Жил бүр англи хэл рүү орчуулагдан Их Британи, Ирландад хэвлэгдэн гарсан бүтээлүүдээс онцлон олгодог Олон Улсын Бүүкерийн шагналыг Тайваны зохиолч Ян Шуан-зы “Taiwan Travelogue” (Тайванаар аялсан тэмдэглэл) бүтээлээрээ хүртлээ. Тус наадам нь жил бүр нийт 13 бүтээлийг эхний шатанд шалгаруулан зарладаг бөгөөд улмаар шөвгийн зургаан зохиолчийн номоос шагналын эзнээ тодруулдаг билээ. 

Энэ жил тус наадамд шалгарсан 13 бүтээл хоёрдугаар сарын 24-ний өдөр зарлагдсан бол удаах шатны 6 ном гуравдугаар сарын 31-нд танилцуулагдаад байсан юм. Харин шагналын эзнийг хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 19-ний өдөр Английн Лондон хотын “Tate Modern” урлагийн галерейд дэлхий нийтэд зарлан “Бүүкер”-ийг гардуулав. Ингээд тус бүтээлийн болоод зохиолчийн тухайд улам дэлгэрэнгүй өгүүлье. 

Шөвгийн 6 зохиолчийн бүтээлийн тухай дэлгэрэнгүй унших: The International Booker Prize 2026 богино жагсаалтад багтсан бүтээлүүдийг зарлалаа (Нийтлэгч “Усны Гудамж”)

Зохиолч, орчуулагчийн тухай

Тайваны зохиолч Ян Шуан-зы нь 1984 онд Тайваны Тайчинг хотод төрсөн бөгөөд бага, дунд насаа хөдөөрхүү нутагт өнгөрөөжээ. Улмаар “National Chung Hsing University” сургуульд Хятадын уран зохиолоор бакалавр, Тайваны уран зохиолоор магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Тэрээр уран зохиол, эсээ, манга, мөнхүү хамгийн сонирхолтой нь видео тоглоомын зохиолчоор ажилладаг бөгөөд 2020 онд түүний “Taiwan Travelogue” бүтээлийг хятад хэлээр “Springhill Publishing” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ. Тус бүтээл дараа жил нь буюу 2021 онд Тайваны хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг “Golden Tripod Award”-ийн эзэн болж, улмаар япон хэлээр орчуулагдан тус орчуулга нь 2024 онд Япон Улсын Шилдэг орчуулгын шагналыг хүртжээ.

Түүнчлэн мөн онд уг бүтээлийн англи орчуулга АНУ-аас орчуулгын бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал болох “National Book Award for Translated Literature”-ийг хүртээд байсан бол хоёр жилийн дараа буюу 2026 онд ийнхүү “The International Booker Prize”-ийн эзэн болж буй ажээ.



Өнөөдрийн бидний онцлон буй Олон Улсын Бүүкерийн шагнал нь шагналын эзэн болсон бүтээлийнхээ орчуулагчийг нийтэд алдаршуулдгаараа онцлогтой. Тухайлбал, уг шагналыг дагалддаг 50,000 фунт Стерлингийг орчуулагч, зохиолчид адил тэнцүү хуваан олгодог билээ. Энэ жилийн Бүүкерийн эзэн номын орчуулагч нь Тайван-Америк зохиолч, орчуулагч Линь Кинг юм. Тэр бээр “Princeton University” сургуульд зохиолч, Английн уран зохиол, Зүүн Азийн судлалаар бакалавр, “Columbia University”-д утга зохиолын орчуулагчийн магистрын зэрэг тус тус хамгаалжээ. Түүний өөрийн зохиол бүтээлүүд Америкийн хэд хэдэн сэтгүүлд хэвлэгдэн гарч байсны сацуу 2018 онд “Appetite” өгүүллэгээрээ “PEN/Robert J. Dau Short Story Prize for Emerging Writers” буюу шинэ, залуу зохиолч нарт олгодог шагналыг хүртэж байв. Орчуулагч бээр 2023 онд зохиолч Юй Пэй-Юнь, Жоу Жянь-Синь нарын “The Boy from Clearwater” бүтээлийг англи хэл рүү орчуулан хэвлүүлж байсан байна.

