Ганцхан өдөрт уншиж дуусгаж болох ч олон өдөр толгойд бодогдох ном. Намар болоод ч тэр үү хүн бүр тавьж явуулах хэрэгтэй зүйлсээ явуулан дараагийн өөрчлөлтөд бэлддэг шүү дээ. Гунигтай бас жаргалтай өдрүүд ээлжилсээр нэг л мэдэхэд өвөл эхэллээ. “Би үхмээр байна гэхдээ догбугги идмээр байна” номын зохиолч Пэк Сэхи үхэхээсээ өмнө роман бичиж үзэхийг хүсдэг гэж нэг ярилцлагадаа хэлж байсан юм. Түүний гаргасан анхны ном 25 орны хэл дээр хэдэн сая хувь борлуулагдаж сэтгэл гутралын талаар чөлөөтэй хуваалцсан нь олон хүмүүст хүрсэн билээ. 

Барселоноос илгээсэн гэрээслэл нь Пэк Сэхи зохиолчийн сүүлийн бүтээл бас анхны роман нь юм. Гэрээслэл гэдэг зүйлийг бид хэцүү үедээ үнэхээр л удаан бодсоны эцэст хамгийн итгэж болох хүндээ зориулж бичдэг шүү дээ. Нэрнээсээ болоод ч тэр үү зохиолчийн сэтгэл зүйн байдлаас болоод ч тэр үү энэ ном түүний анхны бөгөөд сүүлийн роман юм. 

Зохиолчийн тухай 

Пэк Сэхи зохиолч нь 1990 онд Гёнги аймгийн Гоян хотод төрсөн. Гурван охинтой айлын дунд охин тэрээр багаасаа л ном унших дуртай байжээ. Их сургуулийн уран зохиолын ангийг төгсөөд хэвлэлийн компанид таван жил ажилласан. Багаасаа атопи гэх арьсны өвчтэй бөгөөд сүүлийн арван жил архаг хөнгөн сэтгэл гутралтай сэтгэл зүйч дээр явдаг байжээ. Тэрээр энэ туршлагаа хуваалцан 2018 онд анхны бүтээл болох “Үхмээр байна гэхдээ бас догбуги идмээр байна” эсээний номоо бичсэн. 25 орны хэлээр хэдэн сая хувь борлуулагдаж номоороо дамжуулан сэтгэл гутралд орсон өсвөр наснийхан, залууст амьдралыг өөрөөр харах боломжийг олгосон билээ.

Тэрээр нэгэн ярилцлагадаа роман бичихийг хүсдэг талаараа дурдаж байсан нь түүний анхны бөгөөд сүүлийн роман болох “Барселоноос илгээсэн гэрээслэл” юм. Автофикшн буюу зохиолч өөрийн бодит амьдралаас суралцсан мэдрэмж, дурсамж, туршлагаа уран зохиолтой хослуулан бичсэн уг бүтээл нь 85 хуудастай бэсрэг хэдий ч хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүйн дарамтыг харуулж чадсан байна. Тэрээр өнгөрсөн жил 35 насандаа эрхтнээ хандивлан таван хүнд амьдрал бэлэглээд өөрөө нас барсан билээ.

Номын тухай

Канто хэмээх найздаа гэрээслэлээ бичин үлдээж буй И Сэм зохиолчийн амьдралын талаар өгүүлнэ. И Сэм зохиолчийн анхны ном нь гарсан даруйдаа нэг сая хувь борлуулагдаж 30 орны хэлээр орчуулагдсан. Нэгэн өдөр номыг нь Испани хэл дээр орчуулсан Паула уулзах хүсэлтэй байгаагаараа цахим шуудангаар бичиж эелдгээр уулзахыг хүснэ. Зохиолч тэр үед хорин таван килограмм нэмчихсэн захиалгын хоол л захиалж иддэг, сүүлийн хэдэн сар гэрээсээ гараагүй хэцүүхэн л байсан үе л дээ. Гэхдээ Паула солонгосоор их цэгцтэй эелдгээр бичсэн байсан тул зүгээр л уулзахаар болж утсаа солилцлоо. Уулзах өдөр ч боллоо. Зохиолч ихээхэн эргэлзсэн ч уулзах газраа ирэхэд Паула түүнийг хүлээн зогсоно. Тэд уулзаж номын талаар ярилцаж гадуур зугаалж бүр зохиолчийн гэрт очиж халуун дулаанаар ярилцана. Энэ уулзалт дуусаж хэдэн сарын дараа зохиолч Барселоно явж Паулатай уулзаж хамтдаа далайн эргээр зугаалж Паулагийнд амьдарна. Гэхдээ зохиолч Барселонод ирсэн ч нөгөө л нэг сэтгэл зүйн асуудал өөрийгөө бусадтай харьцуулж сэтгэл дотор нь л яг л хар ус цугларчихсан юм шиг харанхуй. Гаднаасаа зүгээр ч түүний сэтгэлд үргэлжийн нэг зүйл бодогдоостой. Зохиолч яагаад сүүлийн гэрээслэлээ бичих болсон, Барселонод яг юу болсон, Паула гэж яг ямар хүн гэдгийг мэдмээр байвал бүтнээр нь номоос уншаарай. Таныг бодол автуулж чадах байх.

