Өнгөрсөн сард редакцаараа Хайнан явахдаа Kindle дээрээ суулгаж, цаг гарвал сөхөж харсаар гүйцээсэн ном бол Морган Хаузелийн “Мөнгөө үрэх урлаг”. Бид эл бичээчтэй “The Psychology of Money” буюу эхлээд “Мөнгөний сэтгэлзүй”, сүүлд “Мөнгөний ухаан” нэрээр хэвлэгдэж, тэгэх бүрдээ бестсэллэр жагсаалтыг тэргүүлсэн номоор нь эчнээ танил.
Түүний ээлжит ном болох “The Art of Spending Money” нь өнгөрсөнд сард худалдаанд гарсан бөгөөд “The Psychology of Money” номоос санхүүгийн ихэнх мэдлэгээ олж авсан уншигчийн хувиар шинэхэн бүтээлийг нь ч даруй уншиж эхэлсэн юм. Дор бүрнээ санхүүгийн мэдлэгээ зузаатгаж, орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа энэ цаг үед уншигч танд ч мөн шинэ санаа өгөх болов уу хэмээн тойм нийтлэл бичлээ.
Мөн бид номын буландаа шилдэг бүтээлүүдийг зөвхөн монгол хэлнээ орчуулагдан гарсны дараа нь бус олон улсын уншигч нартай хөл нийлүүлж, дэлхийн бүтээлийг эх хэлээр нь уншиж, түүнийгээ хуваалцах хүсэлтэй байгаагийн нэг илрэл нь энэхүү нийтлэл хэмээн ойлгоорой.

Номын тухай
Зохиолч өмнөх бүтээлдээ мөнгөтэй холбоотой сэтгэлзүйн сэдвийг хөндсөн бол энэ бүтээлдээ олж авсан эд баялгаа хэрхэн үрэх, тэр дундаа аз жаргалтай амьдрал цогцлооход мөнгө яаж нөлөөлдөг тухай өгүүлсэн юм. Ингэхдээ зохиолчийн нэрийн хуудас болсон “сэтгэлзүйн” өнцгийг барьсан бөгөөд бидний мөнгөө үрэхдээ гаргадаг сонирхолтой зан төлөвүүдийн тухай бичжээ.
Уг номд цоо шинэ санаа цөөн гэдгийг дурдах хэрэгтэй. Харин санхүүгийн цаглашгүй зөвлөгөөнүүдийг танд ойлгомжтой, ойр байдлаар бичсэн нь хамгийн том давуу тал. Нэмээд уншигч танд хэрхэн мөнгөө үрэх вэ гэдгийг заахгүй. Бичээч тэгэх ч боломжгүй гэдгийг олонтоо дурддаг. Үүний оронд олсон мөнгөө юунд зарцуулж, түүнээсээ юу мэдэрч байгаагаа эргэн харах, цаашлаад бусад хүмүүс өөрийн мөнгөө юунд зарцуулж буйг шүүхгүй байх тухай гарна.

Зохиолч мөнгө гэдэг бол хэрэгсэл бөгөөд зөв ашиглаж чадвал улам л аз жаргалтай, сайн сайхан амьдрах бол буруу зарцуулбал амьдралын бүх л хэсгийг үгүй хийж чадах аюултай эд хэмээн тодорхойлжээ.