Номын тухай

“Taiwan Travelogue” роман нь мандарин хятад хэл (путунхуа)-нээс орчуулагдан Бүүкерийн эзэн болсон анхны бүтээл болоод буй. Уг роман мета-уран зохиол байдлаар бичигдсэн буюу бодит болон зохиолчийн уран сэтгэмж нэг нь нөгөөгөөсөө ялгагддаггүй онцлогтой. Романы үйл явдал 1930-аад оны Япон Улсын мэдэлд асан Тайванд өрнөх бөгөөд зохиолын гол дүр Аояама Чизүко хэмээгч зохиолчийн аяллын тухай өгүүлнэ. Гол дүрийг аяллын туршид орчуулагч О Чизүрү даган хамт явах бөгөөд Чизүко түүнийг ямар нэгэн зүйлийг нуугаад буй гэж сэжиглэснээр зохиолын үйл явдал цааш үргэлжилдэг ажээ. Тус бүтээл нь Аояама Чизүко өөрийн намтраас сэдэвлэн бүтээсэн роман байдлаар бичигдсэн байна.



Харин эл бүтээлийг чухамхүү мета-уран зохиолын шинжтэй болгож буй онцлог нь номын гол дүр Аояама Чизүкогийн романыг Ян (зохиолын бодит зохиолч Ян Шуан-зы) япон хэлнээс хятад хэл рүү орчуулан, орчуулгын нэмэлт тайлбар зүүлтүүд шигтгэж өгсөнд оршиж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй, Аояама Чизүкогийн охины нэмэлт тайлбар, орчуулагч Чизүрүгийн дагалдуулал үг хавсаргаснаараа машид сонирхолтой шийдэл болжээ. Зохиолд өгүүлж буйгаар уг романыг А.Чизүко япон хэлээр туурвин 1954 онд хэвлүүлж, орчуулагч Чизүрү нь хятад хэлэнд буулгасан бөгөөд номын жинхэнэ зохиолч Ян бээр өөрийн орчуулгаа хийж буй нь энэхүү хоёрхон хоногийн өмнө Бүүкерийн шагнал хүртсэн бүтээл гэнэ. Түүнчлэн зохиолын англи орчуулгад Линь Кингийн ч орчуулгын тайлбар зүүлт нэмэгддэг байна.

“Taiwan Travelogue” номыг Энэтхэгийн уншигчид ихэд эергээр хүлээж авсан бөгөөд өдгөө улс улсад орчуулагдан хэвлэгдэх мэдээ мэдээлэл ар араасаа гарсаар буй.



Ач холбогдол

Бүүкерийн шагналын ерөнхий шүүгч Наташа Браун ёслолын үеэр энэхүү романыг “Эл бүтээл Англи хэл рүү зочлон ирэхдээ хүнд бэрхээс ер халшран эмээсэнгүй. Харин өмнөх үг, тайлбар зүүлт, дагалдуулал үг зэрэг илүү уламжлалт уран зохиолын онцлогийг ашиглан цөм болсон хайр сэтгэлийн түүхээ машид сонирхолтой мета-туурвилийн олон давхаргаар баринтаглажээ. Линь Кингийн орчуулгын ур чадвар романы өгүүлэмжийн өнгө аясыг төгс төгөлдөр буулгасан байлаа” хэмээн мэдэгдсэн юм.

Харин зохиолч шагналаа гардахдаа “Би үргэлж уран зохиолд хүч оршдог гэдэгт итгэсээр ирсэн… Уран зохиол хэдий чимээ аниргүй байх нь олонтоо ч хүмүүний санаа сэдлийг хол, уудамд түгээж чаддаг” хэмээсэн билээ. “Taiwan Travelogue” бүтээл дэлхийн хамгийн нэр хүндэт шагналуудыг ийнхүү ар араас нь хүртсээр буй нь бидний энэ цаг үеийн уран зохиолын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой нь дамжиггүй.

Ингээд дараа жилийн “Бүүкер”-ээр эргэн уулзъя.