Хотын их хөл хөдөлгөөн, тасралтгүй үргэлжлэх чимээ шуугиан дунд бид өөрсдийгөө сонсох сөхөөгүй явсаар л. Гэвч амьдрал ийм хурдтай эргэлдэх тусам бидний дотоод ертөнц алсран холдож, нэг л мэдэхэд өөрийнхөө мөн чанараас төөрч орхисон байх нь олонтоо. Угтаа хүн бүрийн сэтгэлийн гүнд хэзээ ч хөндөгдөөгүй, зөвхөн аниргүй дунд л тодорч үзэгддэг нандин орон зай бий бөгөөд тэр л оршихуйд жинхэнэ амар амгалан, өөрийгөө таних тайтгарал нуугдаж буй биз ээ.

Эл торгон мөчийг, энэхүү анир чимээгүйгээр хөглөгдөх боломжийг уран бүтээлч Б.Тамирын “Чимэгэ” ном бидэнд өгөх агаад будаг нь ханхалсан цоо шинэ гэрэл зургийн ном ийнхүү уншигч таны гарт хүрч буйд манай редакц баяртай байна. Ташрамд, бидэнд бүтээлийнхээ дээжээс илгээсэн эрхэм уран бүтээлч Б.Тамирт талархъя.

ЗОХИОГЧИЙН ТУХАЙ


Баярсайханы Тамир нь М Банкны ахлах дизайнер бөгөөд 2005 оноос хойш график дизайны салбарт ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр 2013 оноос гэрэл зураг сонирхож эхэлсэн төдийгүй түүний уран бүтээлийн карьерын хамгийн том эргэлтийн цэг нь 2018 онд тохиожээ. Тодруулбал, Швейцар Улсад урлангаар хангах хөтөлбөрийн 3 сарын хугацаанд төсөл, үзэсгэлэнгээ хийх завшаан гарсан тэр үе ажээ.

Тамир бол fine art photography буюу фото арт, тэр дундаа бясалгалд суурилсан Зэнгийн гэрэл зураг (meditative photography) төрлөөр туурвидаг өвөрмөц арга барилтай уран бүтээлч юм. Түүний хувьд сүүлийн 13 жилийн турш гэрэл зурагт цаг хугацаагаа зориулж ирсэн бөгөөд Монгол орны байгалийн өвөрмөц өнгө төрхийг дэлхий нийтэд таниулах амбицтай ажиллаж буй.



"Бясалгалд суурилсан гэрэл зураг (Meditative photography) бол зүгээр нэг "гоё зураг" авахын нэр биш. Энэ бол "би юу харж байна вэ?" гэхээс илүү "энэ надад юу мэдрүүлж байна вэ?" гэх асуултад хариулах агшин юм. Зургийн аппаратныхаа дурангаар ертөнцийг ажиглах тэр мөчид хүн одоо цагтаа бүрэн төвлөрч, нэг ёсондоо "газардаж" байдаг. Энд зурагт юу харагдаж байгаа нь тийм ч чухал биш. Харин ч эсрэгээрээ, юу харагдахгүй байгаа буюу хоосон орон зай хамгийн их утга учир өгүүлдэг. Тэрхүү аниргүй орон зайд үзэгч өөрийнхөө мэдрэмж, дурсамж, дотоод дуу хоолойгоо шингээх боломжтой. Энэ төрөл нь хүнийг гаднах үзэмжид бус, дотоод амар амгалан руу нь хөтөлдөгөөрөө онцлогтой."

- Б.Тамир

НОМЫН ТУХАЙ

“Чимэгэ” хэмээх нэр нь монгол бичгийн авиан онцлогийг шингээсэн “чимээ” гэдэг үгний эгшиглэнт дуудлага ба зохиогч бүтээлээ “Нам гүмийн дүрслэл” хэмээн тодотгожээ. Энэхүү ном нь Б.Тамирын гэрэл зургийн карьерынх нь тусгал болоод зогсохгүй түүний уран бүтээлийн эхний томоохон бүлэг сэдвийн хаалт болж буйгаараа онцлог.

Ном нийт 170 нүүр, 109 гэрэл зурагтай бөгөөд дотор хуудсуудыг 130 грамм "extra white" цаасан дээр хэвлэсэн нь илүү үнэ цэнтэй, зургууд нь амьд харагдах ажээ. Редактороор яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгс, хавтасны дизайнераар П.Мөнх-Эрдэнэ ажиллаж, Ножо паблишингаас хэвлэн гаргасан байна. Бүтээлүүдийн 80-90 хувь нь мод, ус, навч, өвс зэрэг байгалийн нарийн нандин хэсгийг дүрсэлсэн бөгөөд эдгээрийн үнэ цэнийг яруу найрагчдын мэдрэмжтэй хослуулсан аж.



Зөвхөн номоос гадна энэ сарын 17-ноос 26-ны хооронд түүний хоёр дахь бие даасан үзэсгэлэн олны хүртээл болж буй. Эндээс та түүний номд багтсан 109 гэрэл зургаас 44-ийг нь тольдох боломжтой. Мөн үзэсгэлэнгийн танхимд зөвхөн гэрэл зургаас гадна уран бүтээлчийн өөрийнх нь бичиж авсан байгалийн амьд аялгууг сонсож болно. Намрын салхины зөөлөн исгэрээ, хад мөргөх горхины чимээ таныг бодит байдлаас турхэн зуур холдуулж, аниргүй өөд хөтөлнө.

