Юун түрүүнд уншигч танд гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье. Шинийн дөрөвний бэлгэт сайн энэ өдөр “Номын тухай” булангаараа онцлох ном нь олон талаараа монголчууд бидэнтэй холбоотой. Учир нь соёл иргэншил, худалдаа наймаа, дайн дажин гээд хүн төрөлхтний түүх бол тэр чигтээ адууны түүх гэхэд хилсдэхгүй. Харин адуу, хүн хоёрын харилцаа, түүхийн тухай монголчуудгүй хүүрнэх боломжгүй юм.
АНУ-ын “University of Colorado-Boulder” сургуулийн туслах профессор, доктор Вилльям Т.Тэйлор нь хүн төрөлхтний адууг гаршуулсан түүхийг голчлон судалдаг археологич бөгөөд “University of New Mexico” сургуульд эртний монгол адууны соёлын тухай судалгааны ажлаараа доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан нэгэн. “Туурайн төвөргөөн: Адуу хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нь” бүтээл нь түүний анхны ном бөгөөд 2024 оны наймдугаар сард Калифорниагийн Их сургуулийн дэргэдэх хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Харин тус бүтээлийг энэ сард Монсудар хэвлэлийн газраас Цагаан сарын босгон дээр монгол хэлнээ орчуулан уншигчдын хүртээл болголоо.

Сонирхуулахад, гал морин жилийг угтан манай улстай нэгэн зэрэг Өмнөд Солонгосын "Saramin Press" хэвлэлийн газар мөн орчуулан гаргаж буй гэнэ.
Номын тухай
Номын зохиогч өөрийн Хойд Америкийн өргөн уудам нутгаас эхлээд Хималайн нуруу, Монголын их тал, Төв Азийн өндөрлөг хүртэлх адууны соёл, түүхийн мөрөөр мөшгөсөн олон жилийн судалгаагаа нэгтгэн тус бүтээлээ туурвижээ. Уг номыг “The New York Times” сонин “Туурайн төвөргөөн ном уншигчдыг өвсний толгойноос ч түүхийн ээдрээг олж харахад хөтөлнө… Тэйлор мэргэжлийн өндөр түвшний хэр нь эгэл уншигчдыг ч залхаамгүй ховорхон бүтээлийг туурвижээ” хэмээн магтан сайшаасан байна.

“Туурайн төвөргөөн” ном нь адууг гагц уналга төдий бус, харин биотехнологи, дайн тулааны стратеги, соёлын хийгээд эдийн засгийн эргэлтийн гол зангилаа болж, хэрхэн нийгэмд тэгш бус байдлыг үүсэхэд голчлон нөлөөлсөн тухай өгүүлнэ. Түүнчлэн өнөөгийн бидний амьдарч буй дэлхий ертөнц, мөн монголчууд бидний бахархал болсон “Их Монгол Улс” бүрэлдэн тогтоход адууны гүйцэтгэсэн үүрэг оролцоог дэлгэрэнгүй өгүүлээд зогсохгүй, бүтэн дөрвөн мянганы түүхийг дэлгэн харуулна. Ташрамд дурдахад, уг бүтээл хэвлэгдсэн даруйдаа “University of Colorado Bounder” сургуулиас олгодог “Eugene M. Kayden Book Award” шагналыг хүртжээ.
Зохиолчийн тухай
Доктор Вилльям Т.Тэйлорын нь дээр дурдсанчлан “University of New Mexico” сургуульд эртний монгол адууны соёлын тухай судалгаагаараа докторын зэрэг хамгаалж, түүгээрээ тус сургуулийн судалгааны ажилд олгодог дээд шагнал болох “Popejoy” шагналыг хүртэж байсан нэгэн юм. Мөн тэрээр өмнө нь “The Guardian”-аас эхлээд “National Geographic” хүртэл дэлхийн томоохон хэвлэлүүдэд Монголын нүүдэлчин аж ахуйн тухай нийтлэл, өгүүллүүд хэвлүүлж байснаас гадна судалгааны бүтээлүүдээрээ 2023 онд “American Association for the Advancement of Science” нийгэмлэгээс олгодог “Newcomb Cleveland” шагналыг хүртэж байжээ.
Нийтлэлүүд: "Horses Had Dentists 3,000 Years Ago"
"Archaeology sheds light on Mongolia’s uncertain nomadic future"

