Энэ хорвоод хүн бүр тодорхой генийн онцлогтой төрдөг ч амьдралын хэв маяг нь тухайн генийг идэвхжүүлэх эсэхийг шийддэг ажээ. Бидний амьдралын хэв маяг зарим генийг шууд “асааж, унтраах” нөлөө үзүүлдгийг олон зуун судалгаа нотолсон билээ. АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор Элизабет Блэкбөрн судлаач Кэрол Грейдерийн хамтаар хүний эсийн түвшинд хөгшрөх үйл явцад нөлөөлөх нэгэн чухал бүтцийг олон жилийн турш судалж нээснээрээ 2009 онд Нобелийн шагнал хүртсэн юм. 

Тэд хүний хромосомын төгсгөл хэсэгт байрлах теломер хэмээх бүтцийг судалж, хөгшрөлд шууд хамааралтай болохыг нотолсон. Карьерынхаа туршид биологийн шинжлэх ухааныг судалсан Элизабет Блэкбөрн АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор сэтгэл судлаач Элисса Эпэлтэй хамтран хөгшрөлийн шалтгаан, урт наслалтын үндэс болсон энэхүү теломер хэмээх бүтцийг дэлгэрүүлэн судалж, хүний эрүүл мэндэд нөлөөлөх хамгийн чухал хэсэг болохыг баталсан 500 гаруй судалгааны өгүүллийг нэгтгэжээ. Ингээд шинжлэх ухааны амаргүй үг хэллэгийг энгийнээр хялбарчилж тайлбарласан “Теломерийн нөлөө” хэмээх бүтээлийг 2017 онд олны хүртээл болгосон буй. Бид энэ удаа уг номыг монгол хэлнээ хөрвүүлснийг тоймлон хүргэж байна.

"Ген бууг цэнэглэдэг, Хүрэээлэн буй орчин гохыг нь дардаг"

Өнөө үед хүний амьдралын хэв маяг хөгшрөлтөд төрөлхийн өгөгдлөөс илүү хүчтэйгээр нөлөөлдөгт гайхах зүйлгүй. Ямар төрсөн гэхээс илүү яаж амьдарсан нь эрүүл мэндийг тодорхойлох илүү чухал хүчин зүйл байдаг. Энэ санааг таргалалт судлаач Жорж Брей “Ген бууг цэнэглэдэг. Хүрээлэн буй орчин гохыг нь дардаг” хэмээн тун ойлгомжтойгоор тайлбарлажээ. Өдгөө дэлхий даяар 100-аас дээш насалсан 300 мянган хүн бий. Энэ тоо цааш хурдацтай нэмэгдсээр байх нь тодорхой юм.

Биднийг эрүүл байлгахын тулд бие доторх хэдэн сая эсүүд тасралтгүй хуваагдсаар байдаг. Биологич Леонард Хэйфли 1961 онд хүний эсийн хуваагдал хязгаартай болохыг олж тогтоож, зөвхөн хорт хавдрын эс л үхэшгүй мөнхийн гэж үзжээ. Энгийн үед эс өөрийгөө хувилах замаар нөхөн төлждөг. Харин цааш хуваагдахаа больсон эсүүд хөгширч, үйл ажиллагаа нь доройтдог. Өөрсдөд нь ирэх мэдээллийг гүйцэд хүлээн авч чадахгүйгээс гадна бусад эсүүддээ ч зөв мэдээлэл түгээж чаддаггүй гэнэ.

Тийм эсүүд зүрх, уушги, элэг зэрэг эд эрхтэнд хуримтлагдвал тухайн хэсэгт хөгшрөл явагдаж эхэлдэг байна. Тухайлбал, цусны судасны хананд олон тооны туйлдсан эс хуримтлагдвал артерийн судас хатуурч, зүрхний шигдээс болох эрсдэлтэй гэжээ. Туйлдсан эсүүд үрэвсэл өдөөх шингэн өөрөөсөө ялгаруулдаг бөгөөд энэ нь цаашлаад бусад архаг өвчин үүсэх нөхцөл бүрдүүлнэ. Хүмүүсийн хөгшрөл харилцан адилгүй байдгийн шалтгаан энэ аж.

