Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд болох 36 дахь удаагийн "Номын баяр"-ыг угтан манай редакц тэр дундаа манай зочид энэхүү 36 номыг санал болгож байна. 

 1. Д.Ганзориг, “Unread Media”-ийн Хамтран үүсгэн байгуулагч


Миний намтар-Бэнжамин Фрэнклин

“Хүнтэй харилцах, сурч хөгжих, бусадтай хамтрах тал дээр олон зүйлд сургахын зэрэгцээ АНУ гэдэг агуу улс яаж үүсэж бий болсон талаар даамай ойлголт өгөх бүтээл.”

2. Г.БАДАМСАМБУУ, СЭТГҮҮЛЧ, ЗОХИОЛЧ, СУДЛААЧ

Жонатан Лингвстон хэмээх цахлай-Ричард Бах

“Өөрийгөө бусдаас үзэсгэлэнтэй, бусдаас хурдан, бусдаас уран, бусдын хийгээгүйг хийх хүсэл эрмэлзэлтэй, ер бусын гэж итгэдэг нэгэн цахлайн тухай ер бусын романтик түүх.”

3. Б.Дөлгөөн, “Дэвшилтэт бодлогын хүрээлэн”-ийн Захирал

Will to Power-Фридрих Ницше

“Өдөр өдрийн бэсрэг сонголтууд ирээдүйг тодорхойлохын сацуу амжилтад хүрэхэд асар их оюуны болон биеийн хүч, сэтгэлийн тэнхээ, хичээл зүтгэл хэрэгтэйг ойлгуулсан бүтээл.”

4. МӨ.БАТБАЯР, “ТАГТАА ПАБЛИШИНГ”-ИЙН ОРЧУУЛАГЧ, ЯРУУ НАЙРАГЧ

Миний Дагестан-Расул Гамзатов

“Уулын бяцхан ард түмнийхээ ахуй соёлыг ертөнцийн олон уншигчдад таниулсан уг бүтээлийг уншаад эх орон, зон олныхоо сайн сайхан, гэрэл гэгээг бусдад түгээж, таниулах юм сан хэмээх гал эрмэлзэл төрж байлаа.”

5. С.ӨНӨР, "ТАСРАЛТГҮЙ БОЛОВСРОЛЫН СУДАЛГААНЫ ИНСТИТУТ"-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Дармапада-Шагжамуни Будда

"Яруу найраг, гүн ухаан харилцан сүлэлдсэн Дармапада бол “Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна” гэх санааг Дэкартаас 2000 жилийн өмнө Будда хэлсний баталгаа юм."

6. У.БЯМБАНЯМ, НИЙТЛЭЛЧ, УРАН ЗОХИОЛ СУДЛААЧ


Хугацаан доторх хугацаа-Андрей Тарковский

“Бүтээлч байдал, сэтгэлийн хат, амьдралын эгэл төрхийг байнга сануулдаг ширээний ном.”

7. Ж.САНЧИР, СУДЛААЧ

Тооноор тольдогч сүүлт од-И.Саньцар

“Монголын түүхийг тувт л байлдан дагуулаад, мандан бадраад явсан гэдгээс арай өөр, жирийн ард иргэдийн хувь тохиолыг гайхалтай дүрсэлж чадсан зохиол.”

8. Г.ТҮВШИНЗАЯА, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА СУДЛААЧ

The Places in Between-Рори Стюарт

Ид өвлөөр банхараа хөтлөн Афганистаныг хөндлөн гулд алхсан түүний энэ түүх амьдралдаа хийсэн олон шийдвэрт маань мөрөө үлдээсээр байгааг сүүлд анзаарсан."

9.  Ц.ДЭЛГЭРМАА, ”ТАГТАА ПАБЛИШИНГ”-ИЙН ЕРӨНХИЙ РЕДАКТОР, ЯРУУ НАЙРАГЧ, ЗОХИОЛЧ 

Авга гүний эрчүүд-Гүр.Нямдорж

“Одоо бодоод байхад надад анх уран зохиолын час хийсэн амт, төсөөллийг өгч байсан зохиол бол “Авга гүний эрчүүд” номон доторх "Цочоод сэрсэн заяа" өгүүллэг юм байна.”

