Кино ба ном гэдэг заримдаа зоосны хоёр тал гэлтэй. Номоос авсан мэдрэмжийг киноноос дүрсжүүлэн авах эсвэл киноноос мэдэрсэн зүйлсээ номоос гүнзгийрүүлэн унших нь элбэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа бид ном, кинотой салшгүй холбоотой нэгэн болох “Books and Movieholics” хуудасны кино тоймуудын блогер, орчуулагч Н.Өнөржаргалтай ярилцлаа. Номын тухай өнгө өнгийн бодлууд, сонирхолтой дадал, бодууштай өнцгүүдийг хүргэж байна.
Та ямар төрлийн ном уншдаг вэ? Одоо уншиж буй ном?
Тогтсон нэг төрлөөр дагнаж уншдаггүй. Гэхдээ номын сангаа харвал уран зохиол болон нийгмийн шинжлэх ухааны бүтээлүүд давамгайлсан байдаг. Ном, кино, уран зураг зэрэг урлагийн төрлүүд уран бүтээлчийнхээ туулж өнгөрүүлсэн цаг хугацааг гэрчилж үлддэг. Тиймээс зөгнөлт, зөгнөлт бус гэлтгүй, тодорхой цаг хугацаа, нийгмийн төрхийг гэрчилсэн номуудад илүү дуртай. Хүрээлэн буйгаа өөрчлөх гэж улайрахаасаа өмнө түүний мөн чанарыг ойлгох нь чухал санагддаг учраас тэр юм.
Яг одоо “Төмөр сар” номыг уншиж байгаа. Хятадын цагаач ажилчдын яруу найргийн түүвэр. Хятад орон хурдтай аж үйлдвэржиж, олон мянган залуус орон гэрээ орхин хот суурин руу ажил хийхээр одож асан тэрхүү үеийг гэрчилсэн түүвэр юм. Хятадын “хөдөлмөрчдийн нүүдэл” ч гэж болно. Тэдгээр залуус ажил хөдөлмөр, сайн сайхны эрэлд гарч эцэстээ хотын хамгийн ядуу, хахир хэсэгт шидэгдэж, амь нас, эрүүл мэнд, хүсэл мөрөөдөл нь эрэг боолтын чинээ үнэлэгдэх болжээ. Угтаа тэд бол Хятадын үсрэнгүй хөгжил, аж үйлдвэржилтийн тулгуур багана байсан билээ. Энэ үеийн ажилчин ангийн яруу найрагчид өдөр тутмын амьдрал, үзэл санаа, бодол сэтгэлээ өнгө будаг, хээ угалзгүйгээр шүлэглэсэн. Хятад зохиолч Цзя Пинва нэгэн баримтат кинонд оролцон тоглохдоо “Яруу найраг бичнэ гэдэг яруу амьдрахын нэр биш” хэмээсэн байдаг. “Төмөр сар” түүврийг уншаад энэ үг илүү хүчтэй буусан.

танд хамгийн их нөлөөлсөн, том өөрчлөлт авчирсан ном?
Герман зохиолч Эрих Мария Ремаркийн “Гурван нөхөр” номыг нэрлэе. Уг ном нь гол дүр болох Роберт Локампын 30 насны төрсөн өдрийн өглөөгөөр эхэлдэг. Идэр насны, эрүүл саруул эр төрсөн өдрийнхөө өглөөг гунигтайгаар дайны тухай дурсамжаа хүүрнэнэ. Эл гашуунаас эхлэн хайр хүний амьдралыг оронгоор нь өөрчилж буйг харуулсан эмзэг төгсгөл рүү аажим шилжиж, тухайн цаг үеийнхээ нийгмийн байр байдлыг нягт нямбай харуулсан байдаг.
“Гурван нөхөр” дайны дараах инфляц, ядуурал, гэмт хэрэг, гашуудал, архидалт, амьдрахын тулд биш амьд үлдэхийн тулд ажил хийх нэгэн хэвийн ороо бусгаа байдлыг өгүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, улс төрийн хямралын халуун цог дээр дүрэлзэж буй хайр сэтгэлийг ч өгүүлнэ. Дайн, хайр хоёр эсрэг тэсрэг мэт боловч хувь хүний болоод нийгмийн амьдралыг танигдахын аргагүй өөрчлөх шидтэй хүчнүүд аж. Өнөө цаг үед “Гурван нөхөр” номын агуулга улам л хүчтэй санагдаж байна.
