Цас орох үед эргэн тойрон анир чимээгүй болчихдог доо? Яг энэ нам гүмийг илэрхийлэх бүтээл бол Хан Ганы “Грек хичээл” роман. Анх зохиолчийн “Цагаан хоолтон” бүтээлийг нь уншаад шууд дурласан уншигчийн хувьд өөр нэгэн бүтээлийг нь таалаад зогсохгүй бичиж хуваалцах гэж байгаадаа олзуурхаж сууна.
Энэ жилийн зун аяллаар явахдаа уг номын англи хэл дээрх орчуулгыг нь барьж авч дуусгасан юм. Богинохон болохоор аялалд тохиромжтой гэж бодож авч явсан ч харин ч эсрэгээрээ нэлээд хүнд сэдэвтэй бөгөөд аялал дундаа бүдчиж явахад минь аргадсан зохиол байлаа.
Ташрамд дуулгахад уг номыг МОНСУДАР редакц монгол хэлнээ орчуулсан нь энэ сард худалдаанд гарсан байна.
Зохиолчийн тухай
Зохиолч Хан Ганы ярилцлагуудыг үзвэл юмсыг тайлбарлаж буй байдлаас нь түүнийг зөөлөн биш бүр “хэврэг” гэмээр эмзэг, яруу бас нинжин нэгэн гэдгийг олж харах буй. Өнгөрсөн жилийн Нобелийн шагналыг хүртсэн тэрээр Өмнөд Солонгосын орчин үеийн уран зохиолын хамгийн нөлөө бүхий зохиолчдын нэг бөгөөд хүний эрхэм чанартай холбоотой сэдвүүдийг зоригтой хөндөж чаддагаараа үнэлэгдсэн нэгэн.
Хан Ган 1970 оны 11-р сарын 27-нд Өмнөд Солонгосын Гванжү хотод төржээ. Түүний нэрийг Хан мөрнөөс санаа авч ийнхүү өгсөн гэдэг. Тэрээр бага ахуй наснаасаа эхлэн уран зохиолтой ойр өссөн, учир нь түүний аав нь зохиолч Хан Сын-вон, ах нь зохиолч Хан Дон-рим мөн дүү Хан Кан-ин нь зохиолч бас зураачаар ажилладаг.
Түүнийг есөн настай байхад аав нь багшийн ажлаа орхин зохиолчоор ажиллахаар шийдсэний улмаас тэдний гэр бүл Сөүлийн Сүю-ри рүү нүүсэн гэдэг. Энэ үе бол энгийн иргэдийг хомроглон хөнөөсөн 1980 оны Гванжүгийн Ардчилсан бослогоос дөрвөн сарын өмнө байж. Энэ нь ч түүний “Хөвгүүн ирлээ” бүтээлд бий.

Хан Ган 1988 онд Пүнмун охидын ахлах сургуулийг төгсөж, 1993 онд Ёнсэй Их сургуулийг солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр төгссөн. Мөн 1998 онд урлагийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр Айовагийн Их сургуулийн олон улсын бичээчийн хөтөлбөрт гурван сарын турш оролцжээ.
Их сургуулиа төгссөний дараа тэрээр Saemteo хэмээх сэтгүүлд хэсэг сэтгүүлчээр ажилласан юм. Харин 1993 онд түүний хэд хэдэн шүлэг нь сэтгүүлд хэвлэгдэж, 1994 онд Хан Канг-хён хэмээх нэрээр богино өгүүллэгийн дебютээ хийж, “Улаан зангуу” өгүүллэг нь утга зохиолын уралдаанд шалгарч байв.
1995 онд түүний анхны богино өгүүллэгийн түүвэр “Ёосугийн хайр” хэвлэгдэж нягт, нямбай, сонирхолтой найруулгаараа олны анхаарлыг татсан аж. Үүнээс хойш тэр сэтгүүлчийн ажлаа орхиж, зохиол бичихэд бүрэн төвлөрөхөөр шийдсэн гэдэг.
“Цагаан хоолтон” бол Хан Ганы англи хэл рүү орчуулагдсан анхны роман бөгөөд Дебора Смитийн орчуулга нь 2016 оны олон улсын Бүүкерийн шагналыг хүртсэн. Сонирхуулахад “Цагаан хоолтон” нь тус шагналыг хүртсэн анхны солонгос хэл дээрх зохиол бөгөөд Хан Ган анхны ази, эмэгтэй Нобелийн шагналтан юм.
Номын тухай
Хан Ганы гурв дахь л бүтээлийг нь уншиж буй уншигчийн өнцгөөс хэлэхэд “Грек хичээл” бол хамгийн “дотогшоо” нэг нь гэж дүгнэж болохуйц.
Зохиолд төдийлөн эргэлт, ээдрээтэй үйл явдлууд гарахгүй харин маш гүн гүнзгий мэдрэмжүүд сийлээстэй. Зохиолын гол дүрүүд нэр үгүй. Дуу хоолойгоо алдсан эмэгтэй, хараагаа аажмаар алдаж буй эр. Эрэгтэйн өгүүлэмж нэгдүгээр бие хэлбэрээр, харин эмэгтэйн өгүүлэмж гуравдугаар бие байдлаар өгүүлэгдэх ба тэдний айдас, гуниг, эмзэглэл нэг. Эмэгтэй ээжийгээ алдаад удаагүй байгаа ба салалтын дараа хүүхдийнхээ асран хамгаалагчаар үлдэж чадаагүй тул улам дотогшоо, чимээгүй болсоор. Харин зохиолын эрэгтэй дүр бага багаар хараагаа алдаж, өөрийн танил ертөнцөөс аажмаар алсарч буй айдастайгаа нүүр тулна.

