“Номын тухай” буланд маань өнөөдөр тун сонирхолтой “зочин” оролцож байна. Энэ ном тэртээ 1981 онд англи хэлээр бичигдсэн (орчуулагдсан) бүтээлд олгодог утга зохиолын нэр хүндэт шагнал болох “Бүүкэр” буюу “Booker Prize”-ийн эзэн болоод зогсохгүй, 1993 онд “Бүүкэрийн Бүүкэр” (Booker of Bookers), 2008 онд “Хамгийн шилдэг Бүүкэрийн шагналт зохиол” (Best of the Booker) гэх нэр хүндийн хоёр шагналыг тус тус хүртсэн юм. Уг хоёр шагналыг Бүүкэрийн 25 болон 40 жилийн ойгоор зохион байгуулсан бөгөөд 1993 онд шүүгчдийн дүнгээр, 2008 онд уншигчдын саналаар Энэтхэг-Английн зохиолч Салман Рушдигийн “Шөнө дундын хүүхдүүд” романыг шалгаруулсан байдаг.   

Уншигч танд XX зууны хоёрдугаар хагасаас тодрон гарч ирсэн “Цагаачлалын уран зохиол” буюу “Migrant Literature” хэмээх уран зохиолын төрлийн томоохон төлөөлөгч, “Бүүкэрийн Дархан аварга” гэхэд хилсдэхгүй “Шөнө дундын хүүхдүүд” номын тухай тоймлон хүргэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Мөн эл чухал бүтээлийг монгол уншигчдадаа орчуулан хүргэсэн Чимээ хэвлэлийн газрын хамт олонд талархаж буйгаа энэ ташрамд илэрхийлье.  

(Жич: тус нийтлэлд онцолж буй эшлэлүүдийг Чимээ хэвлэлийн газрын орчуулгаас авч ашиглаагүй болно)

Зохиолчийн тухай

Зохиолч Салман Рушди нь олон талаараа тун сонирхолтой уран бүтээлч. Тэртээ 1947 онд Энэтхэгийн Бомбей хотод төрсөн тэрээр 17 насандаа Их Британийн иргэн болоод 69 насандаа АНУ-ын давхар иргэншил авсан байдаг. Зар сурталчилгааны бичээчээр олон жил ажилласан залуу Салман 28 насандаа “Grimus” нэрт анхны романаа хэвлүүлснээр уран зохиолын ертөнцөд хөл тавьжээ. Гэвч тус зохиол шүүмжлэгч, судлаачдаас хатуу шүүмж сонссоны дээр борлуулалтын хувьд ч алдагдал хүлээсэн байна. Уг үйл явдлаас зургаан жилийн дараа тэрээр хоёр дахь романаа хэвлүүлсэн нь алдарт “Шөнө дундын хүүхдүүд” байв.

“Шөнө дундын хүүхдүүд” романы гэнэтийн амжилтын дараа зохиолч зар сурталчилгааны ажлаасаа гарахаар өргөдлөө бичиж өгсөнд дарга нь, “Цалингаа нэмүүлэх юм уу?” гэж асуугаад түүнийг, “Үгүй ээ, би ажлаасаа гараад зохиолоо л бичиж амьдрах бодолтой байгаа” гэсэнд, “Аан, чи тэгвэл цалингаа бүр дорвитой нэмүүлмээр байгаа юм байна шүү дээ” гэсэн гэдэг. Хожим түүнийг Бүүкэрийн эзэн болоход эл дарга нь шуудангаар “Бидний дотроос нэг нь ч атугай чадлаа шүү дээ” хэмээн бичсэн гэж зохиолч 2006 оны номынхоо өмнөтгөлд дурсжээ.


зургийг: CNN

Салман Рушди “Шөнө дундын хүүхдүүд”-ийнхээ дараа “Ичгүүр” (Shame) нэрт гурав дахь романаа туурвисан бол дөрөв дэх бүтээлээрээ дэлхий дахиныг шуугиулж, бүтэн 12 жилийн турш Британийн Засгийн газрын хамгаалалтад амьдрах болсон юм. Учир нь түүний дөрөв дэх роман, “Сатаны шад” (The Satanic Verses) бүтээл Исламын шашин болоод зөнч Мухамедыг ёс бус дүрслэн харуулсан хэмээгдэн улмаар Ираны удирдагч зохиолчид ба тус номд оролцсон бүх хүмүүст цаазын ял оноосон байдаг. Ийнхүү тус ном дэлхийн хорь гаруй оронд албан ёсоор хориглогджээ. Түүнчлэн, уг номыг япон хэл рүү орчуулсан орчуулагч учир битүүлгээр амиа алдсан бол бусад хэлний орчуулагч нарын ч амь нас заналхийлэлд өртсөн байна.

