Хиймэл оюун ухаан, технологи, их өгөгдөл хэмээн шуугих ертөнцөд уншигч та миний сонирхол биш хэмээн хойш суугаа юм биш биз? Энэ хүмүүсийн ярианд оролцож чадахгүй, сонирхоод судалъя гэхээр хэт хол, хэцүү сэдэв юм шиг санагддаг байж магадгүй. Иймд технологийн талаарх сэдвийг хэдэн талаас нь, янз бүрийн өнцгөөс тайлбарлан бичсэн эдгээр 10 бүтээл хиймэл оюун ухаантай хоршин ажиллахад тань туслаад зогсохгүй уйдаах хором олгохгүй сонирхолтой гэдгийг амлая.
1. The fourth industrial revolution

Нүүрний тоо: 202
Монгол орчуулга: Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал
Хэвлэл: Легаси бүүкс
Номын тухай дэлгэрэнгүй: ДЭЗФ-ыг үндэслэгч Клаус Швабын "Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал" номын тойм
Зохиогчийн тухай
Клаус Шваб бол эдийн засаг, технологийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эдийн засагч, инженер хүн билээ. Түүнийг Дэлхийн эдийн засгийн форумыг (WEF) үүсгэн байгуулагч гэдгээр нь таньж магадгүй юм. Технологи, эдийн засгийн ухааны мэдлэгийг хослуулсан түүний уг ном маргаангүй чанартай, баялаг мэдлэг, мэдээллээр дүүрэн бүтээл аж.
Номын тухай
Уг бүтээл шинээр гарч ирж буй технологиуд хөгжихийн хэрээр физик, технологи, биологийн салбаруудын хооронд зааг ялгаа байхаа больж тааварлахад бэрх ертөнцийг ирээдүйд үүсгэж байгааг онцолжээ. Эдгээр өөрчлөлтийн хурд, цар хүрээ, нарийн, төвөгтэй байдлыг тайлбарлаж, өмнөх аж үйлдвэрийн хувьсгалуудаас яагаад тэс өөр болохыг нотолж өгсөн гэлтэй. Зохиогч 2025 он гэхэд үүсэх нь тодорхой, тохиох магадлал нь 70-аас дээш хувьтайд тооцогдох өөрчлөлтүүдийг тооцоолон судалсан нь сонирхолтой, гайхшируулам бүр зарим талаараа эргэлзмээр тооцооллууд байх ажээ.
Хэнд санал болгох вэ?
Энэхүү ном нь аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үүх түүх, үүсэхэд нөлөөлсөн хүчин зүйлс, одоогийн дэлхийг хэрхэн хэлбэржүүлж буйг цэгцтэй тайлбарладаг учир технологийн талаар суурь ойлголт авахад тусална. Ганцхан сэдвийг нарийвчлахаас илүүтэй “технологи” гэх үндсэн ойлголтыг том зургаар харах өнцгийг уншигчдад өгөх юм. Тиймээс технологийн талаар сонирхож эхэлж буй, юмыг эхнээс нь, түүхээс нь, ул суурьтайгаар судлах сонирхолтой уншигчдад тохирох нь гарцаагүй.
2. I, Human: AI, Automation, and the Quest to Reclaim What Makes Us Unique

Хуудасны тоо: 208
Зохиогчийн тухай
Томас Чаморро-Премузич нь Лондоны Их сургууль, Колумбийн Их сургуулийн бизнесийн сэтгэл судлалын профессор хүн юм. Тэрээр ажлын байран дээрх хүний зан үйлийн талаар хэд хэдэн нөлөө бүхий ном, олон тооны судалгааны өгүүлэл бичсэн нь шинэлэг бөгөөд нийгмийн тогтсон ойлголтуудыг өөрчилсөн аж. Түүний уг бүтээл шинжлэх ухаан ба практик амьдралын хоорондын нарийн ялгааг шинжилж, орчин үеийн ажлын орчин дахь төвөгтэй асуудлуудыг даван туулах баримт, судалгаанд суурилсан арга зам, ойлголтыг өгнө.
