Одоогоос зургаан жилийн өмнө Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин И.Доржхорлоогийн гэр бүл нэгэн зэрлэг бугыг хоёр жил гаруй тэжээж буй бичлэг цахим орчинд тархаж, олны хайрыг татсан билээ. Тэрхүү буга хэдий тайгын зэрлэг амьтан ч гэлээ, тус айлынхантай яг л гэр бүлийн гишүүн шиг нь ижилсэн дассан байв. Тэд түүнийг “Борхүү” хэмээн нэрлэж, өөрийн хүү, дүү шигээ хайрлан өсгөсөн ч 2023 онд байгалийн жамаар нь ижил сүрэгт нь буцаан тавьсан юм. Борхүүгийн тухай мэдээлэл цахим орчинд тавигдсаны дараа нэг жилийн хугацаанд 1,000 орчим хүн түүнийг зорин очиж байв.

Тэгвэл энэхүү түүхээс сэдэвлэн зохиолч Б.Минжбадамгарав шинэ бүтээл туурвих хүсэлдээ хөтлөгдөн, Борхүүгийн эздийг зорьж байжээ. Зохиолч таван жилийн турш судалгаа хийсний эцэст “Борхүү” хэмээх шинэ номоо уншигчдын хүртээл болгоод буй.
Ингээд хүн, байгаль хоёрын хүйн холбоог өгүүлэх “Борхүү” бүтээлийг “Номын тухай” буландаа онцолж байна.
НОМЫН ТУХАЙ
Салхи шуурга исгэрч, нүүр нүдгүй цасаар шуурсан тэр нэгэн хаврын өдөр аав нь хөвөө хязгааргүй өтгөн ой дундаас Борхүүг олж буйгаар зохиол эхэлнэ. Аав нь гэж буй нь учиртай. Харахад халтар халиун буга хэдий ч өнөөх малчин айлын хамгийн бага отгон хүү юм гэнэ. Ус нь ч хатаагүй нялх ил цанд цохиулсан даарч хөрсөн байдалтай байхад нь малчин залуу түүнийг олж, хүүхдүүдээ үзүүлье гэх бодлоор гэртээ авчирч байв. Гэтэл гэрийн дулаан илч, эзэгтэйн халамжаар амь тавих гэж байсан илий хоёрхон цагийн дотор сэргээд иржээ. Ийнхүү өдрөөс өдөрт өсөж томорсоор ишиг шиг байсан Борхүү өдгөө арван хоёр салаа эвэр, хүдэр дөрвөн туурай, авдар шиг дөрвөлжин цээжтэй сүрлэг дайр болон томорчээ.
Айлын эзэгтэйг Д.Буянтогтох гэх бөгөөд тэрээр Борхүүгийн хувьд хамгийн ойр дотны хүн. Ээжийгээ сумын төв, хот хүрээ орох гээд хэд хоног явахад нь Борхүү сүүгээ голсхийж, гэрийн ард байх хадны сүүдэрт хэвтээд өгнө. Ямар ч амьтад ээж нь хамгийн чухал болохыг тус хэсгээс анзаарч болох биз ээ. Борхүү томрохын хэрээр айл саахалтындаа хэрэг тарьж, хоёр гурав хоногоор ч гэртээ ирэхээ болино. Байгалийн амьтныг байгальд нь тавья хэмээн шийдсэн гэр бүл хоёр ч удаа хүүгээ явуулсан ч төд удалгүй эргээд ирэх аж. Хүн болон байгалийн зэрлэг амьтан хэрхэн нэгэндээ дасаж, нэгнээ үгүйлэн санаж буй тухай уг номд өгүүлнэ.

