Уран зохиол уншигчдад ч тэр, зохиолчдод ч тэр асар их эрх чөлөөг олгодог билээ. Уншигчдад зохиолын төгсгөлийг өөрийнхөөрөө тайлж ойлгох, гол дүрийн алдаа оноо, зан байдлын учир шалтгаанд гаргалгаа хайж олох эрх чөлөөг олгодог. Үүний адилаар тэрхүү зохиолыг бичиж буй бичээч, зохиолчдод ч тогтсон дүрэм гэж үгүй.
Зохиолд үйл явдал байх албагүй, цэг, таслал, асуултын тэмдэг ч байх албагүй, ямар байдлаар, юуг яаж бичих нь мөн л зохиогчийн эрх чөлөө. Уг эрх чөлөөг утгаар нь эдэлж, утга зохиолын ертөнцөд шинэ өнгө төрх авч ирсэн хүн бол Норвегийн нэрт зохиолч Юн Фоссэ.
Тэрээр 2023 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд уран зохиолын шинэ урсгал, бичгийн хэлбэрийг гаргаж ирснээрээ алдаршжээ. Тэрхүү шинэлэг урсгалынх нь төлөөлөл болсон “Гялбаа” нэртэй зохиолыг нь өнгөрсөн сард Монсудар редакц орчуулан хэвлэснийг энэ удаагийн номын тухай буландаа онцолж байна.
Зохиолчийн тухай
Юн Фоссэ 1959 онд Норвегийн Хёгесунн хотод төрж, Страндебармд өссөн ба өсвөр насандаа анархист ба коммунист үзэлтэй "hippie" залуу байсан тэрээр анх рок гитар болон хийл тоглож, зохиосон хөгжимдөө зориулан шүлэг бичиж эхэлсэн гэдэг. Харин зохиолч болох замд хөтөлсөн үйл явдал түүний долоон насанд тохиолджээ. Бага насандаа осолд орж үхэл, амьдралын заагт очсон мөчөөс түүний ертөнцийг үзэх үзэл орвонгоороо өөрчлөгдөж хожим уран бүтээлч болон төлөвшихөд нь ч гүнзгий нөлөөлсөн гэдэг.
Хожим хөгжмийн замналаа орхин уран зохиолд хөл тавьсан Фоссэ 1983 онд Норвег хэлний цөөнхийн бичгийн хэл болох “шинэ норвег” хэлээр "Raudt, svart” гэх анхны романаа хэвлүүлжээ. Түүнээс хойш роман, жүжиг, яруу найраг, эссэ зэрэг 70 гаруй бүтээл туурвисан байна. Өдгөө түүний жүжгүүд дэлхийн 1000 гаруй тайзнаа толилуулагдаж, бүр алдарт Хенрик Ибсэнээс хойшхи хамгийн олон тоглогдсон Норвег жүжгийн зохиолч болсон юм.

Фоссэгийн уран бүтээлийн бас нэгэн онцлог нь "Фоссэгийн минимализм." Энэ нь хүн бүрийн сэтгэлийн гүн дэх айдас, ганцаардал, үхэл зэрэг тухгүй, хэлж, ярьж болохгүй мэт сэдвийг цөөхөн үг, давтамж, зогсолт зэрэг хэмнэлээр дамжуулан хөндөх “урлаг” гэж хэлж болох юм. Мөн Фоссэ ганцхан арга барил, бичих хэлбэрт баригддаггүй бөгөөд энэ нь ч хэсэгтээ театрын жүжиг буюу “хурдан хэмнэлтэй” зохиол, бүтээл бичиж байснаа "удаан үргэлжлэх хүүрнэл" буюу “slow prose” бүтээлүүд гаргаснаас нь харагдана. Үүний хамгийн тод жишээ нь түүний оргил бүтээл болох нийт долоон хэсгээс бүрдэх "Септологи" роман. Уг роман нь ганц ч цэггүйгээр үргэлжлэх нэг урт өгүүлбэрээс бүрддэг бол өнөөдөр танилцуулах түүний “Гялбаа” нэртэй бүтээл нь ямар ч асуултын тэмдэггүй гэдгээрээ онцлог.
Түүний Норвегийн уран зохиолд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж 2011 онд Хааны тусгай шийдвэрээр Осло дахь Хааны ордны цэцэрлэгт байрлах улсын хүндэт эзэмшил Гроттен хэмээх өргөөнд насан туршдаа амьдрах эрх олгосон байдаг. Цаашлаад 2023 онд Юн Фоссэд "Хүн төрөлхтний үгээр илэрхийлж барамгүйг өөрийн дуу хоолойгоор амилуулсан шинэлэг жүжиг, зохиолуудынх нь төлөө" Нобелийн утга зохиолын шагналыг олгосон бөгөөд тэрээр энэхүү шагналыг авсан дөрөв дэх Норвег зохиолч болсон юм.
Номын тухай
Зохиолын үйл явдал нэгэн намрын орой эхлэх бөгөөд нэр үгүй гол дүр маань гэнэт л машиндаа суугаад ямар нэг хүрэх газар, чиглэлгүй замд гарна. Ингэж явсаар Норвегийн алслагдсан ойн мухарт очтол машин нь шаварт сууна. Гэтэл гол дүр маань машиндаа үлдэж, тусламж иртэл хүлээхийн оронд учир битүүлэг шалтгаанаар харанхуй ойн бүр гүн рүү яваад орчихно.
Фоссэгийн энэхүү бүтээлийг монолог, сургаал, эсвэл үхэл, амьдралын зааг дахь бодрол, христийн шашинт агуулгатай гээд олон янзын өнцгөөр тайлбарладаг юм билээ. Ялангуяа бүтээлийн нэг тийм сүнслэг өнгө аясыг зохиолч 2012 онд католик шашинтай болсонтой нь холбодог. Гэхдээ “шашинлаг” гээд байгаа тэр уур амьсгал нь ямар нэг явцуу номлолоор гарч ирэхгүй, илүү үхэл, оршихуйг эргэцүүлсэн нууцлаг өнгө аясаар илэрнэ.
Яагаад унших вэ?
Юу мэдрээд байгаагаа ойлгохгүй байвал
Хүн бүхэнд л заримдаа бүх юмнаас залхмаар, зугтмаар санагдах мэдрэмж төрдөг байх. Энэ үедээ тэр мэдрэмжийнх эсрэгийг нь мэдрүүлэх аз жаргалтай, инээдмийн, гэгээлэг ном зохиол, кино үзэх биш бүр эсрэгээр тэр бүх сөрөг мэдрэмждээ бүр автаж орох нь илүү туслах нь бий. Ийм үедээ энэхүү номыг уншвал буглаад байгаа мэдрэмжээ ойлгоход тусалж мэднэ.