Сонирхуулахад, үзэсгэлэнгийн бүтээл бүр ердөө 3 хувь хэвлэгдэх бөгөөд та худалдан авснаар дэлхий дээрх ердөө гурван эзэмшигчийн нэг болж, гэр болон оффисоо цор ганц бүтээлээр чимэх боломжтой. Бүтээл бүрд тусгай сертификат олгох төдийгүй эдгээр нь яг л үзэсгэлэнгийн танхимд буй чанар, материалаараа дахин хоёр хувь хэвлэгдэн таны гар дээр очих юм.



ЯАГААД УНШИХ ВЭ?

Сошиалын солиорлоос холдох боломж: Дэлгэцийн хэт их хэрэглээ, мэдээллийн түм буман урсгал дунд амьдарч буй бидэнд түр амсхийх газар юу юунаас илүү чухал билээ. Тэр үедээ гаргаж ирж харах ширээний номд “Чимэгэ” бүрэн тохирох болов уу. Дээрээс нь гэрэл зургийг дижитал хэлбэрээр хадгалах, гар утсан дээрээ хүссэн үедээ гүйлгээд харах нь амар хялбар, олон давуу талтай ч бодит гэрэл зургийн номыг гүйцнэ гэдэг юу л бол. Дэлгэцээр харах агшин зуурын зураг хэзээ ч цаасны бүтэц, хэвлэлийн будагны үнэр, хуудас эргүүлэхэд гарах тэрхүү таатай чимээг орлож чадахгүй.

Орчин тойрноо олж мэдрэх боломж: Бид өдөр тутамдаа эргэн тойронд буй зүйлсээ хангалттай л харж байгаа шүү дээ гэж уншигч та бодож магад. Угтаа бид хаа нэг тийш яарч алхахдаа навч ямар өнгөтэй байгааг, тэнгэрийн үүл ямар хэлбэртэй байгааг ч анзаардаггүй. Тэгвэл Б.Тамирын буулгасан эдгээр гэрэл зураг унаж буй навч, найгаж буй өвс, бороонд норсон морьд зэргийг маш сонирхолтойгоор харуулжээ. Байгалийн энэ энгийн үзэгдлүүдийг яруу найрагтай сүлжсэн нь таныг эргэн тойрноо илүү анхааралтай, өөр өнцгөөр харахад тусална.

Зүгээр л өөртөө гаргах цаг: "Чимэгэ" номыг дэлгээд суух нь нэгэн төрлийн бясалгал юм. Хэрэв танд ажил, амьдралын их стрессээс түр холдож, дотоод руугаа өнгийх, зүгээр л юу ч бодохгүй амар амгаланг мэдрэх хэрэгцээ байгаа бол энэ ном танд хамгийн сайн хань болно. Уран бүтээлчийн буулгасан тэрхүү нам гүм ертөнцөөр аялаад үзээрэй.



УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Бид гэрэл зургийн ном эргүүлж суухдаа голцуу гоё сайхан байгаль, хурц тод өнгийг хүлээдэг бол энэ номын хуудас бүр дээрх гэрэл сүүдрийн тоглолт нь уран зураг шиг атлаа дэндүү амьд ажээ. Эхэндээ усан будгаар будсан уран зураг юм биш үү гэж эндүүрч ахин дахин харсныг нуух юун. Дараа нь камераар ийм зураг авах боломжтой бил үү гэж эргэлзэж тээнэгэлзснийг ч дурдах нь зүй. Бороонд норсон морьд, салхинд найгах өвс гээд бидний өдөр бүр хардаг атлаа анзаардаггүй тэр л эгэл зүйлс ямар их үнэ цэнтэйг эндээс олж харлаа.

Мөн номын цаас, хэвлэлийн чанар нь зураг бүрийг амилуулж, дэлгэцээс авч чадахгүй мэдрэмжийг өгч байв. Завгүй ажлын дундуур хэдхэн минут энэ номыг дэлгээд суухад бодол санаа өөр зүйлд сатаарч, уран бүтээлчийн адилаар энэ дүр зургийг нүдээр харсан сан бол гэж эрхгүй бодогдоно. Тэгж хүсэхдээ ер нь эргэн тойрон дахь зүйлсээ би хэр сайн анзаарч байгаа талаар ч бодож амжив. Энэ бол зөвхөн гэрэл зургийн цуглуулга биш, дотогшоогоо өнгийх боломж олгох нандин бүтээл аж. Цаг зав гарган үзэсгэлэнгээр нь ороод гарахыг санал болгоё.


Надад хамгийн таалагдсан гэрэл зураг. Бусдыг нь та өөрөө олж мэдээд, өөрийнхөөрөө мэдрэх буй заа.

Үзэсгэлэн 4-р сарын 17-26-ны өдрүүдэд “Хөх нар” галарейд үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй хаягийг ЭНД дарж үзнэ үү.