Номын тухай
Энэхүү ном хиймэл оюун ухаан, автоматжилт хүний хувийн болон мэргэжлийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг хэлэлцжээ. Зохиогч технологийн дэвшил хүн төрөлхтний амьдралын бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бидний зорилго, өвөрмөц байдлыг мэдрэхэд ихээхэн бэрхшээл учруулдаг болохыг тайлбарлана.
Түүнчлэн технологи хүний бүтээлч байдал, бусдыг ойлгох чадвар, шүүмжлэлт сэтгэлгээнд хэрхэн нөлөөлж буйг дахин үнэлэх шаардлагатайг кэйс судалгаан дээр үндэслэн задлан шинжилсэн нь сонирхолтой. Энэхүү бүтээл нь технологитой зэрэгцэн орших хүн төрөлхтний ирээдүй хаашаа явж байгаа вэ? Энэ үед хувь хүн хэрхэн оршин тогтнох вэ? хэмээх асуудлын шийдлийг зурайлгах замын зураглал мэт чухал бүтээл юм.
Хэнд санал болгох вэ?
Тус ном нь технологи, сэтгэлзүй, хүний нөөцийн чиглэлийн мэргэжилтнүүд болон хиймэл оюун ухаан ба хүний зан үйлийн огтлолцлыг сонирхдог хүмүүст тохирно. Сэтгэл судлалын онол, зарчмуудыг технологитой холбон тайлбарласан тул хүн бүрийн анхаарлыг татахуйц өргөн хүрээний сэдэвтэй, хүн бүрд хамаатай сэдвийг хөндсөн ч гэж хэлж болох юм. Бид энэ үед хэрхэн дасан зохицож, өсөн хөгжих вэ? Үүнд хүний сэтгэлзүй ямар нөлөөтэй, түүнийг яаж ойлгож, чиглүүлэх вэ? зэрэг бодит асуудлыг хэлэлцдэг учир товчхондоо “цаг үетэйгээ хөл нийлүүлэх гарын авлага” гэж хэлж болох юм.
3. The world I see

Хуудасны тоо: 324
Зохиогчийн тухай
Зохиогч Фэй-Фэй Ли нь компьютерын шинжлэх ухааны тэр дундаа компьютерын харааны чиглэлээр ажилладаг судлаач билээ. Түүний хиймэл оюун ухааны боловсрол, судалгаанд олон талт байдал, оролцоог нэмэгдүүлэх зорилготой үүсгэн байгуулсан AI4ALL ашгийн бус байгууллага нь энэ чиглэлдээ шилдэг тооцогддог. Түүний хиймэл оюун ухаанд оруулсан томоохон хувь нэмэр нь объект танилтын програм хангамжийн судалгаанд ашиглах зорилготой ImageNet төслийг үүсгэн байгуулсан явдал юм.
Номын тухай
Хүн гэдэг асар сониуч ажээ. Жолоочгүй автомашин, хиймэл зүрх, биткойн зэрэг боломжгүйг бий болгоход хүн төрөлхтний сониуч зан л хөтөлсөн. Уг бүтээл нь хүний төрөлх чанар болон хиймэл оюун ухааны огтлолцлыг тайлах нүд нээсэн бүтээл. Зохиогчийн бичгийн хэлбэр технологийн ертөнцийг уншигчийн алган дээр дэлгэх мэт ойлгомжтой. Тэрээр бүтээлдээ технологийн дэвшлүүдийн сөрөг талыг бус цааш бид дахин яаж илүү ихийг бүтээж болох вэ? буюу хиймэл оюун ухаан хүний чадавхыг хэрхэн нэмэгдүүлж болох өөдрөг үзлийг илүүтэй тусгасан аж.
Хэнд санал болгох вэ?