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Баасанжавын Минжбадамгарав нь дэлхийн сонгодог болон орчин үеийн уран зохиолын сод бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн түгээж буй орчуулагч, редактор юм. Тэрээр Ф.М.Достоевскийн “Ноомой”, Жон Стейнбекийн “Сувд”, Садэх Хедаяатын “Сохор шар шувуу” болон Эдит Несбитийн “Өртөөний хүүхдүүд” зэрэг уншигчдын дунд алдартай бүтээлүүдийг орчуулж байсан юм.
Зохиолч өмнө нь “AUM Publishing”, “Монсудар”, “Жангар” зэрэг томоохон хэвлэлийн газруудад орчуулагч, редактороор ажиллаж байсан бөгөөд өдгөө “Ножо” хэвлэлийн газарт уран бүтээлээ туурвин ажиллаж буй. Энэ удаад тэрээр орчуулгын бус зохиолчийн хувиар “Борхүү” гэх цоо шинэ уран бүтээлээрээ уншигчидтайгаа уулзаж байгаа аж.

“Борхүүгийнхээ түүхээр ном бүтээх хүсэлдээ хөтлөгдөн таван жилийн өмнө гэрийг нь зорьж байсан бол өнөөдөр биеллээ оллоо. Хүүгээ, дүүгээ санаж санаж мөрөөсөж, хол ойроос чимээ чагнан үгүйлэн суудаг аав, ээж, ах дүү нар нь нүүр тулан уулзаж чадахгүй ч гэсэн энэ номоор дамжуулан дахин уулзах боломж олдсонд туйлын их баярлаж бас догдолж байна. Магадгүй уншигч олон минь ч гэсэн их үгүйлсэн биз ээ” - Зохиолч Б.Минжбадамгарав
ЯАГААД УНШИХ ВЭ?

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал
Уг номын эхний хэдхэн хуудсыг уншаад л та гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг төвөггүйхэн ойлгох болов уу. Хөөрхий бяцхан илийг үхчих вий хэмээн сэтгэл түгшин арц хүчээр ариулж, олсоор домнох аав ээж, Борхүү дүүгээ хол явна гэдгийг сонсоод хичээлээ таслан барин гаргаж өгөхөөр ирсэн бага ах, ижил сүрэгтээ очсон хэдий ч өсгөсөн гэр бүлээ санагалзан эргэн ирэх Борхүү гээд хуудас бүр нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлнэ. Гэр бүл гэдэг зөвхөн цусан төрлийн холбоог хэлдэггүй ажээ. Зэрлэг амьтан ч бай, хүн ч бай бие биеэ чин сэтгэлээсээ хайрлаж, халамжилж чадвал яг л нэг гэр бүл шиг ижилсэн дасаж болдгийг энэ ном танд харуулна.
Хангайн амьтан хангайдаа
Уг гэр бүлийн зэрлэг буга тэжээж буй бичлэг анх 2021 онд MNB телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр олонд хүрч байсан билээ. Тухайн үед хүмүүсийн ихэнх нь тэднийг өхөөрдөн, буянтай зүйл хийж байна хэмээн сайшааж байсан бол цөөн тооны иргэд “Хангайн амьтан хангайдаа л байх ёстой”, “Хөөрхий бугыг эхтэй нь хамт байлгахгүй дээ. Хулгайлаад авч ирсэн биз!” зэргээр шүүмжлэлтэй хандаж байсан гэдэг. Хэрэв танд ч бас тухайн үед ийм эргэлзээ төрж байсан бол энэхүү номыг заавал гарчиглаад үзээрэй. Бидний гаднаас нь харж дүгнэж байснаас тэс өөр түүх энд бий.


