“Мандухай сэцэн хатан” киноны Исмэл тайж, дунд ангийн хөгжмийн хичээлээр дууг нь ягштал цээжилдэг “Хөдөөгийн баясгалан” киноны Хайдав баян, жүжигчний амьдралын гараагаа эхлүүлсэн “Үер” зэрэг сэтгэлд хоногшсон кинонуудад дүрээ мөнхөлсөн, эгэлгүй хувь заяаг туулсан эрхэм болох Банзарын Дамчаагийн дуртгал бүтээлийг энэ удаа онцлон өргөн барьж байна. 

Төмөр замчнаас ардын жүжигчин хүртэлх амьдралын замнал, нандин тохиол, нарийн ухаан, бэрх он цагийн дуртгалаа ардын жүжигчин Б.Дамчаа гуай ийн бичиж, хойч үедээ үлдээсэн нь энэхүү бүтээл билээ. Б.Лхагвасүрэн гуай анхны хэвлэлийн редактораар нь ажилласан “Цөвүүн жаран” бүтээлээс онцлох таван үнэ цэн, өгүүлэмжийг тоймлон өгүүлье. 


БИЧИЛ ҮЛЭМЖ ТҮҮХ

Бидний амьдрал бүхэлдээ өөр өөр өнгийн бичил болон үлэмж түүхүүдээс бүрддэг. Хүн бүрийн өвөрмөц түүхүүдийг сонсож, бие биедээ түүхээ хуваалцан хэн нэгэнд сэдэл өгч түүнээс утга учир, ертөнцийн зүй тогтлыг ухаарах нь чухаг билээ. Учир нь, бид бүхэн эгэлгүй хувь заяагаар өөрийн ертөнцөө бүтээж буй.

Номыг уншихад яг л Б.Дамчаа гуай хажууд минь суугаад амьдралдаа тохиосон түүхүүдээ эхнээс нь дуустал хөөрөлдөж буй мэт санагдсан. Бичвэрийн хэв маяг нь хэн нэгнийх биш яг л өөрийн үг, холбоосоор бичсэн нь уншигчид ойр, дотнын хүнтэйгээ ярилцан суугаа мэт.

Эл бүтээлд зохиогчийн амьдралын түүх, дэлгэцнээ дүр бүтээх гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Нэг талаас сургамжит хийгээд залуу дүү нар унших, нөгөө талаас жүжигчний мэргэжил эзэмшиж буй хүмүүс цөм туршлага судлах, алтан үеийн сэтгэлд хоногшсон кинонуудын бүтсэн түүх зэргээс урагшлах оч бадралыг олж авахад зайлшгүй унших ном юм.

Дуртгал гэгч нэгэн амьдралын тайлан. Насны өндөрлөгөөс эргэж харсан баяр, гуниг, гэрэл сүүдэр юм.

Б.Лхагвасүрэн

УРГИЙН БИЧИГ

Номын эхний хэсэг Б.Дамчаа гуайн өөрөөсөө өмнөх долоон үеийн түүхээр эхэлнэ. Өөрийн уг үндэс, өвөг дээдэс, түүхээ танин мэдэх нь өөрийгөө танихын эхлэл болдог. Энэ нь амьдралын мөн чанарыг эрэх, танихтай агаар нэг юм. Эцэстээ бидний амьдралын утга учир хөврөн хөвөрсөөр үр хүүхэд, ирээдүйн хүн төрөлхтний амьдрахуй, оршин тогтнолын төлөө зориулагддаг.

Бидэн шиг цөөхүүлээ үндэстний хувьд өөрийн ураг төрөл, үндэс гарлаа мэдэх нь олон аюул, эргэлзээнээс салгаж, үндэстний хувьд өөрсдийн оршин тогтнох үндсээ баталгаажуулах суурь нь болох юм.

Б.Дамчаа гуай болон түүний үе үеийн намтраа бичсэн хэв маяг, өвөг дээдсийнх нь үлдээсэн сан зэргээс үлгэр авч, айл бүр ургийн бичиг хөтлөх, хөтөлж байсан уламжлалаа сэргээх нь бидний ирээдүй хойчдоо үлдээх үнэт өв болно.



цагийн хэлхээс

Тэрээр 1941 онд сургуульд явдаг байх үед нь төвийн хүүхдүүд хоёр төгрөг авчрах хэрэгтэй байж. Нэг төгрөг нь фронтод яваа хүүхдүүдэд бэлэг болж нөгөөх нь нэг герман цэргийг устгаж байгаа хэмээн ухуулна. Тэгтэл Дамчаа гуай илүү олон германыг устгана гэж ааваасаа илүү мөнгө авч багшдаа өгдөг байж. Энэ мэт арван жил, их сургуулийн түүхийн хичээл дээр судалдаг үйл явдлууд, урьд уншиж байсан романуудад дүрслэгдэн бичигдсэн эсвэл өмнө нь огт сонсож байгаагүй сонин содон зүйлс Дамчаа гуайд хэрхэн тохиолдсоныг уг номд онцлон өгүүлжээ.


ХҮМҮҮЖИЛ

Амьдрал богинохон мэт санагдавч угтаа урт. Урт хэлхээс дунд болж буй нарийн үйл явдлууд бүгд утга учиртай. Эл номоос зөвхөн үйл явдлын хэлхээснүүдийг бус амьдралд тохиож болох ямар ч үйл бүхэнд хүн хэрхэн хариу үйлдэл гаргаж, юуг зарчим болгож, ямар байх нь зүй гэдгийг ухааран уншиж болно.

Орчин цагийн залуус эх орныхоо түүх соёлыг үл хайхран, харийн соёл, хэлбэрт автах нь элбэг болсон. Бидний бусдаас ялгарах онцлог, үр хойчдоо сургавал зохих үзэл санаа эл номд элбэг.



Миний амьдралын гол утга бол үр хүүхдүүдээ хүмүүн болгох. Тэр тусмаа монгол хүмүүн болгох.

Б.Дамчаа

Хүн байх болон хүний мөс чанартай байх нь хүмүүн төрөлхтний нэн тэргүүний үнэт зүйл билээ. Харин бидний хувьд монгол хүн байх, ёс уламжлалаа хүндлэн бишрэх, хөгжилт газраас дэвшил цэцэглүүлэх нь монгол хүмүүний нэн тэргүүний зорилт гэдгийг Б.Дамчаа гуай өөрийн дуртгалдаа уг өгүүлбэрээр илэрхийлэн бичжээ.

Дүр бүтээхүй

Жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутан залуус энэхүү бүтээлийг уншсан хойноо эргэцүүлэн бодож санахад тун дэмтэй. Хүнд хөдөлмөрийг бага хөлсөөр хийж, ажлаас гарснаас үүдэн шоронд орсныхоо дараагаар Дамчаа гуай өөрийн идэвх зүтгэл, чин хүслээр эзэмшсэн жүжигчин мэргэжлийн тухай үнэтэй зөвлөмжүүдийг хуваалцаж, дүрээ амилуулах, камертай харилцахад суралцахад чухал арга замыг хуваалцжээ. Энэ бүхэн уншигчдад хүн эзэмшсэн мэргэжилдээ ёс суртахуунтай, үнэн, хичээнгүй байх хэрэгтэйг сануулсан мэт.



Зам, зан, заяа гурвын нийлмэл цогц, Б.Дамчаагийн биен дундуур урсаж өнгөрсөн амьдралын тухай уншихдаа, нэг эхэлсэн л бол уншигч та холдож чадахгүй дуусгана… гэдэгт эс эргэлзмү!

Б.Лхагвасүрэн