Хүүхдийн төлөвшил хүмүүжилд хамгийн сайнаар нөлөөлдөг зүйлсийн нэг бол ном. Үйл явдал, уялдаа холбоо, сонирхолтой дүрүүдээр дамжуулан хүүхдэд хүрээлэн буй орчин, хүний мөн чанарын тухай хөнгөн бөгөөд хөгжилтэйгээр ойлгуулдаг зохиолууд өнөөгийн биднийг ч бүтээлцсэн. Хүүхэд, томчуудын хэнд ч болов нэгийг бодогдуулж, ариун цагаахан нүдээр ертөнцийг тольдсон гайхалтай зохиолууд цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алддаггүй. Өнөөдрийн буланд онцлох номууд яг тийм л номуудын төлөөлөл юм.

МИХАИЛ ЭНДЕгийн "Момо"


Герман улсын зохиолч Михаил Эндегийн “Момо” хүүхдийн ном анх 1973 онд худалдаанд гарч уншигчдын гарт очсоноос хойших хагас зууны хугацаанд дэлхийн 50-аад хэл дээр орчуулагдан гаржээ. Зохиолч Михаил Энде “Би зохиолуудаа өөрийнхөө болон бүгдийн доторх хүүхдэд зориулж бичдэг” гээд “Миний ном 8-80 насны бүх л хүүхдүүдэд зориулагдсан” гэсэн байдаг. Үнэхээр ч найм, 80 насны ялгаа үгүйгээр хүн бүрийн дотор хүүхэд оршдог билээ.

Номын гол баатар Момо хэмээх жаахан охины түүх хүүхэд багачуудыг уйдамгүй үйл явдал, сонирхолтой дүрүүдтэй танилцуулах бол харин томчуудад аз жаргал, амьдралын утга учрын тухай дахин нэг эргэцүүлэхэд хүргэх ид шидтэй. Цаг хугацааны хулгайч нараас хотынхныхоо алдагдсан цаг хугацааг эргүүлэн авч ирэхийн тулд хийх Момогийн аялал хэний ч анхаарлыг дор нь татаж чадна.

“Тэр хүнийг сонсож чаддаг байжээ. Зарим уншигч хүний яриа сонсохыг хүн бүр чадна, үүнд өвөрмөц юм байхгүй гэж хэлэх байх л даа. Тэгвэл та эндүүрч байна. Бусдын яриаг чин сэтгэлээсээ сонсох чадвартай хүн цөөхөн юмсанж.”

Момо

МАРЖЕРИ УИЛЬЯМСын "Хамбан туулай"


Монгол хэлээр худалдаанд гараад долоо ч хоноогүй байгаа уг ном нь британи зохиолч Маржери Уильямсын 1922 онд гаргасан хүүхдийн зохиол юм. "Хамбан туулай" Олон улсын уншлагын холбоо болон Хүүхдийн номын зөвлөлийн шилдэг бүтээлийн шагналын эзэн бөгөөд 2007 онд АНУ-ын Боловсролын агентлагаас багш нарын дунд явуулсан “Бага насны хүүхдэд зориулсан шилдэг 100 бүтээл” судалгааны 28 дугаарт жагсаж байв. Хайрын үнэ цэнийг бяцхан хамбан туулайн өнцгөөс дүрсэлсэн энэ түүх үнэхээр нандин мэдрэмжийг төрүүлдэг. Хүүхдийн хувьд ч бусадтай чин сэтгэлээсээ харьцах, энэрэн хайрлах тухай тодорхой ойлгож авах болно.

“Чамайг жинхнээсээ хайрласан нэгэнд чи хэзээ ч муухай харагдахгүй. Үргэлж хамгийн хөөрхнөөрөө байх болно.”

Хамбан туулай

ЖАН ЖЫЛҮгийн "Цахилгаан жаал"


Магадгүй том хүмүүс бүгд л ямар нэг бусдаас гоц чадвартай байхыг хүсдэг байх. Харин хүүхдүүдийн хувьд ямар бол? Төрөхөөс нь эхлээд л тохиолдсон хачин жигтэй үйл явдлууд, учир шалгаан нь тодорхойгүйгээр аваад төрчихсөн онцгой чадвараасаа болоод хайр энэрлийг хангалттай авч чадалгүй өсөж буй хүүгийн тухай түүх. Ямар ч буруугүй гэлээ томчууд төвөгшөөж, хүүхдүүд шоглоно. Гэхдээ тэр юу ч тохиолдсон өөрийнхөө дотор буй гэнэн цайлган, ариун цагаан, өрөвч зөөлөн ертөнцөө хамгаалах хүчтэй байдаг нь юутай бахархам гээч.

Хятадын зохиолч Жан Жылүгийн бичсэн, шинжлэх ухаан, нөхөрлөл, гэр бүлийн харилцаа, амьтан ургамлыг энэрэх гээд олон санааг багтааж чадсан уг номыг та хүүхэдтэйгээ, дүүтэйгээ хамт уншаад үзээрэй.

“Гэхдээ би биедээ тогтой баймааргүй байна, үнэхээр хүсэхгүй байна.”

Цахилгаан жаал

АНТУАН ДЭ СЭНТ-ЭКзЮПЕРИЙН "бяцхан хунтайж"


Францын зохиолч Антуан дө Сэн-Экзюперийн 1943 онд гаргасан “Бяцхан хунтайж” бол дэлхий даяар нийт 140 сая хувь борлогдож, 300 гаруй хэл дээр орчуулагдсан бүх цаг үеийн шилдэг хүүхдийн номын нэг юм. “Paramount Pictures” 2015 онд уг зохиолыг бүрэн хэмжээний анимэйшн болгон бүтээсэн бөгөөд алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер, Ричард Харви нар ажиллаж, Холливудын алдартай жүжигчид дуу оруулсан байдаг.

Номд, томчуудын тухай илүү ихийг мэдэж авахаар гараг хооронд аялан, өөрийн гэсэн зүйлс нь түүний хувьд яагаад үнэ цэнтэйг, нөхөрлөл, хайр гэж юу болохыг дэлхий дээр өнгөрүүлэх хугацаандаа ойлгож авч буй бяцхан хунтайж болон түүний нисгэгч найзын тухай гардаг. Утга агуулга, үйл явдал нь үнэхээр гүн гүнзгий бөгөөд хүүхэд гэлтгүй томчуудад ч гүн тусахуйц харилцан яриа, зүйрлэлүүдийг агуулдаг тул өнөөг хүртэл үнэ цэнээ улам нэмсээр ирсэн юм. Төгсгөлд нь, хүүхэд, том хүн хэн боловч заавал уншиж үзэх номын жагсаалтад "Бяцхан хунтайж" зүй ёсоор орохуйц бүтээл билээ.

“- Би хорвоо дээр ганцхан байдаг цэцэгтэй гэж санаж байсан чинь хааяагүй л ургадаг ерийн л нэг сарнайтай юм байна даа.
- Түүнийг хайрласан чиний хайр, түүнд зориулсан чиний цаг түүнийг ганцхан болгодог юм”

Бяцхан хунтайж

Харин таны хүүхэд ямар номд дуртай вэ? Хүүхдэдээ уншиж өгөхөөр төлөвлөж буй номуудаасаа хуваалцаарай.