Аливаа бодисын цөм задарч анхны массынхаа тал хувьд хүрэх хугацааг шинжлэх ухаанд хагас задралын хугацаа гэдэг. Бодис хэчнээн задарлаа ч эцсийн атом нь хэзээ ч бүрмөсөн алга болдоггүйн адил анхныхаараа байдаг, хувиршгүй зүйлс амьдралд олон бий. Хүн чанар, хоёргүй сэтгэл гээд зарим нэгнээс ундраад байдаг хэр нь зарим нь хүчлээд ч гарахгүй. 

Үүнийг зохиолын гол дүр Юүниор, түүний аав, ээж, ах, тэдний найз охид, нууц амрагууд гээд зохиолын бүх дүрүүд аж байдал, амьдрал ахуй, гаргаж буй шийдвэр, бодлоороо харуулна. 

Уг бүтээлийг монгол хэл рүү Цэвэрхэн саруулхан газар хэвлэлийн газар орчуулж хэвлүүлсэн нь тэдний анхны орчуулгын бүтээл ажээ. Гол онцлог нь уг номыг хаанаас нь ч эхэлж уншиж болох ба 11 тусдаа өгүүллэг хэдий ч үйл явдлууд нь хоорондоо холбоотой гэсэн үг. Мөн зохиолчийн нэр өмнө нь монгол хэлнээ гурван ч удаа орчуулагдахдаа Хунот Диаз гэсэн андуу галигаар гарч байсан бол Жүно Диаз гэж анх удаа зөв галигаар буусан нь энэ ажээ. 

Ингээд эхний номоо өлгийдөн авсан Цэвэрхэн саруулхан газар хэвлэлийнхэндээ баяр хүргэе.

Зохиолчийн тухай

Жүно Диаз нь Доминиканы Бүгд Найрамдах улсын нийслэл Сан Доминго хотод төрсөн Пулитцерийн шагналт зохиолч юм. Зургаан настайгаасаа гэр бүлийн хамт АНУ-д цагаачилж, бага болон өсвөр насаа Нью Жерси мужид өнгөрүүлсэн тэрээр англи хэл сурах гэж номын сангаас ном зээлж уншсаар уран зохиолд дурлажээ. Тэрээр одоо Boston Review сэтгүүлд редактораар ажилладаг ба Массачусетсийн Технологийн Их сургуульд туурвил зүйн хичээл заадаг.

Бага ахуйд нь түүний ээж үйлдвэрийн угсрах шугамд ажиллахын сацуу, гэрийн үйлчлэгч хийж аав нь ачигч хийж амьдралаа залгуулдаг байсан гэдэг. Ратгерсын Их сургуульд англи хэлний чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, цаашлаад 1995 онд Корнеллийн Их сургуульд дүрслэх урлагийн магистрын зэрэг хүртсэн тэрээр 1996 онд “Drown” хэмээх анхны богино өгүүллэгийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд уг номд түүний алтер эго дүр буюу Юүниор анх гарч ирсэн байдаг.


Үүнээс хойш түүний дараа дараагийн олон зохиолын хүүрнэгч нь ийн Юүниор гэгч болсон юм. Харин Жүно Диазыг дэлхийд гаргасан бүтээл нь “The Brief Wondrous Life of Oscar Wao” хэмээх роман. Тус бүтээлээрээ тэрээр 2008 онд Пулитцерийн шагнал хүртэж, уг шагналыг авсан цөөн латин америк зохиолчдын нэг болсон гэдэг.

Түүний бичвэрийн онцлог нь англи болон испани хэлийг хослуулсан "Spanglish" буюу гудамжны ярианы өнгө аяс, хошигнол, хэллэгүүдийг уран зохиолд маш чадамгай, эвтэйхэн оруулж ирдэг явдал. Өнөөдөр танилцуулах гэж буй бүтээл ч тэр маш чөлөөтэй хэв маягаар бичигдсэн юм.


