Энэ удаагийн номын тухай нийтлэлийг бэлдэхдээ урьдынхаас арай өөр арга барил туршив. Учир юу гэвэл уг бүтээлийг би хэвлэмэл байдлаар бус Mbook-ийн цахим болон аудио хувилбарыг хоршуулан уншиж, сонссон юм. Надад цоо шинэ туршлага байсны зэрэгцээ биет ном уншихаас хэд дахин үр дүнтэй санагдсаныг онцлон тэмдэглэе. Та ч бас дараагийн удаа туршаад үзээрэй.
НОМЫН ТУХАЙ
Гуравдугаар сарын 16-нд нээлтээ хийсэн Хугархай эрүүний “шөл” хэмээх эл бүтээл нийт 292 хуудастай ажээ. Зохиолч Ч.Лодойсамбуу Хэнтий аймгийн Батширээт сумын Биндэр овоо хэмээх газрын өвөрт 20 хоногийг өнгөрүүлэхдээ ганц л зорилготой байсан нь энэ номыг бичиж дуусгах байж. Өдгөө сэтгүүлч мэргэжлээрээ бус Монгол Улсын Их Хурлын гишүүн хэмээх албыг хашиж буй түүнд оны эхэнд чуулганы завсарлагааныг ашиглан ийнхүү бүтээлээ бүрэлдүүлэх завшаан тохиосон байна.
Ном бичье гэх яриаг нь идэвхийлэн дэмжиж асан цөөн хүмүүсийн нэг нь Б.Цэнддоо гуай. Тэрээр “Манай шилжилтийн үеийн түүх ерөөсөө бичигдээгүй. Энэ үеийнхний туулсан зам, ажил амьдралын гараа, алдаа оноо бүхэн бичигдэж амжаагүй” хэмээн хэлсэн нь зохиолчид урам болжээ. Ном бичих санааг нь дэмжсэндээ ч тэр үү, номын редактороор Б.Цэнддоо гуай ажиллаж, НЭПКО хэвлэн гаргасан байна.

Mbook дээрх аудио хувилбарын тухайд 5 цаг 51 минутын урттай. Миний хувьд гадуур алхаж явахдаа аудио хувилбарыг нь сонсоод, ширээний ард тогтож суухдаа цахим хувилбарыг нь уншсан билээ.
“Ч.Лодойсамбуу: Хүнээс нэхдэг шигээ өөрөө үнэнээр нь, шударгаар нь ярьсан, бичсэн. Өөрийнхөө бие төв дээрээс бичсэн учраас илүү илэн далангүй болсон.”
Нээлтийн үеэрх ярилцлагын хэсгээс
ЗОХИОЛЧИЙН ТУХАЙ
Ч.Лодойсамбуу нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, хурц шийдэмгий байр сууриараа танигдсан сэтгүүлч, продюсер бөгөөд өдгөө төрийн түшээгээр ажиллаж буй. Тэрээр 1987 онд Улаанбаатар хотод төрж, 2009 онд Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийг дүүргэснээр мэргэжлийн гараагаа эхэлжээ.
Ажлын анхны алхмаа “Зууны мэдээ” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, дизайны албаны даргаар эхлүүлж байсан нь түүнийг үйл явдлыг олон талаас нь харах, баримтыг гэрэл зураг болон дизайнаар амилуулах чадварт сургасан юм. Үүний илрэл болж 2009 онд “Өнөөгийн төр” бүтээлээрээ “Оны шилдэг гэрэл зураг”-ийн Гран при шагналыг хүртэж байв. Улмаар ShuuD.mn сайт болон “Шууд” телевизэд ажиллахдаа “Гамбир” ток шоуг хөтөлж, телевизийн сэтгүүл зүйд хөл тавьсан түүхтэй.
Түүний карьерын хамгийн тод хуудас бол "Улаан бал" нэвтрүүлэг. 2016 онд санаачилж, үзэгчдийн хүртээл болгосон уг нэвтрүүлэг нь Монголын сэтгүүл зүйн ярилцлагын төрөлд шинэ стандарт тогтоосон гэж үздэг. Ч.Лодойсамбуу нь зочинтойгоо илэн далангүй, хурц асуултаар мэтгэлцэж, нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг уудлан гаргаж ирдэг "Улаан бал"-аараа дамжуулан хараат бус сэтгүүл зүйн нэгэн дуу хоолой болж чадсан юм.
Сэтгүүл зүйн салбараас гадна 2012-2016 онд БШУ-ны сайдын хэвлэлийн албанд ажиллаж, төрийн захиргааны байгууллагын туршлага хуримтлуулсан тэрээр 2024 онд улс төрд албан ёсоор хөл тавьжээ. Тийнхүү мөн оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, ялалт байгуулснаар өдгөө УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