Мөн тэрээр 2022 онд Нью-Йорк хотод уран зохиолын уулзалтад оролцох үеэрээ хутгалуулж баруун нүднийхээ харааг алдсан нь дэлхий дахиныг шуугиулж байв. Зохиолч эл дурсамжаараа “Хутга” нэрт дурдгатал бичсэн бөгөөд тус номыг манайд 2024 онд Болор судар хэвлэлийн газар орчуулан гаргасан билээ.

2008 онд Британийн The Times сонин зохиолч Салман Рушдиг 1945 оноос хойших дотоодын шилдэг 50 зохиолчийн нэгээр тодруулж байсан бол 2023 онд Америкийн Time сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтдаа багтааж байжээ.



Номын тухай

Зохиолчийн өөрийн дурсан бичсэнээр, “Зар сурталчилгааны бичээчийн ажил надад сахилга бат суулгасан. Ерөөс урдах ажлаа цаг тухайд нь дуусгаж байх дадлыг би тэндээс сурсан бөгөөд түүнээс хойш бичих гэдэг миний хувьд хийх л ёстой ажил болж хувиран, аль болох өөрийгөө уран бүтээлч гэх сүртэй тодотголоос хөндийрүүлэхийг хичээх болсон. Тэр жил би Ogilvy-гийн ажлын ширээнийхээ ард суугаад шинэ романыхаа нэрийг бодон ихэд сэтгэл түгшиж байсан сан. Бүр тун яаралтай, мөнхүү чухал ажлуудаа хойш тавин байж романыхаа нэрийг бодож билээ.

Тэгээд хоёр нэрийн өмнө яах ч аргагүй гацсан юм даг. Тэр хоёр нь “Midnight’s children” (“Шөнө дунд”-аа тодотгож буй нэр), “Children of Midnight” (Шөнө дунд төрсөн хүүхдүүд гэх утга бүхий төвийг сахисан нэр) байв. Энэ хоёр нэрээ бичгийн машинд дахин дахин шивж харсаар эцэст нь “Midnight’s children” гэдгээр тогтсон юм. Номынхоо нэрийг олж байж л ямар ном бичих гээд буйгаа ойлгож, улмаар бичихэд ч ялимгүй амар болсон доо.” гэжээ.



“Шөнө дундын хүүхдүүд” номд 1947 оны наймдугаар сарын 15-ны шөнө дунд буюу Энэтхэг Улс Их Британиас тусгаар тогтносон яг тэр мөчид төрсөн Салийм Синайн түүхийг өгүүлнэ. Мөн гагц түүгээр ч зогсохгүй, тус улсын тусгаар тогтнолын эхний цагт төрсөн 1001 хүүхдийн тухай тун ээдрээтэй үйл явдлыг дэлгэн харуулна. Учир нь тэдгээр хүүхдүүд тус бүр ямар нэгэн ер бусын чадвартай төрсөн байх болно. Түүнчлэн романы үйл явдал Энэтхэг-Пакистаны дайн, Энэтхэгийн удирдагч Индира Гандийн бодлогоос эхлээд улс төрийн болон түүхийн олон нугачааг хамруулан өрнөх агаад зохиолын гол дүр Салийм Синайн өвөөгийн амьдралаас энэ бүх түүх эхэлнэ.

Зохиол нийт гурван дэвтрээс бүрдэх бөгөөд 30 бүлэгтэй. Мөн зохиолыг гол дүр Салийм өөрөө өгүүлэх бөгөөд зарим тохиолдолд тун чиг инээд наргиантай, ёж хошин үг хэллэгтэйг нь дурдууштай. Мөн зохиолч өөрийн эцэг эх, хуурай эмээ, дүү, найз нөхөд, тэр ч бүү хэл анхны найз охиныхоо ургийн овгийг ашиглан номдоо дүр болгон оруулсан гэдгээрээ онцлогтой.



Яагаад унших вэ?


Зохиолчийн өөрийнх нь дурсан бичсэнээр Энэтхэгт уншигчид тус зохиолын үйл явдлыг тун реалист буюу бодит хэмээн үзсэн бол Өрнөд харин эсрэгээрээ “фантази” зохиол гэж хүлээн авах нь түгээмэл байсан гэнэ. Үүний цаана нэгэн шалтгаан буй нь уг бүтээл “шидэт-реализм” хэмээх утга зохиолын нэгэн зүйл төрөл жанраар бичигдсэнд оршино. Түүнчлэн тус зохиолд хүн төрөлхтний уран зохиолын түүхэн дэх сод туурвил болох “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ээс үүдсэн олон ёгт өгүүлэмж, санаа бийн сацуу Бангладеш улсын салан тусгаарлалт болон дээр өгүүлсэн Индира Гандигийн удирдлагыг уран зохиолын хэлээр тун гарамгай дэлгэн харуулсан тул одоог хүртэл колоничлолын дараах үеийн уран зохиолын хамгийн суут бүтээлийн нэгд зүй ёсоор тооцогддог.



