Жил бүрийн 10-р сарын 31-нд тохиодог Halloween буюу аймшгийн баяр нь одоогийн Ирланд болон Шотланд үндэстний эртний өвөг эцэг болох Селтикчүүдээс гаралтай аж. Селтикчүүдийн намрын улирлыг үдэж өвлийг угтах уламжлал 10-р сарын 31-нд зохиогддог байсан нь одоогийн аймшгийн баяр болжээ.
Энэ сонирхолтой түүхт баяр болох гэж буйтай холбогдуулан энэ удаагийн нийтлэлээрээ жихүүдэс, айдас төрүүлэм 10 номын жагсаалтыг бэлдлээ. Эдгээр бүтээл дунд кино дэлгэцнээ гарч, зүрхэнд ортол айлгасан дэлгэцийн уран бүтээлүүд мөн зүгээр л нууцлаг, ойлгомжгүй, содон өнгө аястай шинэлэг зохиолууд аль аль нь бий.
1. The Shining
Хуудас: 505
Зохиолчийн тухай
"Аймшгийн өгүүллэгийн хаан” хэмээн алдаршсан Стивен Кинг орчин үеийн утга зохиолын хамгийн олон уншигчтай зохиолчдын нэг юм. 1947 онд Америкийн Мэйн мужийн Портленд хотод төрсөн Кингийн бүтээлүүд ихэвчлэн этгээд, аймшгийн, нууцлаг өнгө аястай бичигдсэн байдаг. Карьерынхаа туршид 60 гаруй роман, 200 гаруй богино өгүүллэг бичсэн Кингийн ихэнх зохиол кино, телевизийн цуврал болж дэлгэцнээ амилсан билээ.
Номын тухай
Зохиолын гол дүр Жек Торранс зохиолчийн блокоосоо гарч, бичих ажилдаа шимтэхээр гэр бүлээ аваад нэг өвөл Колорадогийн алслагдсан хэсэгт орших “Оверлук” хэмээх зочид буудалд хамгаалагчаар ажиллаж эхэлдэг. Гэвч зочид буудлын хар энерги тэднийг нөмрөн авч Жек хачин авирлаж эхэлнэ. Нөхрийнхөө жигтэй авираас болж эхнэр Венди болон хүү Дэнни нар нь аюулд өртсөнөөр зохиол цааш өрнөх аж.
Хэнд санал болгох вэ?
Киног нь үзсэн ч зохиолыг нь уншиж үзээгүй, тэр дундаа сэтгэцийн өвчин, донтолт болон байгалийн бус хүчин зүйл зэрэг хийсвэр ойлголтод сонирхолтой хүмүүст санал болгоё.
2.The silent patient
Хуудас: 336
Зохиолчийн тухай
Алекс Майклэйдес нь Грек, Англи гаралтай зохиолч бөгөөд Кембрижийн Тринити коллежид Английн уран зохиолоор дараа нь сэтгэл засалчаар суралцжээ. Тэрээр Нортгэйт эмнэлгийн өсвөр насныхны тасагт хоёр жил ажиллаж, сэтгэцийн хүнд өвчтэй хүмүүстэй тулж ажиллаж байсны хувьд анхны роман болох "The Silent Patient" бүтээл нь сэтгэлзүйн асуудлыг гүн, гүнзгий дүрсэлсэн байдаг. Тиймдээ ч түүний уг бүтээл 2019 онд АНУ-д хамгийн их борлуулалттай бүтээл болж байв.
Номын тухай
Нэрт зураач Алисиа Беренсон нөхрөө таван удаа буудаж хөнөөгөөд хэлгүй мэт нэг ч үг дугаралгүй чимээгүй болно. Хэргийнхээ гороор шоронд орсон ч түүний уран бүтээлийн үнэ өсөж, сонин хэвлэлээр шуугих агаад түүний нууцлаг нам гүм байдал олны анхаарлыг улам ихээр татав. Сэтгэл зүйч Тео Фабер Алисатай ярилцаж, уг хэрэг явдлын цаана ямар шалтгаан байсныг тайлахыг хичээнэ. Сэтгэлзүйч ярилцах явцдаа өөрийн нуугдсан дотоод хүслүүдтэй тулгарч, түүний мөрдлөг өөрийг нь ч сорьж эхэлдэг.
Хэнд санал болгох вэ?
