Зуны амралтад минь хань болсон ном бол өнөөдрийн танилцуулах “Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн”. Энэ нь XIII зууны Монголын түүхийг дэлхий нийтэд гарамгай таниулагч Жак Уэтерфордын шинэхэн бүтээл бөгөөд өнгөрсөн жил уншигчдын хүртээл болсон юм. Анх сэдэв, гадрыг нь хараад ихэд шохоорхож байлаа. Ингээд гарсан даруйд нь англи хэл дээрх цахим хувилбарыг уншиж эхэлсэн ч дуусгаж чадаагүй билээ. 

Эл бүтээлтэй хоёр дахь удаагаа өнгөрсөн 6-р сард Малайзын нэгэн номын дэлгүүрт тааралдсан юм. Буруу санаагүй бол 100,000 гаруй төгрөгөөр зарагдаж байсан.


Харин наадмын өмнөхөн Монсудар хэвлэлийн газраас, Ш.Номиндарийн орчуулгаар монгол хэлнээ гарч, манай редакцад бэлэг болгон илгээхэд нь гурав дахь удаагаа таарч, заавал уншиж дуусгахыг өөртөө үүрэг болгосон юм. Ташрамд дурдахад, энэхүү бүтээлийг богино хугацаанд чадмаг орчуулж, монгол уншигчдадаа 45,000 төгрөг буюу олон улсын ханшаас бага үнээр чанар сайтай хэвлэн хүргэж буй Монсудар хэвлэлийн газрын хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

Үнэ: 45,000₮
Худалдаж авах холбоос


Номын тухай

Их эзэн Чингис хааны ач хүү, алдарт Сорхугтани хатны хайрт хүү Хубилай нь Их Монгол Улсын зургаа дахь хаан бөгөөд эзэнт гүрний төвөө өнөөгийн Хятад, тэр дундаа Бээжин рүү шилжүүлж, тэндээ Юань Улсыг үүсгэн байгуулан 34 жилийн турш тогтвортой хаан суусан нэгэн юм. Хубилай хааны үүсгэн байгуулсан Юань улс нь тухайн үедээ дэлхийн хамгийн хүчирхэг усан флотыг удирдахын зэрэгцээ газрын зураг, байлдааны хөлөг онгоцыг ч бүтээж байжээ. Аав, ах, авга ах нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхийн сацуу нүүдэлчин монголчуудын урьд хожид хэзээ ч ойртож байгаагүй далай, тэнгист гарч, зөвхөн аян дайн бус худалдаа наймаа эрхэлсэн түүнийг “Хятадыг үндэслэгч” хэмээн тодорхойлдог судлаач, түүхчид цөөнгүй.


Үнэхээр л өнөөгийн бидний мэдэх масс үйлдвэрлэл, олон улсын худалдаагаараа дэлхийд толгой цохиж яваа Хятад улсын газар нутагт нэгдмэл улсыг байгуулж, дотоодын үйлдвэрлэлийг эрчимжүүлж, гадаад орнуудад нээлттэй болгож, хамгийн гол нь дэлхий дахиныг холбосон мэдлэг мэдээлэл, бараа таваарын солилцоо хийх боломжтой усан замыг үүсгэж чадсан тухай олон баримтууд энэхүү номд бий.


Номын эхний хэсэгт Чингис хаанаас хойших Монголын эзэнт гүрний аж амьдрал, Алтан ургийнхны өрсөлдөөн, дайсагнал, Сорхугтани хатны хүүхэд хүмүүжлийн үзэл баримтлал зэргийг өгүүлдэг. Удаах хэсэгт Хубилай хаан болон түүний албат, жанжид хэрхэн урд өмнө нь хэзээ ч давж байгаагүй “усан хэрэм”-ийг давж тухайн үеийн манлай гүрэн болох Сүн улсыг эзэлсэн тухай өгүүлдэг. Харин удаах бүлгүүдэд Хубилай хааны дараагаар Юань улс хүчээ алдаж, үүнтэй зэрэгцэн Барууны орнуудын нөлөө Хятад улмаар Азийн бусад орнуудад хэрхэн тогтож байгаа тухай гардаг.


