Олон кино, зохиолоос хүн гэдэг цагаа тулахаар ямар зоригтой болж бас ямар хулчгар болдгийг харж болно. Харин үхэл тулаад ирэхэд хүн хийж үзээгүй зүйлс, очиж үзээгүй газар, уулзаж амжаагүй хүмүүсийг бодсоор харамсал дүүрэн буцдаг болов уу? Эсвэл нэгэнт тулаад ирсэн тавиланг тосож аваад явдаг болов уу? Энэхүү бүтээлд энэ эсрэгцэл зэрэгцэнэ.
Албин чөтгөр хүний амийг авахаар ирэхдээ татгалзахын аргагүй саналтай ирж тавилан тохиолыг өөрчилсөөр байдаг бол ямар вэ? Тархины хорт хавдартайгаа сонссон хэдхэн хоногийн настай шуудан зөөгч залууд ийм л үйл явдал тохиолддог…
НОМЫН ТУХАЙ
Албин чөтгөрийн санал бол насаа уртасгаад оронд нь орчлон хорвоо дээрх ямар нэг юмыг устгах. Ямар ч хүний дотор муу, сайн эрээлжлэн байдагт итгэдэг хэнбугай ч амь насаа уртасгахын тулд орчлон дээрх юмсыг устган үгүй болгож буй хүний аминч занг ойлгох биз ээ. Гэхдээ энэ солилцоо хаана хүрээд зогсох вэ? Үүнийг л ёстой хүний доторх эрээн, бараан нь шийддэг байх. Энэ бүх үйл явдлыг уг бүтээл зурайлган харуулахын сацуу хамгийн чухал нь амьдралын эгэл бүхний утга учрыг ойлгуулдаг.
Тухайлбал гол дүрийн залуугийн ээж гудмаас нэгэн муур олж тэжээдэг ч удалгүй харшилтайгаа мэддэг. Гэсэн ч ээж нь муураа тээр шаалгүй нус нулимстайгаа хэдэн сар хутгалдсаар нэг л өдөр харшил нь эдгэчихдэг. Үүнийгээ ч болон амьдралын олон аз тохиол, зовлон шаналлыг тэрээр “хүн ямар нэгэн зүйл авахын тулд ямар нэг зүйлээ золиослох хэрэгтэй болдог” хэмээн тайлбарлана. Хэн нэгэн хожиж байхад тэнд нэг нь ялагдаж байдаг гэхээр хорвоо ертөнц миний өнөөдрийн азгүйдэл болон өөр нэгний амжилт дээр тогтдог гээд л томьёолчихмоор амархан эд ажээ. Гэх мэт амьдралын эгэл зүйлсийг уужуу сэтгэлээр бүтээл харуулдаг.

Зохиолын (миний л анзаарснаар) хөндсөн чухал нэг сэдэв нь хүн хоорондын харилцаа улам илүү хэврэг бөгөөд хол болсон тухай байв. Нэг өдөр өнөөх албин чөтгөр ирээд өөрийн амиа ганцхан өдрөөр уртасгахын тулд гар утсыг хорвоогоос арчихыг санал болгоно. Үүнээс өмнө залууд ганцхан хүн рүү залгах зөвшөөрөл өгдөг. Гэтэл залуу утасны жагсаалтаасаа хэчнээн хайгаад сэтгэлээ хуваалцчих дотно хүн олсонгүй.
“Надад амьдралынхаа сүүлийн мөчид утсаар ярьчих хэмжээний үнэлэгдэхээр хүн алга ажээ. Ийм болтлоо хүн хоорондын харилцаа нимгэн, ийм харилцаан дунд би гэдэг хүн явж иржээ” хэмээн залуу боддог. Арай гэж нэг утас цохиж залуу анхны хайртайгаа уулзахаар цаг товлоно. Тэд үерхэж байхдаа сарын 12,000 йений төлбөр гартал утсаар хавь ойрын бүхнийг хамтдаа ярьдаг байж л дээ. Харин гурван жилийн үерхэл нь нэгэн аяллын дараа тавхан минут яриагаар дууссан гэдэг. Залуу үүнийгээ хожим: “Бид утасдах төдийд шуудхан учрах тийм тав тухыг бий болгосон ч түүнийхээ оронд цаад хүнээ бодох, төсөөлөх сэлтийн цаг хугацаагаа алдаж орхисон юм” хэмээн бодно…
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Кавамүра Гэнки нь 1979 оны 3-р сарын 12-нд төрсөн кино продюсер, зохиолч. Тэрээр карьераа анх кино урлагийн салбараас эхэлсэн бөгөөд энэ салбарт хөтөлсөн хүн нь аав нь гэдэг. Түүний аав Нихоны Их сургуулийн Урлагийн коллежийг төгсөж, туслах найруулагчаар ажиллаж байсан ч гэр бүлээ тэжээхэд цалин нь хангалтгүй байсан тул кино хийх мөрөөдлөө орхисон гэдэг. Гэсэн ч тэрээр мөрөөдлөө хүүдээ өвлүүлсэн юм. Кавамүра гуравхан настайдаа анхны киногоо буюу E.T.-г үзсэн бөгөөд түүнээс хойш амралтын өдөр бүр аавтайгаа кино үзэх нь бараг тогтсон заншил болсон гэнэ. Түүний “Муур хорвоогоос арилахын цагт” бүтээл дээр ч тэр киноны тухай гүнзгий яриа олон тааралдана.

