Алтан навч хийслээ дээ 
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо 
Ерөөсөө бидний баяр даа

Хичээл сургуулийн улирал эхэлж, хөл хөдөлгөөн эхэлсэн энэ цаг үед уншигч таныг түр саатуулан, наймдугаар сард шинээр хэвлэгдсэн онцлох номуудтай танилцуулахаар эл нийтлэлийг бэлтгэлээ. 

Энэ сард нас насны хүүхдэд зориулсан буддаг, зурдаг, үддэг, эргүүлдэг гээд төрөл бүрийн “ид шидтэй” номууд хэвлэгдсэн бөгөөд тэдгээрээс цөөн хэдийг онцлон хүргэж буйгаа энэ ташрамд дуулгая. 


1. Муур миний өчил


Зохиолч: Нацумэ Соосэки
Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 578
Үнэ: 60,000₮

Анх 2002 онд эх хэлнээ орчуулагдаж байсан “Муур миний өчил” романыг өнгөрсөн сард Нэпко хэвлэлийн газраас дахин орчуулан хэвлэжээ. Тус номын зохиолч Нацумэ Соосэкигийн хувьд Японы реалист романы сонгодог төлөөлөгчдийн нэг гэгддэг бөгөөд Боччан, Санширо, Кокоро тэргүүтэй олон бүтээлээрээ алдартай нэгэн.

Нацумэ Кинноскэ 1867 онд буюу Мэйжигийн хувьсгалын яг урд жилд, зургаан хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Тухайн үед эцэг эх нь 40 гаруй настай байсан бөгөөд “хэнз хүүхэд” төрүүллээ гэж өөрсдийгөө үзээд, хүүг нэг настай байхад айлд өргүүлсэн ажээ. Гэтэл өргөж авсан эцэг эх нь хэдэн жилийн дараа салж, хүү есөн настайдаа эргээд төрсөн гэртээ ирсэн байдаг. Энэ явдал түүний амьдралд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн нь зохиол бүтээлээс нь харагддаг байна.

Түүний хамгийн анх гаргасан номуудын нэг нь “Муур миний өчил” хэмээх энэхүү бүтээл бөгөөд шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа Япон Улс, тус улсын түмнийг муурын нүдээр ажиглан харж, шүүн тунгааж буйгаар өгүүлдэг, хошин, егөөтэй зохиол гэнэ.


2. Доктор Мэрагийн гэмт хэрэг


Зохиолч: Эдогава Рампо
Орчуулагч: Д.Дашмөнх
Хэвлэлийн газар: Хар муур

Халаасанд багтах хэмжээтэй номуудыг цувралаар гаргаж буй Хар муур хэвлэлийн газар ээлжит бүтээлээрээ Эдогава Рампогийн “Доктор Мэрагийн гэмт хэрэг”-ийг сонгон хэвлэжээ.

Эдогава Рампогийн хувьд Японы Эдгар Аллан По хэмээн нэрлэгддэг, нууцлаг, детектив, триллер зохиолуудаараа алдартай нэгэн. Түүний жинхэнэ нэрийг Хираи Таро гэдэг бөгөөд Эдгар Аллан Погийн зохиолуудыг уншсан нь түүнд гүнзгий нөлөөлсөн тул япон ханзаар нэрийг нь бичиж, Эдогава Рампо хэмээгээд уран бүтээлийнхээ нэр болгон ашигласан байдаг.

Түүний зохиолуудаас “Хүн сандал”, “Сүүдэрт гэтэх албин” зэрэг нь монгол хэлнээ орчуулагдсан байдаг бол энэ удаа Когоро Акэчи хэмээх мөрдөгчтэй цувралын нэгэн дэвтэр орчуулагдсан байна.

Когоро Акэчи хэмээх мөрдөгчийн тухай 6-7 томоохон зохиол байдгийн нэг нь эл бүтээл бөгөөд цуврал бүрд мөрдөгч залуу овжин, зальхай гэмт этгээдүүдийг мөрдөж буй талаар өгүүлдэг. Когоро Акэчи нь Шерлок Холмсын нэгэн адил Японы детектив зохиолын бэлгэ тэмдэг болсон дүр билээ.


3. Хюнам дахь номын дэлгүүрт тавтай морил


Зохиолч: Хван Бу Рым
Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 259
Үнэ: 25,000₮

2024 оны Нобелийн утга зохиолын шагналыг Өмнөд Солонгосын зохиолч Хан Ган хүртсэнээс хойш Солонгосын уран зохиол дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ шохоорхол, хүлээлтийн давлагаанаас уу, эсвэл өөр шалтгаанаас болов уу, Хван Бу Рым хэмээх 43 настай зохиолчийн анхны роман дотооддоо “бэстсэллэр” болсны сацуу 48 хэл рүү орчуулагдаад байгаа гэнэ.

Зохиолчийн хувьд компьютерын ухааны мэргэжилтэй бөгөөд их сургуулиа төгсөөд долоон жилийн турш LG Электроникс компанид ажилласан туршлагатай нэгэн. Түүнд корпорацын ажил тохирохгүй байсан тул ажлаасаа гарч, 30-аад наснаасаа бичихүйн талбарт шамдаж эхэлжээ. Тийнхүү эхний бүтээлээрээ эсээний түүвэр бичсэн ч хэвлэлийн газруудаас татгалзсан хариу авсан байна. Удалгүй, гурван сарын дараа анхны бүрэн хэмжээний үргэлжилсэн үгийн зохиолоо бичиж дуусгаад “Brunch” нэртэй утга зохиолын цахим платформд нийтэлж, цаашлаад Brunch-ийн зохион байгуулсан уралдаанд орж, түрүүлжээ. Ингээд цахим ном хэлбэрээр хэвлүүлэх эрх авсан бөгөөд ном нь гарсан даруйдаа л зарагдаж дууссан аж. Тэр байтугай, цаасан ном нь 13 удаа хэвлэгдсэн буюу одоогоор 300 мянга гаруй хувь борлуулагдсан байгаа юм байна.