Зохиолчийн тухай

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэн цор ганц гадаад эрхэм болох Жак Уэтерфордын 20 жилийн өмнө хэвлүүлсэн “Genghis Khan and the Making of the Modern World” буюу “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” нь өдгөө ч дэлхийн олон зуун мянган уншигчид Монголын эзэнт гүрний түүхийг таниулж буй алдарт бүтээл билээ. Зохиолч энэхүү бүтээлээсээ хойш эзэнт гүрний түүхээр хоёр ч бүтээл хэвлүүлээд байсан юм. Харин Монголын эзэнт гүрний мөхлийн талаар бичихээр судалж байх явцад түүнээс урьтаж нэгэн түүхийг өгүүлэх ёстой болсон нь өнөөдрийн онцолж буй бүтээлийн төрсөн түүх билээ.

Номын зохиолчийн дэлгэрэнгүй яриаг энэ цаг үед сонирхолтой зочин, нухацтай асуулт, урт хугацаагаараа ялгарч буй Lex Fridman-ий шинэхэн подкастаас сонсоорой.


Яагаад унших вэ?

Монголын эзэнт гүрний Дэлхийд үзүүлсэн соёлын нөлөөг мэдэх: Бид Чингис хааны үеийн байлдан дагуулалтын түүхийг олон төрлийн эх сурвалжаас тодорхой хэмжээнд мэддэг. Харин энэ бүтээл дайн тулаанаас гадна монголчуудын бий болгосон соёл, урлаг, улс төр, засаг захиргааны өвүүд нь өнөөгийн дэлхийг хэрхэн загварчилсан бэ гэдэгт хариулт өгнө. Хэзээ нэгэн цагт хэн нэгэн гадаад хүнтэй “монголчууд үргэлж дайн байлдаан хийж, цус урсгаж яваагүй” гэж мэтгэлцэхэд тань тус болох биз ээ.


Хуурай газрын дайчид хэрхэн далай тэнгистэй танилцсан тухай сонирхох:
Морин дэл дээрээ салхи зүсэн босоо давхих монгол дайчинд модон хөлөгт суугаад салхинд туугдан явна гэдэг тийм ч таатай байхгүй нь ойлгомжтой. Хэдийгээр монголчуудын хийсэн далай тэнгисийн дайн тулаанууд хуурай газар дээрх шигээ амжилттай байгаагүй ч тэд хэдхэн арваны дотор тулааны талбараа бүрэн сольж чадсан нь өөрөө амжилт билээ.


Их гүрний бутралын түүх рүү өнгийх:
Хэдийгээр энэхүү бүтээлд Монголын эзэнт гүрэн задран унасан талаар голчилж бичээгүй ч аугаа энэ гүрэн аажимдаа хэрхэн бутарсан тухай уншигч танд таах, баримжаалах боломжийг олгоно. Өргөн уудам нутаг, хааны удмын дотоод өрсөлдөөн, гадны хорлон сүйтгэгчид гээд тогтоож барихад хүнд тэр их хүч эцэстээ хэрхэн мохсон тухай болон хүчээ алдсан ч дэлхийн олон зуун жилийн соёлын давлагаанд “хийдгээ хийсэн” тухай олж мэдэх боломжтой.


Уншигчийн сэтгэгдэл

Эл бүтээлийг миний хувьд өнөөгийн дэлхийг загварчилсан өвөг дээдсийн маань замналаас гадна хэн байснаараа бахархаж, хэн байгаадаа ичих “боломж” хэмээн тодорхойлно. 800 жилийн тэртээ дэлхий дахин өвөг дээдсэд маань бараалхалж, тэдэнтэй найрсаг харьцаж, худалдаа наймаа хийхийг хүсэж явжээ. Товчхондоо, тэд тоглоомын ширээний том тоглогчид нь байж. Харин өнөөгийн бид аль хавьд сууж байгаа бол?

Эцэст нь, “Далай хаан: Хятадыг үндэслэгч Хубилай Сэцэн” бүтээлийг Хубилай хаан, түүний далай тэнгисийг эрхшээсэн түүхээр дамжуулан монгол үндэстний дэлхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг өөртөө ахин нэг сануулахыг хүссэн орчин цагийн уншигч бүрд санал болгоё.