Ээлжит номын тухай нийтлэлд маань тавтай морил. Энэ удаад бид тэртээ 1848 онд анх уншигчдын хүртээл болж байсан Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийгийн “Цагаан шөнө” туужийг онцлон хүргэж байна. 

Дөрвөн хоног гэдэг таны хувьд хэр их хугацаа вэ? Заримд нь өдөр тутмын амьдралын урсгал дунд анзаарагдалгүй өнгөрүүлэх богинохон хугацаа шиг санагдах бол өөр нэгэнд мартагдашгүй дурсамж үлдээж, амьдралыг харах өнцгийг өөрчлөх учралын эхлэл ч болж мэдэх урт хугацаа. Тэгвэл эл бүтээлд ердөө дөрөвхөн хоногийн дотор өрнөх учрал, хайр дурлал, хагацал, гунигийн тухай дүрслэн өгүүлжээ. 

ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ 

Фёдор Михайлович Достоевский нь 1821 оны арваннэгдүгээр сарын 11-нд Москва хотноо нэгэн ядуу эмчийн гэр бүлд хоёр дахь хүү нь болон мэндэлсэн гэдэг. Түүнийг гурван настай байхад нь асрагч эх нь үлгэр домог, баатарлаг туульс зэргийг уншиж өгдөг байсан учир багаасаа л уран зохиолыг уншиж, судлах дуртай хүүхэд байж. Ингээд ээж нь түүнийг дөрвөн нас хүрэхэд нь Библийн судраас уншуулж, бичүүлж сургасан тул хүүхэд ахуй цагаасаа Карамзин, Пушкин зэрэг Оросын уран зохиолын нэрт төлөөлөгчид, Анна Радклиф зэрэг зөгнөлт-аймшгийн зохиолчид, Шиллер, Гётегийн романтик зохиолууд, Сервантес, Вальтер Скоттын баатарлаг туужууд, Хомерын туульсыг уншиж өсжээ.



Тэрээр 20 орчим наснаасаа эхлэн зохиол бичиж эхэлсэн бөгөөд төдийлөн амжилт олохгүй л байв. Ингээд 1846 онд баян хоосны ялгааг харуулсан “Ядуу хүмүүс” туужаа хэвлүүлсэн нь тухайн үедээ нэлээдгүй алдаршиж, уншигч, шүүмжлэгчдээс чамгүй сайшаалыг хүртсэн юм. Тухайлбал, нэрт утга зохиол шүүмжлэгч В.Г.Белинский “Нийгмийн амьдралыг харуулсан Оросын анхны роман” хэмээн тодорхойлж байсан ажээ. Үүнээс хойш “Үхэгсдийн байшингаас бичсэн тэмдэглэл”, “Эзэгтэй”, “Цагаан шөнө”, “Дорд үзэгдэгсэд”, “Гэмт хэрэг ба ял шийтгэл” зэрэг нэлээдгүй хэдэн бүтээл гаргасан нь уншигчдын дунд улам бүр алдаршиж, зохиол бүтээлүүд нь өндрөөр үнэлэгдэх болов. Хэдийгээр олонд танигдсан зохиолч болсон ч тэрээр ядуу зүдүү амьдралаас ангижирч чадаагүй юм.

Улмаар 1864 оны дөрөвдүгээр сард эхнэр нь, түүнээс гурван сарын дараа ах Михаил нь нас барсан харамсалтай үйл явдал тохиов. Гэсэн ч Ф.М.Достоевский гачигдал зовлонд бууж өгсөнгүй, шамдан ажилласаар “Тоглоомчин”, “Маанаг”, “Чөтгөр шуламс шиг амьтад” зэрэг зохиолуудаа бичсээр 1881 оны нэгдүгээр сарын 28-нд таалал төгссөн билээ.