10. О.Жаргалсайхан, Япон судлаач, орчуулагч 

Тал нутгийн тэмдэглэл-Шиба Рёотаро

“Монгол хүний язгуур шинж, ахуй амьдралын тухай япон хүний өнцгөөс бичсэн намтар, дурсамж. Утга зохиолын орчуулга гэдэг зүйлд амьдралаа зориулсны минь утга учир болсон ном.”

11. ТОМЁ БОДЁ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР, БЛОГГЕР, ОРЧУУЛАГЧ


Философи, математик, бас бус-Ямча

Ямар нэг ном сэглэхгүй л бол тайван сууж чадахаа болсны эхлэл цэг гэвэл Ямча гэх зохиолч юм. Зохиолчийн номыг блогоороо дамжуулж хүмүүст ярьж өгсөөр сүүлдээ "Одоо юу ярьж өгөх вэ?" гэдэг зуршилтай болж, нэг мэдэхэд байнга ном уншдаг болсон.”

12. Г.Бөридэм (Burii University), Контент бүтээгч

Ад үзэгдэх зориг- Кишими Ичиро, Кога Фүмитакэ

“Энэ номыг уншсанаас хойш бусдын юу бодож байгаа талаар тэгтлээ санаагаа чилээхээ больж, хүн хоорондын харилцааг хүндээр тусгаж авахаа больсон.”

13. А.Оюунзул, “Dune” зөгнөлт зохиолын орчуулагч

Speak Memory-Владимир Набоков

Набоковын утга зохиолын лекцүүд багтсан уг дурдатгалыг уншсанаас хойш зохиолын хэв маяг, дүр зураглал, уран сэтгэмжид няхуур анхаарч, аливаа номыг өөрийн субьектив өнцгөөс ангид хөндий хэр нь шимтэн дурлаж уншдаг болсон.”

14. А.АМАРМЭНД, НИЙТЛЭЛЧ, ОРЧУУЛАГЧ

Тамирдсан нийгэм-Хан Бён Чол

“Орчин үеийн хэт хурдтай, дарамттай нийгэмд хүн нэг зүйлд удаанаар төвлөрөх чадвараа алдаж, энэ чадвар үнэ цэнгүй болж буй тухай бүтээл. Угтаа энэ чанар өнөөдрийг хүртэлх хүмүүний соёл иргэншлийг бүтээсэн шүү дээ.”

15. Б.БАТЗАЯА, ”UNREAD MEDIA”-ИЙН ХАМТРАН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ


Шөнө-Эли Визел

“Хэн нэгнийг шалтгаангүйгээр үзэн ядах, ялгаварлах үзэл хийгээд амьд үлдэхийн төлөөх тэмцэл, цөхрөлийн дунд хэрхэн хүн хүнээ байдгийг өгүүлэх энэ түүхийг уншсан хүн бүр нэгийг бодох нь дамжиггүй.”

16.  А.ДОРЖПАЛАМ, GEJ YU VE? СУВГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

The Country of White Lilies-Григорий Петров

“1920 оны Финлянд Улсын хөгжлийг орос хүн өөрийн өнцгөөс бичсэн энэхүү номыг Туркийн их шинэчлэгч М.К.Ататюрк нэгэн үед бүх иргэндээ уншихыг уриалж байсан түүхтэй.”

17. М.ДӨЛГӨӨНБАЯР, PHILOSOPHY.MN, UX АКАДЕМИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ

2*2=6 буюу Суут жаран сэтгэгч-Г.Аюурзана

“Эрэгтэй хүн гэдэг ухаантай, боловсролтой, түүхэнд нэрээ үлдээсэн, хүндлэгдэх нэгэн болох боломжтой гэдгийг 12 настайдаа энэ номыг уншсанаар ухаарсан.”

18. З.Энхмөнх, "Brainstorm Branding Agency" компанийн Бүтээлч захирал

Оройн ганц мод-Д.Оюунчимэг

Миний хувьд “Оройн ганц мод” роман нь сонирхолтой холбоос, бичиглэлийн хэлбэрээр баялаг, ерөөсөө романд байх гайхалтай шинж чанарууд бүгд туссан бүтээл гэж боддог.”