Энэ салбарыг тэнцвэртэй харж, сууриар нь ойлгохыг хүсэж буй уншигчдад тус ном таалагдах болов уу? Мэрэгжлийн хүний он удаан жилийн нөр их хөдөлмөрийг хэдхэн хуудсанд багтаасан мэдлэг, туршлагыг уншиж судална гэдэг цэгцтэй ойлголттой болох оновчтой зам байх нь гарцаагүй.
Салбарын ёс зүйн асуудал эсвэл технологийн сөрөг талуудыг тоочин, өнгөцхөн тайлбарлахаас илүүтэй технологийн сэдэв рүү илүү гүн нэвтэрч ордог. Тиймдээ ч энэхүү ном нь Financial Times сэтгүүлийн 2023 оны хамгийн сайн номуудад АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн хиймэл оюун ухааны төрөлд санал болгох номоор шалгарсан биз ээ.
4. More than a glitch

Хуудасны тоо: 248
Зохиогчийн тухай
Мередит Брюссард Нью-Йоркийн Их сургуулийн дата сэтгүүлч, профессор юм. Тэрээр компьютерын шинжлэх ухааны чиглэлийн өндөр мэдлэгтэй бөгөөд түүнийгээ сэтгүүлзүйн мэдлэгтэй хослуулан технологийн нийгэмд үзүүлэх нөлөөллийг судалж, шүүмжилдэг. Брюссардын судалгаа, бүтээлүүд нь технологийн хөгжилд ил тод, хариуцлагатай байдлын чухлыг онцолдог билээ.
Номын тухай
Бидний гайхширч, биширч, сонирхдог үй түмэн технологийн дэвшлүүдэд ямар асуудал байгааг мөн түүнд хандах хэрэглэгчийн шүүмжлэлт сэтгэлгээ, компаниудаас тавих шаардлагатай хяналт зэрэг асуудлыг хөндсөн нь технологийн салбарт ус агаар мэт хэрэгтэй шинэ өнцөг ажээ. Энэхүү ном нь хиймэл оюун ухаан болон бусад технологид нэвчсэн нийгмийн асуудал, тэгш бус байдлын тухай өгүүлнэ. Нүүр таних технологиос эхлээд төрөл бүрийн хиймэл оюун ухааны дэвшлүүд хэрхэн нийгмийн тэгш бус байдлыг хурцатгаж байдгийг судалгаа, бодит үйл явдлуудаар тайлбарладаг нь технологийн хөгжилд илүү ёс зүйтэй, хүн төвтэй хандлагын чухлыг хөнддөг.
Хэнд санал болгох вэ?
Бүтээл ёс зүй, хэм хэмжүүрийн чухлыг хөнддөг тул хиймэл оюун ухааны нийгмийн талыг сонирхдог эсвэл асуудлыг өргөнөөр харахыг хүсэж буй уншигчдад тохирно. Энэ ном нь зөвхөн технологийн талаарх мэдлэгийг тань тэлээд зогсохгүй олон өөр салбарын мэдлэгийг өгөх ажээ.
5. All-in On AI: How Smart Companies Win Big with Artificial Intelligence

Хуудасны тоо: 224
Зохиогчдын тухай
Зохиогч Томас Дэвенпорт нь Бабсон коллежийн профессор бөгөөд мэдээллийн технологи, менежментийн салбартаа туршлагатай нэгэн. Нитин Миттал нь байгууллагуудад хиймэл оюун ухааны шийдлүүдийг нутагшуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тусалдаг. Хоёр зохиогчийн туршлага, сонирхол, мэдлэг нэгдэж байгууллагын түвшинд өгөгдөл, технологи, хиймэл оюун ухааныг хэрэгжүүлэх арга зам, онол, ойлголтыг тайлна.