УНШИХ НОМОО ХЭРХЭН СОНГОДОГ ВЭ?
Зохиолч, орчуулагч, эрхлэн гаргагч, ерөнхий сэдэв, агуулга зэргийг нь харгалздаг. Гэхдээ сонгох тогтсон шалгуур байхгүй. Уншиж эхлээ ч үгүй номоо шүүх хэцүү. Сайн бүтээл унших гэж зорих нь зөв ч муу эсвэл дундаж номыг ч тэвчээртэй уншиж, хүлцэх хэрэгтэй санагддаг. Үгүй бол бид муу, сайн номын ялгааг таньж чадахгүй. Ганцхан ном уншъя гэвэл агуу сайныг эрэх нь зүй. Харин унших зуршил, унших соёлоо батжуулъя гэвэл эсрэгээрээ. Зохиолч бүр Достоевский байж чадахгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. Харин ямар ч зохиолчийн үзэл санаа, бодол сэтгэлгээнээс хэрэгтэйгээ авах, ялган шүүлтүүртэй байж сурах нь гол санагддаг.
номыг ямар байдлаар, яаж уншдаг вэ?
Уран зохиолын номыг кафед эргэн тойрон дахь хүмүүсийн аж байдлыг ажиглангаа эсвэл гэртээ тухалж байгаад уншина. Харин философи, шинжлэх ухааны ном, эрдмийн ажил зэргийг ширээний ард суугаад, тэмдэглэл хөтлөнгөө уншдаг. Харин шүлэг, яруу найргийн номыг аялж, тэнэнгээ унших гоё. Шүлгүүдийг нь нэг нэгээр нь “мэрж” унших дуртай.
бусад хүмүүсийг уншаасай, мэдээсэй гэж хүсдэг ном?
Яг ийм тийм ном уншаасай гэж хүсдэггүй. Хүн бүрийн ямар нэг номтой танилцсан, таарсан, олсон, уншсан түүх нь нандин байдаг шиг санагддаг. Уншиж буй, уншихаар барьж авсан номоо л чин сэтгэлээсээ уншаасай.
өөрийн төвлөрөн хийдэг ажлуудаасаа танилцуулбал?
Би медиа бизнесийн чиглэлээр ажилладаг. Бизнес хөгжил, төлөвлөлттэй холбоотой ажил юм. Харин үндсэн ажлынхаа хажуугаар номын орчуулга, кино тойм бичдэг.
НОМТОЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ ДАДАЛ
Хүн хүлээнгээ ном уншиж байтал нөгөө хүн нь гэнэт ирэх эсвэл ажил гарах үед номоосоо хөндийрөх хэрэг гардаг даа. Тийм үед заавал 10, 20, 30, 40… гэхчлэн аравт үлдэгдэлгүй хуваагддаг дугаартай хуудсан дээр очиж байж номоо тавьдаг. Яагаад ч юм, багаасаа тэгээд сурчихсан.
хэрэв та ном бичих ёстой гэвэл тэр нь юуны тухай, ямар ном байх вэ?
Орчин үеийн Улаанбаатар хотын амьдралын тухай ном. Өнгө будаг асгаж, хээ угалз зуралгүй яг сав саарал чигээр нь бичих байсан.
НОМТОЙ ХОЛБООТОЙ ХЭЛМЭЭР САНАГДДАГ ЗҮЙЛ?
Ном бол ертөнцийг харах цонх гэж хэтрүүлэх дургүй. Ном унших бол дэлхийн дээрх хамгийн түгээмэл хоббинуудын нэг. Ном бий болохоос ч өмнө хүн төрөлхтөн амьдраад, хөгжөөд л ирсэн. “Өөрийгөө сэхээтэн, элит гэдгийг мэдрэхийг хүсвэл үүнийг унш, үз” гэх мэт үгэнд их дургүй. Ном бол өөрөөрөө бахдаж, өөрийгөө батлах хэрэгсэл биш. Харин өөр лүүгээ өнгийх, шүүх хэрэгсэл л гэж боддог.

Сэтгэгдэл бичих

