Квант физикт аливаа биетийг ажиглаж эхлэх үед тэр бие өөрөөр аяглаж эхэлдэг шиг хүн ч гэсэн хэн нэгэн ажиглах тусам өөрөөсөө өөр нэгэн болж эхэлдэг билээ. Амьдралын турш сайныг ч сурч, мууг ч хурааж явсаар бидний ааш авир, оюун бодол, амьдралыг харах өнцөг, харилцах чадвар янз янз болсоор байдаг. Гэхдээ заримдаа би яагаад ийм юм бэ? Би яагаад “үгүй” гэж хэлмээр байгаа хэр нь “за” гээд хэлчихдэг юм бэ? Эсвэл би яагаад юманд хурдан гомдож, туньж, уурлаж, орхигдсон мэдрэмж авдаг юм бэ? гэж зүхэж байсан үеүд хүн бүхэнд цөөнгүй биз ээ. 

Тэгвэл амьдралд тохиолдох олон асуултуудад хариулж чадах ганцхан хариулт бол зөнд нь орхих ажээ. Яг яаж гэдгийг уг ном дээрх агуулгаар дамжуулан тайлбарлаж өгье. 

Тус бүтээлийг саяхан МОНСУДАР редакц орчуулан гаргаж, манай редакц руу хэвлэлээс гарсан даруйд нь бэлэг болгон ирүүлсэнийг ийнхүү уншиж, бичлээ. Ташрамд дурдахад уг бүтээл Интерномын бүх салбараар зарагдаж буй.

Номын тухай

Хүмүүс бид бүгдээрээ л дотроо бүхнийг хяналтдаа байлгахыг хүсэх атгаг хүсэлд автсан явдаг. Ажиллаж байгаа төсөл маань яг төлөвлөсний дагуу бүтээсэй гэж хүснэ, хоног тоолон хүлээж буй чухал ажлын хариу санаснаар гараасай гэж шанална. Хамгийн хайртай хүмүүсээ хүртэл бидний зөв гэж бодсон замаар алхаасай хэмээн нууцхан шаардаж явдаг. Гэвч бүх зүйлийг хянах гэсэн хүний гэнэхэн хүслээс л бидний хамаг асуудал эхэлдэг болохыг уг бүтээлд тун энгийнээр тайлбарлажээ.

Ердөө зургаахан сарын дотор зургаан сая хувь борлогдож, дэлхийн 63 хэлнээ орчуулагдсан энэхүү бүтээлийн гол санааг зохиолчид түүний хүүхдүүд нь ойлгуулсан гэдэг. Зохиолч Мел Роббинсийн хүү ахлах сургуулиа төгсөх үдэшлэгт явах гэж байтал гадаа хувингаар цутгах мэт хүчтэй бороо орж эхэлжээ. Тэгтэл хүү нь найзуудтайгаа ердөө зургаахан ширээтэй, жижигхэн зоогийн газарт хооллохоор шийдэх нь тэр. Амьдралынхаа хамгийн чухал үдшийг ингэж өнгөрүүлж яаж болох вэ? гэж бодсон тэрээр удаа ч үгүй бүхнийг өөрийнхөөрөө өөрчлөх гэж улайрч гарав. Энэ үед нь охин нь ээждээ хоёрхон үг хэлсэн нь “Let them” буюу "Зүгээр л орхичхооч дээ" байв.


Тэрээр энэ тухайгаа ганцхан минутын бичлэг болгож цахим хуудаснаа нийтлэхэд 60 сая хүнд хүрч, бүр "Let them" гэх үгийг хүмүүс бие дээрээ хүртэл шивүүлж эхэлсэн гэнэ. Гэхдээ зөнд нь орхи гэх ойлголт нөгөө үзүүртээ хариуцлага гэгчийг агуулж явдаг.

Хэрэв найз тань хэлсэн зөвлөгөөг тань дагахгүй байвал зүгээр л зөнд нь орхи. Гэхдээ дараа нь өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн хамгаалж, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь таны хариуцлага гэсэн үг.

Зохиолчийн тухай

Mel Robbins гээд YouTube дээр хайхад л сая сая үзэлттэй түүний подкаст гараад ирнэ. Түүний подкаст АНУ-ын шилдэг 15 подкастын нэг ба өдгөө “143 Studios” хэмээх медиа компаниа үүсгэн байгуулаад буй. Тэрээр 1968 оны 10-р сарын 6-нд АНУ-ын Миссури мужийн Канзас хотод төрж, Мичиган мужид өсөн торнисон байна. Дартмут коллежийг төгсөж, Бостоны Коллежийн Хуулийн сургуулийг төгссөн бөгөөд ажлын гараагаа Нью-Йорк хотод өмгөөлөгчөөр эхлүүлж, CNN телевизэд хуулийн шинжээч хийж байсан арвин туршлагатай.

Гэтэл 41 насандаа ажилгүй болж, нөхрийнх нь рестораны бизнес дампуурснаар 800,000 долларын өрөнд унажээ. Энэ үедээ Мел гүн сэтгэл гутралд орж архины хамааралтай болсон гэдэг. Тухайн үедээ зурагтаар пуужин хөөрөхийн өмнө 5,4,3,2,1 гэж тоолж байгааг хэрэгжүүлж амьдралаа орвонгоороо өөрчилсөн тэрээр хожим “5 секундийн дүрэм” хэмээх ном болж гарсан юм. Тус бүтээл нь бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай аудио номын нэгээр шалгарснаас хойш тэрээр дэлхийд нэртэй хувь хүний хөгжлийн нөлөөлөгч болох замналаа эхэлсэн гэдэг.


Яагаад унших вэ?