Тэдний зам грек хэлний хичээл дээр санамсаргүй огтлолцож, тэдний хооронд хачирхалтай холбоо бүрэлдэж эхэлдэг. Хачирхалтай холбоо нь романтик хүсэл тачаал гэхээс илүү зөвхөн ойлгогдох, сонсогдох, холбогдох гэсэн энгийн хүсэл болой.
Хан Ганы уг бүтээл дэх бичгийн хэлбэр ч тэр үйл явдлаас илүү, хэлний тогтворгүй, тасалдсан, зарим хэсэгт пауз дарчихсан мэт уур амьсгал бүрдүүлэхэд анхаарсан гэлтэй. Романд хоосон зай, чив чимээгүй цастай ой мэт догол мөрүүд олон. Энэ хэв маяг нь ч дүрүүдийн дотоод байдлыг илэрхийлэхэд тусалсан гэж санагдана.
Зохиолч анх шүлэг бичиж утга зохиолын карьераа эхлүүлж байсан нь “Грек хичээл”-ээс илүү тод харагдах болов уу, учир нь түүний зүйрлэлүүд даруухан бөгөөд жинтэй бичигдэж.


Ганц өгүүлбэрт бол тус зохиол нь хүмүүс хэрхэн хоорондоо үггүйгээр ч холбогдож чаддаг тухай мөн анир чимээгүйгээс үл айх, асар их сэтгэлийн хатын тухай бүтээл ажээ.
Яагаад унших вэ?
1. Түүний “Цагаан хоолтон” романтай нь танил уншигчдад уг бүтээл таалагдах нь лав. Учир нь “Цагаан хоолтон” дээрх танил сэдвүүд энд ч давтагдана. Хуваагдаж, хоёрдсон, ганцаардсан мэдрэмж, үл тоогдох эмэгтэй дүрүүд гэх мэт. Грек хичээл дэх эмэгтэйн дүр өөрийн ачаанаас зугтаж дуугаа хураасан нь нэг талаараа зэвсэг нөгөөтээгүүр өөрийг нь шархлуулсан ертөнцөөс ухарч буйг илтгэх дохио болж буй.
2. Нэлээд богинохон хэр нь эргэж унших тоолонд өөр шинэ өнцгийг харуулдаг роман. Хэдийгээр хуудасны хувьд бага боловч өгүүлж буй сэдвүүд нь 200 гаруй хуудаснаасаа давсан хүнд.
3. Номын тухай хэсэгт бичсэнээс хэтэрхий “гунигтай” ном гэж ойлгогдож байж магадгүй. Гэхдээ эл зохиолыг жаргалтай, гунигтай ямар ч үед уншсан хүн чанар, ойлголцол, гүнзгий мэдрэмжийн тухай бүхий л бодлыг “газардуулж” чадахуйц баялаг.
4. Түүнчлэн эртний грек хэлтэй холбоотой хэсгүүд нь зохиолыг бүр ч илүү сонирхолтой болгосон нь хэл шинжлэлд дуртай хүмүүст таалагдах биз ээ.


Уншигчийн сэтгэгдэл
Яг миний эрээд байсан цээжинд хүнд оргиулсан мэдрэмжийг өгсөн нь эд уншихаас хөндийрчхөөд байсан үетэй таарсан болоод ч тэр үү сэтгэлд гүн үлдсэн. Юмсыг эргэцүүлж бодмоор эсвэл ойрд өвдөж, сэтгэл санаагаар унасан бол энэ номыг “ханиа” болгоорой.

Сэтгэгдэл бичих

