Гудамжинд гараад дурын нэг хүнээс “Хүн төрөлхтөн амьтнаас юугаараа ялгаатай вэ?” гэж асуувал ихэнх нь “оюун ухаанаараа” хэмээн хариулах болов уу. Хэдий энэ нь үнэний ортой ч хүнийг бусад төрөл зүйлээсээ онцгойрон илүүрхэж, дэлхий дахинд өөрийн дүрмээ тогтооход хүргэсэн хамгийн хүчтэй зэвсэг нь мэдээлэл дамжуулах явдал хэмээн тус номд дурджээ. 

Одоогоос 4500-5000 орчим жилийн тэртээ, хүрэл зэвсгийн үед анх Төв Азид адгуус амьтдыг гаршуулж гэршүүлж эхэлсэн нь өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйн эхлэл болсон түүхтэй. Тэгвэл бид өнөө хэр бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, Хүннүгийн үеэс Чингис хаан, Мандухай хатнаас Ардчилсан хувьсгал хүртэлх түүхэн он жилүүдийн үйл хэргийг бүтэн биш гэхэд барагцаалан мэдэж буй нь ямарваа нэгэн аргаар мэдээлэл дамжуулж ирсний үр дүн мөн.

Харин төдийгөөс өдий хүртэлх хүн төрөлхтний түүхийн хэлхээ холбоог үл таслан мэдээллийг бүтээж, түгээж, дамжуулж ирсэн төрөл бүрийн арга хэлбэрийг энэ удаагийн номын буланд онцолж буй “Мэдээллийн түүх” номоос уншиж танилцсанаа уншигч та бүхэнтэй хуваалцахаар бэлтгэлээ.

Ташрамд, бидэнд номоо бэлэглэсэн Жангар редакцын хамт олонд талархал илэрхийлье. Ингээд номтойгоо танилцацгаая.



Номын тухай

Зохиогч: Крис Хаутон
Орчуулагч: Ж.Цолмон
Нүүрний тоо: 144
Үнэ: 55,000₮

Хүн төрөлхтний бүтээсэн түүх соёл нэн баялаг. Тэр бүгдийг судалж барна гэдэг нэг насанд барагдахгүй л болов уу. Тиймээс юун түрүүнд хамгийн чухал ерөнхий ойлголтыг мэдэж аваад цааш дэлгэрүүлэн судалбал оновчтой. Иймд мэдээллийн түүхийн талаар цэгцтэй ерөнхий мэдлэгийг хүүхдэдээ ойлгуулахыг хүссэн хэн бүрд зориулан DK хэвлэлийн газраас энэхүү номыг өнгөрөгч онд эрхлэн гаргажээ.

Зөвхөн хүүхдээр ч хязгаарлагдахгүй, энэ сэдвийн талаар мэдлэгээ бататгахыг хүссэн насанд хүрэгчдэд ч энэ ном тохиромжтой.

Хэл ярианаас зурлагад, хэвлэлээс компьютерт хүрэх хүртэл мэдээллийг илэрхийлэх, боловсруулах түүхэн замналыг тус номд өгүүлсэн тул олон сонирхолтой баримтыг мэдэж авах боломжтой.



ЗохиоГчийн тухай

47 настай, ирланд зохиолч Крис Хаутон өмнө нь хэд хэдэн хүүхдийн ном гаргаж байсан бөгөөд тэдгээр нь хэдий минимал дүрслэлтэй ч зоримог шийдэл, гүн гүнзгий агуулгатай гэдгээрээ онцлогтой бөгөөд бүтээлүүд нь дэлхийн 30 гаруй хэл рүү орчуулагдаж байжээ. Мөн зохиолч хүүхдийн номоос гадна дизайнерын ажлаараа үнэлэгдэж, Time сэтгүүлээс 2007 онд гаргасан оны онцлох дизайнерууд (Designers of the Year)-ын жагсаалтад багтаж байсан аж. Тэр бээр Мэдээллийн түүх номын дизайныг гаргаж, Лүүни Паркийн хамтаар бичвэрийг боловсруулан уншигчдын гарт хүргэжээ.



Яагаад унших вэ?

Анхаарал татахуйц, өнгөлөг дүрслэлтэй: Хүүхдэд зориулсан ном гэдэг утгаараа маш ойлгомжтой, өнгөлөг дүрслэлээр баялаг. Их хэмжээний агуулгыг сонирхолтой шийдлээр “тавагласан” нь ойлгоход хялбар болгосон байна.



