Манай улсын хувьд санхүүгийн зах зээлийн хамгийн том тоглогчид нь арилжааны банкнууд байдаг бөгөөд үүнээс харахад монголчууд зээл, хадгаламжаас цааш энэ зах зээлийн талаарх ойлголтгүй, мэдлэг дутуу байгааг бэлхнээ гэрчилнэ. Тиймдээ ч эдийн засагч Д.Ангар энэхүү номыг ямар ч мэргэжлийн хүн уншаад санхүүгийн зах зээлийн талаар, тэр тусмаа хөрөнгө оруулалтын талаар суурь мэдлэг, ерөнхий ойлголтыг авч, цаашлаад энэхүү зах зээлд хөл тавиасай хэмээн сийрүүлжээ.

Зохиогч уг номдоо санхүү, хөрөнгийн зах зээлээс өгсүүлээд өрийн зах зээл, хувьцааны санхүүжилт, санхүүгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шийдвэр, форексийн зах зээл гэхчлэн уншигчдыг сайн хөрөнгө оруулагч болоход чиглүүлэхэд хэрэгцээтэй бүхий л агуулгыг багтаахыг хичээжээ. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ бид уг номоос онцлох хэсгүүдийг нь тоймлон хүргэж байна.

Хөрөнгийн зах зээл хөгжсөнөөр иргэдийн хувьд ч давуу байдал бий болж өөрийн хуримтлалаа ирээдүйтэй компаниудад хөрөнгө оруулж, орлогын нэмэлт эх үүсвэртэй болох боломж нээгдэх юм.

Д.Ангар


ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хөрөнгийн зах зээл гэхээр биднээс асар хол, эсрэг ертөнцийн нэр томьёо мэт санагдаж байна уу? Бидний дунд түгээмэлд тооцогдох энэ зах зээлд зөвхөн мөнгөтэй, мэргэжлийн санхүүч, эдийн засагчдын байх газар гэх өрөөсгөл ойлголтыг засах цаг аль хэдийн иржээ. Тэгвэл хөрөнгийн зах зээл гэдэг нь худалдагч болон худалдан авагчийн үнэт цаас болох хувьцаа, бонд, сангийн нэгж эрх зэргийг арилжаалах зах зээл юм. Тус зах зээлд нэг жилээс урт хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттай үнэт цаасыг арилжаалдаг тул богино хугацаанд ашиг олохоор зорьж буй хүмүүст тийм ч тохиромжтой зах зээл биш гэсэн үг.

Хөрөнгийн зах зээлийг өрийн (бонд) болон өмчийн (хувьцаа) зах зээл хэмээн ангилдаг. Дэлхий даяар явагдаж буй нийт санхүүжилтийн хувьд авч үзвэл өрийн санхүүжилт нь хувьцааны санхүүжилтээс гурав дахин их аж. Хувьцааг Хөрөнгийн биржээр дамжин арилждаг бол өрийн санхүүжилт нь ихэвчлэн биржийн бус зах зээл дээр явагддаг онцлогтой.

Уг зах зээлтэй холбоотой шилдэг кинонууд:

  • Trading Places (1983)
  • Wall St (1987)
  • The Wolf of Wall Street (2013)



ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түүхэнд Голланд Улс хамгийн нөлөө бүхий байсан бөгөөд тус улсын Засгийн газраас бонд, өрийн бичиг гаргаж, иргэдийнхээ хуримтлалыг хөрөнгө оруулалт хэлбэрээр татаж худалдаа, үйлдвэрлэлийн төслүүд санхүүжүүлэхэд ашиглаж байжээ. Эсрэг талд англичууд хөрөнгийн зах зээлийн талаар бүрэн ойлголтгүй байсан бөгөөд цонхны (тухайн өрх хэдэн цонхтойгоосоо шалтгаалж улсдаа татвар төлөх) татвараар төрийн үйл хэргээ санхүүжүүлж байсан гэнэ.

БОНД ЗӨВ СОНГОЛТ УУ?

Зохиогч номдоо өрийн болон өмчийн санхүүжилтийн талаарх үндсэн ойлголтуудыг нэлээн сайн шигтгэж өгчээ. Юуны өмнө бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа хүүгийн хамтаар буцаан төлөхөө амлаж буй үнэт цаас юм. Бондыг улс орнуудын Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөх эсхүл томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор гаргаж, олон нийтээс мөнгө босгодог бол нөгөөтээгүүр компаниуд хөрөнгө босгох, бизнесээ өргөжүүлэх, шинэ төсөл хэрэгжүүлэхийн тулд гаргадаг байна.

Сонирхуулахад, хамгийн анхны засгийн газрын бондыг 1517 онд Голландад гаргаж байсан бол дараагаар нь Английн ЗГ-аас бонд гаргаж Францтай хийх дайны зардлыг санхүүжүүлж байжээ. Аливаа улсын Засгийн газрын бондыг эрсдэлгүй гэж авч үздэг. Учир нь тухайн бондыг төлөхийн тулд ЗГ-аас татвар нэмэгдүүлэх, мөнгө хэвлэх, дахин санхүүжүүлэх боломж нь төрд үргэлж нээлттэй байдагтай холбоотой.

Бондын хугацаа дуустал хадгалах шаардлагатай юу?

Хоёрдогч зах зээл дээр арилжаалах боломжтой. Жишээлбэл та 10 жилийн хугацаатай компанийн бонд худалдаж авсан гэж бодъё. Та 6 жил уг бондоо хадгалаад, тухайн хугацаан дахь хүү болон анх оруулсан мөнгөө бүрэн гаргаад авах боломжтой.


ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР 

Бондоос гадна хөрөнгийн зах зээлд санхүүжилт босгодог үндсэн нэг хэрэгсэд бол хувьцаа юм. Аливаа улсын Хөрөнгийн биржид тухайн улсын хамгийн том, нэр хүндтэй, өсөх ирээдүйтэй компаниуд бүртгэгдэж, хувьцаагаа мэргэжлийн хөрөнгө оруулагч болон иргэд, олон нийтэд арилждаг билээ. Хувьцаа нь хадгаламж, бондоос илүү өндөр эрсдэлтэй, тийм ч учраас өндөр өгөөж хүртэх боломжтой санхүүгийн хэрэгсэл юм. Хөрөнгө оруулагч аливаа нэгэн компанийн хувьцааг худалдан авснаар зөвхөн ашигтай ажилласан үед нь л ногдол ашиг авахыг хүлээн зөвшөөрч буй гэсэн үг.

IPO, FPO гэж юу вэ?

IPO (initial public offering) гэдэг нь ямар нэгэн компани олон нийтэд хувьцаагаа санал болгох анхны үе шат юм. Харин FPO (follow-on public offering) нь Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нэмэлтээр санхүүжилт татах зорилгоор нэмэлт хувьцаа гаргах үйл явц юм.

Энэ яриад байгаа Хөрөнгийн бирж чинь яг юу билээ?

Хөрөнгийн бирж гэдэг нь хувьцааны арилжааг зохион байгуулдаг гол талбар бөгөөд энгийнээр тайлбарлавал хувьцаа зардаг дэлгүүр юм. Хамгийн анхны Хөрөнгийн бирж Голландын Амстердам хотод байгуулагдаж байсан бол одоогоор дэлхий дээрх хамгийн нөлөө бүхий Хөрөнгийн биржүүд нь Америк, Англи, Япон, Хятад улсуудад бий.

Google Finance, Bloomberg зэрэг сайн эх сурвалжууд мэдээллээ хаанаас авдаг вэ?

Хөрөнгийн биржүүд хувьцааны арилжааны талаар шууд мэдээлэл буюу real time data-г Bloomberg, CNBC, Thomson Reuters, Google Finance зэрэг санхүүгийн мэдээллийн компаниудад бизнесийн зарчмаар нийлүүлдэг аж.


САНХҮҮГИЙН ШИНЖИЛГЭЭ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИЙДВЭР гаргалт

Хөрөнгө оруулалт нь ирээдүйн тодорхойгүй нөхцөл байдлыг таамаглаж өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт, шинжилгээ хийж санхүүгийн шийдвэр гаргах замаар өөрийн оруулсан хөрөнгөөр ирээдүйд хамгийн их ашиг хүртэл зорилго юм.

Д.Ангар


Хөрөнгө оруулалт хийхдээ анхаарах хамгийн чухал зүйл бол эрсдэлээс зайлсхийх, түүнийг тооцох, удирдах юм. Эрсдэл өндөр байх тусмаа үүнийгээ дагаад өгөөж ч өндөр байдаг. Тэглээ гээд өндөр ашгийн төлөө өөрт буй бололцоогоосоо давсан хэмжээний эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулна гэдэг буруу зүйл. Тиймээс зохиогч номынхоо есдүгээр бүлэгт хөрөнгийн оруулалтын шийдвэр гаргахтай холбоотой бүхий л зүйлсийг багтааж өгчээ.

Эдийн засагч Д.Ангарын бичсэнээр бид хөрөнгө оруулалт хийхдээ нэгдүгээрт, оруулсан хөрөнгийнхөө үнэ цэнийг бууруулахгүй байх. Хоёрдугаарт, үнэ цэнийг нь өсгөх тухай ярих хэрэгтэй гэжээ. Энэхүү номын хүрээн хувьцаанд хэрхэн хөрөнгө оруулах талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Онолын хувьд хөрөнгө оруулах гэж хүмүүс техник болон санхүүгийн тайлангийн шинжилгээ, зах зээлийн суурь шинжилгээг хийх хэрэгтэй.

1. Зах зээлийн суурь шинжилгээг хийснээр дэлхийн болон олон улсын зах зээлийн нөхцөл байдал, дотоодын эдийн засгийн өсөлт, салбарын цаашдын чиг хандлага зэргийг судалж хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах юм.

2. Техник шинжилгээний хувьд тухайн хувьцааны өнгөрсөн хугацааны үнийн өөрчлөлт болон арилжигдсан тоо хэмжээн дээр суурилан шинжилгээ хийж, ирээдүйн хувьцааны үнэ хэрхэх талаар таамаглал дэвшүүлдэг.

3. Санхүүгийн тайлангийн шинжилгээ нь тухайн компанийн санхүүгийн байдал, тайлант хугацааны үйл ажиллагаа, бизнесийн үр дүнгийн талаарх мэдээллүүд дээр үндэслэн шийдвэрээ гаргах арга билээ. Дээрх гурван шинжилгээг бүгдийг нь хийж, үр дүнгүүдээ харьцуулж хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах нь чухал шүү. Зөвхөн техник шинжилгээ эсхүл зах зээлийн суурь шинжилгээнд найдаад хөрөнгө оруулна гэдэг тун эрсдэлтэй гэдгийг бүү мартаарай.