Яагаад унших вэ?

Өөрийнхөө хамгийн том шүүмжлэгч болсон нэгнийг танихыг хүсвэл

Толины өмнө өөрийгөө хараад таалагдахгүй үе тохиолддог л биздээ, хааяа бүр гэрээсээ гармааргүй, хэнтэй ч ярилцмааргүй орондоо хэвтмээр үе ч байдаг. Хэчнээн турахыг хүссэн ч турж чадахгүй, гадуур явах хөөрхөн хүмүүстэй өөрийгөө харьцуулж дутуугаар мэдрэх үе хүн бүрд л байдаг байх. Номын гол дүр багаасаа л гадаад төрхөндөө болон биеийн жиндээ сэтгэл дундуур өссөн нэгэн. Ангийнхан нь түүнийг бусад охидуудтай харьцуулж “мангас” хэмээн хочилдог байв. Томрох тусам өөртөө гутарч, илүүдэл жиндээ санаа зовж турах бүхий л дэглэмийг туршиж үзсэн ч санаснаар нь болдоггүй. Хэчнээн хүмүүс түүнийг хөөрхөн байна, өөрийгөө хайрлах хэрэгтэй гэж хэлсэн ч өөртөө тавих хатуу шүүмжлэлийг нь хэн ч өөрчилж чаддаггүй. Яагаад түүнийг ингэж их өөрчлөгдөх болсныг мэдмээр байвал.

Ганцаардал нийгмээс өөрийгөө тусгаарлах хүсэл гэж юу байдаг талаар

Зохиолч сэтгэл гутралаас болж өдөр болгон л хоол захиалж захиалгын хоолоор л амь зогооно. Үүднээсээ хоолоо авах гэж гурав алхахад л хүнд санагдах өдрүүд. Хичнээн гарч хүмүүстэй харьцсан ч дотроо хоосон, алхам бүрээ шүүмжилж зүгээр л орондоо хэвтээд нозоорч суумаар өдрүүд. Хэцүү байгааг нь ойлгоод санаа тавиад холдох хүмүүс байх ч үүнийг нь улам л хүндээр бодно. Төвөг удаж байгаагаа мэдэрч бусдаас өөрийгөө тусгаарлана. Бүхнийг шинээр эхлэвч дахиад л хуучин би өөртөө дуртай ч үүнээс илүү байж чадахаа мэддэг болохоор үзэн ядна. Хэт их бодол дотроо тээнэгэлзэж эргэлзэх талаар энэхүү номын гол дүр бидэнд ойлгуулна.

Нэг л уншаад эхлэхэд тэр өдөртөө дуусна

Уншихад амар, сэдвүүд нь богино болохоор уншаад эхлэхэд нэг л мэдэхэд дуусчихна. Яг л найз чинь чамд зориулж өдрийн тэмдэглэл бичиж байгаа мэт дотно мэдрэмжийг төрүүлнэ.

Уншигчийн сэтгэгдэл

Хүн болгонд л сэтгэлийг нь зовоох асуудлууд байдаг шүү дээ. Гэхдээ энэ асуудлуудыг бид туулах л ёстой юм шиг хүлээж авдаг. Заавал ганцаардах, хэн нэгнээс хагацах, нийгмийн хүлээлтэд нийцэж амьдрах гэж хичээнэ. Гэхдээ яагаад бүхнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хайрлаж болохгүй гэж. Энэ номыг уншихад өөрийгөө яагаад илүү хайрлах хэрэгтэйг ойлгосон. Хайрлаж чадахгүй шүүмжлэх тусам улам л өөрийгөө шархлуулна. Энэ шарх сүүлдээ хэн ч анагааж дийлэхээргүй том болдог. Өөрөө хүртэл эмчилж чадахааргүй хоосон хар нүх шиг л, дотроос минь сорсоор нэг л мэдэхэд залгиж аваад хэчнээн хичээсэн гарч чадахгүй тийм л аймар. Хүүхэд байхад инээд хөөр баяр баяслыг мэдэрч нүүрэнд минь инээмсэглэл дүүрэн байдаг байсан. Том болох тусам амьдрал ганцаараа бүхнийг хийлгэхийг хүчилдэг. Хэчнээн хүсэхгүй байсан ч том болохоор санхүү, ажил бас бусад зүйлс ганцхан надаас л хамааралтай болгочихдог.

Сургуулиа төгсчихвөл болно, ажилд орчихвол болно энэ их хүлээлт яг ямар хэрэгтэй гэж, зүгээр л жаргалтай байж болдоггүй юм байх даа. Үнэхээр ихийг бодогдуулсан ном байлаа. Гэхдээ зүгээр дээ бидэнд өнөөдөр юу болсноо хуваалцах нэгэн, чамайг гунигтай байхад тайвшруулах нэгэн үргэлж байгаа шүү. Битгий их зүйл бодож өөрийгөө стрессдүүлээрэй. Амьдрал баялаг хийж бүтээх зүйлс их байгаа шүү дээ өөрийгөө хайрлаарай, бусдыг ч гэсэн хайрлаарай энэ бүхний эцэст эргээд харахад инээгээд өнгөрч чадах цаг ирэх болохоор хүчтэй байгаарай.