Номын тухай
Зах зээлд өөрсдийн байр сууриа тогтоохоор зэхэж, онцгойрохыг хүсдэггүй бизнес эрхлэгч хаа ч байхгүй биз ээ. Компаниуд өөрсдийнхөө томоохон давуу талыг хиймэл оюун ухааны тусламжтай бий болгох бүрэн боломжтой бөгөөд яг энэ асуудалд зориулсан иж бүрэн гарын авлага бол энэ ном. Номын зохиогчид зах зээлд тэргүүлэгч, томоохон компаниуд хиймэл оюун ухааны технологийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж байгааг нарийвчлан судалсан аж. Компаниудын хэрэгжүүлсэн арга нь үр ашиг, инновац, орлогын өсөлтөд хэрхэн нөлөөлсөн нь бодитой учир урам зориг авахуйц бүтээл.
Хэнд санал болгох вэ?
Энэхүү ном нь хиймэл оюун ухааныг бизнест хэрэгжүүлэх шалгарсан арга, туршлагуудыг тоймлон бичсэн нь хиймэл оюун ухааны эрин үед хөлөө олж, хөгжихийг зорьж буй аливаа байгууллагад үнэ цэн бүхий чухал бүтээл болжээ. Бичигдсэн хэлбэр нь ойлгомжтой, хүртээмжтэй, бодит бөгөөд практик зөвлөгөөнүүдэд илүүтэй төвлөрөн бичсэнээрээ онцлог. Тийм ч учраас бага ч бай том ч бай хувиараа бизнес эрхлэгч нар, удирдлагын түвшний ажилтнууд, менежерүүдэд уг ном өгөөжтэй байх болов уу.
6. Data Is Everybody's Business: The Fundamentals of Data Monetization

Хуудасны тоо: 200
Зохиогчдын тухай
Зохиогч Барбара Х.Виксом, Лесли Оуэнс нар нь MIT-ийн Мэдээллийн Системийн Судалгааны Төвийн (CISR) судлаачид бөгөөд өгөгдлийн менежмент, аналитикийн чиглэлээр туршлагажсан хүмүүс билээ. Тэр дундаа байгууллагуудад бизнесийн үнэ цэнээ өсгөхөд өгөгдлийг хэрхэн хөшүүрэг болгон ашиглахад тусалдаг юм. Тэдний уг бүтээл нь бизнес эрхлэгчдэд өөрсдийн өгөгдлийг хөрөнгө болгож ашиглахад чиглүүлэг болдог.
Номын тухай
Энэхүү ном нь өгөгдлийн зохицуулалт, өгөгдлийн чанар, аналитик зэрэг ойлголтуудыг багтаасан. Түүнчлэн орчин үеийн мэдээлэл, өгөгдлөөс хамааралтай бизнесийн орчинд ажилтан бүрийн мэдээллийн үнэ цэнийг тайлбарлана. Байгууллагад шийдвэр гаргахад дэвшилтэт аналитик систем ашиглах талаар ойлгуулах технологийн талаарх нэлээд нарийн агуулгатай бүтээл ажээ.
Хэнд санал болгох вэ?
Өгөгдлийн систем нь зөвхөн тухайн байгууллагын мэдээллийн технологийн хэлтсийн үүрэг биш, харин компанийн өргөн хүрээний зорилго байх хэрэгтэйг онцолдог. Тиймээс энэ ном нь бизнесээ өргөжүүлж, байгууллагатаа шинэ орлогын суваг үүсгэхийг хүсэж буй, үүндээ өгөгдлийн хүчийг ашиглахыг эрэлхийлж буй хүмүүст суурь ойлголт өгөх үнэ цэнтэй эх сурвалж болно.
7. Working with AI Real Stories of Human-Machine Collaboration

Хуудасны тоо: 312З
Зохиогчийн тухай
Томас Х.Дэвенпорт бол Бабсон коллежийн профессор бөгөөд технологи хэрхэн бизнесийн үйл явц, стратегийг өөрчилдгийг ойлгоход ихээхэн хувь нэмэр оруулсан мэргэжилтэн юм. Харин Стивен М.Миллер нь Сингапурын Менежментийн Их сургуулийн хүндэт профессор бөгөөд түүний ажил нь хиймэл оюун ухааны практик хэрэглээ, хүн ба машин хоорондын харилцан үйлчлэлд чиглэдэг.
