Хавтасных нь зургийг хальтхан харахад, ганц гозгор лаа зоосон зүсэм бялуу л харагдана. Гэвч сайн ажиглавал бялууны суурь хэсэгт хүний дүрс тодрох бөгөөд дагзан тушаа газар нь усны дусал шиг хэлбэртэй шав шар дүрс бий. Тэр бол бүйлс.
Хүн бүрийн тархинд бүйлс шиг хэлбэртэй “Амигдала” нэртэй эд хосоороо байрлаж, гаднын ямар нэг өдөөгч биед нөлөөлөхөд тархинд дохио дамжуулах үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад, бид тэрхүү өдөөгчөөс шалтгаалж айдас, уур хилэн, баяр хөөр, уй гуниг зэргийг мэдэрч байдаг. Гэтэл зарим хүний амигдала нь хэвийнээс жижиг хэмжээтэй, ажиллагаа нь тааруу буюу нэг ёсондоо сэтгэл хөдлөлгүй хүн гэж байдаг байна. Ийм эмгэгийг “алекситимия” хэмээн нэрлэдэг. Энэ удаа бидний онцолж буй “Бүйлс” ном нь чухам эл алекситимия эмгэгтэй нэгэн хөвгүүний хүүрнэл билээ.
Зохиолчийн тухай
Тус номын зохиолч Сун Вон Пёнг нь 1979 онд БНСУ-ын Сөүл хотод, улс төрч Сон Хак Кюүгийн хоёр дахь охин болон мэндэлжээ. Тэрээр их сургуульд социологи, философийн чиглэлээр сурсан бөгөөд оюутан ахуй цагтаа нууц нэрээр уран зохиолын уралдаанд оролцдог байсан ч амжилт олж байсангүй. Харин 2001 онд Cine 21 сэтгүүлээс олгодог “Кино шүүмжийн шагнал”-ыг хүртсэн нь түүнийг уг салбарт хөтөлж, Солонгосын Кино Урлагийн Академид (KAFA) элсэн, кино найруулагчаар сурахад хүргэсэн юм. Үүнийхээ дараа тэрээр хэд хэдэн богино хэмжээний кино найруулсан байдаг.
Тэрээр 2013 онд ууган хүүхдээ өлгийдөж аваад байхдаа “Бүйлс” романыхаа санааг олсон хэмээдэг. Улмаар тус номоо 2016 онд хэвлүүлсэн нь залуу уншигчдад зориулсан шилдэг бүтээлд олгодог “Чанби” шагналыг хүртжээ.
Номын тухай
Хүүхэд төрснөөсөө хойш хэд хоногийн дараа инээдэг вэ? Эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага дээр л лав гурав хоногийн дараа гэжээ. Гэтэл Юнжэ гурав битгий хэл гуч, дөч хоног, бүр дөрвөн нас хүртлээ инээсэнгүй. Арга буюу ээж нь түүнийг эмнэлэг дагуулж яваад, итгэмээргүй хариу сонсоно. Хүү нь төрөлхийн сэтгэл хөдлөлөө ялган таньж, илэрхийлэх чадваргүй ажээ. Бүсгүй хүүхдийнхээ энэ чадварыг сайжруулахаар чадах бүхнээ хийх боловч төдий үр дүн гарсангүй. Чатбот шиг ямар нөхцөлд, юу хэлэх, хэрхэн харилцахаа цээжлэхээс хэтэрсэнгүй. Гэтэл Юнжэгийн амьдралд үе тэнгийн хоёр хүүхэд гарч ирснээр нөхцөл байдал өөрчлөгдөнө.
Яагаад унших вэ?
Уран сайхны кино. Хэрэв та Солонгосын нэг ангит кинонуудад дуртай бол энэ ном танд таалагдах нь гарцаагүй. Зохиолч өөрөө кино найруулагч болохоор ч тэр үү, зохиолын үйл явдал их эрчтэй өрнөдөг. Үйл явдлын дарааллын хувьд, хүн амины хэргийн сэжмийг цухуйлгаж эхлэх боловч дараагийн хэсгээс шууд хүүгийн бага насыг өгүүлнэ. Зугуухан гэлдрэх эл хүүрнэл явсаар дахин аллагад тулж, цаашид хэрхэх нь тодорхойгүй болоод байтал дахин асуудал тарих “нөхөр” гарч ирнэ. Энэ мэтчилэн зохиол танд уйдах зав олголгүй жигд хөвөрсөөр эцсийн хуудсанд хүргэнэ.