Алисиагийн нам гүм байдлыг бүрхсэн нууцлаг орчин, цочирдом төгсгөл, адармаатай өнгө аяс, үйлдэл, бодлууд энэ романыг сонирхолтой болгожээ. Тиймээс нүд салгаж чадамгүй сонирхолтой зохиол уншихаар хайж байгаа бол энэ номыг санал болгоё.
3. Ring
Хуудас: 282
Зохиолчийн тухай
Кожи Сүзүки нь Японы Хамамацуд төрж өсөөн бөгөөд одоо Токио хотод амьдардаг. Тэрээр ихэвчлэн аймшгийн зохиол бичдэг ба түүний цуврал бүтээлүүд манга, дэлгэцийн цуврал, тоглоомын зохиол болсон байдаг. Бидний хамгийн сайн мэдэх Самара Морган нэртэй, дэлгэцээс гарч ирдэг сүнстэй киноны зохиолыг энэ хүн бичсэн юм.
Номын тухай
Гурван өсвөр насны хүүхэд нэгэн зэрэг, адилхан бөгөөд хачирхалтай байдлаар нас барсныг мэдсэн сэтгүүлч Казуюүки Асакава уг хэргийг судлах явцаас зохиолын үйл явдал эхэлнэ. Сэтгүүлч судалж явсаар тэдгээр хүүхдүүдийн нас барахаас нэг долоо хоногийн өмнө зугаалгаар очсон Өмнөд Хаконе дахь амралтын газарт ирнэ. Тэндээс хачирхалтай, ямар ч хаяг гарчиггүй, 20 минутын дүрс бичлэгийг олдог.
Бичлэгийн төгсгөлд уг бичлэгийг үзсэн хүмүүс нэг долоо хоногийн дотор амь насаа алдахыг анхааруулсан текст гарч ирдэг ба яаж амьд гарах аргыг тайлбарласан хэсэг нь сурталчилгаагаар дарагдсан байдаг. Ийнхүү хараалд хутгалдсан Асакава өөрийн гэр бүлээ хамгаалахын тулд хараалыг цааш дамжуулах аймшигт сонголттой тулгарна.
Хэнд санал болгох вэ?
Жинхэнэ цочоож, давчдуулам гоц аймшгийн зохиол уншиж эд эсээ сэргээхийг хүсэж буй хүмүүст уг цуврал бүтээл таалагдаж магадгүй. Зохиолын жирсхийлгэм уур амьсгал, үйл явдал, утга санаа нь нэлээд нарийн төлөвлөж боловсруулсан сайн зохиол гэдгийг илтгэнэ.
4. The girl on the train
Хуудас: 181
Зохиолчийн тухай
Паулa Хокинс нь Зимбабве улсын Салисбери хотод төрж өссөн бөгөөд Английн Оксфордын Их сургуульд философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж төгсжээ. Тэрээр "Times" сэтгүүлд бизнес, эдийн засагтай холбоотой нийтлэлүүд бичдэг байсан ба сэтгүүлчийн ажил нь зохиолч болох замд нь тусалсан гэдэг. Түүний “The Girl on the train” ном нь 2015 онд хэвлэгдсэн даруйдаа хамгийн их борлуулалттай ном болж, 2016 онд жүжигчин Эмили Блантын тоглосон кино бүтээл болж дэлгэцнээ амилж байсан билээ.
Номын тухай
Зохиолын гол дүр Рейчел өглөө бүр нэг цагтаа нэг галт тэргэнд суудаг. Түүний байнга суудаг галт тэрэг нэг газар үргэлж саатдаг ба ингэхэд нь Рейчэл ойрхавийн байшинг ажигладаг дадалтай болжээ. Эдгээр байшингийн нэг өрөөнд нь амьдардаг хосуудыг “Жесс, Жейсон” гэж нэрлэсэн бөгөөд тэдний амьдрал Рейчелийн нүдэнд үнэхээр төгс төгөлдөр харагдана. Харин нэг өдөр галт тэрэгний цонхоор итгэмээргүй зүйл зурвасхан харснаас хойш бүх зүйл өөрчлөгдөнө.
Хэнд санал болгох вэ?
Уг бүтээл хүний дотоод зөрчлийг гэнэтийн эргэлт, нууцлаг дүрүүдээр дамжуулан өгүүлсэн учраас адал явдал, айдас, сэтгэлзүйн дарамт зэрэг хүчтэй мэдрэмж, хурдан өрнөл хүсдэг уншигчдад гарцаагүй таалагдах болно.