НОМЫН ТУХАЙ 

Зохиолын үйл явдал ганцаардмал хэр нь мөрөөдөгч залуугийн бодролоор эхэлнэ. Тэрээр 26 настай, Санкт-Петербург хотод амьдардаг бөгөөд төсөөлөн бодох дуртай, бүр төсөөллийн ертөнцдөө амьдардаг гэмээр хачирхалтай хүн. Эргэн тойронд байгаа барилга, байшингуудтай ярилцаж, элдвийг хууч хөөрч буй хэсгээс нь түүнийг ямар их ганцаардмал нэгэн бэ гэдэг нь анзаарагдах болов уу.



Гэтэл нэгэн удаа Петербургийн гудамжаар алхаж явахдаа уйлж зогсох Настенька гэх бүсгүйтэй санамсаргүй байдлаар танилцсанаар бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ. Урьд өмнө нь эмэгтэй хүнтэй дотно харилцах нь битгий хэл, хэдхэн үг аятайхан сольж үзээгүй түүний хувьд Настенька ер бусын сонирхолтой санагдах агаад цаг минут өнгөрөх тусам түүнд улам ихээр татагдана. Гэвч бүсгүй аль хэдийн өөр нэгэнд сэтгэлтэй ажээ. Ийнхүү тэдний учрал ердөө дөрөвхөн хоног л үргэлжилнэ. Чухам яагаад ийм богинохон уулзалт болов? Энэ хугацаанд тэдний хооронд юу болсон бол? Ганцаардмал залуугийн мөрөөдөл биелэх болов уу? Эдгээр асуултын хариултыг уншигч танд үлдээе. Номоос нь дэлгэрүүлэн уншаарай.

Сонирхуулахад, тус зохиолоос сэдэвлэн Францын алдарт кино найруулагч Робер Брессон 1971 онд “Four Nights of a Dreamer” гэх кино бүтээсэн байдаг. Тэрээр Ф.М.Достоевскийгийн зохиолыг “Залуу насны гэгээн, нандин хэр нь гунигтай мэдрэмжүүдийг цөөн хэдэн хуудсанд багтаан өгүүлсэн гайхалтай бүтээл” хэмээн тодорхойлж байсан билээ.


ЯАГААД УНШИХ ВЭ?

Ганцаардлын тухай илүү сайн ойлгох бол

Ганцаардмал гэхээр л ихэнх хүн гунигтай, аз жаргалгүй нэгнийг төсөөлөх гээд байдаг талтай. Гэвч ганцаараа байх нь заавал ганцаардаж, гуниглахын нэр биш шүү дээ. Зарим хүн бусдаас хол, өөрийн ертөнцдөө байхдаа илүү тайван, аз жаргалтай байдаг бол зарим нь олон хүний дунд ч ганцаардлыг мэдэрдэг. Тиймд зохиолын гол дүр болох мөрөөдөгч залуугийн бодол, мэдрэмжээр дамжуулан ганцаардлын олон талыг ойлгож, хүн яагаад бусадтай дотно харилцаа тогтоохыг хүсдэг талаар эргэцүүлэн бодох боломжтой. Магадгүй та ч заримдаа бодит амьдралаас түр холдож, өөрийн төсөөллийн ертөнцөд амьдрахыг хүсдэг ч юм бил үү.

Хайрыг арай өөр өнцгөөс анзаарах бол

Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайрын тухай энэхүү бүтээлд арай өөр өнцгөөс дүрсэлжээ. Орчин үеийн хэллэгээр бол “friendzone” буюу нэг нь чин сэтгэлээсээ хайрлаж байхад нөгөө нь зөвхөн найзын хувиар харилцдаг харилцааг илүүтэй харуулна. Мөрөөдөгч залуугийн хувьд хайртай бүсгүй нь өөр нэгнийг хүлээж байгааг мэдэх, түүнд туслахын зэрэгцээ өөрийн мэдрэмжийг нуух амар байгаагүй. Эцэст нь түүнийг өөрийн болголоо гэж бодтол, бүх зүйл эсрэгээрээ эргэх нь тэр. Учир нь хүний сэтгэлийг хүчээр өөрчилж, өөртөө татах боломжгүй шүү дээ. Энэ мэтчилэн хүний сэтгэлийн нарийн мэдрэмж, хүлээлт, хагацал, бусдын сонголтыг хүлээн зөвшөөрөх гээд хайрыг арай өөр өнцгөөс эргэцүүлэн бодоход хүргэнэ.