19. Н.ӨНӨРЖАРГАЛ, “BOOKS AND MOVIEHOLICS” ХУУДАСНЫ БЛОГЕР, ОРЧУУЛАГЧ

Гурван нөхөр-Эрих Мария Ремарк

“Дайн, хайр хоёр эсрэг тэсрэг мэт боловч хувь хүний болоод нийгмийн амьдралыг танигдахын аргагүй өөрчлөх шидтэй хүчнүүд болохыг өгүүлэх зохиол.”

21. Я.БАЯРАА, СУИС-ИЙН "УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ" ХӨТӨЛБӨРИЙН БАГШ, ЗОХИОЛЧ 

Хорин нэгэн хөрөг-Т.Мандир

Би юм бичиж болох юм байна, тэр дотроо яруу найргаас өөр төрлөөр бичиж болох юм байна гэсэн урам зоригийг “Хорин нэгэн хөрөг” өгсөн. Найруулга нь маш энгийн мөртлөө гайхалтай эрхэмсэг.”

21. Ж.ТЭГШЗАЯА, "НИЛ ПАБЛИШИНГ"-ИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, ОРЧУУЛАГЧ 

Хувирал-Франц Кафка, Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй-М.Кундера

Үнэхээр заавал аль нэг ном, зохиолыг онцлох ёстой гэвэл Франц Кафкагийн “Хувирал”, Борхесийн өгүүллэгүүд, Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-г нэрлэмээр байна.”

22. ИБҮКҮРО ТОМОКО, "МИХАЧИ" КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ 


Боччан-Нацүмэ Соосэки

“Соосэкийг Японы орчин үеийн уран зохиолын эцэг гэдэг. Үг, түүний дархлаа, ямар хүчтэй вэ, ямар агуу вэ гэдгийг ойлгуулснаараа амьдралд минь бодитой нөлөөлсөн хүн.”

23. Б.ТАЙВАН, “СЭХЭЭТЭН” ПОДКАСТЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ 

Морритой өнгөрүүлсэн мягмар гарагууд-Митч Альбом

Энэхүү номын ачаар аливаад хэтэрхий их яараад байсан мэдрэмж замхарч, уртаар амьсгаа аваад амсхийх завдал олдсон.”

24. Б.Батзориг, TsoilogsoZ-ийн Хамтран үүсгэн байгуулагч 

Өөрийгөө удирдахуй-Харвардын Бизнесийн тойм сэтгүүл

Өөрийгөө удирдахын тулд амьдралын зорилго, хэмжүүр үзүүлэлтүүдээс эхлээд бүх түвшинд аливааг том зургаар нь хараад дүгнэлт гаргахад тусалсан ном.”

25. Д. Амартүвшин, Комедиан

1984-Жорж Оруэлле

"Засаглал, тогтолцооны талаар өргөн мэдлэг, нарийн мэдрэмжтэйн дээр тун ч өвөрмөц хувь зохиолтой Жорж Оруэллийн уг номыг анх уншмагцаа “Дарангуйлал хэрхэн яаж ажилладаг, ямар аргаар хамгаалж авч үлддэг” талаар мэдэж авч байлаа."

26. Б.Ариунчимэг, Жүжигчин


Атаархах зүйл үгүй-Барбара Дэмик

Баримтат хэрнээ бас утга зохиолын гэдэг утгаараа хэвлэлийн мэдээ шиг ерөнхий биш, Хойд Солонгосын ард түмний дотоод сэтгэлийн өнгө төрх, мэдрэмж, хүсэл мөрөөдлийнх нь талаар маш сонирхолтой хэрнээ үнэн бичиж чадсан санагдсан. “

27. Дана, Контент бүтээгч

Космос-Карл Саган

Би ийм өчүүхэн, хорвоо дэлхий ийм уужим шүү дээ” гэдгийг мэдрүүлдэг, ширээний минь ном.”

28. П.Номинбилэг, Орчуулагч, редактор

Хөрөг-Б.Энхцэцэг

Эгэл биш хүмүүсийн эгэл бус очны ардах эгэлхэн зүрх. Сэтгүүлч Батдоржийн Энхцэцэг зүрхний гүнд хадагдтал биччихсэн юм чинь “...Холдох тусмаа гэрэлтэх”, “Зуунд ганц л мэндлэх “од” ч байлаа гэсэн эгэл үзэсгэлэнтэй бодгалиараа ой дурсамжид бичигдэнэ.”