Зохиолч Салман Рушди колоничлолын дараах үеийн болон цагаачлалын уран зохиол, мөн шидэт реализм зэрэг тун “хүчтэй” агаад өвөрмөц бичгийн төрлийг хослуулж, үндэстнийхээ ялгарал, эмзэглэлийг нарийн мэдэрч бичиж чадсан нь түүний өөрийн хувийн амьдралтай ч холбоотой. Энэтхэгт, хожим Их Британид боловсрол эзэмшсэн тэрээр англи хэлээр эл бүтээлээ туурвихдаа үндэснийхээ ардын аман зохиол, гэр бүлийн ёс уламжлал, шашин шүтлэг, хоолны соёлыг чөлөөтэй ашиглаж дэлхий дахинд урьд хожид огт үзэгдээгүй онц сонин түүхийг цааснаа буулгажээ. Тэрээр нэгэнтээ, “Үнэнийг хэлэхэд би маш олон хэрэггүй зохиол бичсэн. Миний бага залуудаа бичсэн зохиолууд нэг л бүтэл олж өгөхгүй байсны цаад шалгаан нь би нэг өөр соёлд төрж өссөн хэр нь тэс өөр соёлд аж төрөөд, тухайн хоёр соёлтой өөрийгөө чухам хэрхэн холбогдож буйгаа ойлгоогүйд байсан юм.” гэсэн байдаг.

“Шөнө дундын хүүхдүүд” номыг АНУ-ын New York Review of Books сэтгүүл, “Энэ эрин үед англи хэлт ертөнцөөс төрөн гарсан хамгийн чухал, нөлөө бүхий номын нэг.” хэмээн үнэлсэн бол The New York Times сонинд, “Энэтхэгийн уран зохиолын хил хязгаарыг ахин шинээр татсан бүтээл… “Шөнө дундын хүүхдүүд” номоор нэгэн тив өөрийн гэсэн дуу хоолойгоо олжээ.” гэж шагшин магтжээ.



Уншигчийн сэтгэгдэл

Тус номыг эх англи хэлээр болон монгол орчуулгаар харьцуулан уншиж үзсэний хувьд англи хэлэн дэх үгийн өргөн сонголтод нь бага зэрэг түүртэн, монгол хэлний орчуулгын найруулгад нь өчүүхэн будилсаар дуусгалаа. Хэдийгээр энэ мэт тун хүнд бэрх, ширэнгэн ой адил номыг орчуулан хөрвүүлнэ гэдэг орчуулагч хүний шандсыг сорьсон ажил ч гэлээ, монгол хэл дээрх найруулга нь бага зэрэг ойлгомж муутай, өгүүлбэрийн уран ярууд хэт төвлөрсөн мэт санагдсаныг энд дурдъюу гэж бодлоо.



Зохиолын хувьд зохиолчийн Г.Г.Маркесийн алдарт “Зуун жилийн ганцаардал” романд “сэтгэл алдарсан” гэдгийг нь илэрхий харж болохуйц байв. Үүнд ганцхан жишээ дурдахад тус зохиол үйл явдлын асар тасалдангуй өгүүлэмжтэй бөгөөд цаг хугацааны хувьд өнгөрсөн ба ирээдүй рүү түргэн түргэн шилждэг: тэгэхдээ “Олон жилийн хойно” гэх үг хэд хэд давтагдсан нь Г.Г.Маркесийн бичлэгийн хэв маягийг санагдуулна. Ташрамд дурдахад, “Зуун жилийн ганцаардал” бүтээлд “Олон жилийн хойно” гэх үг нийт 20 удаа (“Many years later, Years later” хоёрыг хамтатгасан тоо) давтагддаг байна. Түүнчлэн, Г.Г.Маркесийн романд “хойно, хожим, дараа нь” гэх үг нийт 83 удаа давтагддаг агаад сарын дараа, долоо хоногийн дараа зэрэг үг тус бүр арав гаруй удаа хэрэглэгдсэн байдгийн адил С.Рушдигийн зохиол ч мөн эл бичиглэлийн онцлогийг ашигласан нь анхаарал татна.

Ингээд далайн усанд ормогцоо хүйсээ солих чадвартай хүүхдээс эхлээд олон ид шидийн үйл явдлыг чадварлаг, утга төгөлдөр хоршуулан орчин үеийн шидэт реализмын гарамгай бүтээл болж чадсан “Шөнө дундын хүүхдүүд” бүтээлийг уншигч танд заавал унших ном хэмээн санал болгоод энэ удаагийн нийтлэлээ жаргаая.