Номын тухай
Энэхүү ном нь ажлын байран дахь автоматжуулалт, "ухаалаг" системийг тойрсон дуулиан дэгдээсэн үйл явдлууд болон сэтгэл зовним түүхүүдийг өгүүлнэ. Номын зохиогчид хиймэл оюун ухаан нь үндсэндээ хүн төрөлхтний ажлыг булаагаад байгаа хэрэг бус харин ч бидэнд илүү их боломжуудыг нээж өгч байгаа хэмээх өвөрмөц өнцгийг дэвшүүлдэг. Хиймэл оюун ухаан тодорхой ажлуудыг автоматжуулах замаар бидний ажиллах арга барилыг өөрчилж, хүнийг илүү чухал, хүнд ажлуудад анхаарлаа хандуулах боломжийг олгоно гэж үзжээ.
Хэнд санал болгох вэ?
Ярилцлага, судалгаа, туршилтаар баялаг тус ном нь технологийн өнөөгийн бодит байдлын талаар давс хачиргүй өгүүлэх ажээ. Тийм ч учраас энэ салбараас нэлээд хол, бодит амьдрал дээр ухаалаг системтэй холбоотой ямар үйл явдлууд болдгийг сонирхож буй уншигчдад илүүтэй таалагдах болов уу.
8. Prediction Machines: The Simple Economics of Artificial Intelligence

Хуудасны тоо: 272
Зохиогчдын тухай
Номын зохиогчид технологийг эдийн засагтай холбож тайлбарласнаараа онцлог. Ажай Агравал нь Торонтогийн Их сургуулийн профессор ба технологи, шинжлэх ухаанд суурилсан байгууллагуудад инновацаа өргөжүүлэхэд нь тусалдаг Creative Destruction Lab-ийг үүсгэн байгуулсан. Жошуа Ганс нь мөн Ротманы сургуулийн профессор. Эдгээр зохиогчид хиймэл оюун ухааны эдийн засгийн талыг шинжилж, хиймэл оюун ухааныг бизнес, санхүүд хэрхэн ашигтайгаар ажиллуулж болох талаар хэлэлцжээ.
Номын тухай
Зохиогчид хиймэл оюун ухааны богино хугацаанд, бага зардлаар үнэн таамаглал дэвшүүлэх чадвар нь автомашин жолоодох, хувьцааны арилжаа хийхээс эхлээд янз бүрийн салбарын шийдвэр гаргалтад дэвшил авчрах боломжтой гэж дүгнэдэг. Мөн тэд хиймэл оюун ухааны нөлөө гүн гүнзгий боловч түүний эдийн засгийн хүрээ, нөлөө нь харин ч илүү ойлгомжтой, “шулуухан” гэдэг. Ямар ч бизнест эрсдэл гэдэг зайлшгүй тохиолддогийн сацуу маш том сорилт байдаг. Харин түүнийг хиймэл оюун ухааны тусламжтай хэрхэн урьдчилан таамаглаж, түүнээс сэргийлэх бодит үйл хэрэг болгохыг энэ ном зааж өгөх юм.
Хэнд санал болгох вэ?
Хиймэл оюун ухааны ёс зүйн асуудал, техник зэрэг сэдвийг хөндөх бусад номоос ялгаатай нь тус ном нь шийдвэр гаргалт, магадлалын онол, хиймэл оюун ухааныг ашиглан эдийн засгийн хэмнэлттэй стратеги боловсруулах нарийн сэдвийг хөнджээ. Тиймээс технологийг илүү нарийвчлан судлахыг хүсэх уншигчдад тохирно.