ЯАГААД УНШИХ ВЭ?
Хэрэв та нийгэм шилжилтийн үеийг нэвт шувт мэдрэхийг хүсэж буй бол…
Би бээр шилжилтийн нийгэм гэгдэх 90-ээд оныг биеэр үзээгүй ч аав ээж, ах эгч нараас аль багаасаа л сонсож ирсэн шинэ нийгмийн хүн билээ. Тиймдээ ч тэр нийгмийг огт мэдэхгүй гэхэд хэцүү, мэддэг гэхэд ч бас хэцүү. Ялангуяа нийслэл хотын амьдралыг бүр ч гадарлахгүй. Зүгээр л тухайн үед ард түмний амьдрал хэцүү байсныг, ар гэртээ үлдэж хоцорсон хүүхдүүд өөрсдөө хүн болцгоосныг, басхүү бие биенээ түшин хүн болгосныг, азтай хэд нь өвөө эмээгийн хүмүүжлээр өсөж том болсныг, амьдралын жамаар аав ээж болохдоо өөрсдийн мэдрээгүй эрх ямбыг өөрийнхөө хүүхдэд эдлүүлэх гэж хичээснийг нь л мэдэх төдий.
Эл бүтээлийн бүлэг бүрд манай нийгмийн мөн чанарыг нүдэнд үзэгдэж, гарт тэмтрэгдтэл дүрслэн бичжээ. Хувьдаа Ч.Лодойсамбуу сэтгүүлчийг шулуун шударга, телевизийн хүн гэдгээс бусдаар таньж амжаагүй байсан тул ийн бичих чадвартайг нь гайхан хүлээн авсныг нуух юун.

Дээхэн үеийн амьдрал томчууд ч гэлтгүй хүүхдүүдийн хувьд хатуу он жилүүд байж. Түүний хүүхэд насны амьдралыг унших ахуйд хүүхэд хүүхдээрээ байх нь бараг л боломжгүй ч юм шиг тийм өдрүүд өнгөрчээ. Үе тэнгийн дээрэлхэл, зодоон нүдээн, архи тамхины хэрэглээ илтэд давамгай байв. Зохиолч маань ч үүнийг тойрч гарсангүй. Гэхдээ тэр найз нөхдөө өмөөрч хамгаалдаг, бялдууч зусарч занг үздэггүй, болж өгвөл ам муруйчих талтай, түргэн ууртай, алдаа дутагдлыг ажигч гярхай олж хардаг шигээ асуудал зовлонг нүдээ анин өнгөрүүлдэггүй тийм хүүхэд байжээ.
Энэхүү дүр төрхөөс бид өнөөдрийн Лодойг олж харна. Шилжилтийн нийгэм хүмүүсийг яаж хатуужуулж, ямар үнэ цэнээр өнөөдрийн ардчилсан, чөлөөт нийгмийг "өлгийдөн" авсныг эл бүтээлд хүний амьдралын халуун дулаан дурсамжаар хэлхжээ. Хэрэв та 90-ээд оныг ганзагын наймаа, талхны дарааллаас өөрөөр, хүний дотоод сэтгэлгээний хувьсал талаас харахыг хүсвэл энэ номыг уншаарай.
Хэрэв та надтай бас түүнтэй ижил сэтгүүлч мэргэжилтэй бол…
Түүний сэтгүүлч болох замнал надад лав тун ойр буулаа. Бүр анхнаасаа шүү. Зохиолч бид хоёрт хоёуланд нь зурагтаар гарч буй хөтлөгчийн ажил үлэмж таалагддаг байж. Түүний хувьд эгчтэйгээ зурагт болж тоглоно, харин би толиндоо харж хөтлөгчийн дүр эсгэнэ. Тэгээд ч болоогүй нэгдүгээр курсын зун би МУИС дотроо шилжих шалгалт өгч, Сэтгүүл зүйн ангидаа орж байсан юм. Тэр үеийн эсээ бичиж шалгуулж буй явдал, дадлагаа Зууны мэдээ сониноос эхлүүлсэн гээд л төстэй түүх цөөнгүй аж.

За тэр ч яах вэ, хамгийн гол нь сэтгүүл зүйн хичээлүүдээр сонсож байсан багш нарын яриа (2000-аад оны эхэн, дунд үеийн манай улсын сэтгүүл зүй гэсэн үг) Ч.Лодойсамбуугийн сэтгүүлч болсон тэдгээр он жилүүдээр дахин бататгагдав. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын сонины гэрэл зургийн сурвалжлагчийн нүдээр тухайн үеийн Монголын үйл явдал, редакцуудын аж байдал, ажиллах арга барил, шалгарсан редактор, ахмад сэтгүүлчдийн ноён нуруу, залуу сэтгүүлчдийн шинийг турших эрмэлзэл бас оролдолгууд гээд цөм илт харагдана.
Тэр үеийн редакциуд өнөөдрийнх шиг техник технологийн хурдаар бус, харин жинхэнэ бүтээлч сэтгэлгээ, эрүүл өрсөлдөөн, мэргэжлийнхээ төлөөх цэвэр эрмэлзлээр амьсгалж байжээ. Ахмад үеийнхний заавар зөвлөгөө, залуусын шинийг эрэлхийлсэн тэмүүлэл хоёр огтлолцох тэр цэг дээр л жинхэнэ сэтгүүл зүйн бүтээлүүд төрж байсныг зохиолч маань өөрийн туулсан замаар тодхон харуулав. Тиймдээ ч тэдгээр он жилүүд өнөөдрийн бидэнд мэргэжлийнхээ мөн чанарыг эргэн нэг санах, магадгүй гээгдсэн тэр эрч хүчийг нөхөн олох сэдэл өгч мэдэх юм.

