Хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш цаг хугацааг нэгэн урсгал мэт сэтгэж өнгөрсөн, одоо, ирээдүйг нэг шугам дээр байрлуулан төсөөлсөөр ирсэн билээ. Гэтэл цаг хугацаа гэх ойлголт түүхийн туршид өөр өөрөөр няцаагдсаар өдгөө “Цаг хугацаа оршдоггүй” гэх гарчгаасаа гайхал төрүүлэм ном бичигдсэн нь ч нэгийг өгүүлэх мэт. Амьдралын тулгуур багана мэт санагдах, бүр хамгийн үнэтэй хөрөнгө гэж итгэдэг “цаг хугацаа” үнэндээ барьцгүй, хийсвэр ойлголт байвал яах вэ?
Зохиолч, онолын физикч Карло Ровелли цаг хугацааны тухай ойлголтыг шинжлэх ухаанаар нотлоод зогсохгүй, философийн эргэцүүлэл, уран зохиолын дүрслэл, хүний ой санамж ба сэтгэл хөдлөлтэй холбон тайлбарлаж, бидний амьдралын хамгийн энгийн хэр нь хамгийн нууцлаг ойлголтыг өөр өнцгөөс харуулан бичсэнийг ийнхүү чадан ядан хуваалцах гэж буйг минь хүлээн авна уу.
Зохиолчийн тухай
Карло Ровелли бол итали гаралтай онолын физикч бөгөөд өнөөдөр квант физикийн салбарт дэлхийд тэргүүлэн ажиллаж буй цөөхөн эрдэмтдийн нэг. Тэрээр 1956 онд Верона хотод төрсөн ба бага ахуй наснаасаа л байгаль, одон орон, философид сонирхолтой хүүхэд байсан гэдэг.
Түүний хамгийн алдартай бүтээл бол 2014 онд Италид анх хэвлэгдсэн “Seven Brief Lessons on Physics” бөгөөд уг ном дэлхий даяар 40 гаруй хэлээр орчуулагдаж, сая сая хувь борлогдсон. Энэ номд тэрээр харьцангуйн онол, квантын механик, орчлонгийн бүтэц зэрэг сэдвийг ердөө долоон хичээлээр хялбараар мөн яруу найргийн өнгө аястай тайлбарласан байдаг.
Карьерын хувьд Ровелли Францын Марсель хотын Aix-Marseille University-д онолын физикийн профессороор ажилладаг. Өмнө нь Италийн болон АНУ-ын хэд хэдэн их сургуульд багшилж, судалгаа хийж байжээ. Судалгааны ажлынхаа явцад тэрээр loop quantum gravity онолын үндэс суурийг тавьсан нь түүнийг шинжлэх ухааны ертөнцөд нэрд гаргажээ. Тэрээр зөвхөн шинжлэх ухааныг судлахаас гадна түүнийг хүмүүст ойртуулж, амьдралд ойртуулан бичих чадвартай нэгэн. Тийм ч учраас түүнийг физикийн салбарын яруу найрагч нь хэмээн цоллодог биз ээ.
Номын тухай
Цаг хугацааны тухай мэддэг бүхнээ нураа
Ровелли юуны өмнө Эйнштейн харьцангуйн онолоороо цаг хугацаа “нэгэн зэрэг” оршдог хэмээх ойлголтыг хэрхэн устгасныг тайлбарладаг. Өмнө нь бид нэг үйл явдал хаана ч, хэний ч хувьд ч яг ижилхэн цаг хугацаанд өрнөдөг гэж итгэдэг байв. Гэвч тусгай харьцангуйн онол энэ үнэмшлийг үндсээр нь өөрчилсөн буюу өөр өөр хурдтай хөдөлж буй хоёр ажиглагч нэг үйл явдал хэзээ болсон тухайд санал нийлж чадахгүйн сацуу энэ нь орчлонг бүхэлд нь хамарсан “одоо” гэж байхгүй гэдгийг баталсан юм.
