэн төрийн албан хаагч мөрөөдлийнхөө цалинтай ажилд орно. Гэвч түүний ажиллах төсөл нь жир бус төсөл юм. Тодруулбал, саяхан байгуулагдсан Засгийн газар түүхийн янз бүрийн үеэс "цаг хугацааны цөллөгт" орсон хүмүүсийг цуглуулж, цаг хугацаагаар аялах нь хүний бие болон орон зай-цаг хугацааны бүтцэд хэрхэн нөлөөлөхийг судлах зорилго тавьжээ.
Тэрээр энэ төсөлд “гүүр” буюу холбоосын үүрэг хүлээн авч, 1847 эсвэл Командлагч Грэхам Гор хэмээх цөллөгт орсон хүнийг ажиглаж, туслан, хамт амьдрах даалгавар авдаг. Түүхийн баримтаар бол Командлагч Гор 1845 онд Жон Франклины Арктик дахь азгүй экспедицийн үеэр нас барсан гэж тооцогддог тул орчин үеийн "угаалгын машин", "Spotify", "Британийн эзэнт гүрний уналт" зэрэг хачирхалтай ойлголтууд дунд ганц бие эмэгтэйтэй хамт амьдрах нь түүнийг багагүй төөрөгдөлд оруулна.
Дараагийн нэг жилийн хугацаанд анхандаа ажил хэргийн харилцаатай, өрөөний хамтрагчид гэж бодож байсан тэдний хоорондох харилцаа нь аажмаар гүнзгий харилцаа болон хувирснаар үйл явдал улам ээдрээтэй болох аж.
7. АЙМШИГ- you like it darker
Зохиолчийн тухай
"Аймшгийн өгүүллэгийн хаан” хэмээн алдаршсан Стивен Кинг орчин үеийн утга зохиолын хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг юм. 1947 онд Америкийн Мэйн мужийн Портленд хотод төрсөн Кингийн бүтээлүүд ихэвчлэн этгээд, аймшгийн, нууцлаг өнгө аястай бичигдсэн байдаг. Карьерынхаа туршид 60 гаруй роман, 200 гаруй богино өгүүллэг бичсэн Кингийн ихэнх зохиол кино, телевизийн цуврал болж дэлгэцнээ амилсан билээ.
Үйл явдал
"Та илүү харанхуйг хүсэж байна уу? Болно, би ч бас," хэмээн Стивен Кинг энэ гайхалтай, арван хоёр өгүүллэгээс бүрдсэн шинэ түүвэр номын дараах үгэндээ бичсэн байдаг. Амьдралын хамгийн харанхуй хэсгүүдийг бэлгэдлийн болон бодит утгаар нь гүн гүнзгий өгүүлсэн хэмээн зохиолчийн өөрийнх нь дүгнэсэн энэхүү өгүүллэгийн түүвэр аймшгийн зохиолын хорхойтон болон Кингийн шүтэн бишрэгчдийг хором ч уйдаахгүй нь лавтай.
Түүний энэхүү түүвэр нь романуудынх нь адил сэдэв агуулгын хувьд гүнзгий бөгөөд уншигчдад мартагдашгүй, сэтгэл татам мэдрэмж төрүүлэхүйц хэмээн Goodreads-ийн уншигчдын зүгээс эерэг үнэлгээг өгчээ.
8. баримтат- the anxious generation
Зохиолчийн тухай
Жонатан Хайдт нь Нью-Йоркын Их Сургуулийн Стерний Бизнесийн Сургуулийн ёс зүйн манлайллын профессор юм. Тэрээр 1992 онд Пенсильванийн Их Сургуулиас нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалж, Виржиниагийн Их Сургуульд арван зургаан жил багшилсан туршлагатай.
Түүний судалгаа ёс суртахуун, улс төрийн сэтгэл зүйд төвлөрдөг ба энэ талаар The Righteous Mind номондоо дэлгэрэнгүй өгүүлсэн. Түүний хамгийн сүүлийн бүтээл болох The Anxious Generation нь The Coddling of the American Mind (Грег Лукьяновтой хамтран бичсэн)-д дурдсан сэдвүүдийн шууд үргэлжлэл юм.
Гол санаа
#1 Нью-Йорк Таймс бестселлер • 2024 оны Wall Street Journal-ийн шилдэг 10 номын нэг • Washington Post-ийн онцлох ном • New York Times-ийн онцлох ном • Goodreads Choice Award-ийн шилдэг уран зохиол бус ном
2010-аад оны эхээр өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд тогтвортой байсан ч тэр үеэс огцом уналтанд оржээ. Гутрал, түгшүүр, өөрийгөө гэмтээх байдал, амиа хорлох тохиолдлуудын тоо огцом нэмэгдэж, олон үзүүлэлтээр хоёр дахин өссөн байна. Нөхцөл байдал чухам яагаад ийм хэмжээнд хүртэл хүндрэв? Үүнд нөлөөлсөн шалтгаанууд юу вэ?
The Anxious Generation бүтээлдээ нийгмийн сэтгэл зүйч Жонатан Хайдт өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийн цар тахал тэдэнд хэрхэн нөлөөлсөн тухай бодит баримтуудыг дэлгэн тавьжээ. Тэрээр хүүхдийн хөгжилд тоглох болон бие даан судлах явдал ямар чухал болохыг тайлбарлаж, эдгээр үйл ажиллагаа хүүхдийг чадварлаг, амжилттай насанд хүрэгч болгоход чухал үүрэгтэйг харуулсан юм.
