Ээлжит номын тухай нийтлэлдээ тавтай морил. Энэ удаад бид 2023 онд хэвлэгдсэн Build the Life You Want: The Art and Science of Getting Happier буюу “Хүссэн амьдралаа бүтээ: Аз жаргалыг цогцлоох урлаг ба ухаан” номыг онцолж байна.

Хүссэн амьдралаа бүтээж, аз жаргалтай амьдрах нь хүн бүрийн хүсэл. Гэвч аз жаргал гэж чухам юу болохыг асуувал хүн бүр өөр өөрөөр хариулна. Хэн нэгний хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, нөгөө нэгний хувьд хайртай хүмүүстэйгээ хамт байх, эсвэл дуртай ажил мэргэжлээрээ амжилт гаргах нь аз жаргалын хэмжүүр байж болох юм. Гэхдээ бид хүссэн бүхэндээ хүрчихвэл үнэхээр аз жаргалтай байх болох уу? Эсвэл аз жаргал гэдэг бидний төсөөлдгөөс өөр зүйл юм болов уу? 

Эдгээр асуултын хариуг энэ номноос мэдэх боломжтой. Аз жаргалыг бүрдүүлэгч хүчин зүйлсийг шинжлэх ухааны судалгаа, сэтгэл судлалын онол, бодит амьдралын түүхүүдээр тайлбарлаж, илүү сэтгэл хангалуун амьдрахад хэрэг болох арга барилуудыг уншигчдад санал болгосон бүтээл юм.

Зохиогчдын тухай

Аз жаргал гэж юу вэ? Түүнийг хэрхэн бүтээж болох вэ? Эдгээр асуултад шинжлэх ухааны судалгаа болон амьдралын бодит туршлагыг хослуулан хариулахыг зорьсон хоёр эрхэм бол Артур С.Брукс, Опра Уинфри нар юм.

Артур С.Брукс бол Америкийн зохиолч, нийгмийн шинжлэх ухааны судлаач, Харвардын их сургуулийн профессор. Тэрээр хүний аз жаргал, амьдралын сэтгэл ханамж, утга учир, харилцааны талаар олон жилийн турш судалж, шинжлэх ухааны судалгааны үр дүнг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлж болохыг олон нийтэд таниулж иржээ. Түүний 2022 онд хэвлүүлсэн From Strength to Strength ном нь амьдралын хоёрдугаар хагаст хэрхэн аз жаргалтай, утга учиртай амьдрах тухай өгүүлдэг бөгөөд The New York Times-ийн бестселлер бүтээлүүдийн нэг болсон юм.

Харин Опра Уинфри бол Америкийн телевизийн хөтлөгч, продюсер, бизнес эрхлэгч, зохиолч бөгөөд дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг билээ. Тэрээр 25 жилийн турш үзэгчдийн хүртээл болсон The Oprah Winfrey Show нэвтрүүлгээрээ дамжуулан олон сая хүнтэй холбогдож, хүний амьдрал, харилцаа, сэтгэл зүй, хувь хүний хөгжлийн талаар тоо томшгүй олон ярилцлага өрнүүлсэн нэгэн. Түүнчлэн 1996 онд Oprah's Book Club номын клубыг үүсгэн байгуулж, унших соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Ийнхүү аз жаргалыг шинжлэх ухааны үүднээс судалдаг Артур Брукс, хүний амьдралын олон талт түүхийг олон арван жилийн турш сонсож, хуваалцаж ирсэн Опра Уинфри нар мэдлэг, туршлагаа нэгтгэн 2023 онд “Хүссэн амьдралаа бүтээ” номыг хэвлүүлжээ. Тэд энэхүү бүтээлээрээ аз жаргалыг хаа нэгтээгээс эрж хайх бус, өдөр тутмын сонголт, дадал зуршил, харилцаагаараа дамжуулан өөрсдөө бүтээх боломжтойг уншигчдад ойлгуулахыг зорьсон байна.

Номын тухай

Бид аз жаргалыг ихэвчлэн ирээдүйд биелэх хүсэл мөрөөдөл, хүрэхийг зорьсон амжилттайгаа холбон төсөөлдөг. Хүссэн ажилдаа орж, хангалттай мөнгөтэй болж, амьдрал маань төлөвлөсөн ёсоор өрнөвөл жаргалтай болно гэж боддог шүү дээ. Гэвч амьдрал үргэлж бидний хүссэнээр өрнөдөггүй. Тэгвэл бүх зүйл төгс болохыг хүлээлгүйгээр аз жаргалтай амьдрах боломж бий болов уу? Номын гол санаа энэ асуултаас л эхэлнэ. Зохиогчдын үзэж буйгаар аз жаргал гэдэг нь зовлон бэрхшээлгүй, үргэлж баяр хөөрөөр дүүрэн амьдрахын нэр биш. Харин амьдралд тохиох сайн, муу бүхий л үйл явдлыг хүлээн зөвшөөрч, тэдгээрт хэрхэн хандахаа ухамсартайгаар сонгож сурахтай холбоотой юм.

Номын эхний хэсэгт бидний өдөр тутам мэдэрдэг сэтгэл хөдлөл хэрхэн үүсдэг, түүнийг таньж ойлгох нь яагаад чухал болохыг тайлбарлажээ. Айдас, уур бухимдал, гуниг зэрэг таагүй мэдрэмжээс зугтаж, тэдгээрийг дарах гэж оролдохын оронд юунаас үүдэн ийм мэдрэмж төрж буйг ойлгож, түүнд үзүүлэх хариу үйлдлээ удирдаж сурах нь чухал аж. Учир нь бидэнд ямар мэдрэмж төрөхийг үргэлж хянах боломжгүй ч тухайн мэдрэмждээ автан ямар үйлдэл хийхээ сонгох боломж бидэнд бий.