Ровеллигийн тайлбарласнаар физикийн суурь хууль бүр (И.Ньютоны механик, Ж.Максвеллийн тэгшитгэл, Э.Шрёдингерийн долгионы тэгшитгэл г.м.) цагийн хувьд тэгш хэмтэй байдаг. Энэ нь тухайн тэгшитгэлүүд цаг хугацаа урагш чиглэх үед ч, ухрах үед ч ижилхэн хүчинтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эдгээр хуулиар тайлбарлагдаж буй хөдөлгөөнийг бичлэг дээр урагшаа тоглуулсан ч, эсрэгээр ухрааж тоглуулсан ч математикийн хувьд ямар ч алдаа гарахгүй.
Жишээлбэл, хоёр бөөм мөргөлдөхийг төсөөлөөд үзье. Тэд бие биеэсээ үсрэн холдох эсвэл ойртон мөргөлдөх аль ч тохиолдолд энерги, импульс нь хадгалагддаг. Бичлэгийг урагш тоглуулсан ч, ухраасан ч эдгээр суурь хуулиар яг адилхан тайлбарлагдсаар байна.
Гэвч бодит байдал дээр бид цаг хугацаа нэг чиглэлтэй мэт мэдэрдэг нь сонин. Шил хагарчхаад өөрөө буцаад нийлдэггүй, бид хөгширдөг боловч эргээд залууждаггүй, өнгөрснийг санадаг боловч ирээдүйг мэдэж чадахгүй шүү дээ. Энэ бүгдийн цаана орших нууц бол энтропи.
Дулааны хоёрдугаар хуулиар хаалттай системийн энтропи цаг хугацааны явцад үргэлж нэмэгдэнэ. Энтропи гэдэг нь аливаа системийн эмх замбараагүй байдлын түвшнийг хэмждэг ойлголт. Орчлонгийн эхлэл буюу Их тэсрэлтийн дараах байдал маш өндөр зохион байгуулалттай, энтропи бага байсан нь бидний хувьд “эмх цэгцтэй эхлэл” мэт санагддаг. Тиймээс өнгөрснийг эргэн дурсахад илүү тодорхой, цэгцтэй санагддаг бөгөөд ой санамж маань ч бага энтропитой тэр үеийн мэдээллийг илүү сайн хадгалж авч үлдэж л дээ. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хаалттай системүүд илүү эмх замбараагүй төлөв рүү шилждэг байна. Бид өдөр тутмын амьдралдаа энэ хандлагыг байнга ажиглаж байдаг. Тухайлбал, өрөө эмх замбараагүй болох, хүн хөгшрөх, халуун зүйл хөрөх гэх мэт. Иймээс бидний тархи ирээдүйг заавал илүү эмх замбараагүй, илүү өндөр энтропитой хэмээн төсөөлдөг аж. Энэ зөн совин маань цаг хугацааг нэг чиглэлд үргэлжлэн “цааш урсаж байгаа” мэтээр мэдрүүлэх үндсэн шалтгаан болдог гэнэ.
Байхгүйг хүлээн зөвшөөрөх нь
Физикийн хамгийн гүн түвшинд ч “цаг хугацаа” огт байхгүй хэмээн зохиолч тайлбарлажээ. Энэ санааг ойлгуулахын тулд тэрээр өөрийн судалдаг loop quantum gravity-г ашигласан аж. Энэ онолд орон зай, цаг хугацаа хоёулаа бидний боддог шиг нэг “хавтгай” биш. Харин эсрэгээрээ маш жижиг ширхгүүд, атом шиг салбарласан хэсгүүдээс бүрдсэн “сүлжээ” гэнэ.
Бодит байдал бол цаг хугацааны урсгал дотор өрнөж буй кино биш, харин харилцан холбогдсон үйл явдлуудын том зураг. Бидний мэдэрдэг “цаг хугацаа” гэдэг зүйл бол энэ үйл явдлыг өөрсдийн тархиараа дундажлаж гаргаж ирсэн хоёрдогч шинж чанар гэж хэлж болно.
