Манай редакцын энэ жилийн отгон бүтээл уншигч таны гарт хүрэхэд бэлэн боллоо. Энэ бол “Цахим Алт 3.0”. Уг бүтээл нь 2017 онд анхлан хэвлэгдэж, 2021 онд Нэпко хэвлэлийн газраас шинэчлэгдэн гарсан бөгөөд энэ удаад гурав дахь шинэчлэлтээ хийгээд байна. Энэхүү хувилбар нь блокчэйн экосистемийн сүүлийн жилүүдийн эрс шинэчлэл, технологийн огцом дэвшил, дэлхийн болон Монголын бодит хэрэглээ, зах зээлийн эрсдэл ба боломж, хууль эрх зүйн шинэ чиг хандлагыг цогцоор нь тусгаж, илүү өргөн хүрээг хамруулав. 

Мөн энэ удаагийн хэвлэл нь Монголын крипто салбарын хамгийн том цугларалт болох “Ulaanbaatar Blockchain Week 2025”-ийн сүүлийн өдөр нь албан ёсоор танилцуулагдсан гэдгээрээ онцлог. 

“Цахим Алт 3.0” бүтээлийг Интерномын бүх салбараас худалдан аваарай.  


Номын тухай

“Цахим Алт 3.0” мөнгө яагаад үүссэн, хүн төрөлхтөн яагаад үүнд итгэж ирсэн, алт яагаад төгс мөнгөнд дөхөж очсон хөрөнгө болсон, уламжлалт системүүд өнөөдөр яагаад бидний хэрэгцээг хангаж чадахаа больсныг энгийнээр тайлбарлаж эхэлдэг. Түүнчлэн криптовалют яагаад шинэ боломж хэмээн тооцогддог, блокчэйн технологи ямар асуудлыг шийддэг, давуу болон сул талуудыг нь бодит кейс, ойлгомжтой жишээнүүдээр тайлбарласан онцлогтой.

Үргэлжлүүлэн, токен, стэйблкойн, төвлөрсөн бус санхүү (DeFi), цахим хэтэвч, баталгаажуулалт, олборлолтын систем, зөвшилцлийн арга зэрэг крипто экосистемийн үндсэн ойлголтуудыг задлан харуулсан төдийгүй цар тахлын дараах Монголын “койн халуурал”-ын тухай ч өгүүлдэг.

Технологийн дэвшлийн шинэ давалгааг тольдон харуулах нь эл хэвлэлийн гол үнэ цэн юм. Ethereum Merge-ийн технологийн дэвшил, Layer-2 сүлжээнүүдийн өсөлт, ZK технологийн боломжууд, хиймэл оюун болон блокчэйнийн хүчирхэг хоршил, токенжуулалтын дэлхийн тренд, Bitcoin Layer 2 экосистем зэрэг ирээдүйг тодорхойлох шинэ ойлголтуудыг тайлбарласан нь монгол хэл дээр анхдагч гэж хэлж болох агуулга байлаа.


Яагаад унших вэ?

Сүүлийн жилүүдэд криптовалют, блокчэйн, дижитал хөрөнгө нь дэлхийн санхүү, технологийн хамгийн халуулхан сэдвүүдийн нэг болсон билээ. Гэвч Монголд энэ сэдэв нэг бол “хялбар аргаар мөнгө олох арга”, эсвэл “хэт өндөр түвшний технологи” гэсэн туйлширсан ойлголтын хооронд хэлбэлзэх нь олонтоо.


“Цахим Алт 3.0” бол энэ хоёр туйлын аль нь ч биш. Угтаа технологийн дэвшлийг аль болох энгийнээр хялбаршуулан эмх цэгцтэй тайлбарлах ажээ. Хэрэв та дараах ойлголтуудыг мэдэхийг хүсвэл энэ ном танд тохирно:

- Криптовалютын хөгжлийн түүх, технологийн үндэс
- Монголын крипто давлагаа, зах зээлийн сайн жишгүүд
- Ethereum Merge, Layer-2, Zero-Knowledge, хиймэл оюун болон блокчэйн, токенжуулалт, Bitcoin Layer 2 зэрэг дэлхийг донсолгож буй технологийн чиг хандлагууд
- Хэрэглэгчийн хамгаалалт, эрсдэлийн менежмент, аюулгүй байдлын суурь ойлголтууд
- Хуулийн зохицуулалт, шүүхийн шийдвэрүүд

Ном танд криптовалютыг авах эсэхийг зөвлөхгүй харин блокчэйн технологийг зөв өнцгөөс ойлгож, мэдээлэлд суурилсан сонголт хийхэд туслах болно.


