Хайр бол бидний амьдралын хамгийн нарийн бөгөөд олон талт мэдрэмжүүдийн нэг. Зарим үед хайр бидэнд жинхэнэ амьдралын утга учрыг өгч, заримдаа үл ойлголцол, гуниг, хагацал дагуулдаг. У.Шекспир, Ф.Петрарка нарын хайрын шүлгүүд, тэднээс ч өмнөх дуу шүлэг, мөнхүү тэднээс хойших зуун зууны найрагч, зохиолчдын бүтээлүүдээр дамжин түүхийн туршид хүн төрөлхтөн хайрыг өөр өөр өнцгөөс харж, өөр өөрөөр мэдэрч, урлаг, уран зохиолд мөнхлөн үлдээж ирсэн нь өдгөө ч бидний амьдралд шинэ хаалга, цонх нээж өгсөөр буй. 

Энэ жагсаалтад багтсан бүтээлүүд нь зөвхөн хайрын тухай өгүүлэхээс гадна бидний үнэт зүйлс, нийгмийн тогтсон хэв маяг, хүн хоорондын харилцааны гүн гүнзгий утга учрыг эргэцүүлэн бодоход эрхгүй хүргэнэ. Сонгодог бүтээлүүдээс эхлээд орчин цагийн уран зохиол хүртэлх эл 10 ном танд хайрын өөр нэгэн өнцгийг дэлгэн харуулна  гэдэгт итгэж байна. 

Уншигч танд гэгээн Валентины баярын мэнд хүргэе.

1. Бахархал ба бардамнал 


Бичигдсэн он: 1813

Зохиолч: Жейн Остин

Нүүрний тоо: 354

Хайр, нийгэм хоёрын дайсагналцал ба найрамдлын тухай өгүүлэх мартагдашгүй, сонгодог бүтээл болох “Бахархал ба бардамнал” романгүйгээр уг жагсаалтыг гаргах боломжгүй. Уг бүтээлийн бичигдэж ахуйн үеэс даруй хоёр зууны хойдох бидний дунд ч илхэн буй Элизабет Беннет, Дарси хэмээх хоёр дүрийн харилцааны уналт ба босолт, хардалт, бас уучлалын хүчийг харуулах гайхалтай роман.

Хайр дурлалын үнэ цэн, эмэгтэй хүний мөн чанар ба нийгмийн хүлээс, хавчлага, боолтын талаар гүн гүнзгий өгүүлэх тус роман нийгмийн давхарга, байр сууриас хэт хамааралтай үед амьдарч байсан хүмүүсийн хайрыг хэрхэн харж байсан нь өнөөгийн биднээс хэр өөр байсан тухай, мөнхүү хэр ижил төстэй байсан талаар харьцуулан харах боломжийг харуулахын зэрэгцээ цаг хугацаагаар аялуулж, таны хайрыг харах өнцгийг тань ч тэлэх болно.


2. Орландо  


Бичигдсэн он: 1928

Зохиолч: Виржиниа Вүүлф

Нүүрний тоо: 345

Виржиниа Вүүлфийн “Орландо” роман бол түүх, уран зөгнөл, хүйсийн ойлголтыг хослуулсан бүтээл. 300 жилийн түүхийн аялалд уншигчдыг хөтлөх энэ зохиол нь гол дүр Орландогоор дамжуулан хүний мөн чанар, хайр сэтгэлийн тухай уран яруу дүрслэн өгүүлдэг. Хөнгөн хөгжилтэй хэр нь гүн гүнзгий агуулга бүхий уг бүтээл нь хүйс, цаг хугацааны уламжлалт ойлголтыг эвддэгээрээ хайрыг өөр нэгэн өнцгөөс харуулах уран зохиолын нэгэн тод жишээ билээ.

Агуулгын хувьд хатан хаан Елизабетийн үеийн Англи улсад амьдардаг язгууртан залуу Орландо нэгэн өдөр эмэгтэй хүний биеэр сэрэх бөгөөд тэр чигтээ бүтэн гурван зууныг туулна. Хүний мөн чанарын тухай гүн гүнзгий өгүүлэх энэ роман нь уламжлалт хайрын талаарх ойлголтуудыг сорьж, хүмүүний амьдрал, хувирал өөрчлөлтийн талаар уянгалаг бөгөөд хурц шийдлээр өгүүлнэ.