Ахлах сургуулийн сурагчдын харилцаа, зодоон, дээрэлхэлт, дурлал, нөхөрлөл гээд дэлгэцнээс үздэг бүхэн бичгийн хэлээр өмнө тань дэлгэгдэх тул илүү өргөн цар хүрээнд хүссэнээрээ төсөөлөн “үзэх” боломжтой гэсэн үг. Унших явцад 2014 онд гарсан “Hot Young Bloods” кино санаанд бууж байсныг мөн дурдууштай.
Шүүн тунгаах орон зай. Энд ямар нэг тодорхойлолт, эсвэл зохиолчийн үзэмжээр үнэлж дүгнэсэн зүйл байхгүй. Хүүгийн хүүрнэл, харилцан яриа давамгайлна. Мөн хүү сэтгэл мэдрэмжээ илэрхийлэх чадваргүй тул аливааг обьектив хандлагаар өгүүлдэг. Энэ нь уншигчид зохиолыг өөрийнхөөрөө шүүн тунгаах орон зай олгож байв.
Тухайлбал, “Эмээ багадаа хот хоорондын автобусны зогсоол дээр хөлхөх хүмүүст эрдэнэ шиш, амтат төмс зардаг байж л дээ. Орох хаалганы хаа нэгтээ явган суугаад наймаагаа хийнэ. Эмээгийн ганц тансаглал нь ажлаа дуусаад автобусны зогсоолыг тойрон хэсэх байж…” гэсэн хэсгээс эмээ хангалуун чинээлэг өсөөгүй, харин ч өл хоол залгуулахын тулд багаасаа гудамжинд хоол зардаг байсныг мэдэж болно. Харин үүний оронд зүгээр л “Эмээ багадаа ядуу зүдүү амьдардаг байлаа” гэвэл уйтгартай болчихно шүү дээ.
Үнэн үг хатуу. Алекситимия эмгэг нь хүүг дэндүү гэмээр шулуун үгтэй нэгэн болгосон байдаг. Жишээ нь, “Ээж үглэж дуулсан болгоноо л миний төлөө гэх агаад үүнийгээ хайр гэж нэрлэнэ. Харин надад бусдаас өөр, гажиг хүүхэдтэй гэж хэлүүлэхгүй гэсэндээ л ухаан жолоогүй хичээж байх шиг санагддаг байлаа” гэх хэсэг бий. Энэ мэт шулуун гэх үү, шударга гэх үү, ямартаа ч “хайр найргүй” үгс зохиолд олон бий.
Түүнчлэн, хэсгүүдийн төгсгөлийн үгийг ч дурдах хэрэгтэй. Жишээ нь, “Царай нь нэг л танил санагдав. Микеланжелогийн Дэвид үү, аль эсвэл ном зохиол дээр гардаг гоо үзэсгэлэнгийн охь бэлгэдэл болсон олон дүрийн нэг үү гэсэн бодол ээрч, би хэсэг тээнэгэлзэв. Төмөр утас тийм л сайхан царай зүстэй хүн аж. Цэвэрхэн цагаан царай, яв ягаан уруул, цайвар бор үс, өтгөн урт сормуустай юм. Нүд нь гүн тунгалаг. Бурхан буруу хүндээ тэнгэр элчийнх шиг царай зүс хайрлажээ” гэсэн нь ёстой л тулалдаж тулалдаж, эцсийн мөчид өрсөлдөгчөө “нокаут”-д оруулах шиг дэлсээд авч байгаа юм. Энэ бүгдийг уншаад алекситимия эмгэгтэй хүний тархин дотор юмс хэрхэн өрнөдөг талаар бага ч болов төсөөлөлтэй болж магадгүй.
Уншигчийн сэтгэгдэл
Эцэст нь хайр. Бүх зүйлийн үүтгэл хийгээд төгсгөл болсон “хайр” гэгч ямар чухал, ямар хүчтэй болохыг энд гарах бүхий л дүр батлахыг зорьжээ. Бид бусдын юуг мэдэрч, яаж зүдэрч байгааг мэддэг атлаа тусалдаггүй. Гэтэл Юнжэ хүү мэдрэмжийн илтэс багахан цухуйхад л найзынхаа төлөө амиа золих дайны эр зориг гаргаж буй нь нэг талаас сэтгэл хөдөлгөм, нөгөө талаас “хүү хэдийдээ ийм болчхов” хэмээн гайхширмаар. Ид шид тохиох адил гайхалтай үйл явдлууд өрнөх ч нөгөөтээгүүр зарим дүр дэндүү шударга бусыг туулна. Тэгэхээр амьдрал гэдэг зүгээр л аз эзний асуудал гэж үү хэмээн бодогдмоор. Өнгөц уншихад, дулаахан түүх, гэхдээ дахин эргэцүүлж бодвол зарим талаараа эргэлзээтэй, үнэмшилгүй, эсвэл уялдаа холбоо сул хэсгүүд байсныг ч мөн дурдах нь зүйтэй болов уу.