Өнгөрсөн сард номын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудын нэг бол яах аргагүй Дэлхийн хүүхдийн номын өдөр. Жил бүрийн 4-р сарын 2-нд тохиодог энэхүү өдрийг тохиолдуулан хэвлэлийн газруудын барих бэлэг ч дундарсангүй. Тиймээс ч энэ удаагийн номын тухай буланд залрах үлгэр, комик номоос эхлээд шинжлэх ухаан, танин мэдэхүйн арвин их агуулга бүхий будаг нь ханхалсан бүтээл олон байлаа. Нэмээд та бидний нүдийг мялаах хоёр гэрэл зургийн ном мэндэлснийг онцлов. Ингээд өнгөрөгч сард хэвлэгдсэн өнгө алагласан номуудын цуглуулгаас сорчлон хүргэе.
1. Номын хулгайч

Зохиогч: Маркус Зусак
Үнэ: 34,900₮
Нүүрний тоо: 624
1939 оны өвөл. Хүйтэн салхи хацар зүсэх нь холгүй исгэрнэ. Эцсийн бүлээн амьсгалаа түгжинхэн амьд үлдэхийн төлөө тэмцэлдэх олны гасланд нэгэнт дөжирсөн цэргүүд энд тэндгүй холхино. Энэ л үеэр Лизел охин анхны “номын хулгай”-гаа хийж, зах хязгаар нь үл мэдэгдэх үгэн далайд умбасан билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Нацист Германд амьдарч буй бяцхан охин Лизел Мемингерийн түүхийг “Үхэл” хэрхэн өгүүлэх бол?
Зохиолч Маркус Зусакын “Номын хулгайч” романы амжилтын гол ерөндөг нь “номыг нь хэн ч уншихгүй” гэх бодол байсан гэнэ. Ийнхүү толгойгоо сайтар суллаж аваад 27 насандаа шамдан орсон эл бүтээлээ тэрээр анх ердөө 100-120 хуудас үргэлжилнэ гэж төсөөлсөн ч эцэстээ 600 орчим үгтэй роман 2005 онд уншигчдын хүртээл болсон байдаг. Хожим нь 63 хэлээр орчуулагдаж, олон улсад борлуулалтаараа тэргүүлсэн эл зохиол 2013 онд дэлгэцийн уран бүтээл болжээ.
2. ШИНЖЛЭХ УХААНЫ ТАЙЛАГДАаГҮЙ НУУЦ: эрдэмтдийн хариулж чадаагүй зүйлс

Зохиогч: Питер Галливан
Үнэ: 29,900₮
Нүүрний тоо: 80
Бид яагаад зогьсуулдаг вэ? Үлэг гүрвэлүүд гэж чухам ямар амьтад байв? Цаг хугацаагаар аялах үнэхээр боломжтой юу? гээд хорвоо ертөнцийн талаар мэдэхийг хүссэн бүхнээ өнгөрсөн, одоо, ирээдүйн зааг харгалзахгүй сониучирхах орон зай бол энэ ном. Зэрлэг амьтдын нууцлаг ертөнцөөс эхлээд сансар огторгуйн хөлгүй уудмаар аялуулж, шинжлэх ухаан ч тайлж амжаагүй олон хачирхалтай үзэгдлийг дэлгэж тавих энэхүү бүтээл шинжлэх ухааны сонирхолтой баримтуудаас гадна аливааг судлан шинжлэх, нээн илрүүлэх үйл явцыг ч алхам алхмаар тайлбарладгаараа онцлог.
3. Чимэгэ