Хэвийн эсийг туйлдахад хүргэдэг маш олон шалтгаан бийг дурджээ. Тухайлбал, стрессдэх, огцом уурлах зэрэг сэтгэлзүйн тогтворгүй байдал үүсэхэд теломер богиносох шалтгаан болдог. Энэ нь үр хүүхдэд ч дамжин удамшдаг нь харамсалтай. Гэвч теломер уртсаж, богиносох байдлаар уян хатан байх боломжтой юм.

Теломер хэмээхтэй танилцах нь

Хүний эсийн хромосом руу гүн нэвтэрвэл түүний бүтцийн төгсгөл хэсгүүдэд ДНХ-ийн кодлогдоогүй төгсгөлийг олох боломжтой. Энэ бүтцийг теломер гэж нэрлэдэг. Теломерүүд эсийн хуваагдал бүрд богиносох тул эс хэр хурдан хөгшрөх, үхэх эсэх нь түүнээс шууд хамааралтай гэнэ. Мөн уртсаж болох тул хөгшрөлийг түргэсгэж эсвэл удаашруулж болно.

"Гутлын үдээсний хоёр талд байдаг сэмрэхээс сэргийлсэн хуванцар үзүүрийг төсөөлөөд үз. Теломер бол хромосомын төгсгөлд генетикийн материалыг хөвөгдөн тайлагдахаас сэргийлэх таглаа маягтай байрлана. Теломер нь хөгшрөлийн үзүүр хэсэг юм. Цаг хугацааны явцад теломер богиносон жижгэрдэг байна" хэмээжээ.

Теломер бол дасгал хөдөлгөөн, нойргүйдэл, стресс, буруу хооллолт зэрэг амьдралын олон хүчийн зүйлсийн тусгал болдог. Хүн, амьтанд амьдралынх нь туршид хуримтлуулсан туршлагыг илтгэх биологийн үзүүлэлт, чухал индикатор бол яах аргагүй теломер ажээ.

Номын зохиогчид теломерийн ач холбогдлыг дөрвөн хэсэгт, 13 бүлэгт хуваан тайлбарласан. Теломер нь бидний оюун бодол төдийгүй хөдөлгөөний идэвх, нойр, хоол зэрэг амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчин тэр чигтээ шууд нөлөөлдөг тул тэдгээрийг бүлэг тус бүрээр тайлбарлаж, сонирхолтой судалгааны ажлуудаар шигтгэжээ.

Мөн тухайн асуудлыг тодорхойлох тестүүдийг багтааж, түүнтэй холбоотой шинжлэх ухааны судалгаа, туршилтаар нотлогдсон зөвлөгөөнүүдийг харамгүй оруулжээ. Бид ген, ДНХ, эс, хромосом зэрэг хүний биологийн чухал нэр томьёог олонтаа сонссон ч чухам хоорондоо хэрхэн уялдаатай ажилладгийг тэр бүр мэддэггүй. Зохиогчид ямар ч насны хүн уншиж ойлгоход амар энгийн үг хэллэгээр мэргэжлийн нэр томьёонуудыг тайлбарласан нь тун авууштай байв.

Теломероо хайрлах нь, хамгаалах нь 

Хүний гэдэсний хана хоол боловсруулалтын явцаас шалтгаалан үргэлж элэгдэж, нимгэрч байдаг тул түүнийг нөхөн зорилготой үүдэл эсүүд байнга ялгарч ажилладаг ажээ. Таны биед үүдэл эс олон байна гэдэг аливаа өвчин эмгэг, гэмтлээс бүрэн эдгэрэх нөхцөлийг хангадаг гэсэн үг юм. Ерөөс гэдэс гэдэг бидний хоол боловсруулах хамгийн чухал ажлыг нугалж, маш их мэдрэлийн эс, судлуудтайгаараа тархинаас дутахааргүй хүний сэтгэл зүйд нөлөөлдөг хамгийн чухал эртхэн юм. Бидний дархлааны тогтолцооны 80 хувь нь гэдсэн дотор төвлөрдөг тул хэдэн зуун сая эс амьдарч, үхэж байдаг “ачаалалтай” газар ажээ.