Ямар хүн байх вэ? Яаж хайрлах вэ? Цаг хугацаа үүнд нөлөөтэй юу? Эд бүгдэд эл ном өөр нэгэн өнцгөөс тун яруу хариулж чадах буй за.


3. Арьсан хүрэмтэй Мадонна 


Бичигдсэн он: 1943

Зохиолч: Сабахаттин Али

Нүүрний тоо: 264

Хэзээ нэгэн цагт танд хэн нэгэн насан туршдаа хайрлах хүн чинь уран зураг дотор байгаа гэж хэлбэл итгэх байсан уу? Харин энэ зохиолд чухам эл итгэж боломгүй асуултын дагуу л үйл явдал өрнөнө. Энэ бүтээлийн өгүүлж буй түүхийг “бүтэлгүй хайр” гэж олон уншигчид нь тодорхойлдог ч үнэндээ харуусмаар, гунигтай ч гэлээ сэтгэл догдлом, гэгээн хайрын түүх юм.

Романы үйл явдал Истанбул, Берлин хотуудад өрнөн Мариа Пүдер, Раиф Эфэнди хоёрын хайр дурлал, тэдний хувь тавилангийн талаар өгүүлнэ. “Арьсан хүрэмтэй Мадонна” бол хайр, дурсамж, ганцаардлын тухай өгүүлэх тун амттай хэр нь басхүү гашуун зохиол. Та энэ зохиолыг уншсанаар хайрыг ахин өөр өнцгөөс харах нь лавтай.


4. Амраг  


Бичигдсэн он: 1984

Зохиолч: Дюрас Маргерит

Нүүрний тоо: 164

Бид хайрын тухай зохиолууд, тэр дундаа Лолитаг сайн мэддэг. Тус романд 13 настай охинд нэгэн эр дурлаж орхидог. Зохиолч нь эрэгтэй. Габриель Гарсиа Маркесын “Гунигт янхнуудаа дурсахуй” бүтээлд ч мөн адил 90 настай эр 14 настай охинд дурлаж буй талаар өгүүлдэг. Зохиолч нь мөн л эрэгтэй. Тэд бүгд эрэгтэй талын өнцгөөс дүрслэгдсэн байдаг. Харин энэ удаа бид эмэгтэй зохиолчийн, тэр дундаа өөрийн амьдралаасаа намтарчилсан “Амраг” бүтээлийг онцолж байна.

15 настай Франц охин өөрөөсөө ахимаг насны хятад амрагтай болно. Түүний хайрын түүх хэрхэн өрнөх бол? 2021 онд тус номыг Монсудар хэвлэлийн газраас орчуулагч Д.Болортуяагийн хөрвүүлгээр эрхлэн гаргажээ. Мөн тус зохиолоос сэдэвлэж, 1992 онд Францын алдарт найруулагч Жан Жак Аннауд “The Lover” бүтээлээ туурвиж байсан түүхтэй.


5. Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд (Men Are from Mars, Women Are from Venus) 


Бичигдсэн он: 1992

Зохиолч: Жон Грэй

Нүүрний тоо: 368

Хэдийгээр уран зохиолын ном биш ч гэлээ хайр, тэр дундаа хосын харилцаанд хэрхэн бие биеэ ойлгоход гүн туслалцаа үзүүлэхүйц бүтээл. Эл ном эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны ялгааг тайлбарлаж, хэрхэн хоорондоо ойлголцоход хөтлөхийн зэрэгцээ харилцааны сэтгэл зүйн талаар хөнгөн, ойлгомжтой байдлаар бичигдсэн нь хос хоорондын зөрчилдөөн, үл ойлголцлыг даван туулах аргуудыг эгэл зөвлөгөөнүүдэд багтаасан байдаг.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэлгээ, харилцах арга барил, хэрэгцээ шаардлага ялгаатай байдаг хэмээн номын зохиолч Жон Грэй онцолсон бөгөөд түүний үзэж буйгаар эрэгтэй хүмүүс асуудлыг шийдэхийг хүсдэг бол эмэгтэйчүүд харин сэтгэл хөдлөлөө ойлголцохыг илүүд үздэг аж. Энэхүү ялгааг таньж мэдсэнээр хосууд харилцаагаа улам бэхжүүлж, бие биеэ илүү ойлгон, аз жаргалтай байх боломжтой гэж уг номд онцолжээ.