Харин дараагийн хэсгүүдэд аз жаргалтай амьдралын дөрвөн чухал тулгуур болох гэр бүл, нөхөрлөл, ажил хөдөлмөр, итгэл үнэмшлийн талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Бидний амьдралд ойр дотнын хүмүүстэйгээ тогтоосон харилцаа ямар үнэ цэн авчирдаг, ажил хөдөлмөрөөсөө хэрхэн утга учир, сэтгэл ханамж олж болох, мөн эд материалын амжилт яагаад үргэлж аз жаргалыг баталгаажуулдаггүй зэрэг сонирхолтой асуултын хариуг эдгээр бүлгээс олж унших боломжтой.

Яагаад унших вэ?

Аз жаргалтай амьдралыг зохиохыг хүссэн нэгэнд

Бид бүгд л аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэхдээ аз жаргал гэж чухам юу вэ, түүнийг юу бүрдүүлдэг талаар тэр бүр бодож үздэггүй шүү дээ. Хэрэв та амьдралдаа бүх зүйл боломжийн сайхан байгаа хэр нь сэтгэл хангалуун бус санагддаг, эсвэл аз жаргалыг ирээдүйд хүрэх ёстой зорилго мэтээр төсөөлдөг бол энэ номыг уншаад үзээрэй. Уг бүтээлээс аз жаргалын тухай бидний түгээмэл ойлголтуудыг шинжлэх ухааны судалгаатай холбон тайлбарласныг уншиж, илүү сэтгэл хангалуун амьдрахад юу чухал болохыг олж мэдэх боломжтой.

Сэтгэл хөдлөлөө ойлгож, удирдах нь

Уурлах, гуниглах, айх, санаа зовох зэрэг таагүй сэтгэл хөдлөлөөс бид аль болох зайлсхийхийг хичээдэг. Гэвч эдгээр мэдрэмж бидний амьдралд ямар үүрэгтэй байдаг бол? Хэрэв та сэтгэл хөдлөлөө ойлгож, хүнд хэцүү нөхцөл байдлыг илүү тайвнаар даван туулахыг хүсдэг бол уг ном танд сонирхолтой санагдах болов уу. Учир нь зохиогчид сөрөг сэтгэл хөдлөлийг үгүйсгэх бус, түүнийг таньж ойлгон, өөрт ашигтайгаар удирдах боломжтойг бодит жишээ, судалгаанд тулгуурлан тайлбарлажээ.

Амьдралынхаа чухал зүйлсийг эргэн харах нь

Ажил, сургууль, өдөр тутмын завгүй амьдралын дунд бид өөртөө болон хайртай хүмүүстээ хангалттай цаг гаргаж чаддаг бил үү? Уг ном нь ажил мэргэжил, гэр бүл, найз нөхөд, итгэл үнэмшил зэрэг аз жаргалд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийг тус тусад нь авч үздэг. Тиймээс ажил, хувийн амьдралынхаа тэнцвэрийг олохыг хүсдэг, бусадтай илүү утга учиртай харилцаа тогтоохыг эрмэлздэг, эсвэл амьдралдаа юуг нэн тэргүүнд тавихаа тодорхойлохыг хичээж буй хэн бүхэнд уншихад тохиромжтой бүтээл юм.

Уншигчийн сэтгэгдэл

Бид аз жаргалтай амьдрахын тулд эхлээд хүссэн бүхэндээ хүрэх ёстой гэж боддог. Сайн ажилтай болж, өндөр цалин авч, амьдралаа бүрэн төвхнүүлсний дараа л санаа амарна гэж өөртөө итгүүлдэг. Гэтэл тэр бүхнийг хүлээх зуур бидний амьдрал үргэлжилсээр, анзаараагүй өнгөрүүлсэн олон сайхан мөч ард хоцорсоор байдаг.
Магадгүй аз жаргалтай амьдрал гэдэг бидний төсөөлдөг шиг хэдэн сая төгрөгийн цалин, ямар ч асуудалгүй хосын харилцаа, эсвэл хүн бүрд таалагддаг нэгэн болохын нэр биш байх. Бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол хэмээн санаа зовохдоо бид өөрсдийнхөө юу хүсэж, юунд дурлаж, юунаас аз жаргал мэдэрдгээ хүртэл мартах нь бий. Гэтэл хүмүүс бидний төсөөлдөг шиг үргэлж биднийг ажиглаж, хийсэн үйлдэл бүрийг маань шүүж суудаггүй. Тиймээс бусдын хүлээлтэд нийцэх гэж хичээхээс илүүтэй өөрийнхөө хүсэж буй амьдралыг бүтээж, дэргэд буй хүмүүсээ хайрлаж, өдөр тутмын энгийн атлаа үнэ цэнтэй мөчүүдийг анзаарч сурах нь чухал санагдлаа.

Эцэст нь Опра Уинфригийн номд өгүүлсэн нэгэн захиасыг уншигч та бүхэнд дамжуулмаар байна.

“Мэдрэмжээ мэдэр, дараа нь жолоогоо ав. Тэгээд илүү жаргалтай амьдраарай.”