9. Co-Intelligence: Living and Working with AI

Хуудасны тоо: 256
Зохиогчийн тухай
Этан Моллик нь Пенсильванийн Их сургуулийн дэд профессор бөгөөд бизнес эрхлэлт, инновацын чиглэлээр мэргэшсэн. Тэрээр онолын судалгаа болон практик хэрэглээний хоорондын зөрүүг тодорхойлж, онол техникийн мэдлэгийг практикт ойртуулах судалгаа, туршлагаараа ялгардаг.
Номын тухай
Энэ номд өргөн хэрэглээнд нэвтэрч, өөрчлөлт авчирсан ChatGPT-с авхуулаад төрөл бүрийн хиймэл оюун ухаанд суурилсан техникийн дэвшлийн нөлөө, дүр зураг, цаад үйл явцыг тайлбарлажээ. Хиймэл оюун ухааны асар их чадамжийг өөрийн мөн чанарыг нь төөрөгдүүлэлгүй ашиглаж, суралцаж, хамтарч ажиллах ур чадвар нь өнөөгийн нийгэмд яагаад чухал болох үүнээс хэрхэн хоцрохгүй байх гээд хүн бүрд хамаатай сэдвийг тайлбарласан нь онцлууштай. Мөн энэ ном нь технологийн номын төрөлд Нью-Йорк Таймс сонины бестселлер болсон нь хэр хүртээмжтэй, цогц, баялаг бүтээл болохыг гэрчилжээ.
Хэнд санал болгох вэ?
Уг бүтээл нь хиймэл оюун ухааны ирээдүй хааш явж байгааг, хүний нийгэмд эзлэх байр суурийг үнэхээр орлох эсэхийг сонирхдог хүмүүст анхан шатны ойлголт өгнө. Яаж энэ их технологийн дэвшлийг нэгтгэхийн сацуу түүнд авталгүйгээр өөрт хэрэгтэй ашиглахыг зааварлах нь энэ номыг илүү чухал, хүртээмжтэй болгосон тул хүн бүрийн сонирхолыг татах нь лавтай.
10. AI Literacy Fundamentals

Хуудасны тоо: 240
Зохиогчийн тухай
Бен Жонс бол бидний хардгаар нарийн төвөгтэй гэх технологийн сэдвүүдийг энгийн хүмүүст хүртээмжтэй болгох чиглэлээр ажилладаг data visualization чиглэлийн мэргэжилтэн, багш юм.
Номын тухай
Таны технологийн салбарын мэдлэгийн түвшин ямар ч байсан энэ ном шинэ ойлголт, өнцөг гаргаж өгөх болов уу. Учир нь зохиогч Бен Жонс хиймэл оюун ухааны цогц ойлголтуудыг “жижиглэж” ойлгоход амархан хэсгүүдэд хувааж хиймэл оюун ухааны үндэс суурь, түүний түүх, гол технологи, төрөл бүрийн салбар дахь хэрэглээ зэргийг багтаасан болно. Энэ оны гуравдугаар сард хэвлэгдсэн уг ном нь тухайн салбарынхаа ойлголтуудыг хумьж, цэгцэлсэн гэж хэлж болохоор чухал бүтээл юм.
Хэнд санал болгох вэ?
Энэ ном нь таныг хиймэл оюун ухаан, технологийн салбарын ойлголтын үзүүрээс атгахад туслах нь лав. Учир нь ерөнхий ойлголтуудыг хэт гүнзгийрүүлэлгүй, зайлшгүй мэдэх сэдвүүдийг багцалсан бөгөөд энэ сэдвийн талаар торолгүй ярьж, хэлэлцэх мэдлэгийг өгөх юм.
Технологийн нарийн ширийнийг заавал ойлгох алба байхгүй ч гэлээ суурь ойлголт танд байхад илүүдэхгүй биз ээ. Тиймээс технологийн талаар анхан шатны ойлголттой болохыг хүсдэг хүн бүрийн хувьд эдгээр номуудын аль нэг нь эхний гишгэх шат нь болно хэмээн найдаж байна. Мэдлэгээ тэлж, харах өнцгөө өргөсгөх сонирхолтой аялалд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