29. Г.Тэмүүлэн, “Winner’s Course”-ийн үүсгэн байгуулагч Тэмүүлэн 

Can’t hurt me-Дэвид Гоггинс

Амьдралд нь нэг л юм дутагдаад байгаа мэт мэдрэмж төрдөг, нэг юм хиймээр байгаа ч юу хийхээ мэдэхгүй, магадгүй түүнийгээ хийж эхлэхээс айж байгаа хүмүүс уншаасай гэж хүсэх байна.”

30. Б.Бат-Амгалан, “Duuren.life” сайтын эрхлэгч 

Алтан тугал-И.Ильф, Е.Петров

“Бурангуй, харанхуй, гаднаа гяланцаг, дотроо паланцаг нийгэмд хүний хурц ухаан, эрүүл саруул хүсэл мөрөөдөл ямар тод харагддаг, гэвч эцэстээ хүчгүйдэн юу ч биш болж хувирдаг тухай гунигтай сэдвийг ер бусын хөгжилтэйгээр өгүүлсэн роман.”

31. И.Анар, “Americano Enlgish”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал 

Хүчирхэг сэтгэл зүй-Харвардын Бизнесийн тойм сэтгүүл

“Байгууллагын удирдлагын түвшинд ажиллагсад хэрхэн сэтгэл зүйгээ зохицуулах, үүгээрээ дамжуулан амжилтад хүрэх, сэтгэл зүйн техник, арга зүйг ашиглан хамтран ажиллагсаддаа нөлөөлөх талаар маш том агуулгыг хөндсөн.”

32. С.Начин, Яруу найрагч

Цул мөнгөн гүүр-Ц.Гончиг

“Ямагт яруу найрагч бай хүүрнэл зохиол дээр ч тэр гэж Нобелийн шагналт яруу найрагч Шарль Бодлер хэлсэн шиг зохиогч энэхүү номоо яруу найрагч хүн л ажиглаж авч үлдэж чадах бага насныхаа дурсамжаар сүлж бичсэн нь сэтгэлд тун нандин буусан билээ.”

33. Б.Болор-Эрдэнэ, Нийтлэлч, орчуулагч

Күсамакүра-Нацүмэ Соосэки

Нацүмэ Соосэки “Амин сүнс нь гоозүйд оршдог хаикү шиг роман нэгийг бичьюү гэж санасан юм” хэмээн, уг номоо бичсэн түүхтэй. Үнэхээр ч Күсамакүра бээр “Уулын замаар өгсөнгөө ингэж бодлоо” хэмээн эхэлдэг эхний хэдхэн өгүүлбэрээсээ эхлээд оюун санааны болоод хэл бичгийн соронзон мэт хүчээр уншигчийг олзолж, гоё сайхны мэдрэмжид автуулдгаараа алдартай.”

34. Б.Хулан, Санхүүгийн шинжээч


Орчин үеийн Монголоос илгээв-Улбар хэвлэлийн газар

Угтаа мэргэжлийн зохиолч, нийтлэлч биш сурагч, оюутан залуусын үзэл бодол, энгийн бөгөөд шулуухан гэмээр бичиглэлийн хэв маяг болон орчин цагийн Монголын аж байдлыг нэмэр хачиргүйгээр өөр өөрсдийн өнгө төрхөөр илэрхийлсэн нь уншигчийн хувьд цэвэр агаар амьсгалж буй мэт олзуурхмаар зүйл байлаа.”

35. Н.Урин, Контент бүтээгч, артист, хөгжмийн продюсер

Сиддхарта-Хэрманн Хэссэ

“Эрдэм номын мөн чанар, гэгээрэл бясалгалын арга зам, хайр дурлалын баясал болон шаналал, нөхөрлөл, гэр бүл, багш шавийн харилцаа, мөнгө бизнесийн утга учир зэрэг бараг л амьдралын хамаг чухал гэгддэг сэдвийг 130-хан хуудсанд багтаан нэг дор хамж, буддын өнцгөөс харуулсан бүтээл.”

36. Г.Буянбаатар, “Нэпко” хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал 

Justice-Майкл Сандэл

Шударга ёсны ойлголтын тухай энэхүү номд хувь хүний дотоод сэтгэл хөдлөлийн зан төлөв нь гаргаж буй шийдвэрт хэрхэн нөлөөлдөг, бусдад ямар үр дагавар үзүүлдгийг судалж, маш энгийнээр тайлбарласан байдаг.”