Зохиолчийн тухай
Санхүүгийн редакцуудад нийтлэл бичдэг байсан тэрээр 2020 онд “The Psychology of Money” номоо хэвлүүлсэн нь тэр даруй олон улсын бестсэллэр болж байв. Дэлхийн 60 гаруй хэлээр нийт 10 орчим сая борлогдсон түүний энэ ном хувийн санхүүгийн номууд дотроо толгой цохидог бүтээл юм. Хувийн санхүүг зөвхөн тоо, эдийн засаг талаас нь бус сэтгэлзүйтэй холбон тайлбарласан нь дэлхийн олон сая уншигчдад мөнгөний сэдвийг ойртуулсан нь лав.
Зохиолч саяхан “Би хэрхэн бичдэг вэ” подкастад оролцож, ном бичих үйл явцаа дэлгэрэнгүй ярьсан байна лээ. Аливаа сэдвийг тун энгийн, хүнд ойлгомжтой, үлдэцтэй бичдэг нь түүний олон жилийн хөдөлмөрийн үр шим аж. Сонирхуулахад, шинэ номынхоо нэрийг Нью-Йоркийн гудамжаар алхаж явахдаа олсон гэнэ лээ.
Яагаад унших вэ?
Хуруу, хумсаа хугалан байж олсон мөнгөө “зөв” үрэхийг хүсвэл: Мөнгө олно гэдэг нэг хэрэг. Харин үрнэ гэдэг тэс өөр асуудал ажээ. Хэрэв та эзэмшсэн мэргэжилтэй, түүндээ дориун бол хэзээ нэг цагт хүссэн зүйлдээ үрж болох зэгсэн мөнгөтэй болж л таараа. Тэр үед өнөөх мөнгөө юунд зарцуулах вэ? Зөвхөн бусдад гайхуулахын төлөө гоё ганган зүйл аваад дуусах уу? (жич: үүнийг буруу гээгүй юм шүү) Эсвэл өөрийн тав тух, аз жаргалдаа зориулах уу? Аль ч байдлаар үрсэн бай, үрэх шийдвэрээ зөв гаргаж буй эсэхээ нягтлан дүгнэхийг хүсвэл энэ бүтээлийг уншаарай.
Санхүүгийн сэдвийг судалж эхэлж буй бол: Хувийн санхүүтэй холбоотой хэд хэдэн ном уншихад яагаад ч юм олон хуудас эргүүлж чаддаггүй байлаа. Харин Морган Хаузелийн бичих чадвар түүнд санхүүгийн хүнд ойлголтуудыг асар энгийнээр буулгадаг супер хүчийг өгчээ. Тэгэхээр санхүү мөнгөндөө анхлан анхаарч эхэлж байх үедээ түүний бүтээлийг уншвал дундаас нь няцахгүй бөгөөд гол нь сууриа зөв тавих болов уу.

Мөнгийг нөгөө талаас нь харахыг хүсвэл: Ер нь бидэнд нийтээрээ санхүүгийн боловсрол дутмаг гэдэг нь үнэн. Боловсролын тогтолцоонд ч энэ тухай байхгүй тул амьдрал дээр гараад л сурч эхэлдэг. Гэхдээ сурахдаа ихэвчлэн хувьцаа, бонд, хадгаламж гэхчлэн “хатуу” агуулгыг нь сураад ер нь мөнгө надад ямар мэдрэмж төрүүлдэг вэ, мөнгө миний хувьд юу вэ, би мөнгийг яаж ашиглах вэ гэхчлэн “зөөлөн” сэдвээ орхигдуулдаг санагддаг. Гэтэл бодит байдал дээр мөнгөтэй холбоотой ихэнх асуултын хариулт нь бидний сэтгэлзүйг нуугдаж байдаг нь хачирхалтай.
Уншигчийн сэтгэгдэл
Уншигчийн сэтгэгдэл
Өмнө нь дурдсанчлан энэ номд дэлхийг өөрчлөх шинэ санаа огт үгүй. Гэхдээ урьд өмнө нь сонсож байсан олон зөвлөгөө мэдээллээ илүү ойроос ухаж ойлгох боломжийг бүрдүүлснээрээ онцлог. Тийм ч учраас энэ номыг уншсан байхад өөр хувийн санхүүгийн ном уншиж цагаа үрэх бараг л хэрэггүй. Зохиолч бүтээлээрээ таны бүх асуултад нэгдсэн нэг хариулт өгөхгүй ч асуудал тулгарах бүрд өөрөө шийдэхэд туслах чиглэл, өнцгийг өгнө гэдэгт итгэлтэй байж болно.
Иймд хэрэв боломжтой бол уг бүтээлийг англи хэлээр нь уншаарай, үгүй бол удалгүй монгол хувилбар нь хэвлэгдэх гарна гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл бичих