6. Мэдисон нутгийн гүүрнүүд  


Бичигдсэн он: 1992

Зохиолч: Роберт Жеймс Уоллер

Нүүрний тоо: 274

Хайр дурлал хэдэн ч насанд ирж болдог. Тус номд хоёр хүүхдийн ээж, гэрийн эзэгтэй Франческа Жонсон, ганц бие гэрэл зурагчин Роберт Кинкейд нарын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ. Роберт “National Geographic” сэтгүүлийн захиалгаар архитектурын өвөрмөц онцлог бүхий битүү гүүрнүүдийн зургийг авахаар тэдний хотод богино хугацаагаар ирнэ. Тэдний хайр дурлал, дотоод зөрчил, анхны харц, хэдхэн өдөр үргэлжлэх богинохон настай харилцааны тухай өгүүлэх үзэсгэлэнтэй бүтээл. Хачирхалтай нь, хайр сэтгэлд цаг хугацаа төдийлөн хамаагүй байдаг адил тэдний хувь тавиланг ч мөн энэ цаг хугацааны салхи дайран өнгөрнө. Гэвч эцэстээ үхэл хүртэл тэднийг үл салгаж дөнгөх аж.


7. Уйтгарт ертөнцийн хязгаарт сэвэгнэх хуучин өвс мэт шүлгүүд 


Бичигдсэн он: 2002

Зохиолч: М.Уянсүх

Нүүрний тоо:


Долгисыг ширтэн гуниглав

Дор хөвөгч саран чи уснаа л ажуу. Хорвоо!

Долгилон хөөцөлдөх давалгаад нэгнээ эс гүйцнэм

Норж өндийх

Намрын зэгсний гуниг

Нойтон долгисын дунд

Чиний дээрээс бөхийгөөд …

1990 он

Хайрыг шүлэг, яруу найраггүйгээр төсөөлөхөд бэрх тун бэрх. Тэгвэл хайрын тухай ном ярьж буй цаг дор хайрын тухай яруу найргийн түүвэр дурдалгүй өнгөрөх боломжгүй. “Хайрын тухай бичвэл хайр гэх үг бүү ашигла” хэмээн нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Яг л үүн лугаа адил хайрын тухай бодож, хайр гэдгийг мэдэрч, одоогийн хэллэгээр бол “эморох”-д туслах яг л сайхан кино ганцаараа үзсэн мэт, сайхан хоол ганцаараа булагнасан мэт ном бол яахын аргагүй “Уйтгарт ертөнцийн хязгаарт сэвэгнэх хуучин өвс мэт шүлгүүд” ном билээ.


8. “1Q84” гурамсан роман 


Бичигдсэн он: 2009

Зохиолч: Харүки Мүраками

Нүүрний тоо: 1328

Хэдийгээр уг роман голчлон уран зөгнөлт төсөөллөөр бичигдсэн мэт боловч түүний гол цөм нь Аомамэ, Тэнго хоёрын гүн гүнзгий, бат бөх хайрын тухай өгүүлдэгт оршино. Тэд бага насныхаа дурсамжаар холбоотой бөгөөд зэрэгцээ ертөнцүүдийн дунд бие биедээ татагдан ойртсоор байх нь хайрын тэс өөр өнцгийг уншигчид мэдрүүлнэ.

Х.Мүракамигийн зохиолд хайр үргэлж бодит ертөнцөөс ангид, хязгаарлагдмал орон зайд оршдог. Харин 1Q84 романд Аомамэ, Тэнго хоёрын хайр цаг хугацаа, бодит байдлын хил хязгаарыг давж, зэрэгцээ ертөнцүүдийн дунд ч гэсэн холбогдож чаддаг. Тэдний бие биедээ тэмүүлэх шалтгаан нь хувь тавилан гэхээсээ илүү өнгөрсөн дэх дурсамж, нэгэн цагт хуваалцсан гүн гүнзгий мэдрэмжтэй нь холбоотой. Тиймдээ ч энэ роман зөвхөн хайрын тухай бус өөрөө өөрийгөө олох, өнгөрсөнтэйгөө эвлэрэхүйн тухай өгүүлнэ.