Зохиогч: Б.Тамир
Фото арт, тэр дундаа бясалгалд суурилсан Зэнгийн гэрэл зураг (meditative photography)-аар дагнасан шинэхэн бүтээл мэндэлжээ. Энэ бол уран бүтээлч Б.Тамирын “Нам гүмийн дүрслэл” гэх тодотгол бүхий Чимэгэ ном. Нийт 109 гэрэл зургаас бүрдсэн эл бүтээлийн 80-90 хувь нь байгалийн нуугдмал, нарийн нандин хэсгийг кадрт буулгасан байх ба тэдгээрийн эгшгийг яруу найргийн элементтэй хоршуулсан нь сонирхол татна. Ташрамд дурдахад, номын редактораар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс ажиллажээ.
"Чимэгэ" номыг дэлгээд суух нь нэгэн төрлийн бясалгал юм. Хэрэв танд ажил, амьдралын их стрессээс түр холдож, дотоод руугаа өнгийх, зүгээр л юу ч бодохгүй амар амгаланг мэдрэх хэрэгцээ байгаа бол энэ ном танд хамгийн сайн хань болно. Уран бүтээлчийн буулгасан тэрхүү нам гүм ертөнцөөр аялаад үзээрэй.
Номын тухай нийтлэлээс
Бясалгалд суурилсан гэрэл зураг (Meditative photography) бол зүгээр нэг "гоё зураг" авахын нэр биш. Энэ бол "би юу харж байна вэ?" гэхээс илүү "энэ надад юу мэдрүүлж байна вэ?" гэх асуултад хариулах агшин юм. Зургийн аппаратныхаа дурангаар ертөнцийг ажиглах тэр мөчид хүн одоо цагтаа бүрэн төвлөрч, нэг ёсондоо "газардаж" байдаг. Энд зурагт юу харагдаж байгаа нь тийм ч чухал биш. Харин ч эсрэгээрээ, юу харагдахгүй байгаа буюу хоосон орон зай хамгийн их утга учир өгүүлдэг.
Б.Тамир, Уран бүтээлч
4. Давшигч титан 18,19

Зохиогч: Исаяама Хажимэ
Орчуулагч: Б.Амарбаясгалан
Үнэ: 19,900₮
Нүүрний тоо: 192
Анимэ хорхойтнуудын хүсэн хүлээдэг, Исаяама Хажимэгийн сор бүтээл “Давшигч титан” цувралын 18,19-р дэвтэр хэвлэгдэн гарчээ. Мариа хэрмийг эргүүлэн авах ширүүхэн тэмцэл, ээдрээт нууцыг тайлах уртхан аялал, энд тэндгүй отох мангас титануудын дайралт гээд хором ч нүд цавчих завдал өгөхгүй гайхамшигт адал явдал үргэлжилсээр. Ирэний чулуужих чадвар хэрэг тусаа гаргаж чадах болов уу? Туршуулын алба хэрмийг эргүүлэн авч ялалтаа тунхаглах болов уу? Зооринд буй нууцлаг “эрдэнэс”-ийг хэрхэн олж нээх бол?
5. Радио III

Зохиогч: Харүки Мүраками
Үнэ: 24,000₮
Нүүрний тоо: 168
Уншигч миний бие зохиолч Харүки Мүракамигийн Радио цувралын эхний дэвтрийг эхлүүлэхдээ тун их гайхаж билээ. Учир нь яг үүний өмнө хүндхэн сэдэв, толгой эргүүлэм үйл явдлаар дүүрэн Эрэг дээрх Кафка номыг нь уншчихаад байсан юм. Түүнээс болсон уу, Радио номоос нь ч өнөөх ээдрээ, нуугдсан зангилааг хайсаар эхлүүлсэн боловч бодсоноос "хэтэрхий" энгийн, юу хэлэх гээд байгаа нь ч тодорхойгүй гэлтэй эсээнүүдийн цуглуулга байж билээ. Нэг эсээ нь санаанаас гарч өгдөггүй зоогийн газрын паян, нөгөөх нь хувцаслалт, өөр нэг нь могой загасны тухай. Зохиолчийн “сенсац” болсон бүтээлүүдийг уншиж байгаад Радио цувралыг нь барьж авахад толгой амарч, дотор хөнгөрөхийн хажуугаар дуртай зохиолчтойгоо хээв нэг буу халж, тухтайхан танилцаж байгаа мэт мэдрэмжийг авах нь гарцаагүй. Номын хэвлэмэл хувилбар 4-р сарын эхээр Интерномын салбаруудад худалдаалагдаж эхэлжээ.
Энэ ном бол Мүраками Харүкигийн Ан Ан сэтгүүлд хэвлүүлж байсан богино эсээний цуглуулга. Бид эндээс үхэл, ганцаардал, 1Q84 ертөнц, сексийн тухай бичдэг зохиолчийн тухай биш өглөө бүр гүйдэг, пянз цуглуулдаг, дуу хөгжим, мууранд хайртай энгийн л нэгэн эрийг олж харна.
Уншигчийн тэмдэглэлээс, Нэпко хэвлэлийн газар
6. Зөнд нь орхи