Бодлыг тань өөрчилж харилцааг тань аварна

“Би чамайг битгий алдаасай гэсэн дээ л…” гээд үглэж эсвэл зандарч үзэж л байсан биз дээ? Гэхдээ яг үнэндээ энэ үгс эсрэгээрээ таныг хэн нэгнээс улам бүр холдуулж байдаг гэдгийг мэдэх үү? Үүний цаана нэгэн шинжлэх ухаан нуугдаж байдгийг Харвардын эмч, доктор Адити Нерукар тайлбарласан байдаг. Та хайртай хүнээ үгэнд орсонгүй гэж бухимдах үед таны тархины ухаалаг хэсэг буюу логик сэтгэлгээний хэсэг унтарч оронд нь хүн төрөлхтнийг хүй нэгдлийн үеэс л амьд үлдээж ирсэн амигдала буюу амиа аврах хэсэг асдаг. Ингэснээр та хайртай хүнээ ойлгож, энэрэх биш, айдсын мэдрэмжээр түүнтэй харилцаж эхэлдэг гэнэ. Ингэж таны сэтгэл хөдлөлдөө автан хэлсэн үгс нөгөө хүнийгээ ч түгшүүрт оруулж та хоёр хоёулаа зөвхөн амин хувиа хамгаалах гэсээр дундуураа томоо гэгч хана босгож орхидог. Үүний оронд өөрийнхөөрөө байх орон зай, эрх чөлөөг олгох нь уртдаа харилцааг тань аварна.


Шууд хэрэгжүүлж болохуйц аргууд

Онол ярих нэг хэрэг, харин түүнийгээ хөрсөн дээр буулгах нэг өөр. Уг бүтээлийн практик зөвлөмжүүд нэлээд дэлгэрэнгүй, ойлгомжтой ба гол философио амьдралын найман өөр талбарт хэрхэн ашиглахыг зааж өгдөг. Тухайлбал “ABC" хэмээх харилцааны арга тэдгээр зөвлөмжүүд дундаас хамгийн сонирхолтой нь байв.

Үүнийг тодорхой жишээн дээр тайлбарлаж өгье.

Жишээ нь нөхөр эсвэл эхнэр тань сүүлийн үед хөдөлгөөний дутагдалд орж, эрүүл мэндээ огт хайхрахгүй байна гэж бодъё. Та “ялхайж хэвтэхээ боль, дасгал хий, эрүүл мэндээ бод” гэж үглэх тусам тэр хүн улам л зөрүүдлэхийг хүснэ. Харин эхлээд

Уучлалт гуйх /A - Apologize/: Сүүлийн үед чамайг дасгал хий гэж байнга шахаад байгаад уучлаарай. Чиний л бие, чиний л эрүүл мэнд юм чинь чи өөрөө мэднэ шүү дээ, би одоо дахиж тэгэхгүй ээ гэж хэлснээр тэдний тархин дотроо босгочихсон эсэргүүцэх ханыг нураадаг байна.

Ухарч бас үлгэрлэх /B - Back off/: Үглэж, зандрахаа больж та өөрөө өөртөө анхаарал хандуулж эхлэх хэрэгтэй. Жишээ нь% өөрөө дасгал тогтмол хийх, эрүүл хоол идэх зэргээр үйлдлээрээ үлгэрлэ.

Урамшуулах /C - Celebrate/: Таныг харж чимээгүйхэн сэдэлжсэн тэрээр нэг л өдөр өөрийнхөө санаачилгаар “би хамт дасгал хийе” эсвэл эрхгүй зөв эрүүл хооллож эхэлж мэднэ. Яг энэ үед нь хэлээ биз? гэж шүүмжлэхийн оронд “Чи нээрэн дасгал хийсэн юм уу? Арьс чинь арай өөр харагдаад байсан юм аа. Эсвэл өдөр гоё хоол хийж идсэн байна лээ шүү” гэж магтаж урамшуулснаар харилцааны динамик тэс өөрөөр эргэдэг гэнэ.


Хэнд санал болгох вэ? 

Өөрийгөө бас өрөөлийг ойлгохыг хүссэн хэн бүхэнд

Тухайлбал, атаархах мэдрэмжийг авч байгаагүй хүн ховор биз ээ. Гэхдээ хүн өөрт нь огт хамаагүй, сонирхдоггүй зүйлдээ хэзээ ч атаархдаггүй. Жишээ нь та уран гулгалтаар хичээллэхийг огт хүсдэггүй бол Олимпод оролцож буй уран гулгагчийг хараад танд ямар ч хоцрогдсон, дутсан мэт мэдрэмж төрөхгүй биз дээ?

Харин ижил салбарт ажилладаг хэн нэгэн ажилдаа амжилт гаргаад ирвэл таны дотор цагаан атаархал төрөх нь тодорхой. Тэгвэл уг ном үүнийг эергээр ойлгуулж өгөх буюу атаархах мэдрэмжийг үгүйсгэснээс болж түмэн бодол, буман асуудал ургаж эхэлдэг гэнэ.

Хүмүүс өөрийнх нь хүсэн мөрөөдөж байсан зүйлд өөр хэн нэгэн түрүүлээд хүрчих үед "Аан, энэ хүн азтай даа" эсвэл “Таньж, мэддэг хүмүүс байсан болохоор л" гэх мэтээр амжилтыг нь үгүйсгэж өөрсдийгөө тайвшруулах гэж оролддог. Гэтэл эсрэгээрээ атаархах тэр мэдрэмж танд ч бас тэр бүх зүйлсийг хийх хүсэл, чадал, бололцоо байгааг сануулж байдаг.

Энэ мэтээр уг бүтээл нь мэдрэмжээ ойлгож, аливаа асуудлыг өөрөөр харахад туслах учраас амьдралынхаа аль ч цаг үед, юуг ч бодож санаж явж буй хүн байсан таалагдах нь гарцаагүй.