Норвег зохиолын төлөөлтэй танилцана
Дурдсанчлан Юн Фоссэ нь Норвегийн дөрөв дэх Нобелийн шагналт зохиолч бөгөөд түүний бүтээлийн нэг онцлог нь “Nynorsk” буюу "шинэ норвег" хэл дээр бичигддэг явдал. Энэхүү хэлийг анх 1840-өөд онд Данийн соёлын нөлөөнөөс ангижрах, үндэсний бие даасан соёлоо цогцлоох зорилгоор хэл шинжээч Ивар Оасен эгэл ард иргэдийнхээ ярианы аялгуу, бичгийн хэллэгийг нэгтгэн цуглуулж үүсгэж байсан түүхтэй.
Өдгөө Норвегийн хүн амынх нь 10-15% нь хэрэглэдэг энэ хэлээр зохиолч Фоссэ ном бүтээлээ туурвидаг бөгөөд түүний “Гялбаа” гэх бүтээл нь ч тэр энэ хэл дээр бичигджээ. Иймд түүний бүтээлээр дамжуулан Норвегийн утга зохиол, сэтгэлгээтэй танилцахад тохиромжтой байж болох юм.


Нэг суугаад уншиж дуусгана
Ном нийт 74 хуудастай учраас нэг суултаар уншаад дуусгах бүтээл хайж байвал яг тохирно. Дээрээс нь унших явцад олон үйл явдалд зэрэг төвлөрөөд байх шаардлагагүй учраас хөнгөхөн бас хурдан уншигдчихна.
Уншигчийн сэтгэгдэл

Толгой дотор болж буй эмх замбараагүй бодлыг уншаад байгаа юм шиг эсвэл гол дүр маань ямар нэг “аймар” үйлдэл хийх гээд байгаа юм байх даа гэж бодогдмоор нэг тийм юу мэдрэх ёстойгоо мэдэхгүй мэдрэмж эхлээд төрлөө.
Мөн анзаарснаар бичгийн хэлбэр нь зохиолын эхлэл хэсэгтээ илүү богино өгүүлбэрээр эхлэх бөгөөд сүүл рүүгээ өгүүлбэр нь уртсаж байв. Энэ нь бүтээлийг үйл явдлаар залж, чиглүүлэхээс илүү уур амьсгал, мэдрэмжээр залах буюу зохиолчийн интернэт дээрх хайлтууд дээр бичсэнчлэн “хөгжмийн хэмнэл мэт” бичдэг гэх тодотгол нь юм болов уу гэж ойлголоо.
Мөн эсрэг тэсрэг мэдрэмжүүд буюу үгүйсгэл, үхлээс өмнөх айдас гэх зэрэг эвгүй мэдрэмжүүдтэй зэрэгцээд талархал, тайтгарал, хүлээн зөвшөөрөл зэрэг мэдрэмжүүд зэрэг төрүүлж байсан нь харанхуй, айдсын дунд ч гэрэл, гэгээ, сайхан мэдрэмж хамт оршиж байдгийг сануулсан болов уу.
Сэтгэгдэл бичих