Номын хоёрдугаар хэсгээс стресс нь теломер хэрхэн нөлөөлдөг тухай дэлгэрэнгүй тайлбарлажээ. Сэтгэл түгшилт, стресс бол теломерийн судалгааны сүүлийн үеийн сэдвийн нэг болсон байна. Богино хугацааны зохицуулж болох стресс нь булчингуудыг хөгжүүлж, биед сайнаар нөлөөлдөг байна. Энэ нь асуудлыг сорилт хэмээн хүлээн авч, даван туулах чадвараа хөгжүүлэхэд түлхэц болдог гэнэ. Харин архаг стресс он удаан жил үргэлжилбэл теломерийг богиносоход шууд нөлөөлдөг аж.

Гэр бүлийн гишүүнээ удаан хугацаанд асрах, ажлын байрны урт хугацааны стресс зэргийг дурдаж, өвчтэй хүнийг асран хамгаалагчдыг хамгийн архаг стресстэй, теломер нь богиноссон байх өндөр магадлалтай хүмүүс хэмээн тодорхойлжээ. Богино теломерүүд нь дархлааны хэвийн байдлыг алдагдуулж, энгийн томуунд хүртэл өртөмхий болгодог байна. Гэхдээ сөрөг сэтгэл зүйгээсээ ангижирч чадвал теломер эргэн нөхөн төлжих боломжтой учраас анхаарлаа төвлөрүүлэх дасгал хөдөлгөөн, бясалгал зэргийг хийхийг бүлгийн төгсгөлд зөвлөжээ.

Сөрөг бодол эсийн түвшинд нөлөөлөх нь 

Харвардын сэтгэл судлаачид хүн өдрийн тал хугацаанд хийж буй зүйлээсээ өөр зүйл бодож өнгөрүүлдэг гэдгийг “Аз жаргалаа тэмдэглэ” апп ашиглан олон мянган хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар харуулжээ. Олон зүйлд сатаарч, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх нь тархинд стресс үүсгэх шалтгаан болдог тул сэтгэл зүйдээ анхаарал хандуулахыг номын зохиогчид онцолсон байна.

Сөрөг бодол хүртэл таны эд эсэд хүчтэй нөлөөлдөг ажээ. Гутранги үзэлтэй хүнд хөгшрөлийн шалтгаант архаг өвчнүүд болох хавдар, зүрх судасны өвчин элбэг тохиолдож, хүндрэх явц нь энгийн хүнтэй харьцуулахад хурдан байдаг.

Сонирхолтой нь, хувь хүний хичээл зүтгэл урт наслахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Хичээл зүтгэлтэй, мэрийлттэй хүмүүс өөрийгөө сөрөг зүйлд автахаас сэргийлж, өдөр тутмын амьдралын хэв маягтаа илүү хянамгай ханддаг тул урт наслахад тусалдгийг "Medicare" хөтөлбөрийн өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар баталжээ. Зарчимч хүн бусдаас 34 хувиар илүү урт амьдардаг гэнэ шүү.

ганц л шөнө дутуу нойртой явахад ...

Ядарсан хүний анхаарал төвлөрөл муудсан байдаг тул шинэ юм сурахдаа тааруу, ой тогтоолт саарахаас гадна бие махбодод стрессийн хариу урвал маш тод илэрдэг байна. Тиймээс хүн ганц шөнө л дутуу нойртой унтвал маргааш үдээс хойш нь кортизолын хэмжээ өндөрсөж, хоолны дуршлыг зохицуулдаг даавар, педтидын хэмжээ өөрчлөгдсөнөөс болж хоолны дуршил огцом нэмэгддэгийг баталжээ.

Нойр судлаач Чарлез Чайзлер өөрийн хамтрагчдын хамт унтахын өмнө цахим ном уншдаг хүн хэвлэм ном уншдаг хүнээс мелатонин нь 50 хувиар буурсан байдгийг нотолсон гэнэ. Мелотинин багассан хүн өглөө сэрэхдээ нойрмог, сэргэг биш байхаас эхлээд олон сөрөг үр дагавартай. Тэгэхээр хангалттай унтаж амарсан үед өлсөх мэдрэмж, сэтгэл хөдлөл аль аль нь бага байдаг ажээ.