Харин өдгөө “University of Colorado-Boulder” сургуулийн туслах профессор болон тус сургуулийн археологийн музейн эрхлэгчийн албыг зэрэг хашиж буй аж. Сонирхуулахад, тэрээр “TED-Ed”-д “Хэрхэн монголчууд адууг ашиглан эзэнт гүрэн цогцлоосон бэ” (How the Mongols used horses to create an empire) нэрт танин мэдэхүйн бичлэг ч нийтлүүлсэн байдаг.
Яагаад унших вэ?
Тус ном нь адууны дөрвөн туурайг бэлгэдсэн дөрвөн бүлгээс бүрдэнэ. Бүлэг бүр нь дотроо дэд бүлэгтэй. Дэд бүлэг бүр дотроо богино богино дэд гарчгуудаас бүрдэх бөгөөд товчдоо бүтцийн хувьд түүхч, зохиогч Юваль Ной Хараригийн “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” бүтээлийг санагдуулам.
Номын эхний бүлэгт хүн, адуу хоёрын хамгийн анхдагч харилцаа болох “ан, анчин”-ы түүхийг өгүүлнэ. Тэрчлэн адууны гарал үүсэл, тархалт суурьшил болоод хүн төрөлхтөн уг амьтныг гаршуулж эхлэхэд хөшүүрэг болсон анхдагч ул мөр, баримтын тухай бичжээ. Харин удаах бүлэгт археологийн олдвор, шинжлэх ухааны сүүлийн үеийн нээлтүүдэд тулгуурлан хүн төрөлхтөн адууг хэрхэн жинхэнээсээ гаршуулж эхэлсэн тухай хүүрнэх бол гурав дахь “туурай”-ндаа гагц Их Монгол Улсаар тогтохгүй, Евроазид хүчирхэгжин өндийсөн олон эзэнт гүрэнд, тэдгээрийн эдийн засаг, соёл, худалдаа арилжааны түүхийг уудлах нь уншигчид уйдах зав олгохгүй. Мөн хүн төрөлхтөн адууг тэргэнд хөллөх бус, шууд нуруун дээр нь мордох болсноор түүхийн зам хааш “огцом” эргэснийг тус бүлгээс олж мэднэ.
Улмаар дөрөв дэх буюу номын сүүлийн бүлэгт адуу хэрхэн Викингүүдийн хамт далай тэнгисийг давж явсан тухай болон аж үйлдвэрийн хувьсгалын улмаас тоо толгой, хүний нийгэм дэх үүрэг оролцоо нь хумигдсан талаар өгүүлнэ. Үүнээс гадна, номын үг хэллэг, нэр томьёо нь төдийлөн хүнд бус агаад уншихад ч түүх, археологи, биологи, антропологийн олон талын мэдлэг харьцангуй бага шаардагдана. Дээр нь Хангай нуруунаас эхлээд Монголын тал нутгийн тухай өргөн хүрээнд өгүүлэх тул монгол уншигч нарт ойлгоход бүр ч хялбар санагдана. Номд дурдагдсан нэгэн сонирхолтой баримтыг энд хуваалцахад, Чингис хааны үед Монголд нийт 10 сая орчим адуу байсан нь тухайн цагтаа дэлхийн нийт адууны тэн хагастай тэнцэх тоо хэмжээ гэнэ.
Хэнд санал болгох вэ?
Олон мянганы турш нүүдэллэн аж төрж ирсэн монголчууд бид зохиогчийн тодорхойлж буйгаар дэлхий дээрх адууны хамгийн сүүлчийн, жинхэнэ өв соёлыг тээж буй ард түмэн ажээ. Хэдий тийм боловч асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ зууны залуус бид өөрсдийн түүхийн “амьд гэрч” болсон адуугаа хэр мэдэх билээ гэдэг асуулт тус номын хойно эрхгүй төрнө.
Иймд түүхийн ном зохиол сонирхдог залуу хүн бүрийн заавал унших ёстой бүтээлийн нэгээр “Туурайн төвөргөөн: Адуу хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн нь” номыг нэрлэхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ. Гарч буй гал морин жилдээ адууны тухай мэдлэгээ зузаатгаж, түүхийг бас нэгэн сонирхолтой өнцгөөс харж үзэхийг хүсвэл эл номыг дэлгээд үзээрэй.

Сэтгэгдэл бичих