Бүх зүйл бидний хүссэнээр төгсөх албагүйг ойлгох бол

Бид заримдаа хүссэн зүйлээ биелнэ гэдэгт итгэж, тэсэн ядан хүлээдэг. Гэвч бүх зүйл бидний хүссэнээр болохгүй байх үе бий. Тэглээ гээд энэ хугацаанд мэдэрсэн аз жаргал, бүтээсэн дурсамжууд маань үнэ цэнгүй болчихгүй шүү дээ. Харин ч үүнээс шинэ зүйл сурч, амьдралыг арай өөр өнцгөөс харахад тусалдаг. Тиймээс бүх зүйл хүссэнээр болоогүй ч өнгөрүүлсэн мөчүүд сайхан дурсамж, амьдралын нэгэн чухал туршлага болон үлдэж болдгийг ойлгох биз ээ.

Сэтгэл хөдөлгөм, дулаахан түүх унших бол

Хэрэв та сэтгэл хөдөлгөм сонгодог зохиол хайж байгаа бол энэ туужийг сонгоход буруудахгүй. Учир нь Достоевскийн “Гэмт хэрэг ба ял шийтгэл”, “Карамазовын хөвүүд” зэрэг бусад бүтээлүүд нь гүн гүнзгий, хүнд сэдвүүдийг хөнддөг бол энэ тууж илүү уянгын, зөөлөн өнгө аястай бичигдсэн гэдгээрээ онцлог. Хайр дурлал, мөрөөдөл, учрал, хагацал гээд хүн бүхний мэддэг нандин мэдрэмжүүдийг тун энгийн хэр нь уран яруу дүрсэлсэн учир таны сэтгэлийг хөдөлгөх нь гарцаагүй. Мөн 100 гаруй хуудастай, авсаархан хэмжээтэй тул нэгээс хоёр цагийн дотор уншиж дуусгах боломжтой.


УНШИГЧИЙН СЭТГЭГДЭЛ 

Би өмнө нь Ф.М.Достоевский зохиолчийн бүтээлийг яг бүтнээр нь уншиж байгаагүй л дээ. Нэлээдгүй хэдэн ном нь монгол хэлнээ орчуулагдсан байдаг ч “Цагаан шөнө” гэх эл бүтээлээр нь түүнтэй анх удаа танилцаж буй минь энэ. Сонгодог зохиол юм чинь уншихад жаахан уйтгартай байх болов уу гэж эмээж байсан ч эхний хэдэн хуудсыг уншаад л тун сонирхолтой санагдсан. Мөрөөдөгч залуу өөрийгөө танилцуулдаг хэсгийг бүрэн гүйцэд ойлгох гэж хэд дахин уншсаныг эс тооцвол тун яруу, энгийн хэллэгтэй бичигджээ.



Түүнчлэн “Цагаан шөнө” гэх нэрийг анх уншихдаа утгыг нь сайн ойлгоогүй юм. Харин судалж үзэхэд Хойд болон Өмнөд туйлын цагаригт ойрхон бүс нутагт зуны улиралд нар жаргасан ч тэнгэр бүрэн харанхуй болдоггүй үзэгдлийг цагаан шөнө гэж нэрлэдэг ажээ. Харин туйлын цагариг доторх зарим газарт нар огт жаргахгүй, туйлын өдөр үргэлжилдэг байна. Хэдийгээр Санкт-Петербург хот туйлын цагаригаас хол, цагаан шөнө болдог бүсээс 70 очим километр урагш байрласан байдаг боловч тэнгэрийн гэгээ тасардаггүй, шөнө ч гэгээтэй байдаг учраас Петербургийн цагаан шөнө хамгийн алдартайд тооцогддог ажээ.