Ташаа ойлголтыг залруулахад тустай: Ямар шалтгаанаар энэ номд дурдагдаж буй дийлэнх хүмүүс эрэгтэй байгаа вэ гэдгийг, яагаад эмэгтэйчүүдийн хийсэн бүтээснийг түүхийн хуудаснаас арчин хаясан талаар ойлгомжтой тайлбарлан, цаашид гарах агуулгын онцлогийг хүүхдүүдэд зөвөөр таниулан жендерийн мэдрэмжтэй хандсан нь сайшаалтай. Мөн аль хэдийн соёл иргэншил нэвтэрсэн хойд Америк тивийг Кристофер Колумб оргүй хоосноос “нээсэн” мэт яригдаж ирсэн түүхийг залруулан хүргэсэн зэрэг нь анхлан түүх уншиж буй хүүхдүүдэд зөв чиглүүлэг болох нь дамжиггүй.



Танин мэдэхүйн ач холбогдолтой: Испани томуу, савангийн дуурь, шар мэдээ, бойкот хийх зэрэг этгээд үгс хаанаас хэрхэн үүссэн талаар; өдрүүдийг даваагаас ням гараг хүртэл долоо долоогоор багцлахын учир, тойргийг 360 хуваадаг болсны шалтгаан гэх мэт сонирхолтой баримтыг мэдэх боломжтой.

Хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэхэд нэмэртэй: Мэдээллийг хайхаа больж, мэдээлэл бидэн дээр өөрөө ирдэг болсон энэ цаг үед хэвлэл мэдээллийн боловсролтой байна гэдэг зайлшгүй шаардлага болжээ. Тийм ч учраас зарим улс орнууд дунд, ахлах сургуулийн сургалтын хөтөлбөртөө хэвлэл мэдээллийн боловсролын хичээлийг багтаасан байдаг. Тухайлбал, Финландад гэхэд 1970-80-аад онд анхлан иргэний ба хэлний хичээлүүдийн хөтөлбөрт тусгагдаж, 2016 оноос албан ёсоор сурагчийн эзэмшвэл зохих ур чадвар болсон байдаг. Цаашлаад, Канад, Австрали, Герман, Япон, Тайван тэргүүтэй улс орнууд шил шилээ даран сургалтын хөтөлбөртөө тусгаад явж буй. Тэгвэл мэдээллийн шуурган дунд өсөж өндийж буй таны хүүхэд ч ялгаагүй энэ боловсролыг олж авах нь зүйтэй. Харин тийнхүү мэдээллийн боловсролоо дээшлүүлэхэд эл ном бага ч атугай туслах нь дамжиггүй.



Уншигчийн сэтгэгдэл

Хэдий уншигч миний бие сэтгүүлч мэргэжилтэй, мэдээлэлтэй ойр ажилладаг гэдэг утгаараа түүний үнэ цэнийг мэдэх боловч тус номыг уншаад түүхэн баримтуудтай танилцаж, мэдлэг ойлголтоо зузаатгаж, мэдээллийн хүч чадлыг дахин мэдрэхэд хүрэв.

Тэр дундаа, ер бусын зүйлд татагддаг хүний мөн чанарт дулдуйдан түгээсэн, шулмын талаарх мэдээлэл эргээд гэм зэмгүй хүмүүсийг хохироож, Шулмын ан гэх эмгэнэлт явдал руу хөтөлсөн талаар, Испани-Америкийн дайн өрнөх шалтгаан сонины мэдээ байсан уу, Кримийн дайны талаарх нийтлэл Засгийн газар огцроход нөлөөлсөн үү зэрэг мэдээллийн хүчийг харуулсан бодит баримт ихээхэн анхаарал татав.

Мөн дэд гарчиг бүрийн доор түүхэн эрхмүүдийн хэлсэн үгийг эшилсэн нь тэд цаг үеийн нөхцөл байдалд ямар сайн дүн шинжилгээ хийж, зөнч үзмэрч адил ирээдүйг зөгнөж байсныг гэрчлэх мэт. Ахмадын үг алт, буурлын үг буян гэдэг дээ.



Харин шүүмжлэх зүйл нь, тухайн номын орчуулгад хэл зүйн алдаа, найруулгын алдаа, үг үсэг гээсэн санамсаргүй алдаа, цэг цэглэлийн дүрмийн алдаа цөөнгүй байсан явдал бөгөөд цаашдаа хэвлэлийн газрын зүгээс анхаарч сайжруулна гэдэгт итгэлтэй байна.