Зэрлэг буга
Өмнө нь тус нутагт хоёр ч айл зэрлэг буга тэжээж байжээ. Тэдний нэг айлынх нь буга намар ороо орж, айл саахалтаа түйвээн, үхэр мал дээр мордоод догшроод байхаар нь айлын эзэн аргаа аргаа барахдаа зэрлэг амьтныг мал шигээ санаж “хөнгөлж” орхижээ. Тэгсэн удалгүй буга нь алга болж, өнөөх гэр бүл ч хэдэн үеэрээ нар үзэлгүй, үр хүүхдүүд нь цаг бусаар хорвоог орхисон байна. Уг зохиолоос та байгаль эхтэй хэрхэн зөв харилцах, зэрлэг амьтны заяа төөргийг хүндэтгэхгүй бол ямар аймшигтай үр дагавар ирдэг тухай ч уншиж сонирхоорой.
Цайны цагаараа
Их хотын түгжрэл, ажлын шахуу хуваарийн дундуур ном уншихаар төлөвлөсөн ч нэг л амжихгүй байна уу? Хэт их хуудастай ном хараад уншихаас төвөгшөөх эсвэл ямар нэгэн шалтаг тоочин хойшлуулсаар байгаа ч шинэ содон ном уншихыг хүсэж буй хэн бүхэн эл номыг сонирхоорой. “Борхүү” ном нь ердөө 50 хуудастай бөгөөд өдөр тутамдаа авч явахад тохиромжтой, тун авсаархан хэмжээтэй. Тийм ч учраас ажлынхаа цайны цагаар тархиа сэргээнгээ уншаад дуусгах боломжтой.

ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?
1. Байгаль, амьтанд хайртай хэн бүхэнд
Юун түрүүнд байгаль, амьтанд хайртай хэн бүхэнд санал болгоё. Амьтан гэдэг бидний төсөөлснөөс ч илүү ухаалаг, сэргэлэн амьтан болохыг тус бүтээлээс мэдрэх боломжтой.
2. Бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд
Бага болон өсвөр насны хүүхдүүдэд байгаль дэлхийгээ хамгаалах, амьтныг хайрладаг нэгэн болон хүмүүжихэд эл ном тусална. Хүүхдийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлж, зөв үлгэр дуурайлал болохуйц сургамжит агуулгатайгаас гадна чухал хэсгүүдийг зургаар илэрхийлсэн тул гэр бүлээрээ уншихад сонирхолтой байх болно.
3. Малчин айлыг амьдралыг сонирхож буй уншигч бүрд
Эл бүтээлд зэрлэг буга болон гэр бүлийн нандин харилцааг харуулахаас гадна малчин айлын хэцүү бэрхшээлтэй талуудыг ч бас дүрслэн харуулжээ. Үүрийн гэгээ орохтой зэрэгцэн үдшийн бүрий хүртэл хөдөөгийн амьдрал өрнөх бөгөөд хаврын үеэр өдөр, шөнөгүй л зүтгэцгээх аж. Хүн бүр өөр өөрийн гэсэн их ажилтай байдаг тул үүнийгээ дагаад хүүхдүүд нь хүртэл хэрсүү болон өсдөг байна. Магадгүй та малчин айлын өдөр тутмын амьдралыг сонирхож буй нэгэн бол уг номыг шимтэн уншаарай.

УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ
Монголчууд бугыг хангайн хамгийн сүрлэг амьтан хэмээн дээдэлж, санамсаргүй тааралдахыг ч хийморь лундаа сэргэхийн бэлгэдэл гэж үздэг билээ. Тэгвэл энэхүү сүрлэг амьтныг бяцхан илий байхаас нь өөрийн хүү шигээ хайрлан өсгөсөн малчин айлын бодит түүхийг өгүүлэх “Борхүү” ном миний сонирхлыг ихэд татсан юм.
Бид амьтдыг “амьтан” гэх утгаар нь дүгнэж, юм ойлгохгүй, сэтгэл хөдлөлгүй хэмээн боддог ч үнэн хэрэгтээ энэ бол өрөөсгөл ойлголт ажээ. Номд дүрсэлснээр Борхүү буга хайрлагдах, санагалзах мэдрэмжийг хүнээс дутахгүй мэдэрч, ганцаарддаг гэдгийг тус зохиол маш ойлгомжтойгоор хүүрнэсэн байна.


Сэтгэгдэл бичих