5. The hidden pictures
Хуудас: 384
Зохиолчийн тухай
Жейсон Рекулак нь Америкийн Филаделфи хотод эхнэр хүүхдийн хамтаар амьдардаг, аймшгийн төрлийн бүтээлээрээ шинээр гарч ирж буй зохиолч бөгөөд түүний хамгийн алдартай бүтээл нь хэвлэгдсэн даруйдаа өндрөөр үнэлэгдэж, 30 гаруй хэл дээр орчуулагджээ. Тэрээр “Quirk Books” хэмээх хэвлэлийн газрын эрхлэгчээр ажиллаж, өөр олон зохиол бүтээлд "ghostwriter"-аар бичдэг байжээ.
Номын тухай
Зохиол Маллори Куинн хэмээх бүсгүй амьдралаа шинээр эхлэн асрагчийн ажилд орсноор эхэлнэ. Түүний асрах хүүхэд бол Тедди хэмээх таван настай хүү. Анхандаа эмэгтэйд ажил нь тайван, тогтвортой санагдана. Тедди хүү зураг зурах дуртай ба эмэгтэйн хувьд ч энэ зуршил нь хөөрхөн санагдаж, зурах хүслийг нь дэмжинэ. Гэтэл нэг өдөр ой модон дунд эрэгтэй хүн нэгэн эмэгтэйн цогцсыг чирч яваа дүрслэл зурсан байв. Үүгээр ч зогсохгүй түүний зургууд өдөр ирэх тусам өөрчлөгдөж улам аймшигтай болж хувирна.
Хэнд санал болгох вэ?
Гэнэтийн эргэлтээс илүүтэй аажмаар айдас төрүүлэхүйц уур амьсгалтай тул нууцлаг зохиолд дуртай уншигчдад уг ном таалагдана. Мөн Теддигийн зургийн учрыг тайлж олох үйл явц хэргийн ул мөрийг гэрчилж буй мэт сонирхолтой учраас ер бусын, илбэ шидийн бус илүү бодит түүх унших дуртай уншигчдад санал болгоё.
6. The secret history
Хуудас: 559
Зохиолчийн тухай
Донна Тарт АНУ-ын Миссисипи мужийн Гринвүүд хотод төрж, өссөн бөгөөд багаасаа зохиол бичих хүсэл тэмүүлэлтэй байсан тул 13 насандаа анхныхаа шүлгээ нийтлүүлж байжээ. Нэг зохиолоо бичиж, хэвлүүлэхдээ бүтэн арван жил зарцуулдаг хэмээн алдаршсан Тартт 30 гаруй жилийн хугацаанд ердөө гурван роман хэвлүүлсэн байдаг. Тартт олны анхаарлаас хол байж, тийм ч их ярилцлага, нэвтрүүлэгт ордоггүй байдал нь шүтэн бишрэгч, уншигч, шүүмжлэгчдийн сонирхлыг ихээр татдаг.
Номын тухай
“The Secret History” нь Тарттын анхны роман бөгөөд 1992 онд анх хэвлэгдсэнээсээ хойш "Dark Academia" гэх өвөрмөц утга зохиолын чиг хандлагын үндэс суурийг тавьсан юм. Энэхүү роман нь Вермонт дахь элит либерал урлагийн коллежийн латин хэл судлалын зургаан оюутны нөхөрлөл, амьдралын тухай өгүүлнэ. Тэдний нэг Ричард Папен ангийн анд Эдмундийн амь үрэгдсэн шалтгаан, түүний үзүүлсэн үлгэр дуурайлал, сэтгэлзүйн шарх зэргийг нь эргэн дурсах байдлаар уг романбичигджээ.
Хэнд санал болгох вэ?
Энэ бүтээл аймшгийн гэх төрөл жанрт багтахгүй хэдий ч “dark academia” буюу нууцлаг түүх маягаар бичигдсэн бүтээл учраас аймшгийн баяраар уншиж, харанхуй, бүүдгэр уур амьсгалтай уусан нэгдэхэд туслах болно.
