Хэдхэн хоногийн өмнө Медиумээр хэсэж яваад Халиль Жибраны “Зөнч” номын тэмдэглэлийг уншиж, prose poetry буюу зүймэл хүүрнэл гээч бичиглэлийн төрөл байдгийг мэдэж авав. Энэхүү төрлийг үргэлжилсэн үгийн яруу найраг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, шууд харахад хүүрнэл зохиол мэт атлаа уншаад үзэхэд яруу найргаас авдаг мэдрэмж, туршлага хөвөрнө гэсэн үг. Тун их сонирхол татаад номыг нь авч уншихаар шийдсэн юм.
Гэтэл яг үүнтэй давхцан эх хэл дээр маань ч сар хүрэхгүйн өмнө энэ төрлийн содон бичиглэлтэй бүтээл мэндэлснийг дуулсан нь зохиолч Ч.Бат-Уянгын “Ахуй.” Тиймээс ч даруйхан барьж авснаа энэхүү нийтлэлээрээ хуваалцаж байна. Ингээд хэл, найраглал, хүүрнэлийн шинэхэн зурвасыг татсан нэгэн сонирхолтой бүтээлтэй танилцъя.

НОМЫН ТУХАЙ
Монгол хэлний “ахуй” гэх үг нэлээд өргөн агуулгатай санагддаг юм. Иймдээ ч бусад хэлэнд яг энэ үгтэй дүйх орчуулга хэр байдгийг их сонирхоно. Ихэвчлэн л айл гэр, аж амьдралтай адилтгадаг болов уу. Зохиолч харин эл үгээр гарчигласан номоороо ардчиллын ороо бусгаа цаг үетэй давхацсан хүүхэд насны дурсамжаас эхлээд бие хүн болох аялал, дотоод ертөнц, эргэн тойрноо ажсан эргэцүүлэл, эмзэглэлийг цөм тэмтэрчээ.
Эл бүтээлийн танилцуулгад “Богино эсээ, дурсамж, яруу найргийн завсрын хэлбэрээр бичсэн” хэмээсэн нь унших явцад даруй анзаарагдана. Тогтсон бүтэц, цаг хугацааны дараалалгүй, дараагийн хуудсанд юу байхыг таамаглах аргагүй уг номд хоёр, гуравхан үгээс бүтсэн, эсвэл Амбаар. Цээл. Цамц. гэхчлэн дараалсан нэр үгсийн цуглуулга бүхий бүлэг ч бий. Энэ нь ч зүймэл хүүрнэлийн утга санаа, дүгнэлт рүү яардаггүй, харин уншигчид үлдээх нээлттэй орон зай, мэдрэмжийг гол чиглэлээ болгодогтой нь авцалдсан санагдав.

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Зохиолч, яруу найрагч, нийтлэлч Ч.Бат-Уянга бол “Цэцэгнээс төрөгсөд,” “1982 оны Ким Жи Ён,” “Магма” зэрэг бүтээлүүдийг уншигчдын хүртээл болгосон “Улбар” хэвлэлийн газрын хамтран үүсгэн байгуулагч. 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн тэрээр 2017 он хүртэл Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын хуульчдын холбоо зэрэг салбарын байгууллагуудад бодлогын судлаачаар ажилласан туршлагатай.

Ийнхүү 2017 оноос хэвлэн нийтлэл, утга зохиолын салбар руу орсон түүнийг уншигчид Улаанбаатараас Хатгал тосгонд шилжин суурьшигчийн “Хатгалын тэмдэглэл,” яруу найргийн түүвэр “Анидча” бүтээлээр нь таних билээ.
ЯАГААД УНШИХ ВЭ?

Төрөх тасгийн сэтгэл шархируулам дүр зураг, Монгол нутгийн дөрвөн цагийн аяс, сайн муу, сайхан муухайн тухай бодрол, булшны чулууны дэргэд тоглон хөгжөөсөн хүүхэд нас, ханилж хагацахын ээдрээ, гансрал, захын наймаачдын хууч яриа гээд амьдралын олон өнгийг сүлэх шиг болсон энэ бүтээл тун богино. Гэсэн ч хуудас бүрд нь саатаж, эргэцүүлбэл нэг удаа уншаад орхих ном лав биш санагдав. Учир нь зохиолч ямар нэг санаа, сургаалыг уламжилж, дүгнэлтэд хөтлөх гээгүй, номын бүхий л хэсэг уншигч “бие дааж” эргэцүүлэхийг шаардана.

Нэмээд зохиолч хуульчаар ажиллахдаа харж байсан нүд халтирам дүр зургууд, тэдний тухай бодролоос эхлээд тэдгээр сцентэй холбогдох харилцан яриануудаас ч дэлгэсэн нь зөвхөн өөрийгөө гэлтгүй эргэн тойрноо илүү анзаарах, шинэ өнцгөөс таньж мэдэх завдал олгоно. Хэрэв зай завсаргүй их чимээ шуугиан, завгүй өдөр хоногуудын хэмнэлээс түр амсхийхийг хүсвэл, басхүү юмсын тухай харах өнцгөө ч тэлэхийг хүсвэл энэ номыг сонирхоод үзээрэй.
УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Эхний бүлгээс л үг, өгүүлбэр бүрд нь бүдчих шиг санагдаж, уншиж дадаагүй өгүүлбэрийн бүтэц, бүрэн төгсгөлгүй мэт бүлгүүдийн ард зохиолч ямар утга “нуусан” болохыг таах гэж, оньсогын хариу олох гэж адгасаар хэдэн хуудас элээж байж л онгорхой хаалгыг хаах биш, дураараа гараад гүйх байсныг анзаараад дахин нэлээд эргүүлж, тойруулав. Мөн цаашдаа зүймэл хүүрнэлийн бүтээлүүдийг онцгойлон сонирхох бас нэг шалтгаан боллоо.



Сэтгэгдэл бичих