Зохиогч: Мел Роббинс
Үнэ: 34,900₮
Нүүрний тоо: 380
5, 4, 3, 2, 1!
Номын зах зээлд эчнээ томоохон байр суурийг эзэлсэн “5 секундийн дүрэм” номын зохиолч Мел Роббинсийг сая сая үзэлттэй подкастаар нь андахгүй хүн олон. АНУ-даа шилдэг 15-ын нэгээр шалгарсан эл подкастаараа тэр илүү аз жаргалтай, сэтгэл дүүрэн амьдралыг цогцлоохтой холбоотой олон сэдвийг хөндөж, тоймгүй олон хүний амьдралд нөлөө үзүүлсэн чухал санаануудыг түгээж ирсэн билээ. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Let Them” буюу “Зөнд нь орхих” онол. Энэхүү онолоор овоглосон түүний ном хайртай, дотнын хүмүүсээ битгий бүдрээсэй гэх битүүхэн хүсэл, эргэн тойрноо илүү дээрдээсэй гэх дундаршгүй санаашрал эцэстээ бидний аз жаргалыг бага багаар бусниулж байдаг бодит жишээнүүдийг өгүүлж, тэрхүү хүлээснээс ангижирч, амьдралаа гартаа авах замыг дэлгэх аж.
Зөвхөн харилцаа, гадаад орчны тухай эргэцүүлэх завдлаас гадна тэдгээрийн танд үзүүлж буй нөлөөлөл, түүнээс улбаалсан адармаатай мэдрэмжүүд, дотоод зөрчилдөөний тань тайлал болж мэдэхүйц олон сонирхолтой санааг өгөх эл бүтээлийг сонирхоод үзээрэй.
Хүмүүсийг аврахаа боль. Харин тэдэнд асуудалтай нүүр тулах чадвартай гэдэгт нь итгэж буйгаа харуул.
Номын хэсгээс
7. Хэцүү гурав комик цуврал

Зохиогч: Свапна Хаддоу
Үнэ: 24,900₮
Нүүрний тоо: 192
Энэ дэлхий дээрх бүх ан амьтад өөрсдийн гэсэн супер хүчийг олж авч байхад чамд хамгийн хэрэггүй, “тэнэг” хүч нь таарчихвал яах вэ? Энэ бол Зэб тахь, Барри лемур, Маржарин оцон шувуу нарын азгүйдэл, тоймгүй олон паянгийн ердөө л нэг хэсэг нь. Гэсэн ч гурван биеэ юу ч болсон орхилгүй асуудал бүрийг ханцуй шамлан давж гарах тэдний адал явдал баргийн хүнд уйдах зав олгоно гэж үгүй. Элэг хөшөөм үйл явдал, эгэлгүй нөхөрлөлийн түүхийг “Хэцүү гурав” цоо шинэ комик цувралаас.
8. Нутгийн зүг