7. Behind Her Eyes
Хуудас: 307
Зохиолчийн тухай
Пинборо нь 1972 онд Их Британи, Баккхамшир хотод төрсөн Английн зохиолч бөгөөд ихэвчлэн триллер, уран зөгнөлт зохиолуудыг бичдэг. Түүний 20 гаруй ном олон хэл рүү орчуулагдсан байдгаас “Behind Her Eyes” зохиол нь 2021 онд Netflix-ийн цуврал болгон гарч байсан юм. Уг зохиол 2009 онд Шилдэг богино өгүүллэгийн British Fantasy шагналыг хүртэж уран зохиолын салбарт байр сууриа олсон билээ.
Номын тухай
Ганц бие ээж Луизд тохиолдож буй томоохон өөрчлөлтөөр энэ түүх эхэлнэ. Луиз уушны газарт ганцхан үнсэлт солилцсон залуу Дэвид шинэ ажлынх нь дарга гэдгийг мэдээд удаагүй байхдаа түүний үзэсгэлэнтэй, нууцлаг эхнэр Аделтай хачирхалтайгаар нөхөрлөж эхэлнэ. Гаднаасаа төгс харагдах энэ гэр бүлийн харилцаанд ямар нэгэн харгис зүйл нуугдаж буйг Луиз таамаглаж эхлэх ч, яг юу болоод байгааг нэг л ойлгохгүй.
Хэнд санал болгох вэ?
Гэр бүлийн ээдрээтэй харилцаа, хүний хүсэл шунал, харгислал, нууц гээд олон нийлэмжээс бүрдсэн уг зохиол сэтгэл түгшээм өрнөл, үйл явдалтай тул уламжлалт триллер зохиолд дуртай уншигчдад санал болгоё.
8. If We Were Villains
Хуудас: 354
Зохиолчийн тухай
Зохиолч Майами хотод төрж, Хойд Каролинад өссөн бөгөөд бага ангиасаа бичих замналаа эхлүүлж, хамгийн анхны “If We Were Villains” номоо 2017 онд хэвлүүлэхэд уг бүтээл нь дэлхийн 20 гаруй оронд, 15 хэл дээр орчуулагдаж олон улсын бестселлер болж байв. Тэрээр зохиолчоос гадна театрын жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд Шекспирийн уран бүтээл судлалын чиглэлээр Кингс Коллежид магистрын зэрэг, Мэриландын Их сургуульд Английн уран зохиолоор докторын зэрэг хамгаалжээ.
Номын тухай
Зохиолын үйл явдал Оливер Маркс хэмээх дүрийг тойрон өрнөх ба тэр өөрийнхөө хийгээгүй аллагын хэрэгтээ гүтгэгдэн арван жил шоронд хоригддог. Шоронгоос суллагдах өдөр нь түүнийг хорьсон мөрдөгч арван жилийн өмнө яг юу болсон талаар ярилцана.
Оливер болон түүний зургаан найз томоохон урлагийн коллежид Шекспирийн жүжигт дүр бүтээдэг залуу жүжигчид байжээ. Тэд тайзан дээр баатар, хорон санаатан, эзэрхийлэгч, сэтгэл татам цагаахан дүрүүдэд тоглодог байсан ба бодит амьдрал дээр ч эдгээр дүрийн адил үйлдэл гаргаж, аягладаг нь хачирхалтай. Нэг өдөр дүрүүдийн хуваарилалт өөрчлөгдөж, туслах дүрүүд гол дүрүүдийн оронд гарч ирэх үед жүжиг нь бодит амьдралтай холилдож эцэстээ нэгнийх нь үхлээр төгсөнө. Харин амьд үлдсэн бусад найзууд нь цагдаа нарт өөрсдийгөө гэмгүй гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа хамгийн том жүжгийг тоглох шаардлагатай болно.
Хэнд санал болгох вэ?
Түүний зохиол бүтээл ихэвчлэн эртний тайзны дүрээр солиорол болон сэтгэцийн эмгэгийг дүрслэн үзүүлдэг. Хуучинсаг уур амьсгал, театрын жүжиглэлт, бодит байдлыг эртний аж байдалтай сүлэн харуулдаг тул уг бүтээл уншсан хүн бүрд шинэлэг, сонирхолтой санагдах нь гарцаагүй.
9. BUNNY
Хуудас: 305
Зохиолчийн тухай
Зохиолч Мона Авад бол орчин үеийн уран зохиолд шинэ өнцөг, уур амьсгал авч ирж буй Канадын залуу зохиолч. Түүний хоёр дахь бүтээл “Bunny” нь Goodreads-ийн аймшгийн номын төрөлд шагнал авч, дараагийн бүтээл “All’s Well” нь мөн уг шагналд нэр дэвшиж байв. Одоо тэрээр Нью-Йорк мужийн Сиракьюз Их сургуульд уран зохиолын профессороор ажилладаг.