Үүнийг Ровелли маш энгийн жишээ ашиглан тайлбалажээ. Тодруулбал:
Температур нь молекул тус бүрд байдаггүй шүү дээ. Нэг ширхэг молекул халуун ч биш, хүйтэн ч биш. Гэхдээ олон сая молекулыг хамтад нь харвал “температур” гэх шинэ ойлголт гарч ирдэг.
Цаг хугацаа ч мөн адил. Суурь түвшинд байхгүй, харин олон үйл явдлын уялдаа холбооноос “шинээр гарч ирдэг”.
Энэ хэсэгт тэрээр “одоо” гэж байхгүйг онцолжээ Энэ нь товчдоо физикийн шинжлэх ухааны үүднээс өнгөрсөн ба ирээдүй зэрэг “оршдог” бөгөөд бидний мэдэрдэг урсгал бол тархины зохиосон түүх гэсэн үг юм.
Мэдээж уншигч надад ч бас тус номыг унших явцад “Хэрэв цаг хугацаа байхгүй юм бол түүх юу болж таарах вэ? Өөрчлөлт гэж юу вэ? Бидний амьдрал тэгэхээр юу болох вэ?” зэрэг асуулт эрхгүй төрж байв. Ровеллигийн тайлбарлаж буйгаар бол цаг хугацаа болдог зүйл биш, харин үйл явдлуудын хоорондын холбоосыг бид ингэж нэрлэдэг үзэгдэл болж буй юм. Үлгэрлэвээс, өөрчлөлт бол бодит, харин цаг хугацаа бол түүнийг хэмжих бидний арга хэрэгсэл, амьдрал бол ой санамж, үйл явдлын сүлжээн дотор өрнөж буй өгүүлэмж л болж таарах нь.
Уншигчийн сэтгэгдэл
Номын төгсгөлийн хэсэгт Ровелли онолын физикийн нухацтай сэдвүүдээс ухраад цаг хугацааг бидний өдөр тутмын амьдралд ойртуулан тайлбарладаг нь уншигчийн хувьд сэтгэлд хамгийн гүн үлдсэн хэсэг байв. Хэрэв цаг хугацаа суурь түвшинд байхгүй юм бол бид яагаад түүнийг маш бодитоор мэдэрдэг вэ?
Ровеллигийн тайлбар нь тун энгийн бөгөөд сонирхолтой. Цаг хугацаа гэдэг зүйл орчлонд өгөгдсөн ойлголт бус хүн төрөлхтөн ертөнцийг хэрхэн хардгаас хамаарч бий болдог хийсвэрлэл. Бид орчлонгийн бүх мэдээллийг бүрэн харж, бүрэн тооцож чаддаггүй. Харин системийн зөвхөн нэг хэсгийг, бүдэг бадаг дүрсийг л харж чаддаг. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа бол бодит орших зүйл бус, харин бидний хязгаарлагдмал ойлголтын бүтээгдэхүүн.
Уг санаагаа Ровелли философи, уран зохиолын жишээгээр баяжуулсан нь шинжлэх ухааныг ч бас ийм “уран” тайлбарлаж болдог байх нь ээ гэх шинэлэг мэдрэмжийг төрүүлж байв. Буддын гүн ухаанд бүх зүйл түр зуурынх бөгөөд биесээсээ харилцан хамааралтай хэмээн номлодог бол зохиолч М.Прустийн уран бүтээлээс дурсамж хүний амьдралд утга учир өгч өнгө төрх нэмдэг гэх санаа харагддаг билээ. Ийн харахад орчлон ертөнц бол үйл явдлын орооцолдон ба бид түүний нэг зангилаа мэт сэтгэгдэл төрнө.
Иймээс зохиолчийн тайлбарлах цаг хугацаагүй орчлон ертөнц биднийг хоосон орон зайд хаячхаж байгаа мэт гансруулахгүй. Харин ч эсрэгээрээ амьдралын үнэ цэнийг улам бүр тодруулж өгөх шиг санагдлаа.