9. Хотын үлгэрүүд 


Бичигдсэн он: 2013

Зохиолч: Л.Өлзийтөгс

Нүүрний тоо: 334

Монголын уран зохиол, нэн ялангуяа хайрын сэдэвтэй зохиолууд дээр түүний шүлгийн түүврүүд, роман, өгүүллэгийн түүврүүд гээд бүгдийг нь нэрлэж болох ч энэ удаа илүү хөнгөн басхүү илүү зөөлөн чанадаа дэлгэсэн номыг нь онцлохыг хүслээ. Тус номд "Өлсөхүй", "Хоёрхон алдаа", "Хулгайч", "Эмэгтэй, Эрэгтэй", "Зөн", "Тэр хэн бэ?","Нүд” зэрэг сонирхолтой тууж, өгүүллэгүүд багтсан байдаг.

Энэхүү ном нь хэдийгээр өгүүллэгийн түүвэр хэдий ч өгүүллэг бүрдээ хайрын тухай гүнзгий мэдрэмжүүдээр сүлбэн бичсэн нэгэн цул бүтээл юм. Ялангуяа “Эрэгтэй, эмэгтэй” өгүүллэгтээ зохиолч эрэгтэй, эмэгтэй хүн хоорондын ялгаа хийгээд аль цэгт бид ойлголцож болох тал дээр жинтэй хариулт өгөхийг зорьсон мэт.

Басхүү “Зөн” өгүүллэгтээ “Тэр сэрэнгүүтээ л ямар нэгэн сайн зөн төрөхийг мэдэрчээ. Хэвтээ чигээрээ зөөлөн эргэж, цонх өөд харвал тэнгэр цэлмэг, цэв цэнхэр, өчигдөржин шивэрсэн бороонд ертөнц дахин угаагдаад, бүх юм шив шинэхэн болчихжээ” хэмээдэг. Уг өгүүллэгийн хэсгээс харахад тус ном нь цор ганц романтик хайраас гадна оршихуйгаа, одоо цагаа хайрлахад бидэнд бясалгал болж чадах бүтээл гэж хэлж болох юм.


10. Тарган муур 


Бичигдсэн он: 2023

Зохиолч: Батхүү Батзаяа

Нүүрний тоо: 176

Манай XX зууны уран зохиолуудад ихэнхдээ нүүдлийн аж ахуйд маань тохирсон хайрын түүхүүд бичигдэн үлдсэн байдаг. Гэтэл XXI зуунд анхны орчин үеийн хотын иргэд олноороо бий болж буй энэ үед бидний ахуй хүссэн хүсээгүй XX зууны романуудтай холбогдох нь улам бүр багасаж байна. Харин энэ зуунтай, мөн суурин иргэншилтэй холбоотой асуудал, хайрын түүхүүдийг агуулсан романууд хожуу боловч эхнээсээ мэндэлж буй нь сайшаалтай.

Тэгвэл энэ удаа “Лонхонд байсан шүлгүүд” яруу найргийн түүврээр нь уншигчдын эчнээ таних яруу найрагч Б.Батзаяагийн “Тарган муур”номыг онцолж байна. “Их хотын” гэх тодотголтой хайрын тухай жигтэй өгүүлснээрээ орчин цагийн хотын залуусын амьдралтай тус бүтээл эрхгүй холбогдох болно.

Хийлч бүсгүй, Орос улс, Улаанбаатар хот, Жазз клуб, буриад найз, ганцаардлын эсвэл жинхэнэ хайр. Үе хоорондын хайрыг өөр өөрөөр хүлээн авч, өөр хоорондоо харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлж буй нь нүднээ ил байгаа эл үед, та бидний нэг хайр сэтгэлд ямар хариу үйлдэл үзүүлж буйг энэ номоос олж харна.