Номын тухай
Зохиолын гол дүр Саманта Хэзер Маккей уран зохиолоор сурдаг. Тусгаарлагдсан, ганцаардмал Саманта бусдаас нэг л өөр, онцгой ертөнцтэй бөгөөд уран зохиолын ангийнхаа баян, биеэ тоосон охидын бүлгэмийг үзэн яддаг байлаа. Гэхдээ нэг өдөр Саманта бүлгэмийн нууц үдэшлэгт уригдан, тэдний жигтэй уламжлалтай танилцсанаар бүх зүйл өөрчлөгдөнө. Уруу таталтад автсан тэрээр бодит болон төсөөллийн ертөнцөө ялгахаа байж үхлийн аюулд орно.
Хэнд санал болгох вэ?
Хэт донтох сэтгэлзүй, хар бараан бодлууд, атаа хорсол зэрэг тэр бүр хүмүүсийн мэдрэхийг хүсдэггүй эсвэл мэдэрсэн ч нуухыг хүсдэг мэдрэмжүүдийг чадамгай илэрхийлсэн тул цочоох аймшгийн түүхээс илүү удаан өрнөлтэй, нууцлаг зохиол уншихыг хүсэж байвал уг бүтээлийг санал болгоё.
10. The human chair
Хуудас: 220
Орчуулга: "Хүн сандал" CHIMEE Publishing
Зохиолчийн тухай
Зохиолчийн жинхэнэ нэрийг Таро Хираи гэдэг ба дорнын зохиолд татагдсан тэрээр Эдогава Ранпо хэмээх уран бүтээлийн нэрээ алдарт зохиолч Эдгар Аллан Пое зохиолчийн нэрээс санаа авч өгсөн гэдэг. Ранпо 1923 онд "The Two-Sen Copper Coin" нэртэй нууцлаг өгүүллэгээрээ зохиолчийн карьераа эхлүүлсэн. Энэ бүтээл нь япон соёлд ойр хэр нь барууны адал явдал, нууцлаг байдлыг Японы уран зохиолд авчирчээ. Тийм ч учраас тухайн үедээ залуу уншигчдын таашаалд ихэд нийцэж байсан гэдэг. Харамсалтай нь зохиолч Ранпо нь 1965 онд нас барсан бөгөөд түүний нэрээр нэрлэгдсэн Эдогава Ранпогийн шагналыг Японы зохиолчдын нийгэмлэгийн зүгээс жил бүр олгодог.
Номын тухай
Японы зохиолч Йошико бусад залуу зохиолчдын түүнд илгээсэн захидлуудыг уншихаар тухлахад нэг онцгой захидал түүний анхаарлыг татав. Уг захидал хийсэн нүглийнхээ төлөө хүлцэл өчиж буй байдлаар бичигдсэн байв. Захидлын эзэн сандал урлаач нэгэн бөгөөд ажилдаа маш дуртай нэгэн. Нэг өдөр тэрээр зочид буудалд зориулж нэгэн тансаг сандлыг урласан нь түүний төгс бүтээл болжээ. Захианы төгсгөлд тэрээр нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйн амьдралыг дүрсэлж, түүнд ямар их татагдсанаа өчих бөгөөд Йошико захиаг уншиж суухдаа огил үсрэн босож захиа өөрийнх нь тухай болохыг олж мэднэ.
Хэнд санал болгох вэ?
Эдогава Рампогийн өвөрмөц уран зохиолын өнгө аяс, бичиглэл, сонирхолтой дүрслэлүүд нь хүнлэг бус байдал, аюултай, жигшмээр этгээд хүслийг өдөөж эргэлзээнд оруулж оридог. Тиймээс зөвхөн аймшгийн зохиолд дуртай уншигч гэлтгүй бага зэрэг этгээд, содон зохиол уншиж үзэхийг хүсэж байвал уг бүтээлийг санал болгоё.
Сүнсний баяраар сэтгэлээ сэргэтэл жигтэй түүх уншиж, хүйтэн өвлийг угтахдаа бэлдээрэй.
Сэтгэгдэл бичих