Хэрэв та бол Монголын сэтгүүл зүйг дутуу үнэлдэг бол…
Залуу сэтгүүлчийн хувьд би нийгмийн зүгээс ирж буй шүүмжлэл, үл итгэх байдлыг анзаарахгүй өнгөрч чаддаггүй. Өнөөдөр Монголын сэтгүүл зүйг "шантааж", "захиалгат нийтлэл", "улс төрийн хэрэгсэл" гэх мэт бараан өнгөөр тодорхойлох нь олонтоо. Магадгүй өнгөн дээрээ харагдаж буй нь тийм байж болох ч, гүн рүү нь өнгийвөл арай өөр дүр зураг бий. Хараат бус сэтгүүл зүйн үүргийг туйлын зорилгоо болгож, мэргэжлийн ёс зүйг дээдлэн, шинийг сэдэж яваа олон редакц, сэтгүүлчид манай салбарт чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа.
Гэхдээ энд нэгэн чухал үнэнийг олон нийт ойлгоосой гэж хүсэж байна. Сэтгүүл зүйн салбарт шинийг сэдэж, чанартай бүтээл туурвих нь зөвхөн сэтгүүлчийн гал эрмэлзэл, мэргэжлийн үүрэг төдийхнөөр хэмжигддэг зүйл биш юм. Тэрхүү үнэ цэнтэй контент, хараат бус дуу хоолойг тогтвортой авч явахын цаана олон хүний аж амьдрал, цаг хугацаа, хөдөлмөр явж байдаг буюу тэдгээрийг тэнцвэржүүлэн тэтгэх бодит хөрөнгө санхүү, бизнесийн эрүүл зарчим зайлшгүй шаардлагатай байдаг.
Үүнийг онцолж буйн шалтгаан нь уг номын “Улаан бал” нэртэй зургаадугаар бүлэгт нэг нэвтрүүлэг хараат бус байдлаа хадгалахын тулд ямар саад бэрхшээлтэй учирч буйг өгүүлсэнд бий. Хараат бус байна гэдэг нь хэн нэгний халааснаас хамааралгүй байхын нэр ба үүний тулд сэтгүүл зүй өөрөө өөрийгөө тэжээх эрүүл бизнесийн загварт шилжих зайлшгүй шаардлага тулгардаг ажээ.

Зохиолчийн хүүрнэх түүхүүдээс харахад сэтгүүл зүйг эрүүл байлгахын тулд зөвхөн сэтгүүлч нь шударга байгаад зогсохгүй, үзэгч, уншигчид нь ч чанартай контентыг дэмждэг, түүний үнэ цэнийг мэдэрдэг байх нь чухал гэдгийг ойлгож болно. “Улаан бал”-ын л жишээ болохоос угтаа манай сэтгүүл зүйд тулгамддаг асуудал гэдгийг уншиж үзээд ухан ойлгох биз ээ.
ХЭНД САНАЛ БОЛГОХ ВЭ?
- 90-ээд оныг зөвхөн улстөр, эдийн засгийн тоо баримтаар бус амаргүй амьдралын дундаас хүн хэрхэн төлөвшдөгийг мэдрэхийг хүссэн хэн бүхэнд,
- Салбарын маань "Алтан үе" гэгддэг сонины редакцын халуун уур амьсгал, дадлагажигч хүүгээс нэвтрүүлгийн продюсер хүртэлх тэрхүү хатуу хөтүү атлаа сонирхолтой замыг эргэн дурсах эсвэл шинээр танихыг хүссэн залуу мэргэжилтнүүдэд,
- Зөвхөн дэлгэцийн цаанаас шүүмжлэх биш хараат бус дуу хоолойг хадгалж үлдэхийн тулд ямар үнэ цэн, ямар эрсдэл туулдгийг "Улаан бал"-ын түүхээс уншиж, нэгийг тунгаахыг хүссэн хэрсүү үзэгчдэд,
- Эсвэл зүгээр л Ч.Лодойсамбуугийн тухай илүү ихийг мэдэж, яагаад улстөрд орох болсон шалтгаан, тэр сонголтыг нь сонирхож буй бол заавал уншаарай хэмээн санал болгоё.
Эцэст нь хэлэхэд, Хугархай эрүүний “шөл" бол зөвхөн нэг хүний дурсамж гэхээс илүү бидний туулж өнгөрүүлсэн эсвэл сонсож өссөн нийгмийн маань нэгэн хэлтэрхий ажээ.


Сэтгэгдэл бичих

