2025 оны наран хэвийж, намрын Номын баяр болж өндөрлөснөөс хойш яг нэг сарын хугацаа өнгөрөөд байна. Зохиолч, бичээч, уншигчдын уулзах цэг болдог эл баяраар хэвлэн нийтлэгч, зохиолч, орчуулагчид маань жилийн хамаг бүтээлээ уншигчдадаа дэлгэдэг тул “их идсэний маргааш өнж” гэдгийн ёсоор өнгөрөн одож буй сард номын салбар тун чиг чимээ аниргүйхэн байлаа. 

Хэдий тийм боловч бид уншигч танд энэ сард хэвлэгдсэн шинэ номуудыг эрж сурсаар энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. Тэгэхдээ есдүгээр сард хэвлэгдсэн хэр нь энэ сард худалдаанд гарсан номуудаас ч мөн оролцуулсныг дурдъя.

1. Хятадыг зохиосон нь


Зохиогч: Билл Хэйтон
Орчуулагч: О.Гомбожав
Үнэ: 34,900₮
Нүүрний тоо: 328

BBC-гийн ахлах сэтгүүлч, судлаач Билл Хэйтоны энэхүү бүтээл өнөөгийн “Хятад” хэмээх ойлголт хэрхэн бий болсон тухай гүн гүнзгий өгүүлдэг байна. Тэрээр өнөөгийн бидний мэдэх тус улс нь мянганы турш тасралтгүй оршин тогтносон эртний соёл иргэншлийн шууд залгамжлал бус, харин XIX-XX зууны түүхэн нөхцөл байдлын дүнд бий болсон “улс төрийн болон соёлын бүтээгдэхүүн” болохыг баримтаар тайлбарладаг аж.

Түүнчлэн, зохиогч Б.Хэйтон олон улсын түүхэн эх сурвалж, газрын зургийн өгөгдөл, дипломат баримтуудад тулгуурлан “Хятад” хэмээх нэр, хил хязгаар, үндэстний ухамсар нь цаг хугацааны эрхээр хэрхэн бүтээгдсэнийг шинжилжээ. Уншигч танд энэ ном хөрш орныхоо уг гарвалийг улс төрийн бус, түүхийн өнцгөөс танин мэдэхэд шинэ өнцөг нээж өгөх нь дамжиггүй.

2. Лимбо


Зохиогч: Ц.Ууганбаяр
Үнэ: 32,800₮
Нүүрний тоо: 324

Алдарт “Dark Books” цувралын ес дэх дэвтэр “Лимбо” уншигчдын хүртээл болоод нэг сарын хугацаа өнгөрчээ. Хэдий тийм боловч тус ном нь энэ сарын нэгнээс номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн тул өнөөдрийн нийтлэлдээ багтаан орууллаа.

Аймшгийн зохиолын хорхойтнуудын гар дамжуулан уншдаг “Шулмын инээд,” “Зоорь II”, “Хар ном” тэргүүт “Dark Book” цуврал удаан хүлээлтийн дараа ийн бүл нэмэв. Тус номд “Ор”, “Холбоо”, “Мартагдсан хаалга” гэх гурван бие даасан зохиол багтсан байна. Ташрамд дурдахад, тус ном нь M-book-д сонсдог номын хувилбараар мөн байршжээ.

3. Баяр хөөрийг бүтээх бяцхан ном


Зохиогч: Жоанне Руелос Диаз
Үнэ: 38,900₮
Нүүрний тоо: 367

Амьдралын баяр баясгаланг олохын тулд заавал том амжилт хэрэгтэй гэж үү?

Зохиогч Жоанне Руелос Диаз уг асуултад энэ номоороо хариу хэлжээ. Тэрээр өглөөний анхны нарны туяа, халуун кофе, эсвэл хайртай хүний тань инээмсэглэл гээд бидний өдөр бүрийн хамгийн энгийн мөчүүдээс аз жаргалыг олж харж сурах тухай номдоо өгүүлсэн аж.

Мөн “Баяр хөөрийг бүтээх бяцхан ном” нь уншигчдыг “талархлын дадал”-тай болгох жижиг сорилт, урам зориг өгөх үгс, эргэцүүлэлд хүргэх асуултуудаар дүүрэн. Өдөр бүрийн энгийн зүйлсийг анзаарах, түүндээ баярлах дадлыг бий болгох нь эл номын гол санаа. Намрын өдрүүд өндөрлөж, өвлийн урт шөнүүд айсах жилийн энэ үед “Баяр хөөрийг бүтээх бяцхан ном” танд гэрэл нэмэх нь эргэлзээгүй.