Эрхлэн гаргагч Болор судар хэвлэлийн газраас энэхүү номыг “урам зориг, тайвшрал, амьдралын хамгийн жижиг аз жаргалыг сануулах бүтээл” хэмээн тодорхойлоод буй.


4. Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тайлбар


Зохиолч: Александр Хамилтон, Жэймс Мэдисон, Жон Жэй
Орчуулагч: Д.Лхагвасүрэн, Р.Ууганбаатар, Д.Сүхболд, Б.Хангай, Б.Амарсайхан
Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 572
Үнэ: 65,000₮

“Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн тайлбар” буюу “The Federalist Papers” нь АНУ-ын Үндсэн хуулийг батлуулахын тулд 1787-1788 оны хооронд Александр Хамилтон, Жэймс Мэдисон, Жон Жэй гэх гурван эрхмийн хамтран бичсэн бүтээл юм.

Нэпко хэвлэлийн газрын дурдсанаар “Энэхүү ном нь АНУ-ын улс төр, эрх зүйн үзэл санааны суурь бүтээлд тооцогддог бөгөөд өнөөдрийг хүртэл Үндсэн хуулийн тайлбар, эрх зүйн шүүхийн шийдвэрт чухал нөлөө үзүүлсээр байгаа” гэнэ. Түүнчлэн улс төр судлал, эрх зүйн онол, түүхийн чиглэлээр суралцагчдын зайлшгүй унших ёстой суурь бүтээлүүдийн нэг аж.


5. Гэрийн үйлчлэгч ажиглана


Зохиолч: Фрида Макфаден
Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 355
Үнэ: 25,000₮

Гэр бүл, тохилог байшин, айх аюулгүй амар тайван байдал гээд Миллигийн хүсдэг бүхэн нэгэн дор цогцолжээ. Тэрээр бүх зүйл ард хоцорсон хэмээн итгэж байсан ч хөршүүд нь болох нэгэн гэр бүлийн учир битүүлэг зан авир Миллиг эргэлзүүлж эхэлнэ.

Гэрийн үйлчлэгч цувралын ээлжит номыг Болор судар хэвлэлийн газраас орчуулан гаргасан бөгөөд энэ удаа өмнөх номуудад гардаг адал явдал, нууцлаг байдал, түгшүүртэй өнгө аяс илүүтэйгээр гэр бүлийн амьдрал, дотоод сэтгэлийн зөрчил рүү чиглүүлсэн гэдгээрээ онцлогтой болжээ.


6. Ихмэдэх Филийн шинэ өдрийн тэмдэглэл


Зохиолч: Филип Озборн
Хэвлэлийн газар: Нэпко
Нүүрний тоо: 176
Үнэ: 33,500₮

Фил нэртэй, дунд ангийн нэгэн сурагч хүү байжээ. Хүү сургууль дээр болсон үйл явдал, багш нар, найз нөхөд, шохоорхдог охид, дээрэлхүү хүүхдүүд гээд өөрт тохиолдсон бүхий л зүйлийнхээ талаар тэмдэглэл хөтөлдөг. Хэдийгээр “мань хүн” өөрийгөө их мэдэгч гэх боловч, тэмдэглэлийг нь уншвал хөгжилтэй, будилуу, мөрөөдөмтгий хүүгийн дүр тодорч ирнэ.

Хүүхдийн номын зохиолч Филип Озборн нь хүүхдэд зориулсан хөгжилтэй, уран сэтгэмжит бүтээлүүдээрээ алдартай. Тийм ч учраас олон улсад хамгийн их борлуулалттай байдаг зохиолчдын нэг юм. Түүний бүтээлүүд 45 гаруй улсад хэвлэгдсэний зэрэгцээ зурагт ном, телевизийн бүтээл болсон байдаг.


7. "Давхар гэнэтийн бэлэг" цуврал


Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 10
Үнэ: 25,000₮ (тус бүр)

Гурваас дээш насныханд зориулж, “Амьтад”, “Үлэг гүрвэлүүд”, “Хүний бие” гэсэн гурван цуврал бүхий “Давхар гэнэтийн бэлэг” номыг Болор судар хэвлэлийн газраас гаргажээ. Тус номын хуудсууд нь татуургатай бөгөөд дэлгэсэн хуудсанд сэдэвтэй холбоотой нэмэлт мэдээлэл “нуугдаж” буй гэнэ.


8. “Тийм ээ, би чадна!” цуврал


Хэвлэлийн газар: Болор судар
Нүүрний тоо: 10
Үнэ: 25,000₮ (тус бүр)

Болор судар хэвлэлийн газраас гаргаж буй ээлжит хүүхдийн ном бол Пэнни охин хэрхэн шүдээ угааж, гутлаа үдэж, цаг хэлж сурч буй талаар харуулдаг “Тийм ээ, би чадна!” цуврал юм. Гутлаа үдэхэд гутлын үдээсгүй бол хэрхэн сурах билээ? Иймд хүүхэд багачуудыг өөрсдөө туршиж үзэхэд нь зориулж тус номыг гутлын үдээстэй бүтээсэн байна. Харин шүдээ угаах тухай номд шүдний сойз дагалдуулж өгнө. Ингэснээр охины түүхийг уншсан хүүхдүүдэд тэр даруй дагаж дуурайж суралцах боломжийг олгож буйгаараа дээрх цуврал онцлогтой болсон байна.