Редакцын сэтгэгдэл

Манай редакцын хувьд ирээдүйг бүтээж буй технологи инновац, маргаашийг ойртуулж буй үзэл санааг бичиж, түгээсээр нэгэн арваныг үджээ. Энэ хугацаанд уншигчид ямар агуулгыг шимтэн уншиж, ямар сэдвийг эрэн хайдгийг олж мэдэхээс гадна ямар сэдвийн талаар ташаа мэдээлэлтэй байгааг ч харсаар өнөөдөртэй золгов.

Ирээдүйг дахин загварчилж байгаа атлаа бидэнд хамгийн буруу өнцгөөр ойлгогдсон сэдэв бол гарцаагүй блокчэйн. Энэхүү технологийн дэвшил манай улсад зөвхөн санхүүгийн хэрэгсэл, тэр дундаа хурдан хугацаанд баяжих арга мэтээр түгжээ. Уншигч таны эргэн тойронд элдэв койнд мөнгөө оруулаагүй, магадгүй мөнгөө алдаагүй хүн гэж бараг л үгүй биз. Нэгэн цагт койноос өөр ярих зүйлгүй байсан бид өдгөө койн л биш бол юу ч хамаагүй ярих дээрээ тулжээ. Өөрөөр хэлбэл койн, токен, крипто, блокчэйн, энэ бүгд бидний хувьд хориотой сэдвүүд болж. Гэтэл дэлхий дахинд нөхцөл байдал дэндүү өөр байна.

Цахим орчны хамгийн том сул тал болох итгэлцэл гэгчийг нөхөж чадсан энэхүү технологи та бидний мэдэх олон зүйлийг өөрчилж буй. Бид харин үүнийг мэдээгүй мэт суусаар байж үл болно. Ийм ч учраас Биткойноор овоглосон блокчэйн технологи болон үүнээс салбарлан гарсан олон ололт амжилтуудыг тайлбарлах “Цахим Алт” номын шинэчилсэн гуравдугаар хэвлэл дээр манай баг тун олзуурхан ажилласан юм. Энэхүү бүтээл уншигч таны блокчэйн аялалд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.


Өмнөх үгийн хэсгээс

…Зөвхөн үнийн өсөлт гэлтгүй блокчэйн технологи бидний мэдэх олон уламжлалт байдлыг өөрчилж буй нь улам л тодорхой болж байна. Дэлхий дахины эмх замбараагүй байдал, хиймэл оюуны хувьсгал, институцын хөрөнгө оруулалт гээд олон шалтгаанаас улбаалан блокчэйн технологийн хөгжил хурдаа авсаар л. Харамсалтай нь, бид энэ бүхнээс ахиад л хоцорч үлдэх эрсдэлтэй тулаад байна. Иймд бид алдаагаа цэгнэж, цаашид хэрхэх тухайгаа ярилцаж, нэгдсэн нэг зорилго дор урагшлах хэрэгтэй.

Сайн мэдээ гэвэл, цаг алдалгүй хөдөлж чадвал бидэнд боломж байгаа хэвээр. Блокчэйнээс гадна краудфандинг, тойрог эдийн засаг, интернэтийн эд зүйлс зэрэг хуулиараа ч бүрэн зохицуулж амжаагүй, өөрсдөө ч сайтар ухаж ойлгоогүй олон технологитой хоршин амьдарч буй энэ үед хиймэл оюун юу юунаас илүүтэй хүчийг авч буй.

Бидний мэдэх бүхнийг тэр чигт нь өөрчилж байгаа энэхүү хиймэл оюуны технологид нэн шаардлагатай зүйл бол дата төвүүд. Манай улсын хувьд өргөн уудам нутагтай, жилийн хагасаас илүүд нь сэрүүн уур амьсгалтай, сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй гэдэг утгаараа дата төвүүдийг бий болгох хамгийн тохиромжтой орон юм.