Зохиогч: Б.Заяажаргал
Хямдралтай үнэ: 50,000₮
Нүүрний тоо: 116
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын аж байдал, байгалийн сайхан, нутгийн хүмүүсийн түүхийг гэрэл зургаар өгүүлсэн “Нутгийн зүг” бүтээл бол залуу гэрэл зурагчин, ‘Noise art media’-ийн үүсгэн байгуулагч Б.Заяажаргалын анхны бие даасан ном. Төрөл бүрийн өнгө аяс, өнцөг хэмжээсний цуглуулгаар “нүд мялаах” тус номд буй гэрэл зургийн тайлбарууд зөвхөн хальсанд буусан агшныг дэлгэрүүлээд зогсохгүй түүнтэй холбогдох эгэл ахуй, байгаль дэлхийн араншингийн тухай сонин содон өнцгөөр аялуулаад амжина.
Ташрамд дурдахад, зохиолч төрөлх нутгийнхаа өвөрмөц өнгө төрхийг давхар Улаан гэр галерейд ‘Нутгийн зүг үзэсгэлэнгээрээ толилуулж буй. Үзэсгэлэн 5-р сарын 7 хүртэл үргэлжлэх тул амжин саатаарай.
Рэнчинлхүмбэ сумын гуравдугаар багийн малчид намар ийнхүү отрын нүүдэлдээ хөдөлж, Жарын уулсаа сүлжин давж, Хороо голдоо хүрч өвөлждөг. Шишгэдийн хотгорын тэсгим хүйтнийг ингэж өнтэй өвөлжин өнгөрөөгөөд хавар буцаад л нүүнэ. Ингэж нутаг сэлгэж нүүснээрээ тэд сэргэг сэрмүүн бэлчээртэй, минийх хэмээн бардам хэлэх нутагтай байгаа юм.
Б.Заяажаргал, Гэрэл зурагчин
9. Шаргачин

Зохиогч: Ч.Лодойдамба
Үнэ: 25,000₮
Нүүрний тоо: 50
"Болор судар" хэвлэлийн газраас монгол богино өгүүллэгүүдийг цуврал зурагт ном болгох “Өв өгүүллэг” төслийг хэрэгжүүлж байгаа ба цувралын эхний бүтээлээр Төрийн шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Шаргачин” өгүүллэгийг зураач С.Энх-Одын зургаар дахин амилуулж гаргасан байна. Энэхүү ном нь зөвхөн зурагт хуудсуудаар зогсохгүй уншсанаа эргэцүүлэх, түүнийгээ цаасан дээр буулгах хэсгийг оруулж өгснийг дурдууштай. Эх үрийн хайр энэрэл, байгаль дэлхийн нарийн шүтэлцээний тухай олон чухал сургамжийг сэтгэл хөдөлгөм түүх, өнгө алагласан дүрслэлүүдээр дамжуулан өгүүлэх нэгэн онцгой бүтээл ийнхүү шинэ үеийн бяцхан уншигчдын гарт хүрээд эхэлжээ.
Машин тоос татуулан хурдалж далд орлоо. Дээр мандсан нарны гэрэл шаргачны дээрээс жигнэн ямар ч анир чимээгүй өргөн тал мэлтийн тэнгэрийн хаяанаас том гэгчийн хар тас алгуур дэвсээр улам тодрон гарч ирлээ.
Номын хэсгээс
10. Хүүхэд асрагчдын клуб 1,2

Зохиогч: Телгемайер Рейна
Үнэ: 24,900₮
Нүүрний тоо: 144
Хүүхэд асрагчдын клуб бол дэлхий даяар 190 гаруй сая хэвлэгдсэн, түүхэн дэх хамгийн алдартай цувралуудын нэг бөгөөд залуу үеийг номд дурлуулагч онцлох бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Тэгвэл энэхүү цувралын эхний хоёр хэвлэл нь монгол уншигчдын гарт хүрээд эхэлжээ.
Цувралын гол дүрүүд болох Кристи, Мэри Энн, Клаудиа, Стейси нар сайн найзууд бөгөөд Хүүхэд Асрагчдын Клубын үүсгэн байгуулагчид. Томоогүй багачууд, зэрлэг ноход, “аймаар” хөршүүд гээд ямар ч асуудалтай нүүр тулсан тэд учрыг нь олчхож чадна. Гэвч хүүхэд харна гэдэг амаргүй ажил. Тэд тооцоолшгүй гэнэтийн нөхцөл байдлыг хэрхэн давж гарах бол? Ямар санаа сэдэх бол?
Энэ сарын онцлох номын нийтлэлээр удахгүй уулзацгаая.

Сэтгэгдэл бичих