Японы хамгийн том студи болох Toho-д ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр 2010 онд гадаад хэл дээрх Оскарт нэр дэвшигчдийн богино жагсаалтад багтаж кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байв. Мөн тэр жилдээ The Hollywood Reporter-ийн “Next Generation Asia” жагсаалтад багтсан цорын ганц Япон уран бүтээлч болж Японы алдарт анимэ Your Name болон Mirai, Belle, Weathering with You, Monster зэрэг олон бүтээлийг продюсерлэжээ.
Анх огт зохиолч болох төлөвлөгөө байгаагүй тэрээр 2012 онд анхны романаа бичсэн юм. Учир нь зохиолын санаа кино бүтээлээс илүү романд таарна хэмээн үзэж ийнхүү анхны номоо гаргажээ. Улмаар “Хорвоогоос муур арилахын цагт” бүтээл нь бестселлер болж, 21 оронд орчуулагдан хэвлэгдсэн байна.
ЯАГААД УНШИХ ВЭ?
Үхэл гэдэг айж бэргэж эсвэл бүр эрэмгийлэн цойлж явахад ч тэр тохиолдож мэдэх хүний ч тэр албин чөтгөрийн ч тэр ганц алга болгож хүчиршгүй эд ажээ. Хүн ихэнхдээ л үхлээс айж, бодохоос цааргалж явна. Харин энэхүү бүтээл хамгийн гайхмаар нь үхлийг “аймар” “харуусмаар” явдал бус үхэлтэй холбоотой харамсал, гуниг гээд хэцүү мэдрэмжүүд начиртаа маш амархан бөгөөд ойлгомжтой шийдэлтэй байсныг ойлгуулна. Хүн төрөлхтөн л амьдралыг хүндрүүлдгээс биш амьдралын томьёо өөрөө их амархан аж. Хайртай хүмүүсээ халамжлах, байгаа цагт нь асуудлыг байгаагаар нь мөн бодитоор нь харж шийдэх гээд бэлхэн энгийн “хариутай” байж.
Тухайлбал залуу аавтайгаа түнжин тааруу бөгөөд ээжийнхээ үхлийг аавынхаа хайхрамжгүй байдалтай холбож зүхнэ. Ээжийг нь эмнэлэгт байхад аав нь ээжийнх нь насаараа зүүсэн цагийг нь засах гэсээр нас барснаас нь 30 минутын дараа ирнэ. Дээрээс нь ээжийнх нь бие муудсан ч гэр орны ажил хийсээр байсныг нь харж суусан хэмээн буруутгана. Гэтэл үнэндээ залуу ч тэр ээжийнхээ биеийг муу байхад эмнэлэг дагуулж явалгүй өвчин нь сүүлчийн шатандаа ороход нь л хажууд нь байсан шүү дээ. Ингэж аав, хүү бие биедээ өөрсдийн хэрэг явдлаа тулгаж, ээжийнхээ талаар эргэцүүлэлгүй явуулсан гэдэгээ ойлгож дотроо: “Гэр бүл гэдэг зөвхөн байж л байх зүйл биш, харин үйлдэж байх зүйл байжээ” хэмээн бодно.
ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?
Ном нэлээд богинохон бөгөөд залуугийн үхэлд ойртох өдрүүд маш хурдан болж өнгөрнө. Тиймээс уншихаас хэсэгтээ хөндийрсөн уншигчдад сэдвийн хувьд ч тэр бичиглэл, үйл явдлын хувьд ч тэр “шулуухан” гэж хэлж болох юм. Мөн ажил амьдралаасаа утга учир олохоо больж, юунд ч догдолж, тэмүүлэхээ больсон үедээ яваа хүмүүс уншвал амьдралын энгийн хэр нь эгэлгүйг мэдэрч чадах болов уу. Эцэст нь мэдээж муурт хайртай хэн бүхэнд таалагдана.
*Уг дууны нэр болон өнгө, хэмнэл нь ч тэр энэ номыг илэрхийлэхүйц санагдлаа*

Сэтгэгдэл бичих (1)


Т Тансагмаа 202.126.89.6
Гоё адал явдал сонирхолтой гоё болсон байна үнэхээр гоё үнэхээр сайхан мэдрэмж сэтгэл хөдөлгөм хийсэн байна