Тодруулбал, номын эхний бүлгүүддээ "тоглоомоор хөгжих хүүхэд нас" хэрхэн 1980-аад оноос эхлэн аажмаар уналтанд орж, 2010-аад оны эхэн үед "утасанд суурилсан хүүхэд нас"-аар солигдсон тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Цаашилбал хүүхдийн нийгмийн болон мэдрэлийн хөгжилд энэ "суурь өөрчлөлт" хэрхэн саад учруулсныг нойрны дутагдал, анхаарал сарних байдал, донтолт, ганцаардал, нийгмийн халдвар, харьцуулалт, төгс төгөлдөрт тэмүүлэх хүсэл гэх мэт олон талт механизмаар тайлбарладаг.
Мөн нийгмийн сүлжээ яагаад охидод илүү их хохирол учруулдаг, харин хөвгүүд яагаад бодит ертөнцөөс татгалзан виртуал орчинд автаж, үүний үр дагавар нь тэдний хувьд төдийгүй гэр бүл, нийгэмд хэрхэн гамшиг авчирч байгааг эцэг эхчүүдэд тун ойлгомжтой байдлаар тайлбарласан нь орчин цагийн уншигчдын зайлшгүй унших ёстой номын жагсаалтад тус бүтээлийг багтаах шалтгаан болсон юм.
9. намтар- the third gilmore girl
Үйл явдал
Тонигийн шагналт жүжигчин Келли Бишопын энэ илэн далангүй, сэтгэл татам дурдатгал ном нь түүний A Chorus Line, Dirty Dancing, Gilmore Girls болон бусад алдартай бүтээлүүдээр дамжуулан зургаан арван туршид хуримтлуулсан гайхалтай амьдралыг өгүүлдэг.
Келли Бишопын урт удаан, түүхэн карьерыг тодорхойлох гол амжилтуудын нэг нь A Chorus Line-ийн эхний бүрэлдэхүүнд бүтээсэн дүрээрээ Тонигийн шагнал хүртсэн явдал юм. Мөн тэрээр Dirty Dancing кинонд Женнифер Грэйгийн эхийн дүрийг гайхалтайгаар амилуулсан. Харин түүний нэрийг мөнхөлсөн дүр бол орчин үеийн сонгодог бүтээл болсон Гилморын охид цувралын Эмили Гилмортын дүр юм.
Харин Бишоп энэхүү намтараараа дамжуулан бүжгээс жүжиг рүү шилжсэн уран бүтээлчийн замнал, мөрийтэй тоглоомонд донтсон нөхөртэй гэрлэсэн амьдрал, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцэлд оролцсон туршлага, хорт хавдраар хоёр дахь нөхрөө алдсан хүнд хэцүү үе зэрэг амьдралынхаа хамгийн дурсамжтай түүхүүдийг өгүүлжээ.
10. түүхэн- the bookshop: a history of the american bookstore
Зохиолчийн тухай
Эван Фрисс нь хотын амьдрал, тээврийн түүхээр мэргэшсэн түүхч, зохиолч юм. Тэрээр Жэймс Мадисоны Их сургуулийн түүхийн тэнхимийн дэд профессор бөгөөд The Cycling City: Bicycles and Urban America in the 19th Century бүтээлдээ Америкийн хотуудын хөгжилд дугуй хэрхэн нөлөөлсөн тухай сонирхолтой түүхийг өгүүлсэн байдаг.
Гол санаа
Америкийн номын дэлгүүрүүдийн түүхийг хайр татам, сонирхолтой байдлаар өгүүлсэн энэхүү бүтээл нь эдгээр дэлгүүрүүдийн Америкийн соёлын амьдралд гүйцэтгэсэн чухал үүргийг харуулжээ. Номын дэлгүүр бол жирийн худалдааны газар бус уншигчид, зохиолчдыг хөгжүүлэхийн сацуу бидний үзэл санаанд нөлөөлж ирсэн онцгой орон зай юм.
Эван Фриссийн уг бүтээл аман түүх, архивын баримт, хотын бичиг баримт, өдрийн тэмдэглэл, захидал, алдартай номын худалдаачидтай хийсэн ярилцлагад үндэслэн номын дэлгүүрийн тухай гайхамшигтай түүхийг өгүүлснээрээ онцлог. Түүх нь Бенжамин Франклиний Филадельфиад нээсэн анхны номын дэлгүүрээс эхэлж, The Strand, Чикагогийн Marshall Field & Company, Gotham Book Mart, Оскар Уайлд болон Drum and Spear зэрэг тусгай дэлгүүрүүд, гудамжны хуучин номын худалдаачид, Barnes & Noble, Amazon Books, Parnassus зэрэг алдартай номын худалдаачдаар дамжин өрнөнө.
Түүнчлэн, Америкийн номын худалдааны түүхэн дэх онцгой дүрүүд, мөн хоёр зууны туршид номыг хэрхэн борлуулж ирсэн тухай өгүүлэх аж. Жишээлбэл, 1944 онд Marshall Field’s дэлгүүрт гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцсон 1,300 кг жинтэй зааны тухай сонирхолтой түүх ч багтжээ.