4. Хангалттай сайн ээж


Зохиогч: Д.Мөнхцэцэг

Сэтгэл зүйч Д.Мөнхцэцэгийн шинэ ном “Хангалттай сайн ээж” уншигчдын хүртээл болоход бэлэн болжээ. Сэтгэл заслын докторант тэрээр өмнө нь сэтгэл судлалын чиглэлээр олон ном хэвлүүлж байсан бөгөөд энэ удаа өөрийн хувь хүний туршлагадаа үндэслэн уг номоо бичжээ.

Зохиогчийн өөрийн бичсэнээр, охиноо долоон настайд нь Австрали Улсад сэтгэл зүйгээр суралцаж эхэлснээсээ авхуулаад өөр олон хувийн туршлагаасаа хуваалцан сургалт зохион байгуулж байсан бөгөөд өдгөө түүнийгээ эмхэтгэн ном болгон хэвлүүлж буй нь энэ ажээ.

5. Баруун фронтод байдал хэвээр


Зохиогч: Эрих Мариа Ремарк
Орчуулагч: Н.Лувсандорж
Үнэ: 29,900₮
Нүүрний тоо: 232

Зохиолч Эрих Мариа Ремаркийн энэхүү сонгодог бүтээл нь дайны тухай хамгийн хүчирхэг, басхүү бодит дүрслэлүүдийн нэг юм. Романы гол дүр болох залуу герман цэрэг Паул Боймерийн нүдээр дамжуулан зохиолч өнөө л дайны сүржин, баатарлаг түүхийг бус, харин хүмүүний айдас, ганцаардал, нөхөрлөл дундуур туучиж буй залуусын дотоод ертөнцийг харуулсан байдаг.

Тэртээ 1929 онд анх хэвлэгдсэн эл номоо зохиолч өөрийн Дэлхийн I дайнд туулсан бодит түүхээсээ сэдэвлэн бичжээ. Ингэхдээ дайн хэрхэн хүний сэтгэлийг мохоож, залуу насыг нь булаадаг тухай сэтгэл шимшрэм түүхийг өгүүлсэн нь олон үеийн уншигчдын сэтгэлд хоногшин үлдсэн байдаг билээ. Сонирхуулахад, энэ номоос сэдэвлэн бүтээгдсэн гурван дэлгэцийн бүтээл байдаг бөгөөд 1930 онд хоёр Оскар, 1979 онд Алтан бөмбөрцөг, Эммигийн шагнал тус бүр хүртсэн бол 2022 онд бүтээгдсэн, найруулагч Эдвард Бергерийн бүтээл тухайн жилдээ дөрвөн Оскарын эзэн болж байжээ.

6. Инээд хийгээд мартахуйн тухай ном


Зохиогч: Милан Кундера
Орчуулагч: Б.Сувддулам
Үнэ: 39,000₮
Нүүрний тоо: 218

Чехийн нэрт зохиолч, Милан Кундераг бид алдарт “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романаар нь сайн мэдэх билээ. Харин түүний бас нэгэн гайхамшигт бүтээл болох “Инээд хийгээд мартахуйн тухай ном” монгол хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болсон нь номын ертөнц дэх энэ сарын хамгийн онцлох мөч байсан гэхэд магад хилсдэхгүй биз ээ.

Бие даасан гэмээр долоон бүлгээс бүрдэх эл зохиол түүх, улс төр, гүн ухааны тухай гүн гүнзгий өгүүлэмжээрээ нэн алдартайн дээр басхүү шидэт реалист хэв маягийг ч өөртөө шингээсэн байдгаараа тун онцлогтой. Эх орондоо хориглуулсан уг роман бичигдэж дууссаныхаа удаах жил буюу 1979 онд анх Франц Улсад “Le Livre du rire et de l'oubli” нэртэй хэвлэгдэн уншигчдын хүртээл болж байжээ. Харин 1980 онд АНУ-ын томоохон хэвлэлийн газар болох “Alfred A. Knopf” тус зохиолыг англи хэл дээр хэвлэн нийтэлснээр сая дэлхий дахины анхаарлыг татсан байна. “Инээд хийгээд мартахуйн тухай ном” таныг “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” адил зохиолчийн постмодерн ертөнцөөр ахин нэгэнтээ аялуулах буй за.