Номын тухай 

Хүн төрөлхтний мөнхийн сэдэв гэр бүл, хайр дурлал, аж амьдралыг Латин Америкийн ороо бусгаа, шилжилтийн цаг үетэй сүлж харуулсан энэхүү бүтээл зөвхөн Доминиканы Бүгд Найрамдах улсын тухай ойлгуулаад зогсохгүй монголчуудын ахуй амьдралыг ч сануулаад амжина. Өмнөд Америкт оччихвол бүх амьдрал сайхан болох мэт, тэгэхээс ч өөр сонголтгүй амьдралын хажуугаар хүчирхийлэл, араар тавилт, арьс өнгөний үзэл, гадуурхал, ядуу, зүдүү үе гарна.

Зохиолын гол үйл явдал нь Юүниор хүүгийн амьдралаас түүний идэр залуу үе хүртэлх аж амьдралын тухай. Гэхдээ уг бүтээл зохиолчийн хоёр өгүүллэгийг эмхэтгэн гаргасан тул түүний өөр өөр амьдралын үеийг харуулахаас гадна хаанаас нь ч нээгээд уншсан хөөж явсаар үйл явдлыг нь ойлгож уншиж болохуйц сонирхолтой.

Мөн номын ихэнх хэсэгт араар тавилт гарна. Эхлээд түүний аавынх дараа нь ахынх нь гээд яваандаа өөрийнх нь. Эцэстээ Юүниор “Араар тавигчдад өгөх хайрын сургамж” бичээд төгсдөг нь нэг талаараа үе дамжсан гинжин хэлхээг тасалж байгаа мэт.


Бас ядуу, зүдүү амьдрал гэхээр үгээгүй ядуу ч хүнлэг сайхан сэтгэл, юугаар ч дутаагүй мэт сэтгэл дүүрэн хүмүүс байдаг юм шүү гэх үлэг болсон өгүүлэмж биш жинхэнэ утгаараа “хүнлэг” амьдралыг өгүүлдэг. Зовлонг зовж байж бардаг тэр дунд алдаж болно алдсаар ч байж болно, алдсаар байгаад дуусаж болно гэх бодит байдал, заримд нь тохиолддог харамсалтай боловч үнэн амьдралыг харуулна.

Мөн зохиолын бичгийн хэв маягийг дурдахгүй өнгөрч болохгүй. Бид хэн нэгнийг албаны маягтай ярихаар “ямар сонин кино шиг ярьдаг хүн бэ?” гэдэг шиг заримдаа орчуулгын бүтээлийг уншихаар нэг л эвгүй, харь уншигддаг даа? Энэ бүтээлийн хувьд зохиолчийн өөрийнх нь бичгийн хэлбэр ч тэр, орчуулагчийн үгийн сонголт, зоримог шийдвэрүүд нь “тун нь таарсан”. Үнэхээр л англиар “Motherfuckers were like” гэх гудамжны хэллэгүүдийг монголоор ингэж дүйцүүлэхээс өөр арга ч үгүй биз ээ. Байнга л “хараал ид”,“чөтгөр аваг” “новш” гэж хөнгөн орчуулах хэв маягийг эвдсэн нь сэтгэл сэргээм.

Яагаад унших вэ?

Хайр дурлалын тухай “өнөөх л” зохиолуудаас залхсан бол

Багадаа үзэж өссөн хайр дурлал дэлхийн аль ч хэсэгт ерөнхийдөө л төстэй. Эмэгтэй нь хүлээнэ, ойлгоно, тэснэ, зоригловол нэг өдөр явна. Залуу нь эмэгтэйгээ юунаас ч юм аварна тэгээд дараа нь өөрөө эргээд зовоож эхэлнэ.

Харин уг зохиол дээрх бараг бүх л дүр хайрлаж дурлаж, араар тавьж, араараа тавиулж, уучилж, уучлагдаж үзнэ. Тэглээ гээд аль нь буруу, аль нь зөв гэдгийг зохиол заах гээд байхгүй, хүн гэдэг өөрөө “алдаатай” амьтад юм шүү. Зүгээр л заримдаа ийм юм болчихдог, биесээ гомдоочихдог, тэгээд заримдаа тэр нь дуусчихдаг гээд өгүүлэмж нь их энгийн. Учир битүүлэг шалтгаан, драма, гомдол цөхрөл нэг их байхгүй “ил цагаан” бас “үнэн.” Тухайлбал, аавыг нь зохиол дээр явдалтай, завхай, хүчирхийлэгч гэдгийг нь батлах гээд л дахин дахин тиймэрхүү үйл явдлыг нь дэлгээд байхгүй. Заримдаа эхнэртэйгээ харилцах харилцаа нь сайн хамтрагч, хүүхдүүддээ сайн аав бас заримдаа хувь хүнийхээ хувьд шазруун, сониуч бас зоригтой гээд хүний байж болох олон талыг алдаатай нь хамт харуулсан нь таатай.


Америк, англи, япон, солонгос зохиолоос өөр юм уншмаар байвал

Унших үед Латин Америкийн тухай “хөөх ийм байдаг юм уу”, “ингэж хэлдэг юм байна” гээд олон зүйл сурч авав. Монгол уншигчид (эсвэл би өөрөө ч байж магадгүй ээ) Латин Америк зохиолоос харьцангуй хол болохоор ч тэр үү амьдрал, ахуй нь маш сонирхолтой санагдана. Амьдралдаа хэзээ ч цас үзээгүй Юүниор-ийн гэр бүл Америкт аавынхаа араас очихдоо цасан шуурганаас айж, тэрний оронд далайн шуурга ирж байсан ч болоосой гэж боддог хэсэг дээр нээрэн амьдралдаа цас харж үзээгүй хүмүүс энэ дэлхий дээр байгаа шүү дээ гэж бодогдуулав. Харь оронд очоод хамаг хар бор ажлыг нь хийж, арьс өнгөөрөө гадуурхагдаж, эд хөрөнгөө алдаж, ашиглуулах тэдний түүх хөгжиж буй орны хувьд ойлгож, ижилсэм зүйлс ч олон байлаа.


Уншигчийн сэтгэгдэл

Хувиршгүй нэг чанар гэж бий гэж нийтлэлийн эхлэл хэсэгт бичсэн нь номыг унших үед ихэнхдээ төрж байсан мэдрэмж. Яг нэг дүрийг ёстой өөдгүй юм даа гээд уншиж байтал дүрийнх нь хүнлэг сэтгэл гараад ирнэ. Ээж нь үнэхээр Юүниор-ийн ахад туслахгүй гээд шийдчихэж дээ гээд бодож байтал гэрээс нь мөнгө хулгайлж байгааг мэдэж байсан ч мэдээгүй юм шиг жүжиглэж байсан нь ил болно.

Харь оронд очоод анхнын зорилгоосоо хазайж, бүдрээд олон жил болчихсон ч гэр бүлээ татчих юм сан гэх аавынх нь бодол. Өөрийнхөө завхайрлаас болоод хайртай эмэгтэйгээ гомдоочихсон Юүниор-ийг эхэндээ бүсгүйгээ үзэн ядаж, харааж зүхэж байхыг нь уншаад хайргүй л байж дээ гээд бодож байтал хүмүүсээс өмгөөлж, дотроо хайрлаад байхыг нь ойлгоно. Гэхчлэн тэр гээд цохоод хэлчхэж боломгүй хүн бүрийн дотор байдаг тэр нэг өөрчлөгддөггүй сэтгэл гэх юм уу, зан чанар гэх юм уу нэг зүйлийг заавал дурдмаар санагдлаа.

Уншигчийн хувьд үнэхээр унших хүслийг хэсэг явж байгаад бууруулаад байсан нэг зүйл нь үг үсгийн алдаа байлаа. Зохиол дөнгөж эхлээд ганцхан хуудас яваад “цонхийг”, цаашлаад “иогын”, “Ховард их сургуулийн” гэх мэт зарим энгийн үгс байв. Бусдаар бол шинэлэг бичиглэл, шинэ уур амьсгал, шинэ зохиолчтой танилцуулсандаа олзуурхлаа.

*Нээрэн унших үед энэ дуу л санаанд ороод байсан, клиптэй нь л холбоотой байх.